Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/634

 

 

 

 

 

   2022         06         15                                             2022/ШЦТ/634

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Шийдвэрийн огноо: 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ; 

 

Улсын яллагч: Э.Булганчимэг (томилолтоор);

 

Шүүгдэгч: С.Б (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин; 

           

Шүүгдэгч С.Б: Монгол Улсын иргэн, 19.. оны 03 дугаар сарын 12-ны өдөр Х.. аймгийн Э... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

С.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ““ баарны орчимд хохирогч Б.Бын нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон

хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б /хх-ийн 6-7/, гэрч Б.Г /хх-ийн 15, 17-18/, гэрч Ж.Х /хх-ийн 21/ нарын мэдүүлэг, Б.Бын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5413 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/, С.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35/, С.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 37-53/, хохирогч Б.Бийн хүсэлт /хх-ийн 57/, хохирол төлсөн баримт /хх-ийн 58/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ““ баарны орчимд иргэн Б.Бтой муудалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Б.Бын /хх-ийн 6-7/: “...такси барих гэхэд нэг улаан өнгийн “Мазда” маркийн суудлын тэрэг байсан. Тэгээд бид хоёр уг машин дээр очсон. Дотор нь Г гэх нэртэй залуу нь машины жолооч талын суудал дээр сууж байсан. Харин нөгөө С.Б нь баруун гар талдаа сууж байсан. ...Тэгээд бид нарын дунд маргаан үүсэж эхэлсэн. ...С.Б машины баруун талын цонхоор гараараа шууд миний нүүр хэсэг буюу ам руу нэг удаа гараараа цохисон. Яг энэ үед Г машины хаазаа хүчтэй гишгэж улмаар нөгөө машин нь хөдөлж эхэлсэн. Би машиныг нь явуулахгүй гэж бодоод цонхны баганаас хоёр гараараа барьсан. Уг машин нь төв замын уулзвар хүртэл баруун зүг рүү 200-300 метр орчим хурдтай явж байсан ба дотроо одоо жаахан явах юм бол би үхэх байна гэж бодоод шууд машины цонхны баганаас гараа авч улмаар газар өнхөрч унасан. Дараа нь намайг газар өнхөрч унах үед Х араас гүйж ирсэн” гэх мэдүүлгээр,

 

Б.Бын биед “дээд эрүүний баруун 1-р шүдний булгарал, доод уруулын дотор салстын цус хуралт, баруун, зүүн өвдөг, шилбэний зулгаралт” бүxий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5413 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 23-24/,

 

гэрч Б.Г-ын /хх-ийн 17-18/: “...С.Б машины ар талын баруун талын суудал дээр суусан. Тэгтэл энэ үед Б.Б ганцаараа ирээд С.Б-ийн сууж байсан суудал буюу баруун талын арын хаалгыг онгойлгоод “такси юм уу, явах уу” гэж хэлээд суух гэж оролдсон. Би “үгүй, такси биш” гэж хэлсэн. С.Б бас Б.Бод “юу яриад байгаа юм бэ, бид нар явмаар байна, хаалгаа хаа” гэж хэлээд хаалгаа хаах гэхэд Б.Б хаалга хаалгахгүй бариад байсан. ...Б.БС.Б рүү гараараа 2, 3 удаа цохиж ...С.Б бас хариу үйлдэл үзүүлж Б.Бын толгой, эрүү хэсэг рүү нэг хоёр удаа гараараа цохиж байсан... “ гэх мэдүүлгээр,

 

С.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 11, 35/: “...би шар цамцтай байсан залууг нэг удаа цохиж машинаасаа холдуулсан. ...хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, С.Б нь Б.Быг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан С.Б-ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч С.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Бусад асуудлаар:

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Б.Бын “...өөрт учирсан үүдэн шүдний эмчилгээний зардал 1.900.000 төгрөгийг авсан учир гомдол санал байхгүй” гэх байр суурь хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зураан зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч С.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ