Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1180

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч У.Анхжаргал,

хохирогч М.Б,

шүүгдэгч, хохирогч Х.С,

шүүгдэгч Б.А, Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Х.С, Б.А, Т.Н нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208025081371 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Т арматурчин ажилтай, Төв аймгийн Зуунмод сум, ** дугаар баг, Нацагдоржийн ... дугаар гудамж, 1 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тахилтын ** дугаар гудамж, ** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-ийн А (РД:****),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хүнд машин механизм түрээслүүлдэг гэх, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Ногоочины ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** байр, ** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Т-ийн Н(РД:*******),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д овогт Х-ийн С (РД:*****).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А согтуурсан үедээ 2022 оны 7 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 04 цагийн орчим Сонгинхайрхан дүүргийн ** дугаар хороо, “В” баарны гадна хохирогч М.Быг гартаа барьж явсан цүнхээрээ толгой руу нь цохиж хагалан дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Т.Нсогтуурсан үедээ хохирогч М.Быг өмөөрч маргалдан хохирогч Х.С-нийн зүүн нүд, хамар хэсэгт гараараа цохиж зүүн зовхи, хамрын нуруу, баруун хөхлөг сэртэн орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Х.С согтуурсан үедээ хохирогч М.Быг “эхнэрийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдан хамар, зүүн нүд рүү гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын нуруу, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч, хохирогч Х.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хохирлыг хоорондоо тохиролцоод шийдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Уучлаарай” гэв.

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Салгах гээд цүнхээр санаандгүй цохисон. Уучлалт гуйж эвлэрсэн. Тухайн үед архи уусан байсан. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.

Шүүгдэгч Т.Ншүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Найзтайгаа андуураад малгайг нь авсан. Уучлалт гуйгаад салсан. 4 шил пиво уусан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “07 сарын 19-20-нд шөнө баарнаас гараад муудалцсан. С хамар луу нэг удаа цохисон. А цүнхээрээ цохиж толгой хагалсан. Толгойдоо оёдол тавиулсан. 115,000 төгрөг Нямгэрэлээс авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр эмэгтэй ирээд шууд алгадаад шар айраг цацсан” гэв.

Эрүүгийн 2208025081371 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.Бын: “2022 оны 7 дугаар сарын 19-ний ...шөнө “В” бааранд орж 2,2 лаактай шар айраг уугаад ...“04 цаг болсон манайх одоо ажиллахгүй” гэхээр тооцоог нь хийчихээд гадагш гартал баарны гадна 2 эмэгтэйн хамт 1 эрэгтэй замын хашлаган дээр сууж байсан. Манай найз Ночоод нөгөө эрэгтэйг нь доош харчихсан сууж байхаар малгайг нь толгойноос автал нөгөө эрэгтэй “Чи миний малгайг авдаг хэн юм” гээд уурлахаар нь би очоод Н-ийг салгаад холдуултал уг эрэгтэйн эхнэр гэх хар өнгийн өмдтэй махлаг эмэгтэй хүрч ирээд миний цамцнаас заамдаж аваад ууж байсан шар айргаа цацахаар нь би зөрүүлээд найз Н-ийн гартаа барьж байсан шар айргийг булааж аваад уг эмэгтэй рүү цацсан. Тэгтэл нөхөр нь ирээд миний хамар луу нэг удаа гараараа цохиход хамраас цус гарахад эхнэр нь миний үснээс зулгаагаад доош дарахад манай найз Н зодоон дундуур орж ирээд уг эрэгтэйн зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод нөгөө эрэгтэйг тэвэрч аван надаас холдуулахад хамт байсан туранхай эмэгтэй гартаа барьж байсан цүнхээр миний толгойны дагз руу нэг удаа цохиход толгой хагарч цус гарсан. Ингээд би болон намайг үсдсэн эмэгтэй цагдаад дуудлага өгөөд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Нийт 235,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.07.25-ны өдрийн 10162 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. М.Бын биед хамар ясны хугарал, хамрын нуруу, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

Шинжээч Б.Долгормаагийн: “Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),

Хохирогч Х.С-ийн: “2022 оны 7 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө ...эхнэр, эхнэрийн найз бид гурав 0,5 литрийн архи ууж байгаад дуусгалгүй баарнаас 04 цагийн орчим гарсан. Баарны гадна явган хүний хашлаган дээр бид гурав тамхи татаад сууж байтал 2 эрэгтэй ирээд арай махлагдуу хар өнгийн сорочкон цамцтай эрэгтэй миний малгайг зөвшөөрөлгүй автал эхнэр “чи яахаараа хүний малгай авдаг юм бэ” гэхэд тэр эрэгтэй инээж байснаа “би хүн андуурчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл хамт байсан туранхай эрэгтэй нь эхнэртэй маргалдаж ууж байсан шар айргаа хоёр бие рүүгээ цацалцсан. Туранхай эрэгтэй нь эхнэрийг хэл амаар доромжлоод байхаар нь би очоод нөгөө эрэгтэйн хамар луу гараа атгаж байгаад нэг удаа цохитол хамт байсан эрэгтэй нь намайг өргөөд холдуулж түлхсэнээ хүзүүнээс гараараа маажин базаж эргээд хартал зүүн нүд рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Энэ үед эхнэр нөгөө туранхай эрэгтэйтэй үсдэлцчихсэн байсан. Би “одоо больцгооё” гэж хэлээд салсан. ...Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.07.26-ны өдрийн 10194 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Х.С-ий биед зүүн зовхи, хамрын нуруу, баруун хөхлөг сэртэн орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

шүүгдэгч Б.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-74), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-71), иргэний оршин суугаа хаягийн лавлагаа (хх-75), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-76), Төв цэвэрлэх байгууламж DC 03-д арматурчнаар ажилладаг тухай тодорхойлолт (хх-77), дансны хуулга (хх-78-92),

шүүгдэгч Т.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-110), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-103), АСАП сангийн лавлагаа (хх-104-107), иргэний оршин суугаа хаягийн лавлагаа (хх-111), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-112), дансны хуулга (хх-113-149),

шүүгдэгч Х.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-164), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-159), АСАП сангийн лавлагаа (хх-160-161), иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа (хх-165), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-166), дансны хуулга (хх-169-184), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-191-194), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-195-196), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-197-198) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Т.Н, Б.А нарын гэрчээр өгсөн мэдүүлэг (хх-37, 41-42)-ийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар 2022 оны 7 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 04 цагийн орчим Сонгинхайрхан дүүргийн ** дугаар хороо, “В” баарны гадна шүүгдэгч Б.А согтуурсан үедээ хохирогч М.Быг гартаа барьж явсан цүнхээрээ толгой руу нь цохиж хагалан дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Т.Нсогтуурсан үедээ хохирогч М.Быг өмөөрч маргалдан хохирогч Х.С-ийн зүүн нүд, хамар хэсэгт гараараа цохиж зүүн зовхи, хамрын нуруу, баруун хөхлөг сэртэн орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Х.С согтуурсан үедээ хохирогч М.Быг “эхнэрийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдан хамар, зүүн нүд рүү гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын нуруу, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.Бын “...нөхөр нь ирээд миний хамар луу нэг удаа гараараа цохиход цус гараад эхнэр нь миний үснээс зулгаагаад доош дарахад манай найз Н зодоон дундуур орж ирээд уг эрэгтэйн зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод нөгөө эрэгтэйг тэвэрч аван надаас холдуулахад хамт байсан туранхай эмэгтэй нь гартаа барьж байсан цүнхээр миний толгойны дагз руу нэг удаа цохиход толгой хагарч цус гарсан...” гэх мэдүүлэг (хх-16-17), шүүх эмнэлгийн 10162 дугаар “1. М.Бын биед хамар ясны хугарал, хамрын нуруу, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-51-52), шинжээч Б.Долгормаагийн “Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг (хх-54), хохирогч Х.Сийн “...хамт байсан эрэгтэй нь намайг өргөөд холдуулж түлхсэнээ хүзүүнээс гараараа маажин базаж улмаар эргээд хартал миний зүүн нүд рүү хэд хэдэн удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хх-24-25), шүүх эмнэлгийн 10194 дугаар “1. Х.С-ий биед зүүн зовхи, хамрын нуруу, баруун хөхлөг сэртэн орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-44-45) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Аийн согтуурсан үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч М.Бын толгойд цүнхээр цохиж хагалан хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл,

шүүгдэгч Х.С-ийн согтуурсан үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас “эхнэрийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж хохирогч М.Быг нүүр хэсэгт цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл,

шүүгдэгч Т.Н-ийн согтуурсан үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас “найзыгаа өмөөрч” хохирогч Х.С-ийн нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд шүүгдэгч Т.Н115,000 төгрөг төлсөн гэх, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт,

хохирогч Х.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлтийг тус тус үндэслэн шүүгдэгч Т.Н, Х.С, Б.А нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.А нь 2022 оны 7 дугаар сарын 19-20-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Сонгинхайрхан дүүргийн 16 дугаар хороо “В” баарны гадна хохирогч М.Быг гартаа барьж явсан цүнхээрээ толгой хэсэг рүү нь цохиж хагалан дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Т.Ннь 2022 оны 7 дугаар сарын 19-20-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Сонгинхайрхан дүүргийн 16 дугаар хороо “В” баарны гадна хохирогч М.Быг өмөөрч маргалдсаны улмаас хохирогч Х.С-ийн зүүн нүд, хамар хэсэгт гараараа цохиж зүүн зовхи, хамрын нуруу, баруун хөхлөг сэртэн орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х.С нь 2022 оны 7 дугаар сарын 19-20-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Сонгинхайрхан дүүргийн 16 дугаар хороо “В” баарны гадна хохирогч М.Быг “манай эхнэрийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдан түүний хамар, зүүн нүд рүү гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын нуруу, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А, Х.С, Т.Ннарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч Б.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.С, Т.Ннарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг тус бүр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч Б.А “Гэм буруугаа хүлээж байна. Ялыг зөвшөөрч байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэж,

шүүгдэгч Х.С “Гэм буруугаа хүлээж байна. Ялыг зөвшөөрч байна” гэж,

шүүгдэгч Т.Н“Гэм буруугаа хүлээж байна. Ялыг зөвшөөрч байна. Уучлаарай” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч Т.Нямгэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож,

шүүгдэгч Б.А, Х.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдаж байна. 

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Б.А, Х.С, Т.Ннар “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар шүүгдэгч Б.Ат 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.С, Т.Ннарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг тус бүр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдан, шүүгдэгч Б.А хохирогч М.Боишгтын толгойг цүнхээр цохиж, толгойг нь хагалсан, шүүгдэгч Х.С “эхнэрийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар хохирогч М.Бын нүүр хэсэгт нь гараараа цохисон, шүүгдэгч Т.Ннайз М.Быг өмөөрч хохирогч Х.С-нийн нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч М.Б, Х.С нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогч М.Бод шүүгдэгч Т.Н115,000 төгрөг төлсөн гэх, хохирогч нар “Хохирлыг харилцан тооцсон тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгч Б.Аийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг, шүүгдэгч Х.С-ийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой)-ыг, шүүгдэгч Т.Н-ийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой) зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.С, Т.Ннарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, уг торгох ялыг шүүгдэгч тус бүр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А, Х.С, Т.Ннар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн А, Бөөрөнхөн овогт Т-ийн Н, Д овогт Х-н С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Х.С, Т.Нтус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 500,000 төгрөгөөр, шүүгдэгч Х.С, Т.Ннарыг 600,000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Х.С, Т.Ннар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А, Х.С, Т.Ннар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Х.С, Т.Ннарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР