Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2018/02517

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны  10 сарын 15 өдөр            Дугаар184/ШШ2018/02517            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                    

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.А-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Р.М-д холбогдох,

 

“Газар худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 8,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, хариуцагч Р.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Будхүү нар оролцов.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.А нь анх өөрийн хамт ажилладаг байсан Б.Сын нөхөр болох Р.Мтэй харилцан тохиролцож түүний нэр дээр байдаг Ар хустайд байрлалтай зуслангийн газрыг 8,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож эхний удаад 2015 оны 7 дугаар сард 5,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Төлөөлүүлэгч болох Р.М нь нэмж 3,000,000 төгрөгийг өгсөн гэж тайлбарладаг боловч тийм баримт байхгүй. 

Тухайн үед Р.М болон Б.С нарт итгэж байсан тул гэрээ байгуулаагүй мөнгийг бэлнээр өгсөн. Газар нь Р.М нэр байсан боловч цаана нь газар дээр Б.Сын ах нь амьдарч байсан. Гэтэл газар нь зарагдсан тухай Р.С мэдэж 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нотариат дээр очин газрыг нь буцаан өгсөн ба тухайн үедээ Б.Стай 8 сая төгрөгөө гаргуулах тухай ярилцаж зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл Б.С болон Р.М нарын хэн нь ч Б.Аээс газар худалдсаны төлбөрт авсан 8,000,000 төгрөгийг эргүүлэн өгөөгүй байдаг.

Иймд Б.А нь 2017 оны 02 дугаар сард зээлийн гэрээнд үндэслэн Б.Сд холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандан 8,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2017/00768 тоот шийдвэр гаргасан ба тус шийдвэрт Б.Аээс 8,000,000 төгрөгийг Ар хустайд байрлах зуслангийн газрыг худалдан авсаны төлбөрт өгсөн боловч тус мөнгийг нэхэмжилвэл зохих хариуцагч нь Б.С биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч өөрт учирсэн хохирлоо барагдуулахаар өөр этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсан.

Мөн Б.А нь газар худалдан авсны төлбөрийг Р.Мд бэлнээр өгсөн болох нь тус хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын гаргасан тайлбар болон Р.М гэрчийн мэдүүлгээр тогтоогддог ба энэ тухай мөн шүүхийн шийдвэрт тусгасан байдаг. Иймд хариуцагч болох Р.Мэс газар худалдаж авсаны төлбөрт өгсөн 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Р.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Над дээр анх 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Б.А эхнэртэйгээ ирж газраа зараач гэдэг санал тавьсан. Тухайн үед би 8,000,000 төгрөгөөр ав. Бэлэн 5,000,000 төгрөг өгөөд гэрчилгээгээ ав, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг өгөхдөө нэр дээрээ шилжүүлж аваарай гэж хэлсэн. Б.А намайг яаж таньдаг вэ гэхээр тухайн үед надтай хамтран амьдарч байсан Б.С гэх эмэгтэйтэй нэг газар ажилладаг байсан. Тэр зуслангийн газар нь миний өөрийн эзэмшлийн газар байсан бөгөөд тухайн үед харах хүнгүй байсан болохоор нь Б.Сын хамаатны ахыг нь буулгасан байсан. Тэгээд бид 2 салахдаа би газраа Б.Ад зарсан. Б.А 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр эхнэртэйгээ ирээд удахгүй хичээл орох гэж байгаа учраас газраа авах хэрэгтэй байна гээд надад 5,000,000 төгрөгийг өгөөд явсан.

Тэр үед би үлдэгдэл 3,000,000 төгрөгөө өгөхдөө нэр дээрээ гэрчилгээгээ шилжүүлж аваарай гэж хэлсэн. Үүнээс хойш сар орчмын дараа Б.Сын ах нь газар дээрээс нүүхгүй байна, би газар дээрээ буумаар байна гэж Б.А над дээр ирсэн. Энэ тухай Б.Сд хэлэхэд Б.С ах маань энэ газар дээр олон жил амьдарсан тул энэ газрыг чинь авмаар байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би надад мөнгө нь хэрэгтэй байна. Та хоёрын хэн түрүүлж мөнгөө өгсөн нь энэ газрыг ав. Надад хэн газрыг авах нь хамаагүй. Б.А надад 5.000.000 төгрөг өгсөн болохоор гэрчилгээ Б.Ад байгаа гэж хэлсэн. Б.А над руу 2016 оны 4 дүгээр сарын үед утасдаад Б.С бид хоёр тохирчихлоо, чи Б.Сын ахын нэр дээр газраа шилжүүлээд өгчих гэсэн. Надад 3.000.000 төгрөг өгөөгүй ч би нэгэнтэй нь хамт амьдарч байсан, нөгөөхтэй нь 2, 3 жил мэнд устай явсны хувьд би 5.000.000 төгрөгөө ав гээд нэрийг нь шилжүүлж өгөхөөр болсон.

Би тухайн үед нутаг руугаа шилжих гэж байсан. 2016 оны 4 дүгээр сарын 20-ны үед Сүхбаатар дүүргийн газрын албан дээр Б.А гэрчилгээгээ барьж ирэн, Б.С ах болох Б.Амарбаясгалан гэгчтэй ирж би гэрчилгээгээ Б.Сын ахын нэр дээр шилжүүлж өгч байсан. Надад нэмж 3,000,000 төгрөг огт өгөөгүй. Б.А Б.С нар нь хоорондоо тохиролцоод миний газрыг Б.Сын ахын нэр дээр шилжүүлсэн. Иймд 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр   шинжлэн судлаад

                                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Р.Мд холбогдуулан газар худалдах, худалдан гэрээний төлбөрт төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.  

Зохигчид болох нэхэмжлэгч Б.А, хариуцагч Р.М нар нь  харилцан тохиролцож, Р.М нэр дээр эзэмших эрхтэй, Ар хустай гэх газарт байрлалтай зуслангийн газрыг 8,000,000 төгрөгөөр Б.А худалдаж авахаар харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч Р.М нь газар эзэмших эрхээ нэхэмжлэгч Б.Аийн нэр дээр шилжүүлэн өгөөгүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “... би газар худалдан авахаар харилцан тохиролцож 8,000,000 төгрөгийг өгсөн боловч газраа шилжүүлж өгөөгүй ба мөнгөө буцааж төлөөгүй ...” гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч Р.М нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... газраа 8,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч бэлнээр 5,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 3,000,000 төгрөгийг өгөөгүй. Нэхэмжлэгч Б.А нь өөрөө залгаад Б.Стай тохирчихлоо газраа Б.Сын ахад шилжүүлээд өгчих гэж хэлсний дагуу шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Р.М нь нэхэмжлэгч Б.Аээс газар худалдсаны төлбөрт 5,000,000 төгрөг авсан болохоо хүлээн зөвчшөөрч тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгч Б.А нь газрын төлбөрт нэмж 3,000,000 төгрөгийг хариуцагч Р.Мд өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд хуульд зааснаар хариуцагч Р.М нь газар худалдах, худалдан авах гэрээний дагуу эрхийн зөрчилгүй, газар эзэмших эрхээ худалдан авагчид шижлүүлэх үүрэгтэй боловч энэхүү үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбарлаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Р.М нь газар худалдах, худалдан авахаар тохиролцсон газар шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч Б.Аээс гарсан зардал болох газрын төлбөрт шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Р.М нэхэмжлэлийг шаардлагыг татгалзаж буй Б.А нь Б.Стай тохиролцсон гэж хэлсний дагуу газрыг Б.Сын ахад шилжүүлсэн гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй ба нэхэмжлэгч Б.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн энэхүү татгалзлыг эс зөвшөөрч тайлбар гаргасан байна.

 

Иймд хариуцагч Р.Мэс газрын төлбөрт шилжүүлэн авсан 5,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 3,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Р.М нь өөрийн эзэмших эрх бүхий газраа бусдад худалдсан, шилжүүлсэн бол тухайн этгээдээс тохиролцсон төлбөрөө шаардахад шүүхийн энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                                                                                                                               ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хариуцагч Р.Мэс 5,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 3,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Аээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Мэс улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ЦОЛМОНБААТАР