Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/635

 

 

 

 

 

 

 

 

 

    2022       06          15                                     2022/ШЦТ/635

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: С.Болорзул;

 

Шүүгдэгч: Г.Г (өөрийгөө өмгөөлж)

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин;

           

Шүүгдэгч Г.Г: Монгол Улсын иргэн, 19... оны 06 дугаар сарын 19-ний өдөр Д.. аймгийн Х.. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

Г.Г нь согтуурсан үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ““ ресторанаар үйлчлүүлээд гарахдаа тухайн рестораны кассын машин, хаалт, шилэн аяга зэрэг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 1.296.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “Энэхүү үйл явдал 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр болсон. Олон Улсын эмч нарын өдөр болж байсан. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, үл ойлголцлын улмаас ийм асуудал болсон. Үнэлгээгээр тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно” гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-27/, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х /хх-ийн 30-31/, гэрч А.Т /хх-ийн 35/, гэрч А.Т /хх-ийн 37/, гэрч Б.Д /хх-ийн 38/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-43, 47-50/, Г.Г-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/, Г.Г-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 62-72/, Х.Хын хүсэлт /хх-ийн 78/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг ““ ресторанаар үйлчлүүлээд гарахдаа тухайн рестораны кассын машин, хаалт, шилэн аяга зэргийг устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 1.296.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Х.Хын /хх-ийн 30-31/: “...2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ““ нэртэй ресторанд кассан дээр сууж ажиллаж байсан. Орой 21 цагийн үед манай ресторанд 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн орж ирээд №11 дугаартай ширээнд суугаад 0,75 литрийн хэмжээтэй цагаан архи, 2-3 ширхэг ундаа, 2 савтай ус захиалсан. 23 цаг 40 минутын үед бид нар зааланд байсан хүмүүсдээ “удахгүй хаах” гэж байгаагаа мэдэгдэхэд №11 дугаартай ширээнд сууж байсан 3 хүний нэг эмэгтэй нь “ямар ядаргаатай юм бэ, бид нар уух зүйлээ дуусгачихаад гарна” гээд байсан. Тэгээд уухгүй зүгээр юм яриад суугаад байсан. Удалгүй №11 дугаартай ширээнд сууж байсан нэг эрэгтэй кассан дээр ирээд надаас утасны дугаараа өгөхийг гуйгаад байхаар нь би “нөхөр хүүхэдтэй өгөх боломжгүй” гэж хэлсэн. Тэгээд манай эрэгтэй зөөгчийг дуудаад одоо бид нараас юу хүсээд байгаа юм бэ гэж тэр эрэгтэй асуугаад уурлах гээд байсан. Тухайн өдөр ажиллаж байсан Т гэх зөөгч маань “одоо хаах цаг болсон байна, та нар гарна уу” гэж хэлэхэд тэр эрэгтэй “та нар ийм байхгүй юу, нэмж 11.000 төгрөг өгье, сунгаад ажил” гэхээр нь би “шөнийн 04 цаг хүртэл ажилладаг олон газар байгаа, манай ресторан 00 цаг хүртэл ажилладаг, та нараас болоод хаахгүй удчихлаа” гэж хэлэхэд тэр эрэгтэй “Япон Улсад ингэж ярьдаггүй, би Японд олон жил болсон, та нар ийм байгаа болохоор Монгол Улс хөгжихгүй байгаа юм” гэж хэлээд орилоод хашгираад байсан. Энэ үед би “та нар нэг бол гар эсвэл цагдаа дуудлаа” гэхэд тэр эрэгтэй “тэгээд цагдаагаа дуудаач” гээд гадуур хувцасаа тайлж шидээд орилоод манай эрэгтэй зөөгчийг дуудаад “гараад ир, үзье” гээд орилоод байсан. Тэнд байсан манай эмэгтэй зөөгч Т “та болиочээ” гэхэд тэр эрэгтэй “би эмэгтэй хүнтэй харьцдаггүй, тэнэг гичий минь” гээд хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед тэр эрэгтэй кассан дээр байсан аркелан хаалтыг цохиж хөндийрүүлсэн, бас ширээн дээр байсан шилэн аягийг унагааж хагалсан. Тэгээд удалгүй эвдэлсэн зүйлсээ төлөөд тооцоогоо хийгээд гарах гэж байхад тэр эрэгтэйтэй хамт явж байсан нэг эмэггэй нь эвдрээгүй байна гээд тооцоогоо хийхээс татгалзаж хэрүүл хийж байгаад тэгвэл нэг мөсөн эвдэлчихье гээд кассны наана байсан аркелан хаалтыг цохиж унагахад кассны компьютер хамт газарт унаж хагарсан. Удалгүй цагдаа нар ирж тэднийг аваад гарсан. “Sky POS” брендийн 13 үйлдлийн системтэй, 4 гигабайт багтаамжтай, +128 SSD мэдрэгчтэй дэлгэц 1.700.000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн үед цохиж унагсанаас болж дэлгэц нь хагарч цуурсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 42-43, 47-50/,

 

гэрч А.Т-гийн /хх-ийн 35/: “...2022 оны 04 дүгээр сарын 01-ний 00 цаг өнгөрч байхад текний хажууд байрлах кассны хажууд сууж байхад №11 дугаартай ширээнд сууж байсан эрэгтэй ...намайг дуудаж би очиход нилээн согтсон байдалтай “та нар яагаад хаах гээд байгаа юм, би Японд амьдарч байхдаа үйлчлэгчийн ажил хйиж байсан, тэнд бол үйлчлүүлэгч бол хаан” гэж яриад байсан. Тэгээд надтай хэтэрхий удаан юм яриад байсан болохоор тэр эрэгтэйтээ хамт явж байсан 2 эмэгтэй босч ирээд “явья” гэхэд нөгөө эрэгтэй нь “явахгүй” гээд тэр 3 хоорондоо ноцолдоод байсан. Тэгэж байхдаа шилэн тавиур дээр байсан шилэн аягийг унагааж хагалсан. Тэгээд Х “гарахгүй бол цагдаа дуудлаа шүү” гэж хэлэхэд “удахгүй гарлаа” гэж 2 эмэгтэйн хэлэхэд нөгөө хамт явж байсан эрэгтэй нь бүүр уурлаж “цагдаагаа дуудаач” гэж хэлж байсан. Тэгээд тэр эрэгтэй уурлаад кассны урд талд байрлах пластик хаалтыг цохиж салгасан. ...дахиж ирээд пластик хаалтыг цохиход цаана нь байсан кассны дэлгэцийг цохиж унагаж дэлгэцийг хагалсан. Тэгээд манай Т зөөгч цагдаад дуудлага өгсөн...”  гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Тын /хх-ийн 37/: “...Тэр ахыг боль гэж зөндөө гуйсанч ерөөсөө болихгүй байсан. Тэгээд текний урд ирээд тусгаарлах пластик хаалтыг гараараа цохиж цуулсан. Х эгч “та үүнийгээ төлөөд гараарай эсхүл би цагдаа дуудлаа” гэж хэлэхэд тэр ах “би энийг чинь эвдлээгуй, төлөхгүй, тэгээд тэр цагдаагаа дуудаач” гэж хэлээд гараараа пластик хаалтыг дахин цохиж унагаад, цаана нь байсан кассны мэдрэгчтэй дэлгэцийг цохиж унагасан. Тэгээд би 102-т залгаж цагдаа дуудсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Дийн /хх-ийн 38/: “...Г.Г тооцоогоо хийхээр тек руу ганцаараа явсан. Удалгуй чанга ярьж байгаа чимээ гарахад Э бид 2 тек рүү очиход текний цаана нэг эрэгтэй зөөгч, 2 эмэгтэй зөөгч зогссон наана нь Г.Г нь зогссон хоорондоо хэрэлдэж байсан. Э бид 2 Г.Г-ийг тайвшруулахаар цааш авч явах заалан дотор ярилцаж байсан боловч текний цаана зогсож байсан эрэгтэй зөөгч “та нар одоо хурдхан гар” гэж хэлсэн. Э бид 2 Г.Гтэй зууралдаад байж байхад Г.Г нь нэг шилэн аяга санаандгүй унагаж хагалсан. Тэр үед зөөгч нар “цагдаа дуудъя, энэ хүнийг өгч явуулъя” гэж хэлэхэд нь Г.Г уурлаж тек руу дөхөж очоод тек дээр байсан пластик материалтай хаалтыг цохиж бас кассыг нь хамт цохиж эвдэлдсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирж Г.Г-ийг аваад явсан...” гэх мэдүүлгээр,

 

Г.Г-ийн яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 58-59/: “...2022 оны 03 дугаар сарын 31-ний 19 цагаас 20 цагийн үед найз Э, Д нартай Сүхбаатар дүүрэг ““ нэртэй ресторанд орсон. Ороод бид нар 0,75 литрийн хэмжээтэй нэг шилтэй архи, ундаа ус зэргийг авсан. Би тус ресторанд орохоос өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Э, Д бид нар ““ ресторан руу ороод “хэд хүртэл ажиллах юм бэ” гэж лавлаж асуухад “24 цаг хүртэл ажиллана” гэж хэлсэн. Тэгээд бид нар ширээнд сууж уух зүйлс захиалаад юм яриад сууж байсан. 23 цагийн үед зөөгч ирж “манайх хаах боллоо, тооцоогоо хийгээд гарна уу” гэж хэд хэдэн удаа ирж шаардсан. Тэгээд бид нар “24 цаг болоогүй байна, ядаж ширээн дээр захиалсан зүйлсээ дуусгаад гаръя” гэж хэлсэн. Хэд хэдэн удаа зөөгч нар ирж гарах шаардлагыг тавьсан болохоор би кассан дээр тооцоогоо хийхээр болсон. Тухайн үед би кассан дээр очоод “24 цаг хүртэл ажиллана гэчихээд яагаад эрт хүмүүсээ гаргах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би тэнд байсан эмэгтэй зөөгчтэй маргаж эхэлсэн. Архи согтууруулах ундааны зуйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан бас зөөгчтэй маргалдсан болохоор биеэ барьж дийлэлгүй ийм асуудал үүсгэсэн. Гаргасан үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох  баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь ““ ресторанаар үйлчлүүлж байхдаа тухайн рестораны эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээснээ өөрөө болон хохирогч, гэрч нар зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон“ зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Г.Г нь ““ рестораны эд хөрөнгийг устгаж, гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж 1.296.000 төгрөгийн хохирол учруулсан Г.Г-ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй. хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Г-ийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хын “...Ли вива” ресторанд учруулсан хохирлыг төлж барагдуулсан” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 78 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

                5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ