Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/487

 

  

 

 

 

 

 

2022         05             09                                   2022/ШЦТ/487

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: ...

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Цогтмагнай,

Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ад холбогдох эрүүгийн “220900….. ” дугаартай хэргийг 2022 оны 05 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ: 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Г.. аймгийн Б.. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг “ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Т.А нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх автобусны буудал дээр хадам дүү Ц.Лыг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь биед хамар ясны зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Хохирогч Ц.Лын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 23-ны орой 1800 цагийн үед би “" дахь барилгын материалын лангуугаа хаачихаад ажлаасаа гараад явж байхад манай хүргэн ах Т.А намайг дагаад яваад байсан. Намайг Т.А ахыг харахад бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Би “М”-д байдаг гэр лүүгээ явах гээд зам гарч автобусны буудал дээр ирэхэд Т.А ах намайг дагаад ирсэн. Дагах хугацаанд би “Та яагаад намайг дагаад байгаа юм бэ” гэхэд “Дөхүүлж өгчихөд явна” гэж хэлсэн. Тэгээд би “Дөхүүлж өгөх хэрэггүй” гэж хэлсэн боловч намайг дагаад байсан. Тэгээд би Т.А ахын эхнэр Ц.Л // рүү залгаж “Ах намайг дагаад байна. Гэр рүүгээ явмаар байна” гэж хэлэхэд Т.А ах удалгүй миний араас ирээд миний хамар луу нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд автобусны буудал дээр зогсож байсан нэг залуу “Яагаад эмэгтэй хүн цохиод байгаа юм” гээд болиулсан. Т.А ах цааш нь юу ч дугаралгүй яваад өгсөн. Тэгээд миний хамраас цус гараад байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм... миний хамар хэсэгт 1 удаа цохиж дээрх гэмтлийг надад учруулсан. Хүргэн ах маань намайг цохисоны дараа миний хамраас маш их цус гарсан... Би хүргэн ах Т.Ат цохиулснаас болж ажилдаа 03 дугаар сарын 24-ний өдрөөс хойш явж чадаагүй. Би лангуугаа ажиллуулж байсан бол өдрийн тогтмол орлого маань 300,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийн хооронд байдаг юм. Би 2 лангуу түрээслэдэг ба 1 сарын түрээсийн мөнгө 600,000 төгрөг байдаг. Энэ мөнгийг одоо төлж чадахгүй байдалд хүрээд байна. Би чих, хамар, хоолойн эмчид үзүүлж, шаардлагатай эм тариаг авахад 70,000 төгрөг болсон. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоход 8000 төгрөгөөр үзүүлсэн... Энэ нь эхний удаа биш бөгөөд урьд өмнө 4-5 удаа надад халдаж байсан. Цагдаагийн байгууллагад хандаж байгаа нь 2 дахь удаагаа юм. 2021 оны хавар /сарын санахгүй байна/ “100 айл” дахь барилгын материал зардаг лангуу дээр сууж байхад Т.А ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирээд намайг зодох гэж дайрч, нэг удаа миний толгой руу цохисон. Энэ үед манай хүү Н.М ирж салгасан. Тэгээд би 102-т залгаж дуудлага өсгөн. Цагдаа нар ирж Т.А ахыг авч эрүүлжүүлэх байр луу авч явсан. Маргааш нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны хэсгийн байцаагч дээр очиж мэдүүлэг өгч байсан. Тухайн үед тэр цагдаа “Т.А нь дахин ийм үйлдэл гаргахгүй гэж байна” гэж надад хэлсэн. Би Т.А ахаас өөрөөс нь сонсохыг хүссэн ч тэр цагдаа “Би хэлж ойлгуулах болно” гэж хэлсэн. Тэгээд би дахин ийм үйлдэл гаргахгүй гэж байгаа бол энэ удаадаа уучилж гаргасан гомдлоо татаж авъя гэж бодон гомдлоо татаж авсан. Тухайн үед ямар шалтгааны улмаас яагаад над руу халдсан нь тодорхойгүй байсан. Яагаад халдсан талаараа ч надад хэлээгүй. Т.А ах бид хоёрын хувьд ямар нэг таарамжгүй харилцаа байхгүй юм. Т.А ах эрүүл үедээ надтай яриад байдаггүй, харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ надтай ярилцах гэж оролддог... “Одоогийн эхнэр Ц.Лтэй суухгүй байх байсан юм, чамтай л суух байсан юм” гэж хэлж байсан юм. Тухайн үед энэ сэдвээр ярихад нь би уурлаж байсан. Ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ энэ талаар ярих гээд байдаг. Магадгүй Т.А нь өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж бодон надад уурладаг байж магадгүй гэж бодож байна. Эгч Ц.Л нь хамрын хагалгаанд ороход төлбөр 3,651,859 төгрөгийн бүрэн төлж намайг хагалгаанд оруулсан. Би түрээсэлдэг лангуугаа ажиллуулж чадаагүй 1 сарын лангууны түрээс 600,000 нэхэмжилж байна. Хаан банкны 00 дугаартай кредит картын 1 сарын төлбөр 347,000 төгрөгийг нэхэмжилж байна. Эм тариа авсан, хагалгаанд орохоос өмнө шинжилгээ хийлгэсэн зардал болох 830,670 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт нэхэмжилж байгаа төлбөр маань 1,777,670 төгрөг болж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25, 27 тал/,

Гэрч Ц.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1800 цагийн үед ажлаа тараад гэр лүүгээ явж байсан. Энэ үед манай дүү Ц.Л над руу залгаж “Т.А миний хамар луу цохичихлоо” гэж хэлсэн. Тэгээд би дүү Ц.Л руу очсон ба Сүхбаатар дүүргийн эмнэлгийн замын эсрэг талд байрлах “100 айл” нэртэй автобусны буудал дээр очсон. Намайг очих үед хамраас нь цус гарсан, хамар нь хавдсан байсан. Би “Ямар ч байсан машин аваад ирье, хоёулаа гэмтэл явъя” гэж хэлэхэд Ц.Л “Би цагдаа дуудсан” гээд автобусны буудал дээр үлдэж би гэр лүүгээ машин авчрахаар явсан. Би гэртээ очиход Ц.Л над руу залгаж “Цагдаа нар ирчихлээ. Одоо цагдаагийн хэлтэс орох гэж байна” гэсэн. Удалгүй би хүнсний дэлгүүр лүү явж Ц.Лыг аваад бид 2 гэмтлийн эмнэлэг явсан. Очоод үзүүлэхэд хамар нь гэмтэлтэй байна гэсэн. Би юу болсон талаар Ц.Лаас асуухад Т.А ах намайг гэр лүүгээ явах гэж байхад дагаад яваад байсан. Би “Гэр лүүгээ яваач” гэж хэлсэн ч явахгүй, тэгээд ямар нэг шалтгаангүйгээр ирээд цохисон гэж хэлсэн. 1900 цаг өнгөрч байхад намайг гэрт очиж машин авах гэж байхад гэрт Т.А согтуу орж ирсэн. Согтуу байхаар нь юу ч хэлэлгүй гараад ирсэн. Би Т.Аийн эхнэр нь бид хоёр 1993 оноос хойш хамтран амьдарч байгаа ба гэрлэлтээ батлаагүй. Т.А нь дуугүй, дуу цөөтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх дуртай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн хажууд нь байвал яриа өдөөд байдаг, ганцаараа байвал дуу дуулаад өөртэйгөө юм яриад байдаг. Гэртээ байхдаа агсан тавиад байдаггүй. Т.А нь 1999 оны үед эрүүл мэндийн шалтгааны улмаас тэтгэвэрт орсон ба 2004 онд эмчийн хяналтын тогтмол байгаагүйгээс болоод тэтгэврээс гарсан. Яагаад тэтгэвэрт орсон гэхээр бага байхдаа мориноос унаж толгойдоо гэмтэл авснаас болж эмчийн хяналтад байсан. Тухайн үед байсан эмнэлгийн бичиг баримтууд нь алга болсон. Ц.Л нь миний төрсөн дүү. Ц.Л нь 2015 оноосхойш “100 айл”-ын барилгын материалын дэлгүүрт лангуу түрээсэлж ажиллуулж байгаа. 2012 оноос 2013 оны хооронд манайд түр хугацаанд амьдарч байсан. Энэ үед бидний дунд ямар нэг хувийн таарамжгүй харилцаа үүсэж байгаагүй. Т.А нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд юу хийснээ санадаггүй юм. Яагаад хэтрүүлж хэрэглэдэг гэхээр толгой нь өвдсөнөөс болж өвчнөө дарах гэж архи уудаг гэж бодож байна. 2021 оны хавар хэзээ болсныг сайн санахгүй байна Ц.Лыг “100 айл”-ын лангуу дээр байж байхад нь “Т.А согтуу ирээд агсан тавиад зодох гээд байна” гэж над руу ярьж байсан юм. Тухайн үед би Ц.Лад хүү Н.Мыг бас “Цагдаа дууд” гэж хэлж байсан. Тухайн үед намайг дуудаж байгаагүй. Ц.Л, Т.А нар цагдаа дээр очоод уулзаж байсан. Тэгээд Ц.Л өргөдпөө буцаан аваад гомдлоо хаалгаж байсан. Яг юу болсныг би сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 тал/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.С...-гийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4796 дугаар

“1. Ц.Лын биед хамар ясны зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
  2.  Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг топгоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3.  Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 тал/,

 

Яллагдагч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“... Уншиж танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр орой 1700 цагийн үед би “100 айл”-ын барилгын материалын орчимд ганцаараа 100 граммын шилтэй архи 4-5-г уусан. Тэгээд би цаашаа юу болсныг сайн санахгүй байна нэг мэдэхэд би гэртээ ирсэн маргааш нь манай эхнэр Ц.Л өчигдөр Ц.Лыг цохисон талаар хэлсэн. Ц.Л нь Ц.Лыг дагуулж эмнэлэгт очиж үзүүлсэн байна лээ. 2022 оны 03 дугаар сарын 23-ны үдээс хойш 1800 цагийн үед би дүү Ц.Лтай “100 айл”-ын автобусны буудал дээр таарсан гэсэн. Тухайн үед намайг “Гэр лүүгээ яв” гэж манай дүү Ц.Л хэлсэн ч би явахгүй байсан гэсэн. Тэгээд шууд Ц.Лын нүүр лүү нь цохисон гэсэн. Би хийсэн үйлдлээ санахгүй байгаа юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор санахгүй байна. Архи ууснаас болж өөрийн ухаанаа алдаж дүүдээ гар хүрсэндээ харамсаж байна. Би 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1600 цагийн үед “100 айл”-ын барилгын материалын “Ж- ” гэх дэлгүүрийн ард байрлах агуулах дотор 100 граммын шилтэй архи 4-5 шилийг уусан байсан. Говь-Алтай аймаг Бигэр суманд байхдаа 15 орчим жилийн өмнө би мориноос унаж чирэгдэж байсан. Тэр үед Говь-Алтайн төвийн эмнэлэгт 2 гаруй жил эмчлүүлж байсан. Тухайн үед толгой хөдлөөд удсан байсан болохоор толгойн судас нарийсаж, даралт ихсэх болсон. Эмч надад “тархины наалдангитай” гэсэн онош тавьж байсан. Үүнээс болоод толгой үе үе их өвддөг. Оюун санаа маань зүгээр ч хэтрүүлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ юу хийснээ санахаа больчихдог...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 тал/
  • Шүүгдэгч  Т. Ан иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47 тал/
  • Шүүгдэгч Т. Аийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 46 тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2  зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгчийн хүмүүжил, зан төлөвшил зэрэг нөхцөл байдлууд нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Т.А нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь  хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Т.А нь Ц.Лын биед хамар ясны зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Т.Аийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т. Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйсан, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч Т. А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т. А  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Т.Аийн 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ