Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1146

 

  2022         07          27                                   2022/ШЦТ/1146

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

   Улсын яллагч Б.Чинзориг /тээврийн прокурор/,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Онги овогт *******-т холбогдох эрүүгийн 2203 00303 0320 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн,

О овогт *******

 

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангамжийн автобусны буудлын урд замд 2022 оны 05 дугаар сарын 31-ий өдрийн 11 цаг 00 минутын орчимд “Тоёота раум” маркийн 08-45 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3 “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжпүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.А-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Нэгдүгээр эгнээнд явж байгаа машины тормосны гэрлийг хараагүй. Шалтгаан нь нэгдүгээр эгнээнээс хоёрдугаар эгнээ рүү шилжих процесс дээр тийм үйл явдал болсон. Тухайн үед анхааралтайгаар нөхцөл боломжийг харах орчин хязгаарлагдмал байсныг шүүгч анзаарч үзнэ үү. Уг хэрэг гарахад жолоочийн болгоомжгүй байдал нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулсан. Бүх зүйл дээр ойлгож хариуцлага хүлээж байсан учраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:   

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, /хх-ийн 04-09 хуудас/,

 

- Хохирогч Т.А-ын “...Би 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ өглөө 09 цагийн орчим гараад .../...Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд төрсөн дүү Сүхбаатарын гэр рүү очихоор болоод тийшээ явсан.../...Тэгээд би машин замаар хөндлөн гарч байтал тус 2 эгнээ замын 1 дүгээр эгнээнд явж байсан автомашин хурдаа хасаад надад зам тавьж өгөхөөр нь гялс гараад явчихъя гэж бодоод цаашаа явж байтал зүүнээс баруун чиглэлтэй 2 дугаар эгнээгээр гэнэт машин гарч ирээд намайг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,

 

- Гэрч С.Э-ын “...2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр .../...11 цагийн үед хөдөлсөн. Тухайн үед манай охин болох Сэрүүнцагаан нь унтах гээд байсан болохоор би Ганбаярыг машин бариад өг гэж гуйгаад аавынхаа эзэмшлийн нэр дээр байдаг “Тоёота раум” маркийн 08-45 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодуулахаар болсон..../...тэгээд бид нар Баянзүрх дүүргийн Хангамжийн автобусны буудлын ойролцоо явж байтал гэнэт Г тоормос гишгээд түс гэх чимээ гарахаар нь гайхаад хартал хүн мөргөчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,  

 

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8285 дугаартай дүгнэлт дэх “Т.А-ын биед өгзөг гуяны булчингийн няцрал, зүүн өвдөгний үеийн суналт, шаантны гадна булууны ясны эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.../... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 хуудас/,

- “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт дэх “...“Тоёота раум” маркийн 08-45 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас 410.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх дүгнэлт /хх-ийн 57-58 хуудас/,

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 654 дугаартай магадлагаан дахь “Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3 “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжпүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-ийн 74-75 хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангамжийн автобусны буудлын урд замд 2022 оны 05 дугаар сарын 31-ий өдрийн 11 цаг 00 минутын орчимд “Тоёота раум” маркийн 08-45 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3 “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжпүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.А-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

 

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8285 дугаартай дүгнэлт дэх “Т.А-ын биед өгзөг гуяны булчингийн няцрал, зүүн өвдөгний үеийн суналт, шаантны гадна булууны ясны эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.../... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 хуудас/,

- “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт дэх “...“Тоёота раум” маркийн 08-45 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас 410.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх дүгнэлт /хх-ийн 57-58 хуудас/,

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 654 дугаартай магадлагаан дахь “Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3 “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжпүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа тус тус гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч Т.А-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч Т.А-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм  хэмжээний актыг зөрчсөн санаатай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.  

 

Шүүгдэгч *******-ын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,  хуульд зааснаар торгуулийн ял шийтгэлийг 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүх шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,   

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Т.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс эмчилгээний зардалд баримтаар 805.950 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгч ******* нь хохирогч Т.А-ын эмчилгээний төлбөрт 3.396.600 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.С-т 410.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 260.500 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч нь шүүхийн шатанд нэмж хохирлын баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршигийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт *******-ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Т.А энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршигийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ