| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 184/2018/03081/И |
| Дугаар | 184/ШШ2018/02509 |
| Огноо | 2018-10-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2018/02509
2018 оны 10 сарын 11 өдөр Дугаар184/ШШ2018/02509 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.ХХК-д холбогдох,
“Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 37 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Будхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Б 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 11/31 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах” гэрээг “Т” ХХК-тай байгуулан Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 37 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 652,000 төгрөгөөр тооцон, 46 м.кв талбайтай байрыг нийт 30,000,000 төгрөгөөр захиалсан.
Гэрээнд заасны дагуу гэрээ байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 21,000,000 төгрөгийг төлж, 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөг, 2012 оны 7 дугаар сард 5,000,000 төгрөг, нийт 29,000,000 төгрөг төлсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлсөн. Худалдан авсан байрандаа анх гэрээ байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн нүүж орсон ба өнөөдрөөс хүртэл эзэмшиж байгаа боловч өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадахгүй байна. Учир нь барилгыг улсын комисс хүлээж аваагүй шалтгаанаар гэрчилгээ гарахгүй байна. Барилгын хүчтэлийн ажил хийгдээгүй гэж улсын комисс тухайн үедээ аваагүй боловч энэ ажил нь дараа нь хийгдчихсэн байгаа. Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх гэхэд шүүхээр өмчлөгчөөр тогтоолго гэсэн шаардлага тавьж байгаа.
Иймд Б.Б намайг Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 37 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Б нь манай компанитай 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 11/31 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээг байгуулан Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 37 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд төлбөрийн 29,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг сая хэрэг шийдвэрлэх явцад хүлээлгэн өгч, төлбөрийн үлдэгдэлгүй болсон.
Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 37 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг Б.Б өмчлөх эрхтэй эсэх талаар маргаан байхгүй ба уг орон сууцыг өөр этгээдэд худалдсан, гэрээ байгуулсан зүйл байхгүй. Б.Б нь уг орон сууцандаа одоо болтол амьдарч байгаа. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаантай асуудал байхгүй. Уг орон сууцны зээлийн болон өөр бусад үүргийн гүйцэтгэлийн барьцаанд байхгүй юм. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй.” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 37 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 37 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцыг худалдан авахаар хариуцагч “Т” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд зааснаар захиалагч болох Б.Б нь 30,000,000 төгрөгийг “Т” ХХК-д төлөх, “Т” ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 37 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Бд шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээ”, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Б.Б нь 30,000,000 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-д бүрэн төлж барагдуулсан бөгөөд хариуцагч “Т” ХХК нь гэрээ байгуулсан өдөр буюу 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 37 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Бд шилжүүлэн өгсөн, Б.Б нь 2011 оны 11 дүгээр сараас хойшхи орон сууц ашиглалттай холбоотой төлбөрөө төлж байсан болох нь хэрэгт авагдсан 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, Худалдаа хөгжлийн банкны 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3,000,000 төгрөгийн орлогын ордер, Голомт банкны 2012 оны 7 дугаар сарын 5,000,000 төгрөгийн төлбөрийн баримт, ашиглалтын зардал төлсөн төлбөрийн баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний зүйл болох орон сууц нь гэрээ байгуулах үед барьж дууссан боловч улсын комисст хүлээлгэн өгөөгүй байсан, гэрээ байгуулмагц нэхэмжлэгч Б.Б нь орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсан зэргээс үзвэл талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ бус Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Гэрээний талууд гэрээнд заасан үүргээ биелүүлснээр нэхэмжлэгч Б.Б нь гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 37 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болсон байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан бөгөөд хуульд зааснаар гэрээний зүйлийн онцлогоос хамаарч улсын бүртгэлд бүртгэгдсэнээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх Б.Бд үүсэж, “Т” ХХК-ийн өмчлөх эрх дуусгавар болох юм.
Хариуцагч “Т” ХХК нь маргааны зүйл болох орон сууцыг шинээр барьж байгуулан Б.Бд худалдсан боловч Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйл болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Барилга байгууламж ашиглалтад оруулах дүрэм”-д заасны дагуу нэхэмжлэгчид худалдсан, шинээр барьсан барилгаа ашиглалтад оруулах хуульд болон дүрэмд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Б.Бгийн өмчлөх эрхээ хуульд заасан журмын дагуу баталгаажуулах, өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах зэрэг эрх зөрчигдсөн байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б нь өмчлөх эрх зөрчигдсөн талаар эрх зөрчигөөс шаардах эрхтэй ба хариуцагч “Т” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлснээр тухайн хөрөнгийн хувьд хууль ёсны өмчлөгч мөн байна.
Иймд нэхэмжлэгч Б.Бг нь Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 37 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Бг Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 37 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн шүүхийн энэ шийдвэр нь хариуцагч “Т” ХХК-ийг барьсан барилгаа ашиглалт оруулах Барилгын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Барилга байгууламж ашиглалтад оруулах дүрэм”-д заасан үүргээс чөлөөлөхгүй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бг Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 37 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР