Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 119/2024/0014/З |
Дугаар | 221/МА2024/0523 |
Огноо | 2024-08-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2024/0523
“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д
Нэхэмжлэлийн шаардлага: “Ч” ХХК-ийн газар эзэмших 0 дугаартай гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захиргааны акт гаргахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 31 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н
Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 119/2024/0014/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ч” ХХК-иас Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан ““Ч” ХХК-ийн газар эзэмших 0 дугаартай гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захиргааны акт гаргахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах”-аар маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ч” ХХК-ийн газар эзэмших 0 дугаартай гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захиргааны акт гаргахыг Орхон аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Орхон аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар 26-ны өдрийн 250 дугаар захирамжаар Баян-Өндөр сум 7 дугаар хорооллын төв замын урд 1 га газрыг шатдаг хийн станцын зориулалтаар “Ч” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
“Ч” ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэн А.Э-тай 700 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх нотариатын 0283 бүртгэлийн дугаартай гэрээ байгуулж, Орхон аймгийн Засаг даргад 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр газар шилжүүлэх хүсэлтийг гаргасныг үндэслэн Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/369 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх, хүчингүй боглох тухай” захирамж гарган иргэн А.Э-д 700 м.кв газрыг шилжүүлж, мөн Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/369 дүгээр захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг Улсын чанартай А1002 автозамын урд 9300 м.кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар “Ч” ХХК-д үлдсэн 3 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр №06101-2020/00543 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг “Ч” ХХК-тай байгуулан мөн өдөр 0 дугаартай гэрчилгээ олгосон.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д зааснаар газар эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй бөгөөд эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана: 37.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ;” 37.1.2-т “газрын төлбөрийг төлсөн тухай баримт;” 37.1.3-д “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт” гэж заажээ.
Гэтэл “Ч” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаандаа буюу гэрчилгээ олгосон 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 3 жилийн хугацааг тоолбол 2024 оны 07 сарын 16-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусах бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө гаргах байснаас гадна Газрын тухай хуулийн 37-д заасан бүрдүүлбэл зохих баримтуудыг “Ч” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтдээ хавсаргаж өгөөгүй болох нь шүүх хуралдааны үед нотлогдож байсан.
Дурдвал нэхэмжлэгч “Ч” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/15 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад гаргасан /хавсралтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ-2 хуудас, кадастрын зураг-2 хуудас, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-4 хуудас/, Мөн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 07/05 дугаар хүсэлт гаргах албан бичигтээ ... газар эзэмших эрхийн гэрчилгээний хүсэлтийг хугацаа алдаж өгсөн тул хугацааг сунгаж өгч тусална уу” гэснээс харахад хуулийн хугацаандаа хүсэлтээ гаргаагүй /хавсралтаар эмнэлгээс гарах үеийн эпикриз-1 хуудас, эмнэлгээс гаргах үеийн эпикриз-1 хуудас/ байна.
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрийн 6.9-д “Хэдийгээр нэхэмжлэгч нь ...хугацаа дуусахаас 25 хоногийн өмнө буюу 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүсэлтээ гаргасан, 5 хоногийн хугацаа алдсан шалтгаанаа нотолж баримтуудаа илгээсэн/ хүндэтгэн үзэх шалтгаантай/ байхад.... хугацааг сунгахгүй байгаа нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ” гэжээ.
Гэтэл “Ч” ХХК-ийн захирал Л.А нь эмнэлэгт 2023 оны 05 дугаар сарын 18-26-ны өдөр, 2023 оны 06 сарын 12-19-ний өдөр тус тус хэвтээд гарсан байна. Үүнээс үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө гаргах байсан бөгөөд 2 удаа эмнэлэгт хэвтсэн хугацаанаас тоолоход дунд нь ажлын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 10 хоног ажлын өдөр байсан бөгөөд мөн 05 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж болохоор байхад шүүх хүндэтгэн үзэх шалтгааныг буруу дүгнэсэн.
Мөн нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан баримт бичгийг хугацаа сунгуулах хүсэлт гаргахдаа дутуу өгсөн нь тус хуулийн 37.1.2-д заасан газрын төлбөрийг төлсөн тухай баримтыг 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байсан. Мөн хугацаа сунгуулахад шаардлагатай байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолтыг хавсаргаагүй байгаа нь шүүхэд ирсэн нотлох баримтуудаас нотлогдож байсан. Дээрх байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг” гэж, Газрын тухай хуулийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй”, энэ хуулийн 31.4-д заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон; гэж заасан нь хүчингүй болгох ч үндэслэл болдог маш чухал баримт юм.
Гэтэл нэхэмжлэгч нь хуулийн 37.1-д заасан баримтуудыг хавсаргаж өгөөгүй болох нь шүүх хуралдааны үед нотлогдож байхад тус хавсралт баримт дээр үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийг зөрчиж байна.
Мөн “Ч” ХХК-иас аймгийн Засаг даргад 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хандаж гаргасан хугацаа сунгуулах хүсэлтэд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 381 дүгээр албан бичгээр хариу өгсөн бөгөөд тус хариунд “... газар эзэмших гэрээгээ огт дүгнүүлээгүй...” гэж гэрээгээр хүлээсэн үүргийн талаар дурдсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д зааснаар газар эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол гэдэг заалтын хүрээнд хамаарах маш чухал шаардлагад дүгнэлт өгөөгүй.
Газрын тухай хуулиар тусгайлан заасан журмын дагуу тодорхой хугацаатай олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө газар эзэмшигч нь сунгуулах тухай хүсэлтээ захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд энэ хугацаанд хүсэлтээ гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болно. Газар эзэмших эрх дуусгавар болсон тохиолдолд газар эзэмших эрхгүй тул уг газартай холбоотой аливаа шаардах эрх нэхэмжлэгч нарт үүсэхгүй, иймд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
Газар эзэмших гэрчилгээг сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд: нэхэмжлэгч “Ч” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах агуулгаар бус, харин газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захиргааны акт гаргахыг даалгах агуулгаар тодорхойлсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан дээрх хуулийн уг зохицуулалтад нийцэхээргүй байхад хангаж шийдвэрлэсэн.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана...” гэж заасан зохицуулалтын агуулгаас үзвэл аймгийн Засаг дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй буюу энэ нь захиргааны байгууллагын сонгох боломж эрхийн хүрээнд хамаарна.
Нөгөөтээгүүр Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар “...эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана”. Хуулийн эл зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших гэрчилгээний нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг шалган тогтоож шүүхээс хариуцагч захиргааны байгууллага сонгох боломж, эрхийг зөв хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй байна.
Эдгээрээс нэгтгэн дүгнэхэд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах зохицуулалтын дагуу нэхэмжлэгч “Ч” ХХК-иас хуульд заасан хугацаанд буюу 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө бүрдүүлбэл зохих баримтуудыг хавсаргаж газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хүсэлтдээ өгөөгүй, мөн аймгийн Засаг даргын сонгох боломжийг хангаагүй шийдвэрлэсэн мөн дээр дурдсан баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаад гомдолтой байгаа тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Ч” ХХК-иас Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан ““Ч” ХХК-ийн газар эзэмших 0 дугаартай гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захиргааны акт гаргахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/369 дүгээр захирамжаар Улсын чанартай А/1002 авто замын урд байрлалтай 9300 м.кв газрыг “Ч” ХХК-д “шингэрүүлсэн шатдаг хийн агуулах” зориулалтаар 3 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмших эрхийн 0 дугаартай гэрчилгээг олгож, гэрээ байгуулсан байна.
2.3. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө буюу 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтээ гаргасан боловч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 381 дүгээр албан бичгээр “...хуулийн хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтын дагуу газар эзэмших эрх дуусгавар болсон ...” гэсэн хариу өгсөн байна.
2.4. Гэтэл Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болох зохицуулалттай. Энэхүү маргааны үйл баримтын тухайд нэхэмжлэгч “Ч” ХХК нь газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө сунгуулах тухай хүсэлтээ гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй энэ тохиолдолд хүсэлт гаргах үед “Ч” ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэхгүй, энэ талаарх хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй.
2.5. Нөгөөтээгүүр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;” гэж тус тус заасан.
2.6. Дээрхээс үзвэл, хариуцагчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг Засаг даргын захирамж гарсан өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс тооцож газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзээд сунгахгүй байгаа нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцэхгүй байх бөгөөд хугацааг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсон өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тооцохоор байна.
Мөн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргах” зохицуулалт нь хариуцагчид хүсэлтийг хянан шийдвэрлэх хугацаа олгосон зохицуулалт болохоос бус гэрчилгээ нь хүчин төгөлдөр байх хугацааны дотор гаргасан эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байх эсхүл хянан шийдвэрлэлгүй шууд газар эзэмших эрхийг дуусгавар болгох эрхийг хариуцагчид олгосон зохицуулалт биш юм.
2.7. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хариуцагч нь зөвхөн “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар газар эзэмших эрх дуусгавар болсон” гэж татгалзлаа үндэслэсэн атлаа уг үндэслэлд хамааралгүй асуудлаар буюу “газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй..., Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан баримт бичгийг хугацаа сунгуулах хүсэлт гаргахдаа дутуу өгсөн, ...хугацаа сунгуулахад шаардлагатай байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт хавсаргаагүй” гэх зэргээр хариуцагчийн үйл ажиллагааны үндэслэлийг араас нь нөхөж, нэмж тайлбарлах замаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН