| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0166/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/179 |
| Огноо | 2022-09-19 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х., шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******,
Шинжээч эмч С.,
Гэрч Б.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 77А дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ы *******д холбогдох эрүүгийн 2107000000128 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******, *******, *******, *******,, , , , , тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******ы ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Х.******* нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн дугаар тоотод байрлах өөрийн гэртээ амь хохирогч Х.ийг “архи аягалахдаа асгалаа” гэх шалтгаанаар түүний толгой руу гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэн зодсоны улмаас түүний биед тархины битүү гэмтэл, тархины хатуу хальсан дээр цусан хураа үүсэж, тархины эд дарагдсанаас төвийн гаралтай амьсгал, зүрх судас зогсож нас барсан буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн үед талийгаач нэг шил архитай орж ирсэн. Нэг шил архийг нь хувааж уучхаад би яаж зүгээр байх вэ гээд дахин нэг шил архи авч өгсөн. Тэрийг дэлгүүрээс аваад гэрт авчирч ууж байтал асгаад байхаар нь алгадсан. Тэгээд гадаа гарч маргалдаад байж байтал манай хүү ирээд “аав та хүн зодож аллаа гаргаад явуул” гээд гаргаад явуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний хувьд гомдолтой. Яллагдагчийн ялыг багасгаад өг гэж бодож байгаа. Тухайн үед түргэн дуудаад өгчихгүй яасан юм бэ? үнэхээр согтуу байсан юм бол яагаад хүргээд өгч болоогүй юм бэ? түүнд яагаад гар хүрсэн юм? гэдэг дээр гомдолтой байгаа.” гэв.
Гэрч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний өгсөн мэдүүлгээр бол таг ухаангүй биш, ерөнхийдөө команд биелүүлэхгүй, шоокийн байдалтай. Амьсгал зүрх судасны систем доголдсон, температур 34-өөс доош, сатурац 85, биеийн байдал нь нэлээд хүнд орж ирсэн. Ингэж орж ирсэн хүмүүсийг гадны нөлөө байна уу, үгүй юу гэдгийг бид давхар шалгадаг. Ямар ч байсан ил шарх мэдэгдээгүй тул осголт гэдэг байдлаар оношилж анхны тусламж үзүүлсэн. Осголтын үед хүний бие эрээнтээд хөхрөх, цайх гэсэн янз бүрийн шинжүүд гарч ирдэг. Тухайн үед илэрхий шинж ажиглагдаагүй. Ерөнхийдөө бие нэлээд хөрсөн, энэ тэндээ хөхөрсөн. Хүйтний улмаас арьсан дээр гардаг өөрчлөлтүүд гарч ирсэн байсан. Цохигдоод унаад ийм болсон юм уу гэдэг илэрхий шинж ажиглагдаагүй... Энэ хүнийг гудамжнаас олоод биеийн байдал нь муу, температур хэмжигдэхгүй, гадна үзлэгээр илэрхий шарх хөхрөлт няцралт ажиглагдаагүй учраас ер нь би осголт гэсэн онош тавиад осголтын үеийн эмчилгээ үйлчилгээг авч хэрэгжүүлсэн... Тухайн үед бүр анх орж ирэхдээ хэмжигдээгүй, 34-өөс доош гэж бичсэн. Би гэмтэл, осголт хоёр хоорондоо ялгагдахгүй гэж хэлээгүй. Тухайн үед үзэхэд осгосон байдалтай хүн орж ирсэн. Бие нь ийм, арьс нь ийм байсан тул илэрхий цохисон зүйл надад мэдэгдээгүй гэж хэлсэн...Тархины гэмтлийн үед бид нар цус тогтоох арга хэмжээ авна, хөдөлгөөнгүй болгож, тархи толгойг бэхлэх арга хэмжээг авна. Мөн тархины хаван бууруулах, өвчин намдаах эмчилгээ явуулна. Тэгээд биеийн байдал нь тогтвортой бол аль болох хурдан тээвэрлэж, тархинд үүссэн гэмтлийн зэргийг тогтоож, мэс засалд хурдан оруулах шаардлагатай байдаг. Осголтын үед хүүхэн хараа өөрчлөгдөх, зүрх судасны систем доголдох, зүрхний фульс буурах, олшрох, биеийн температур буурах, арьс цайрч хөхрөх, улайх, хэл яриа ээдрэх зэрэг осголт хөлдөлтийн ямар з******* байгаагаас шалтгаалаад янз бүрийн зовуурь шинж ажиглагддаг. Тэгвэл тархины гэмтлийн үед хүүхэн хараа аль нэг талдаа өргөн байх, эмгэг рефлекс үүсэх, аль нэг талдаа саа, саажилт үүсэх, эсхүл бүр таг ухаангүй орж ирэх зэрэг төстэй шинжүүд байдаг. Гэхдээ миний үзсэнээр энэ хүний биеийн температур ийм байсан тул эхний ээлжинд осголтын арга хэмжээг авна. Батлагдаагүй оношны улмаас би тэр хүнд тархины гэмтэлд авах арга хэмжээг авахгүй. Осголттой байгаа хүнд авах арга хэмжээг авахгүй би тархины гэмтэл хайгаад явах юм бол энэ хүн үхчихнэ. Ийм учраас би энэ хүнд осголтын арга хэмжээг авч байгаа. Надад харсан хүн нь энэ хүн толгой руугаа цохиулаад ингэсэн шүү, биеийн энэ тэнд том шархтай хөхөрсөн ул мөр байх юм бол тархины гэмтэл гэж үзээд өөр арга хэмжээ авах байсан байх. Би тухайн хүнээ яг сайн санахгүй байгаа учраас ийм байсан шүү, ингэсэн шүү гэж хэлж чадахгүй. Миний бичсэнээр бол биед ил харагдах шарх, хөхрөлт, няцралт байхгүй гэж бичсэн байна. Иймд байхгүй байсан байх...” гэв.
Шинжээч эмч С. шүүхийн хэлэлцүүлэгт: “... Их тархины баруун чамархайн хатуу хальсан дээр байгаа цусан хурааг авсан тохиолдолд л энэ хүний амь насыг нь аврах боломжтой гэсэн. Энэ гэмтлийг аваад аль болох нэн даруй хугацаанд эмнэлгийн тусламж авч, баруун чамархайд байгаа цусан хурааг авах мэс засал амжилттай хийгдсэн бол онолын хувьд амь насыг нь аврах бүрэн боломжтой гэмтэл. Онол юунд зөрчигдөөд байгаа вэ гэхээр “хэдэн цагт энэ хүнд тусламж үзүүлсэн бэ” гэдэг нь зөрчилтэй гараад байна. Энэ хүнийг хашаанаас гараад унахад нь 30 минут юм уу, 1 цагийн дараа олоод л эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн бол гарсан гэмтлийг нь оношлоод амь насыг нь аврах бүрэн боломжтой байсан. Үүнд цаг хугацааны асуудал л яригдаж байгаа. Хугацааны хувьд ийм ийм хугацаа гэсэн зүйл байхгүй. Харин аль болох хурдан хугацаанд л тусламж үзүүлэх ёстой байсан. Энэ хүний хувьд бүтэн шөнийг гадаа, нойтон чийгтэй орчинд өнгөрүүлж байгаа болохоор гэмтлийн хажуугаар даарах, осгох гэсэн процесс цуг явагдсан. Хамгийн түрүүнд осгосон дээр нь арга хэмжээг авчхаад дараа нь оношоо тодруулъя, өөр гэмтэл байна уу гэдгийг тогтоохын тулд Гэмтлийн эмнэлэг рүү тээвэрлэе гэсэн арга хэмжээг авсан. Жишээ нь 2 цагийн дотор энэ хүнийг олсон бол биеийн хэм 34 градусаас доош хүрч осгоогүй байх байсан. Осгоогүй байсан бол эмч үзээд “гэмтэл байж магадгүй, аль болох хурдан Гэмтлийн эмнэлэг рүү хүргэе” гээд арга хэмжээг авах боломжтой байсан байх. Аль болох хурдан хугацаанд л тусламж үзүүлэх ёстой. Цогцсын гадна үзлэг дээр “баруун чихний дэлбээнд 1х0.5 см зулгаралттай, хүзүүний баруун тал, баруун чихний дэлбээний хэсгээр зөөлөн эд бага зэрэг хавантай” гэсэн байна. Хүлээн авахаар хүн орж ирэхэд эмч амин үзүүлэлтүүдийг нь үзээд, амь насыг нь аврах зорилготой үзлэг, эмчилгээ хийгээд явж байхдаа “чих нь зулгарсан уу, хүзүү нь хавдсан уу” гээд жижиг сажиг юм үзээд байх зав гарахгүй байх гэж бодож байна. Чихний дэлбээнд жижиг зулгаралт байсан тул анзаарагдахгүй өнгөрсөн байж магадгүй. Хүзүүнд гаднаас нь харахад бага зэрэг хаван хавдартай байсан боловч хүзүүний зөөлөн эдэд байгаа цус хуралтыг задлан шинжилгээгээр дотор талаас нь харах боломжтой. Гадна тал арьснаас нь биш дотор талаас нь харна. Хүч хаана үйлчилсэн гэдгийг олохын тулд дотор талаас нь хараад, энд цус хуралттай байгаа учраас хүзүүнд зөөлөн эд цус хуралттай байна гэж дүгнэлтдээ тусгаад байгаа. Гадна талд хүзүүнд цус хурсан хөхөрсөн зүйл байхгүй, бага зэрэг хавдартай л байсан л байх. Тэрийг эмч хайлгүй, анзаараагүй байсан байх. Бага зэрэг хавдартай байсныг шууд цохиод хавдсан гэж бодохгүй. Шүд нь өвдөөд юм уу, өөр янз бүрээр бага зэрэг хавдана. Үүнийг хавдартай байна гэж олсон бол шууд цохисон гэж дүгнэхгүй байх гэж ойлгож байгаа. Энэ тус тусын мэргэжлийн онцлог бөгөөд дотрын эмч нар хэзээ ч хавдартай байхад нь цохиод ингэчихлээ гэж хэлэхгүй. Гэмтлийн эмч нар ч гэсэн өөр өөрийнхөө чиглэлээр мэргэжлийн онцлогоор хайж илрүүлж явдаг. Би ч гэсэн гадна талаас эхлээд ямар гэмтэл шарх байгааг хайдаг бөгөөд мэс заслын эмчээс арай өөр нүдээр хараад явчихдаг. Цусан хураа нэгэнт үүссэн бол хүч үйлчилсэн газрыг олох ёстой. Дотор талд маш сайн шинжилгээ хийгээд тэгээд хүзүүний баруун талд, баруун чихний доохон талд, дотор талд нь цусан хураа байгааг олсон. Баруун чихний доор нь хүзүүний баруун тал руу цохисон хүчний үйлчлэлээр энэ гэмтэл үүссэн байх боломжтой. Давхар осголтын ч юм уу, архины нөлөөлөл хүчин зүйл байгаагүй хүн гавал тархины гэмтлээр эмнэлэгт ирэхэд эмч нар үзлэг хийгээд оношоо урьдчилсан байдлаар тавина. Харин батлахгүй. Юугаар батлах вэ гэхээр багажийн шинжилгээгээр батлах хэрэг гарна. За эхний ээлжид энэ хүн гавал тархины гэмтэлтэй байж магадгүй юм байна гэж оношлохоос биш, энэ хүний тархинд цус хурсан байна, тэнд нь харвасан гэж нарийн оношлохгүй. Зөвхөн гавал тархины гэмтэлтэй байж магадгүй гэсэн урьдчилсан дүгнэлтээ хийгээд үүнийг батлахаар компьютер оношилгоо хийлгэдэг. Рентген шинжилгээгээр сайн харагдахгүй, нэмэргүй. Иймд компьютер томограф хийлгэе гэсэн дүгнэлтэд хүрч, компьютер томограф хийлгээд гавал тархины гэмтэл байвал оношоо баталж, байхгүй бол үгүйсгэнэ. Ийм зарчимтайгаар оношилгоо явж байгаа. Гавал тархины гэмтлээсээ болоод, осголтоосоо болоод л энэ хүн эмнэлэг дээр очихдоо ухаангүй ирсэн. Ухаангүй хүн “миний энд тэнд өвдөж байна” гэж хэлж чадахгүй. Гар нь сарвалзаад байсан, команд биелүүлэхгүй, сэрэхгүй байсан гэхээр тэр хүн угаасаа ухаангүй байсан. Иймд ялгаж оношлох боломжгүй байдаг. Жишээ нь архины хордлого уу, гаднын гэмтэл үү гэдгийг ч гэсэн архи уугаад тасраад унасан хүн дээр ялгаж оношлоход хэцүү. Тасраад унасан юм уу, архинаасаа болоод ухаангүй байгаа юм уу гэдэг хоёр асуудлыг ялгах нь чухал. Температур бага байгаа тул осголтын арга хэмжээг аваад гавал тархины гэмтлийг оношлохын тулд Гэмтлийн эмнэлэг рүү хүргүүлье гэсэн шийдэлд хүрсэн байна гэж харсан. Нөхцөл нь тэр хүн өөрөө ярихгүй, чадахгүй, хэлэхгүй, ухаангүй болсон байгаа хүнд осголтыг ялгаж оношлох боломж ховор. Багаж байхгүй бол оношлоход хэцүү. Хоёр өөр удаагийн үйлчлэлээр хоёр өөр гэмтэл учирсан зүйл байхгүй. Нэг удаагийн үйлчлэлээр хоёр өөр зүйл илэрсэн. Нэг нь болохоор хүзүүний баруун чихний ойролцоо авсан мохоо зүйлийн үйлчлэлээр энэ баруун талын хатуу хальсан доорх цусан хураа үүсээд байгаа. Энэ нь томрох тусмаа баруун талыг дараад шахаад эхэлнэ. Тэгэхээр зүүн тал нь давхар доргиод тэнд нь аалзан хальсан доор бага хэмжээний цус харвалт үүсээд байгаа. Энэ цус харвалт дангаараа байвал амь насанд тийм их нөлөө байхгүй. Энэ гавал тархинд авсан гэмтэлтэй холбогдуулж цуг зэрэг үүсэж байгаа хоёр өөрчлөлт. Хугацааны хувьд аль болох энэ гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал яригдана. Яг хоёр цагийн дараа юм уу, 30 минутын дараа гээд хугацаа яриад байх боломжгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-4/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******ийн мэдүүлэг /хх 26/, гэрч С.ын мэдүүлэг /хх 28/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 82-84/, гэрч Д.ын мэдүүлэг /хх 31/, Д.аас дахин авсан гэрчийн мэдүүлэг /хх 36-37/, гэрч Д.ийн мэдүүлэг /хх 38-39/, гэрч Д.ээс дахин авсан мэдүүлэг /хх 68/, гэрч К.ы мэдүүлэг /хх 59-60/, яаралтай тусламжийн хуудас /хх 146-147/, шинжээчийн 49 дугаартай дүгнэлт /хх 73-76/, гэрч Б.*******ын мэдүүлэг /хх 180/, гэрчээр дахин өгсөн Б.*******ын мэдүүлэг /хх 55/, гэрч Б.ийн мэдүүлэг /хх 56/, гэрч Б.ын мэдүүлэг /хх 182/, шинжээчийн 173 дугаартай дүгнэлт /хх 70-73/, шинжээч эмч Т.гийн мэдүүлэг /хх 76-78/, дүгнэлт /хх 176-178/, яллагдагчаар өгсөн Х.*******ийн мэдүүлэг /хх 118-120/, шинжээчийн 459 дугаартай дүгнэлт /хх 169-170/, шинжээч эмч С.ы мэдүүлэг /хх 172-173/, шинжээч эмч Ц.ын мэдүүлэг /хх 174, 179/,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-4/, гэрч Д.ын мэдүүлэг /хх 31/, Д.аас дахин авсан гэрчийн мэдүүлэг /хх 33/, гэрч Г.ийн мэдүүлэг /хх 56/, гэрчээр авсан Б.ийн мэдүүлэг /хх 62/, гэрчээр авсан Д.Алтангүлийн мэдүүлэг /хх 64/, гэрчээр авсан Н.Тэлмэнгийн мэдүүлэг /хх 70/, шинжээчийн 49 дугаартай дүгнэлт /хх 73/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 123/, ял шийтгэсэн эсэх лавлагаа /хх 125/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 129-131/, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас /хх 146/, онош тавьсан хуудас /хх 147/, Д.ын дугаараас залгасан дуудлагууд /хх 155/, хохиролтой холбоотой оршуулгын зардлыг нэхэмжилсэн гар бичмэл /хх 156/, шинжээч эмч С.гийн мэдүүлэг /хх 175/, гэрч Б.*******ын мэдүүлэг /хх 180/, хохиролтой холбоотой баримтууд /хх 187/, түргэн тусламжийн хуудас, дуудлага хүлээж авсан тэмдэглэл /2хх 25/, /2хх 33/, /2хх 36/, өвчтөн хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх 40/, дуудлагыг шилжүүлсэн тухай баримт /2хх 41/, гэрчээр авсан Б.ийн мэдүүлэг /2хх 61/, гэрч Г.ээс дахин авсан мэдүүлэг /2хх 63/, шинжээчийн 173 дугаартай дүгнэлт /2хх 70/, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үлгэрчилсэн журам /2хх 99/, /2хх 106/, эмнэлгийн яаралтай тусламжид үйлчлүүлэгчийг эрэмбэлэх заавар /2хх 107/, цагдан хорих байрны эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт /2хх 137/, шинжээчийн 459 дугаартай дүгнэлт /2хх 168/, шинжээч эмч Ц.ын мэдүүлэг /2хх 174/, зөрчил арилгуулж хариуцлага тооцуулах тухай албан бичиг /2хх 183/, /2хх 186/, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /2хх 189/,
Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...шүүгдэгч Х.*******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Х.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хохирол, оршуулгын зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргаж байна. Мөн хохирогчийн насанд хүрээгүй хоёр хүүхдийг тэжээн тэтгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналыг мөн гаргаж байна. Шүүгдэгч Х.******* нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон бөгөөд нийт 312 хоног цагдан хоригдсон байна. Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хойшлуулшгүйгээр баригдаж 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цагдан хоригдсон. 2021 оны 06 дугаар сарын .....-ны өдөр сэжигтнийг баривчилсан.
... шүүгдэгч Х.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалтай дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч Х.*******, талийгаач тэй гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа “хундагалсан архийг асгалаа” гэх шалтгаанаар маргалдаж түүний биед олон удаагийн нүүр, хүзүүн тус газарт цохиж, биед нь хүнд гэмтэл учруулсан.
...Нэгэнт Х.*******ийн үйлдэл бол тодорхой. Х.*******ийн үйлдлээс шалтгаалж хохирогчийн амь насанд нь аюултай хүнд гэмтэл учирсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтүүдээр эргэлзээгүй тогтоогддог. Харин энэ хүнд гэмтлийг учруулснаас болж “амь нас хохирох шалтгаант холбоо юунаас үүдэлтэй байна вэ” гэдэг дээр шүүх дүгнэлт хийж өгнө үү. Шүүгдэгчийн ар гэрээс энэ маргаантай холбоотойгоор тухайн хэрэг болдог өдөр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Маргааш нь мөн дуудлага өгсөн. Гэвч дуудлага мэдээллийг хүлээж аваагүй, хүлээж авах хүн маань өөрөө зохих ёсоор ажиллаагүй үйл явц хэргийн материалаас харагддаг. Мөн эрүүл мэндийн байгууллага талийгаачийг өглөө хүлээж аваад зохих ёсоор нь оношлоод эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бол талийгаачийн амь насыг аврах бүрэн боломжтой байсан. Яаралтай тусламжийн эмч өөрөө осголтын 3 дугаар з******* гэж оношлоод яг учирсан тархины гэмтэлтэй холбоотой эмчилгээг огт хийгээгүй. Өөрөөр хэлбэл Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд 06 цаг 52 минутад ирснээсээ хойш өвчтөний авсан гэмтэлтэй холбоотой “амь тэтгэх, тархинд үүссэн цусан хурааг намдаах” зэрэг ямар ч эмчилгээ үйлчилгээ хийгдээгүй. Ялангуяа эмчилгээ үйлчилгээний стандартыг зөв барьж ажиллаагүйгээс болж талийгаачийн амь нас эрсдэх гол шалтгаан нөхцөл үүссэн байна гэж харж байна. Анх яаралтай тусламжийн төвд гаднаас хохирогч ирэхдээ мэдээж ухаангүй байсан. Түүнээс гадна талийгаачид үүссэн гэмтэл, өгч байгаа реакциар нь боломжит бүх эрсдэлүүдийг тооцоод эмчилгээг дор бүр нь хийсэн бол талийгаачийн амь нас аврагдах боломжтой гэдэг байдлаар дүгнэлт гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар буюу хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан бол тухайн гэмт хэргийг хүнд гэмтлийн улмаас нас барсан гэдэг байдлаар нь авч үзэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зүйлчлэх боломж бүрэн байгаа. Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслээд шүүгдэгчид ашигтайгаар, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зүйлчилж шийдвэрлэж өгнө үү. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан оршуулгын зардалтай холбоотой баримтууд гаргаж ирээгүй гэж ойлгож байгаа. Хавтаст хэргийн 187 дугаар талд ахуйн үйлчилгээтэй холбоотой, шатахуунтай холбоотой гээд нийт 401.801 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Х.*******ьд 500.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн учраас хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дурдан шийдвэрлэж өгнө үү. Прокурорын зүгээс талийгаачийн насанд хүрээгүй хүүхдүүдтэй холбоотой тэжээгчээ алдсаны тэтгэлэг бусад зардлыг жич нэхэмжлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтээ тавьж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн ар гэртэй холбоотой, гэрлэлтээ цуцалснаас үүдэлтэй түүний асрамжид үлдэх, түүнээр овоглож байгаа хүүхдүүдийн талаар бичгийн баримт хавтаст хэрэгт авагдаагүй учраас энэ талаар шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна.
... Нэгэнт шүүхээс шүүгдэгчийг бусдын амь насыг санаатай хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсан байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас дүгнэлтээ гаргаж байна. Шүүгдэгч Х.******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 500.000 төгрөгийн хохирол төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангаж байна. Өөрөөр хэлбэл Х.******* нь урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Энэ нь цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгаанаас авсан “урьд ял шийтгэл эдэлж байгаагүй” гэсэн тодорхойлолтоор авагдсан. Энэ хэрэг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас талийгаачийг цохиж, хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан нь тогтоогдсон. Ийм нөхцөл байдал нь тохиолдлын шинжтэй, анх удаагаа үйлдсэн гэдэгт хамаарч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс учирсан хохиролтой холбоотой баримтаа гаргаж өгсөн. Энэ 401.800 төгрөгийн хохирлын баримт хавтаст хэргийн 187 дугаар талд авагдсан. Шүүгдэгч Х.*******ийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******д 500.000 төгрөг өгсөн байгаа тул энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзээд ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч Х.*******ийн үйлдэл нь талийгаачийн амь настай шууд холбогдохгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэрэг гарахад холбогдох байгууллагуудын, тангараг өргөсөн төрийн албан хаагч нарын эрхэлсэн ажилдаа сэтгэлгүй, цаг хугацаа хожимдуулж, ажлын байран дээрх тодорхойлолт, хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлээгүй зэрэг нөхцөл байдлууд нөлөөлсөн. Энэ нөхцөл байдлыг харгалзан оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялын доод хэмжээ нь 8 жилээс эхэлж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс 8 жил 1 сарын хорих ялыг түүний хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзаад нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Мөн шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс Х.*******т оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн. Яагаад гэвэл Х.******* нь бага насны олон хүүхдүүдтэй, мөн хохирогч шүүгдэгч нар нь төрөл садны холбоотой байгаа. Иймд энэ нөхцөл байдлууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлт зэргийг харгалзаад 8 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү.” гэх,
Иргэдийн төлөөлөгч “...шүүгдэгч Х.*******ийг гэм буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Х.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Х.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 16-18 цагийн орчим Налайх дүүргийн дугаар тоотод байрлах өөрийн гэртээ амь хохирогч Х.ийг “архи аягалахдаа асгалаа” гэх шалтгаанаар түүний толгой руу гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэн зодсоны улмаас түүний биед гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины хатуу хальсан дээр цусан хураа үүсэж тархины эд дарагдсанаас төвийн гаралтай амьсгал зүрх судас зогсож нас барсан болох нь:
1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Х.*******ийн өгсөн: “...Хорго үйлчилгээний гадна иртэл ганцаараа морьт нэртэй 0.75 литрийн архи барьсан зогсож байхаар нь очоод уулзахад хамт уух уу гэхээр нь зөвшөөрөөд хамтдаа манай гэрт очсон. Тэгээд архиа задлаад хоёулаа уугаад талд нь ороод байж байтал урьд нь уусан байсан болохоор согтоод архиа ууж чадахгүй асгаад байхаар нь би уурлаад баруун хацар руу нь 2-3 удаа алгадаад асгасан архиа арч гэхэд арчихгүй байхаар нь дахиад баруун хацар руу нь 2-3 удаа алгадахад манай хүү боль гэхээр нь гэрээсээ хөөгөөд гаргахад хашаан дотор над руу май гээд салаавч өгөхөөр нь би дахиад очоод нэг удаа элэг рүү нь гараараа нэг удаа цохиход манай хүү гарч ирээд болиоч гэхээр нь хашаанаасаа хөөж гаргаад хаалга нь цоожилсон. ийг гэрээсээ хөөж гаргахад нар жаргаагүй 17-18 цаг л болж байсан байх...өглөө 6 цагийн үед сэрээд гараад гараад иртэл манай хашааны үүдэнд хүн хэвтэж байна гэхээр нь очоод хашааны завсраар хартал хүн хэвтэж байсан ба царай нь харагдахгүй болохоор нь цагдаа руу дуудлага өгөхөд эмнэлэгт хэл гэхээр нь эмнэлэгт дуудлага өгөөд гэртээ ороод байж байтал эмнэлгийн машин ирээд аваад явсан. Тэр өдрөө би гэрээсээ гараагүй. Урд өдөр нь архи уусан болохоор шартаад өдөржин амбаартаа хэвтээд маргааш нь цагдаа ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 118-119 дүгээр тал/
2. Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бахатгүлийн өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байтал 13 цагийн үед болов уу над руу цагдаагаас залгаад талийгаачийн нас барсныг хэлсэн. Тэгээд би Налайх дүүрэгт ирээд болсон асуудлыг мэдсэн. Миний дээд талын ах маань Улаанбаатар хотод барилга дээр ажилладаг болохоор хохирогчоор орох боломжгүй байгаа юм. Тэгээд бид 3 хоорондоо ярилцаж тохиролцоод намайг хохирогчоор оруулахаар болсон...Талийгаач бид нарыг тэжээж өсгөсөн хүн. Аавын минь оронд аав, ээжийн минь оронд ээж болсон хүн байгаа юм. Нэхэмжлэх гэвэл хохирлыг баримтуудаар нь гаргаж өгнө...” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 26 дугаар тал/
3. Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр С.ын өгсөн: “...2021 оны 06 дугаар сарны 22-ны өдрийн 06 цагийн үед байх яаралтай тусламжийн тасгийн утсанд дээрх хаягтай хашааны харалдаа урд хүн хэвтэж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Ухаангүй байдалтай дээшээ харсан, амнаас бөөлжис гэмээр зүйл гарсан, 2 нүдээ аньсан, хурхираад хэвтээд байсан. Дээгүүрээ дугуй захтай ноосон цамц, доогуураа жинсэн өмдтэй, 2 хөлдөө оймстойгоо 2 цагаан пүүз хажууд нь байсан. Тэгээд эмч үзээд амьсгаатай байна гээд шууд машиндаа өргөж оруулаад хүлээн авах тасагт авчирч өгсөн.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 28 дугаар тал/
4. Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр Д.Карбагалын өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 05 цагийн үед гэрээсээ гараад бие засах гээд жорлон орж явтал манай хашааны гадна тал дээгүүрээ цагаан өнгийн цамц нөмөрсөн. Хөл нүцгэн, ******* хүн дээш хараад хэвтэж байсан. Тэгээд би өөрөө дугаарын утсаар цагдаагийн дугаарын утас руу залгаж манай гадаа хүн хэвтэж байна гэж хэлсэн. Дараа нь би 7023103 дугаарын утас руу бас залгаж дуудлага өгсөн. Тэгээд нэлээд зогсож байтал аль аль нь ирэхгүй болохоор нь дахиж 7023103 дугаарын утас руу залгаж хэлсэн чинь 103 ирээд аваад явсан. Тэр хүнийг би хашаанаас гарч хараагүй бас дуудлагаар ирсэн эмч жолоочтой уулзаагүй...
...Би тухайн үед нөхөртөө “чи ямар муухай зэрлэг юм бэ болиоч ээ” гэснээс өөр юм хэлж чадаагүй...Хүүг гараад явсан хойно ******* агсраад “ална, хядна” гээд орилоод суугаад байхаар нь би айгаад гэрээсээ гарч явахад чирэгдээд гарсан газраа байж л байсан. Би тэгээд ойртож очилгүй гудмын доод өнцөгт очоод зогсоод нөхрийнхөө архи гарах юм уу унтахыг нь хүлээж 3 цаг орчим зогссон. Гадаа харанхуй болтол зогссон. Би гадаа зогсож байгаад 22 цагийн үед манай хүү Аменгелд хүрээд ирэхээр нь гэр лүүгээ хүүтэйгээ хамт орцгоосон. Гэрт орох үед хэвтэж л байсан...би цагдаад дуудлага өгтөл манай нөхөр ******* хашаа даваад зугтаад явчихсан...Тэгээд унтаж байгаад үүрээр 05 цагийн үед би бие засах гэж босоод гэрээсээ гарахад байсан газартаа ямар нэгэн хөдөлгөөн хийсэн шинжгүй хэвээрээ байхаар нь би дөхөөд очиход янцаглах шиг “аан аан” гээд дуугараад байхаар нь би эхлээд эмнэлэг рүү “энд нэг хүн байна, амнаас нь хөөс гарчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд цагдаа руу залгаад “манай хашааны гадна талд хүн хэвтэж байна” гэж дуудлага өгсөн. Тэгээд эмнэлэг ирэх хооронд би хашаан дотроос ийг хараад зогсож байтал ямар нэгэн хөдөлгөөн огт хийхгүй байсан. Тэгээд эмнэлэг ирээд ийг үзээд аваад явчихсан. Тэгээд яасан болохыг нь мэдээгүй...Манай нөхөр ******* ийг архи аягалахдаа нэлээн асгаад байсан учраас “манай гэрт архи асгалаа” гээд цохиж зодсон. Гараараа толгой руу нь хэд хэд цохиод, сандлаас нь унагаад чирч гаргаад толгой руу нь хэд хэдэн удаа өшиглөөд хамраас нь цус гаргасан. Зөвхөн гар хөлөөрөө зодсон. Ямар нэг эд зүйлээр цохиж зодсон юм байхгүй. Ямартай ч өшиглөсний дараа нь хамраас нь цус гарчихсан байсан.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 31, 35-36 дугаар тал/
5. Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр К.Амангелийн өгсөн: “...орой 21 цагийн үед ээж утсаар ярьсан. “Аав чинь ээж рүү нь орилоод байна” гэхээр нь би гэр лүүгээ очиход манай хашааны гадна гэх хүн унтаж байгаа бололтой байсан. Тэгээд би гэр лүүгээ ороход аав хашаан дотроо гэрийн хажуу талын сандал дээр сууж байсан...Миний хувьд тэр хүнийг согтуу тасарчихсан унтаж байгаа юм байна гэж бодсон. Унтахаасаа өмнө “ааун” гээд дуугараад байх шиг байсан. Ээж үүрээр гарч шээх гээд гарахад тэр хүн байж байхаар нь эмнэлэг дуудсан гэж намайг босоход хэлсэн...Би тэр өдөр эхлээд ажлаас орж ирэхдээ таараагүй, ирчихсэн хойно гарах гэж байхад тэр ах хашаан дотор орж ирчихсэн байхад аав тэр хүнийг толгой руу нь гараараа цохисон. Тэгээд хашаанаас гаргасан. Тэгээд намайг явчхаад орой ирэхэд манай хашааны урд талд хэвтэж байсан...
...амь хохирогч нь намайг гэр лүү ороход хашааны үүдэн дээр *******тэй юм яриад зогсож байхаар нь би тоолгүй шууд гэр рүүгээ яваад орсон. Тэгээд гэртээ ороод толгой хүзүүгээ угааж байтал ээж гаднаас орж ирээд аав чинь ийг цохих гээд байна гэхээр нь гэрээс гарахад хашааны үүдэнд хоёулаа зогсож байсан ба аав ийг цохих гэж байхаар нь би очоод болио хүн цохиж зодож болохгүй наад хүнээ гаргаад явуул гэж хэлэхэд аав нэлээн согтуу унтах гээд байгаа бололтой байсан ба аав чирээд хашааны гадна гаргачхаад буцаад ороод ирсэн...Тухайн үед миний сэтгэл санаа тиймэрхүү байсан болохоор мартаж санасан байхаа...” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 38-39, 68 дугаар тал/
6. Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр Г.ийн өгсөн: “...Тухайн өдөр дуудлага хүлээн авагчаар дэд ахлагч Б. үүрэг гүйцэтгэсэн. 2021 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 06 цаг 30 минутын үед дуудлага ирээд дэд ахлагч дуудлагыг хүлээн аваад надад мэдэгдэхдээ дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт манай дуудлагад явж байсан эмч замаараа гудамжинд хэвтэж байсан хүн аваад ирсэн байна гэнээ гээд надад утсаа өгөхөөр нь ярихад эмнэлгийн хүлээн авах тасгийн ажилтан байсан ба надад хэлэхдээ манай эмч жирэмсний дуудлагад явж байгаад замдаа гудамжинд хэвтэж байсан хүн авчирсан байна. Хүний биеийн байдал тааруухан байна. Архины хордлого тайлах эмчилгээ хийж байна гэж хэлсэн. Энэ үед мөн эмнэлгийн хүлээн авах тасагт зодуулсан хүн ирсэн байна гэж хэлсэн дуудлагын дагуу жижүүрийн мөрдөгчөөр гарч байсан хошууч Тэлмэнг давхар шалгаад ир гэж явуулсан. Ингээд 7 цагийн орчимд хошууч Тэлмэн эмнэлгийн хүлээн авах тасагт очоод зодуулсан дуудлага мэдээллээ аваад материалжуулж байсан ба гудамжнаас ирсэн хүнийг асуухад хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна лээ, ямар нэг гэмт хэрэг зөрчлийн шинж байхгүй байна гэхээр нь би орхисон. Энэ гудамжнаас ирсэн хүн бол Налайх дүүргийн 3 дугаар хороо Дэнжийн гудамжнаас авчирсан гэж хэлж байсан...дуудлага хүлээн авагч Б. нь Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн гудамжинд амнаас нь хөөс гарсан байдалтай хүн байна гэсэн дуудлагыг хүлээн авсан байна лээ.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 56 дугаар тал/
7. Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр Б.ийн өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 22-ны үүрээр 05 цагийн үед байх одоо сайн санахгүй байна. Дуудлага ирэхээр нь утсаа авахад эмэгтэй хүн манай хашаанд хүний бие муудаад ухаан алдаад шүлс нь сахраад байна гэхээр нь би манайх цагдаагийн байгууллага юмаа, та хүний бие муудаж байгаа бол эмнэлэгт хандаарай гэж хэлсэн. Энэ талаар бүртгэл бол бөглөөгүй.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 62 дугаар тал/
8. Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр К.ы өгсөн: “...архиа хувааж уугаад байж байтал ийг ******* “яасан их архи асгаж уудаг пизда вэ” гээд босгож ирээд баруун зүүн гараараа ээлжлээд 2-3 удаа цохиод байхаар нь *******ийг боль гээд болиулсан. Тэгтэл ******* дахиж босож ирээд ийг баруун мөрнөөс нь атгаж аваад газраар чирээд гэрийн хаалганы гадна гаргаж ирээд баруун хөлөөрөө 2-3 удаа ийн толгой цээж хэсэг рүү хүчтэй өшиглөсөн. Тэр үед би айгаад *******ийг боль гэж хэлээд хажуугаар нь гараад гарч яваад Налайх дүүрэг 4 дүгээр хорооны Алтайн 5-3 тоотод байдаг ах Аюуханы гэрт очиж амарсан. Тухайн үед *******ийн гэрт бид дөрвөөс өөр эмэгтэй жаахан охин байсан. Өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 59-60 дугаар тал/
9. Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр Н.Тэлмэнгийн өгсөн: “...Миний бие 2021 оны 06 дугаар сарын 21-ний 08 цаг 30 минутаас 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минутын хооронд Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгчөөр 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ хугацаанд жижүүрийн шуурхай албанаас 07 цагийн үед болов уу Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд ухаангүй байдалтай хүн хүргэгдэн ирсэн байна гэсэн дуудлага өгсний дагуу миний бие очиж шалгалт хийхэд ******* 40-45 орчим насны хүн ухаангүй байдалтай хэвтэж байсныг эмчээс тодруулж асуухад гудамжнаас согтуу, ухаангүй байдалтай хүргэгдэн ирсэн гэж хэлсэн ба тухайн хүнээс мэдүүлэг авах гэхэд ямар энг ухаан байхгүй мэдүүлэг өгөх боломжгүй байсан.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 70 дугаар тал/
10. Мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч С.ы өгсөн: “...Талийгаачийн задлан шинжилгээний явцад Их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны баруун хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа /194 гр 10х8х2 см/, Их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, хүзүүний баруун хэсгийн зөөлөн эдэд цус хуралт гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь тархины судас хагарч хатуу хальсан дээр бүлэгнэж тархины эдийг дарах хүртэл тодорхой хугацаанд амьд явах үйлдэл үзүүлэх боломжтой ба энэ үед эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан. Задлан шинжилгээний явцад талийгаачид үхэлд хүргэх өөр ямар нэгэн архаг хууч өвчин, хуучин гэмтэл тогтоогдоогүй. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг үед учирсан шинэ гэмтлүүд байсан...
...цусан хураа тархины эдийг дарах хүртэл тодорхой хугацаанд амьд явах, үйлдэл үзүүлэх боломжтой ба гэмтэл авсан даруйд аль болох цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсан. Дээрх гэмтлийн улмаас нас барах хүртэлх хугацааг нарийн тогтоох боломжгүй. Их тархинд үүссэн цусан хурааны шинж чанараас үзэхэд талийгаач дээрх гэмтлийг аваад 12-24 цаг болсон байх боломжтой.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 175, 2 хх-ийн 172 дугаар тал/
11. Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр Б.*******ын өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 06 цаг 52 минутад ухаангүй осгосон байдалтай өтгөн шингэнээ гаргасан хэн гэдэг нь тодорхойгүй иргэн яаралтай тусламжаар хүргэгдэн ирээд амин үзүүлэлтүүдийг нь үзэхэд амьсгалтай, дуудахад сэрэхгүй, зүрхний цохилт 29-35, артерийн даралт хэмжигдэхүйц, биеийн хэм 34 градусаас доош, сатураци 35 хувьтай байсан. Ер нь бол таг ухаангүй биш гар хөлөө хөдөлгөсөн. Гэхдээ команд биелүүлэхгүй шокийн байдалтай байсан. Хүүхэн хараа урвалгүй, зүрхний авиа бүдэг, хэм алдагдалтай, уушги 2 талд сулавтар дүлцэнгийн амьсгалтай, биед ямар нэг ил харагдах шарх үгүй, арьсан дээр хүйтэн янцагласан амьсгалтай, доороо бааж, шээсэн байсан. Тухайн үед биед ил харагдах гэмтэл байхгүй байсан учир архи уугаад осгосон байна гэж үзээд дулаацуулах болон бусад эмийн эмчилгээ хийгээд 08 цагийн орчим гэмтлийн эмчид шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 180 дугаар тал/
12. Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр Б.ын өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр яаралтай тусламжийн тасагт ухаангүй байдалтай нэр, хаяг нь тодорхойгүй өвчтөн байсныг эмчилгээ хийж байгаад ухаан орохгүй байсан учир ГССҮТ-д хүргүүлж нарийн шинжилгээ хийж онош тодруулах шаардлагатай байсан учир 11 цагийн үед яаралтай тусламжийн машинаар Улаанбаатар хот руу тээвэрлээд ГССҮТ-д яг одоо цагийг нь сайн санахгүй байна. 12 цаг 10 минутын орчим ГССҮТ-ийн хүлээн авах тасгийн эмч үзээд яаралтай тусламж руу шилжүүлээд амин үзүүлэлтүүдийг нь үзэж байтал гэнэт зүрх нь зогссон. Ингээд гэмтлийн эмч нар бид нар тусламж үзүүлж амжаагүй 10 минут болоогүй учир манайх нас баралтдаа авахгүй гэсэн учир буцаагаад Налайх дүүргийн ноорогт авчирч цогцсыг хийсэн...” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 182 дугаар тал/
13. Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмчээр Ц.ын өгсөн: “...22 цагийн орчим Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд аваачин үзлэг оношилгоо эмчилгээ хийж Улаанбаатар хот руу тээвэрлэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд авчран мөн адил Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эмч нар үзлэг оношилгоо, компьютер томографын шинжилгээ хийж хагалгаанд орох хүртэл хугацаанд тархины дарагдал нэмэгдэн комын байдалд орж тархины эд эсэд өөрчлөлт гарч амин үзүүлэлтүүд /зүрх судас, амьсгал бодисын солилцоо, дотоод орчин/ хямрах тул амь насыг аврах боломжгүй болно. Мөн талийгаачид баруун тал бөмбөлөг цусан хураанаас гадна аалзан бүрхүүл доор цус хуралт байсан. Өөрөөр хэлбэл тархины 2 хүнд гэмтэл хавсарсан байсан. Аалзан хальсан доорх цусан хурааг мэс заслын аргаар эмчлэх боломжгүй. Амь хохирогчийн биед учирсан гэмтлийг оношлох хүртэл 5-6 цаг болно. Учир нь эмнэлэг рүү тээвэрлэх хугацаа, эмч үзэх хугацаа, компьютер томографын шинжилгээ хийх хугацаа зэрэг орно. Тэгээд оношлоод хагалгаанд бэлтгэх хугацаа гээд цаг хугацаа их орно.” гэх мэдүүлэг,
/2 хх-ийн 174 дүгээр тал/
14. Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмчээр Б.Ганзоригийн өгсөн: “...аль болох богино хугацаанд эмчилгээ үйлчилгээ буюу эрт эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой. Богино хугацаа гэдэгт 5-6 цагийн хооронд зөв оношлон мэс засал хийсэн бол амь насыг нь аврах боломжтой...” гэх мэдүүлэг,
/2 хх-ийн 176 дугаар тал/
15. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний хэсгийн шинжээч эмч С.ы №08 шэ/49 дугаар: “Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины хатуу хальсан дээр цусан хураа үүсэж тархины эд дарагдсанаас төвийн гаралтай амьсгал зүрх судас зогсож нас баржээ. Талийгаачийн биед их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны баруун хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа /194 гр 10х8х2см/, Их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, хүзүүний баруун хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь цусанд 0.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой.” гэх дүгнэлт
/1 хх-ийн 75-76 дугаар тал/,
16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн, Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 173 дугаартай: “Х. нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины хатуу хальбан доор цусан хураа үүсч тархи дарагдсанаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан байна. 2021.06.22-ны Яаралтай тусламжийн үзлэгийн хуудсанд тэмдэглэгдсэнээр ирэх үедээ ухаангүй, биеийн байдал хүнд, орчны харьцаагүй, хүүхэн хараа гэрлийн урвалгүй, амин үзүүлэлтүүд 06:52, 07:52, 09:37 цагуудад хянасан байдлаар дээрдэхгүй, үзлэг, шинжилгээг төлөвлөж, шинж тэмдгийн эмчилгээ хийж, Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү тээвэрлэхээр шийдвэрлэсэн нь зөв ба яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ. Х.-д үзүүлбэл зохих эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг журмын дагуу үзүүлжээ.” гэх дүгнэлт,
/2 хх-ийн 73 дугаар тал/
17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн, Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 459 дугаартай: “Цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ №08 шэ/49, хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №173 үндэслэлтэй байна. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд зохих эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн байна. Талийгаач Х.д гэмтэл авсан даруй мэргэжлийн төв эмнэлэгт эрт тээвэрлэн зөв оношлон мэс засал эмчилгээг цаг алдалгүй хийсэн бол амь насыг аврах боломжтой. Тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальс доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархайн аалзан хальс доорх цус харвалт гэмтэл нь нас барахаас хорин дөрвөн цагийн дотор үүссэн байна. Тархины хүнд гэмтэл, осголтын үед ухаангүй болох тул үүнтэй холбоотой илрэх шинж тэмдгүүд нь ижил байдаг. Тухайлбал ухаангүй болж орчиндоо харьцаагүй болох, цочролд хариу өгөхгүй байх, рефлексүүд илрэхгүй, эсвэл эмгэг рефлекс илрэх, доороо бааж, шээх, зүрх судасны үйл ажиллагаа алдагдах гэх мэт” гэх дүгнэлт,
/2 хх-ийн 170 дугаар тал/
18. Шүүх сэтгэц эмгэг судлалын 653 дугаар: “Х.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.******* нь болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна. Х.******* нь хэрэг хариуцах чадвартай байна. Х.*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэх дүгнэлт,
/1 хх-ийн 178 дугаар тал/
19. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/1 хх-ийн 02-04 дүгээр тал/
20. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд
/1 хх-ийн 09-10 дугаар тал/,
21. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/1 хх-ийн 12-13 дугаар тал/
22. Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл,
/1 хх-ийн 14-20 дугаар тал/
23. Цогцост задлан хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд
/1 хх-ийн 79-81 дугаар тал/,
24. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/1 хх-ийн 82-84 дүгээр тал/
25. Яаралтай тусламжийн хуудас,
/1 хх-ийн 146-147 дугаар тал/
26. Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ,
/1 хх-ийн 159 дүгээр тал/
27. Х.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 хх-ийн 121-139 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Х.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь нотлох баримтын шаардлага хангасан “Сузана мини маркет”-ын 136.500 төгрөг, “МТ” шатахуун түгээх станцын 10.000 төгрөг, “Ука трейд” дэлгүүрийн 216.472 төгрөг, 35.829 төгрөг, нийт 401.801 төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгч нь 500.000 төгрөг төлсөн байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 2.361.801 төгрөгийг хэлэлцэхэд эргэлзээтэй байх тул нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт эмнэлгийн байгууллага амь хохирогчид зохих эмчилгээг үзүүлээгүй тул амь хохирогч нь хүнд зэргийн гэмтлийн улмаас нас барсан гэх үндэслэлээр шүүгдэгчийн зүйл ангийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Х.******* нь амь хохирогчийн толгой руу гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэн зодсон талаар шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй ба хэргийн газар байсан гэрч нарын мэдүүлгээр нотлогддог.
Түүнчлэн амь хохирогч Х.ийн үхлийн шалтгааныг тогтоохоор хийсэн шинжээчийн 49, 173, 456 дугаартай дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүгүй, шинжээч эмч С.ы мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь дүгнэлттэйгээ зөрүүтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Нөгөө талаас шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд 06 цаг 52 минутад ирснээсээ хойш өвчтөний авсан гэмтэлтэй холбоотой “амь тэтгэх, тархинд үүссэн цусан хурааг намдаах” зэрэг ямар ч эмчилгээ үйлчилгээ хийгдээгүй. Ялангуяа эмчилгээ үйлчилгээний стандартыг зөв барьж ажиллаагүйгээс болж талийгаачийн амь нас эрсдэх гол шалтгаан нөхцөл үүссэн байна гэж харж байна” гэж маргах ба шинжээч эмч С.ы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Онол юунд зөрчигдөөд байгаа вэ гэхээр “хэдэн цагт энэ хүнд тусламж үзүүлсэн бэ” гэдэг нь зөрчилтэй гараад байна. Энэ хүнийг хашаанаас гараад унахад нь 30 минут юм уу, 1 цагийн дараа олоод л эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн бол гарсан гэмтлийг нь оношлоод амь насыг нь аврах бүрэн боломжтой байсан.”, шинжээч эмч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Амь хохирогчийн биед учирсан гэмтлийг оношлох хүртэл 5-6 цаг болно...” гэх, шинжээч эмч Б.Ганзоригийн өгсөн: “...аль болох богино хугацаанд эмчилгээ үйлчилгээ буюу эрт эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой. Богино хугацаа гэдэгт 5-6 цагийн хооронд зөв оношлон мэс засал хийсэн бол амь насыг нь аврах боломжтой...” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16-18 цагийн орчим үйлдэгдэж эмнэлэгт анх 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 05 цаг 43 минут буюу 12 цагийн дараа дуудлага, мэдээллийг өгсөн нь цаг хугацааны хувьд амь хохирогч Х.ийг аврах боломжгүй байсан тухай шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Харин эмнэлгийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас амь хохирогч нас барсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Х.*******ийн өмгөөлөгчийн гаргасан санал нь үндэслэлгүй болох нь дээр дурдсан баримт нотолгоогоор үгүйсгэгдэж байгаа тул түүний саналыг хүлээн авах үндэслэлгүй, шүүгдэгч Х.*******ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, амь хохирогч хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний амь нас хохирсон, хор уршиг арилаагүй, оршуулгын зардалд 500.000 төгрөг төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Х.*******ийг “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон нийт 315 хоногийг оруулан тооцох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ы *******т 8 /найм/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Х.*******ийн цагдан хоригдсон 315 /гурван зуун арван тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан 8 /найм/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой 2.361.801 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Х.*******ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Х.*******д нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Булбүлгүлд 500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, эдлэх ялыг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ