Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/533

 

2022          05             19                                2022/ШЦТ/533

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Хэргийн индекс: 185/2022/0502

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Н.Энхбуян,

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Н.Ад холбогдох 220900..... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар 2022 оны 05 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд, боловсролтой, хувиараа орчуулагч, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй гэх, ам бүл 2 эмээгийн хамт Улаанбаатар хот,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А нь цахим хэрэгсэл ашиглаж “үнэгүй.мн” гэх сайтад “Орон сууц түрээсэлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн О.Ег “6+1 байрны түрээс авна” гэж хуурч, улмаар иргэн Ц.Дгийн Хаан банкны ...... тоот данс руу хохирогч О.Еээс шилжүүлсэн 700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт залилах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Хохирогч О.Еий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М" лоунжийг ажиллуулдаг юм. Би 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” лоунжид байхдаа байр түрээслэж ажилтайгаа ойртох санаатай Үнэгүй.мн сайтаас зар харж байгаад “Циркийн зүүн талд Их монгол рестораны зүүн талд 2 өрөө байр түрээсэлнэ” гэсэн зарыг хараад ....  дугаарын утас руу өөрийн ... дугаараасаа залгаж ярихад нэг эмэгтэй хүн аваад 6+1 ээр байрныхаа түрээсийг авна гэхээр нь би 1 сарын барьцаа өгье эхлээд уулзаж байгаад байраа үзэж байгаад 6 сарын түрээсийн мөнгөө өгье гэсэн чинь тухайн эмэгтэй зөвшөөрөед надад Хаан банкны Д гэдэг хүний....  дугаарын данс өгөхөөр нь тухайн дугаар руу би байрны барьцаа .... гэсэн утгатайгаар 850,000 төгрөг шилжүүлэхэд тухайн хүн урьдчилгаа 700,000 төгрөг байхад болно 150,000 төгрөгийг нь буцаагаад шилжүүлчихье гээд миний данс руу тухайн данснаасаа 150,000 төгрөгийг буцаалт гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд маргааш нь би тухайн дугаар залгахад тухайн эмэгтэй утсаа авснаа ...’сая байран дээрээ очлоо арай нүүгээгүй байна, маргааш яг нүүе гэнээ* гэсэн мессеж бичсэн Тэгээд орой нь над руу залгаад маргааш 14 цагаас 15 цагийн хооронд Их монголын хажууд хүрээд ир гэсэн. Тэгээд маргааш нь тухайн газар  руу очихынхоо өмнө ...дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. ...Надад нийт 700.000 төгрөгийн хохирол учирсан. ... Би тухайн эмэгтэйтэй уулзаж байгаагүй. Би тухайн эмэгтэйг хоолойгоор нь танина. Тухайн эмэгтэй аягүй намуухан ярьдаг хажууд нь хүн байгаа юм шиг. Хоолойг нь сонсвол 25-30 орчим насны хүн шиг санагдсан.. гэх (хавтаст хэргийн 12-13 дугаар тал) мэдүүлэг,

Гэрч Ц.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын сүүлээс хойш Баянгол дүүргийн 4 дүгээр хороо .. дугаар байрны... тоот хаягт найз Аын хамт түрээслэж амьдарч байгаа бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай найз А надаас Хаан банкны данс руу чинь мөнгө хийлгэчихье тэгээд хоёулаа хувийн хэрэглээндээ ашиглачихъя гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн дансныхаа дугаарыг өгөхөд миний Хаан банкны ... дугаарын данс руу Хаан банкны ... дугаарын данснаас 850,000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр нь би найздаа хэлэхэд 150,000 төгрөгийг нь буцаагаад шилжүүлчих гэхээр нь би тухайн данс руу 150,000 төгрөгийг нь буцааж шилжүүлсэн. Манай найз А тухайн мөнгийг надад ямар учиртай мөнгө болохыг хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

Отгонбаатарын Егийн Хаан банкны ...- дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 9 дүгээр тал)

 Үнэгүй Групп ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27 өдрийн “......- гэсэн дугаараас доорх зарыг 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 15.18 цагт оруулж, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний 18.54 цагт устгасан байна..” гэх албан бичгийн хариу (хавтаст хэргийн 22 дугаар тал),

 Мобиком корпораци ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ... албан бичгийн хариу (хавтаст хэргийн 25-29 дүгээр тал),

2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 29/735 дугаартай Хаан банкны албан бичиг, Ц.Дгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 32-39 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 тал/
  • Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50 тал/
  • Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа: /хх-н 52 тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад иргэдийн залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Н.А нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Н.А нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  “Залилах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хохирогч нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Н.Аын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О. Еээс 700.000 төгрөгийн  хохирол учирчээ.

Шүүгдэгч Н.А нь хохирогч О.Ес 700.000 төгрөгийн  хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, залиулсан мөнгөө буцаан авсан талаарх хүсэлт хавтаст хэргийн 55, 57 талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  “Залилсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрснийг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөртэй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аыг 700 /долоон зуу/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан 700 /долоон зуу/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн баримт, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ