Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 03267

 

 

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2018/03267 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Л.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 14,080,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь надаас 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 9,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүр 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл алданги тооцохоор гэрээ хийж зээлж авсан. Дахин 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл зээлийн гэрээний хугацааг сунгасан. Зээлийн гэрээний хугацаа нийт 10 сар, энэ хугацааны зээлийн хүүнд 7,200,000 төгрөгийг төлөх ёстой байсан. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрээний хугацаа дууссан. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс алданги тооцсон. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 9,000,000 төгрөгийн төлөлт хийсэн. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 27 хоногийн алданги өдөрт 81,000 төгрөг нийт алданги 2,187,000 төгрөг болсон. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нийт хүү, алдангийн нийт төлбөр 9.387.000 төгрөг төлөхөөс 9,000,000 төлсөн байна. Ингээд хүүгийн үлдэгдэл 387,000 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 9,000,000 төгрөг нийт 9,387,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш алданги тооцоход 4,693,500 төгрөг болж байгаа. Алдангийг төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцвол 4,693,500 төгрөг болно. Иймд хариуцагч Г.Баас зээл 9,000,000 төгрөг алданги 4,693,500 төгрөг нийт 14,080,500 төгрөгийг нэхэмжилж байна.

Сөрөг нэхэмжлэлд нэг цагт, нэг нотариат дээр адил дүнтэй, адил агуулгатай зээлийн гэрээ хийж, баталгаа болгон байгуулсан гэж байна. Энэ нь нотариатын бүртгэлийн дугаар дээрээс харагдана. Би н.Алтанчимэг, н.Цэцэгмаа, Г.Б гурвууланг нь таньдаг. Гэхдээ Г.Б миний орлого тэдэн төгрөг, би өөрөө бизнесийн зээл авна гэж хэлж зээл авсан болохоос биш н.Цэцэгмаад өгнө, н.Алтанчимэгт өгнө гэж зээл аваагүй. Зээлийн гэрээ хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд, бүртгэлийн дугаар нь 55 гэж байгаа. Би гэрээ хийгээд явсан. Хариуцагчийг хэн яаж гуйж, яаж гэрээ хийсэн талаар мэдэхгүй. н.Цэцэгмаатай байгуулсан гэрээний бүртгэлийн дугаар 57 байгаа. Би анх зээл олгохдоо чи ажил төрөлтэй, зээл төлөх боломжтой гээд барьцаагүй их хэмжээний зээл өгсөн. Түүнээс биш дамжуулсан талаар мэдэхгүй. Хариуцагчийн хариу тайлбар дээр н.Цэцэгмаад өгсөн гэж байгаа ч одоо болохоор н.Алтанчимэгт өгсөн гэж байгаа. н.Алтанчимэг тусдаа зээлтэй, н.Цэцэгмаа тусдаа зээлтэй, Г.Б тусдаа зээлтэй. Би хорт хавдартай байнга Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэдэг. Би нэг удаа л эд нартай уулзаж үзсэн. Эд нар бүгдээрээ банкны хүмүүс. 2,000,000 төгрөг өгсөн гээд байгаа бол баримтаа гаргаад ирээч. Би дансны хуулга ирээгүй байхад бүгдийг хэлсэн. Миний алт, мөнгө, монетэн эдлэлийг Алтан тэвш гэдэг ломбарданд тавиад тийзний мөнгө авч явсан. Тийзний мөнгийг л шилжүүлсэн гэж хэлсэн. 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс эхэлж н.Алтанчимэгийн дансны хуулга гарч ирж байгаа. 3 дугаар сарын 26-ны өдөр Солонгос явсан билетний үнэ 550,000 төгрөг гэх мэтээр дандаа гүйлгээний утга нь байгаа. Эд нар банкны хүмүүс. Бичиг үсгийн чадвар сайтай. Хүнд юу өгөхөө яаж өгөхөө мэддэг. Юу авахаа мэддэг. Энэ хүмүүс яагаад худлаа яриад байгаа юм бэ? Хэрвээ н.Алтанчимэг, н.Цэцэгмаа нарт өгөх байсан бол би өөрсдөд нь л зээл өгнө, би яагаад энэ хүнтэй гэрээ хийгээд байгаа юм бэ? Зээлийг нэг биш яагаад 2 удаа сунгаад байгаа юм бэ? нэг удаа гэрээ хийсэн бол дарамталж байгаад гэрээ хийсэн гэж хэлэх байсан байх. н.Алтанчимэг, н.Цэцэгмаа нар Алтанбулагийн банкинд цуг ажиллаж байсан, багын танилууд. Эд нар үгсэн хэлэлцэж намайг хохироож байна. Би өөрийнхөө мөнгийг нэхэж байгаа. 2,500,000 төгрөг өгсөн н.Цэцэгмаагийн зээлийн гэрээг ч бас өгсөн. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Солонгост байх хугацаандаа н.Алтанчимэгтэй уулзсан. Тэр хугацаанд надад мөнгө өгсөн бол гарын үсэг зуруулна. Хэнд юу өгч байгаагаа мэдэх оюунлаг хүмүүс. Тэр хүмүүс өөрсдөө надад тусдаа зээлтэй байсан. Хамгийн сүүлд 2,500,000 төгрөг өгсөн байсан. Хугацаа хэтэрвэл хүү тооцно гээд амаараа хэлж байсан. Тэр зээлийн л хүү. Мөнгө төлсөн баримтууд нь бүгдээрээ Бааска гэж бичсэн байгаа. Тэгэхээр Бааска өөрийнхөө төлөлтийг хийж байгаа. н.Цэцэгмаа, н.Алтанчимэг хоёр зээл авсан бол өөрсдийнхөө л нэрийг бичнэ. Ил тодоор намайг хуураад байна. Би Солонгост өөрөө банкны данстай. Банкны хүмүүс дансаар хийх ёстой байсан. Энэ хүмүүс худлаа хэлж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдагдсан 9,000,000 төгрөгийг зээлсэн зүйл огт байхгүй. Тус зээлсэн гэх 9,000,0000 төгрөгийг миний өмнө нь 4 жил хамт ажиллаж байсан Д.Алтанчимэгийн төрсөн эгч Д.Цэцэгмаа гэх хүн авсан. Тухайн үед Д.Алтанчимэг надад хандаж хүнээс хүүтэй мөнгө зээлж авах гэсэн боловч нийгмийн даатгал төлдөг, ажил орлоготой хүнийг заавал гэрээнд гарын үсэг зуруулна тэгж байж гэрээ хийнэ гээд байна. Нөхөр н.Батхуягийн ээж, аав, манай эгч н.Цэцэгмаа нар очоод гэрээ хийх гэхээр мөнгө зээллэхийг зөвшөөрөхгүй байна гэж байсан. Тэгээд та гэрээнд гарын үсэг зураад өгөөч манай эгч н.Цэцэгмаа тус мөнгийг удахгүй төлж дуусгана тус болооч гэсэн. Би хамт ажиллаж байсан учраас түүнд итгэж Л.Б гэх хүнтэй уулзаж би энэ мөнгийг өөртөө аваагүй, Цэцэгмаа гэж хүн таниас зээлж байгаа шүү гэдгийг тайлбарлаж хэлэхэд хамаагүй та гарын үсгээ гэрээнд заавал зур гэж хэлсэн учраас сүүлд ийм зүйл болно гэж төсөөлөөгүй учир Л.Б, н..Алтанчимэг нарт итгэж зээлийн гэрээ гэх гэрээнд гарын үсгээ зурсан. Тэгээд тус бодит байдлыг баталгаажуулж уг 9,000,000 төгрөгийг авсан Д.Алтанчимэгийн төрсөн эгч Д.Цэцэгмаад мөнгийг нь хүлээлгэж өгсөн тухай болон Г.Б миний бие тус асуудалд огт хамааралгүй, мөнгө зээлж аваагүй болохыг баталгаажуулах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Сүүлд Д.Алтанчимэг болон түүний эгч Д.Цэцэгмаа нар Л.Бд зээлсэн мөнгийг гэрээ ёсоор төлсөн гэж хэлж байсан. Иймд Л.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхбат шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаад нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Талууд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 9,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлэхээр гэрээ хийсэн. Зээлийг 8 сараар сунгасан гэж байгаа боловч сунгасан эсэх нь эргэлзээтэй. Гэрээний тооцооллыг нэхэмжлэгч буруу хийсэн байна. Алдангийг үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй гэж үзвэл 9,000,000 төгрөгийн 50 хувь нь 4,500,000 төгрөг байхаар тооцох ёстой. Алдангийн хэмжээ ихэссэн байна. Тооцоолол буруу байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжилж байгаа үнийн дүн нь өөр байна. Төлөлтийн хувьд 9,000,000 төгрөг төлсөн. Сүүлд хариуцагчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгаас харахад н.Алтанчимэг гэж хүнээс 630,000 төгрөг, н.Батхуягаас өөрт нь 570,000, 560,000, 370,000 төгрөг, н.Цэцэгмаагаас 9,000,000, 2,500,000 төгрөгийг дансаар төлсөн. Үүнээс гадна н.Алтанчимэг гэж хүн 1,290,000 төгрөг, 720,000 төгрөгийг тус тус 2017 онд төлөлт хийж байсан. Ингээд нийт 15,640,000 төгрөгийг төлсөн байгаа. Тийм учраас зээлийн гэрээнд үндэслэсэн зээлийн тооцоолол буруу, төлөлт нь хасагдаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд иргэн Л.Б болон иргэн Г.Б нарын хооронд 2017 оны 01 дүгээр зарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Тус гэрээгээр зээлдүүлэгч Л.Б нь 9,000,000 төгрөгийг сар тутамд 8 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатайгаар зээлдэгч Г.Бд олгосон гэдэг. Гэвч бодит байдал дээр тус мөнгийг Г.Б бус иргэн Д.Цэцэгмаа, Д.Аптанчимэг, Б.Батхуяг нар авсан байдаг. Учир нь тус иргэд Л.Бгаас мөнгө зээлэх талаар асуухад тогтмол цалинтай, байнгын ажлын байранд ажилладаг хүнтэй зээлийн гэрээ байгуулна" гэсний дагуу өөрийн танил Д.Алтанчимэгтэй урьд нь нэг байгууллагад хамт ажилладаг байсан Г.Баас тусламж гуйсны дагуу Г.Б иргэн Г Болормаатай тэдний өмнөөс зээлийн гэрээ байгуулсан байдаг. Дээрх гэрээ байгуулах үед Г.Б нь тэдний нэг болох Д.Цэцэгмаатай тухайн цаг хугацаанд, нотариат дээр адил үнийн дүн, агуулга бүхий зээлийн гэрээг дээрх гэрээний баталгаа болгон байгуулсан байдаг. Тиймээс дээрх зээлийн төлбөрийг Д.Цэцэгмаа, Д.Алтанчимэг, Б.Батхуяг нар одоог болтол төлсөөр байна. Өөрөөр хэлбэл Л.Б болон Г.Б нар нь дээрх гэрээний дагуу аливаа хууль зүйн үр дагавар хүсээгүй дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Иймд Л.Б болон Г.Б нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Г.Бт холбогдуулан зээл 9,000,000 төгрөг, зээлийн хүү 387,000 төгрөг, алданги 4,693,,500 төгрөг нийт 14,080,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болох, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Г.Б нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 9,000,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргий үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцон зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн байна.

 

Хариуцагч дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, зээлийг Д.Цэцэгмаа авсан тул би хариуцах этгээд биш хэмээн тайлбарлаж, нотлох баримтаар дээрх зээлийн гэрээтэй нөг өдөр, ижил нөхцөлөөр Г.Б, Д.Цэцэгмаа нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Л.Б нь ажил хийж, нийгмийн даатгал төлдөг, зээл төлөх боломжтой хүнд барьцаагүйгээр зээл олгоно гэх болзол тавьсан учир Г.Б зөвшөөрч зээлийн гэрээг байгуулсан талаар зохигч маргаагүйн дээр шүүхэд гэрч Д.Цэцэгмаагийн мэдүүлгээр гэрчлэгдсэн.

 

Талууд харилцан тохиролцсон үр дагаварыг бүгд мэдэж байсан нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Г.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзэв. Мөн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дууссан тул зээлдэгчийн хүсэлтээр гэрээний хугацааг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөө хүртэл сунгасан байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас төлөгдөөгүй зээл, тохиролцсон хугацааны хүү, алданги гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь н.Алтанчимэг, н.Батхуяг, Д.Алтанчимэг нар зээлийн төлбөрт нийт 15,640,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан Д.Алтанчимэг, Б.Батхуяг нарын Хаан банкин дахь диспозит дансны дэлгэрэнгүй хуулга дээрх гүйлгээний утга, Л.Б, Д.Цэцэгмаа нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, шүүхэд гэрч Д.Цэцэгмаагийн өгсөн мэдүүлэг зэргээр Л.Бд Д.Алтанчимэгээс 2017 оны 03 сарын 06-нд 20,000 төгрөг, 2017 оны 03 сарын 28-гп 550,000 төгрөг, 2017 оны 08 сарын 21-нд 630,000 төгрөг, Б.Батхуягаас 2017 оны 08 сарын 09-нд 570,000 төгрөг, 2017 оны 09 сарын 12-нд 560,000 төгрөг, 2017 оны 09 сарын 25-нд 370,000 төгрөг, н.Цэцэгмаа, н.Бааскаа нараас 2017 оны 03 сарын 10-нд 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн нь Л.Б, Г.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний төлбөрт хамааралгүй болох нь нотлогдож байна.

 

Харин хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 9,000,000 төгрөгийг төлсөн байна. Үүнийг зээл, зээлийн хүү, алдангаас хасч тооцсон нэхэмжлэгчийн тооцоолол Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэх зохицуулалттай нийцэхгүй байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 9,000,000 төгрөгийн төлөлт хийсэн тул үүнийг үндсэн зээлээс хасч, зээлийн хүүнд 7,200,000 төгрөг, алданги 3,600,000 төгрөг нийт 10,800,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Г.Баас 10,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгож, гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хариуцагч Г.Баас 10,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Л.Бд холбогдох зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хариуцагч Г.Бын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,360 төгрөг, хариуцагч Г.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 187,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР