| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2022/0161/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/183 |
| Огноо | 2022-09-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Хохирогч О.*******,
Шүүгдэгч И.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 158 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт *******ын *******т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 11-ний өдөр ******* Налайх дүүрэгт төрсөн, эмэгтэй, 38 настай, , дээд боловсролтой, мэргэжилтэй, , , хамт 3 дугаар хороо тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Боржигин овогт *******ын ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч И.******* нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн эцэг О.*******той “гэрээс хөөсөн” шалтгааны улмаас маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед нуруунд цус хуралт, баруун шуу, зүүн гуянд зулгаралт, нүүр, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Аав гадаа хүүхдийн саад руу нарлана гээд өдөр гараад явсан. Тэгээд жоохон уучхаад орж ирсэн. Намайг юм угаагаад зогсож байтал намайг хөөж туугаад, хүүхдүүдээ аваад одоо гараад зайл гэсэн. Тэгэхээр нь “та дандаа яагаад намайг хөөж туудаг юм, уусан юм бол гэр орон луугаа орж унт” гэтэл орж унтахгүй байхаар нь өөрийг нь гэр лүү нь оруулаад гаднаас нь хаалгыг нь түгжсэн. Гэтэл дотроос нь лоомоор хөшсөөр байгаад хаалгаа эвдээд гараад ирсэн. Тэгэхээр нь “та унтаж байгаад гараад ирэхгүй яасан юм, жоохон байж байгаад би онгойлгоно, таныг унтуулах гэж л гаднаас чинь түгжсэн” гэж хэлсэн. Тэгээд намайг элдэв янзаар доромжлоод болохгүй байсан. Цагдаа дуудтал өндөр настан гээд авахгүй байсан. Цагдаа авахгүй юм чинь ингэсхийгээд унтуулъя гээд бид хоёр жоохон маргалдаж байгаад унтуулсан. Өөр янз бүрийн асуудал гараагүй. Намайг байх байхгүй хойгуур уугаад агсам тавиад, хүүхдүүдэд янз бүр болдог. Цагдаа дуудахаар “өндөр настай хүн бид нар очиж авч чадахгүй” гээд огт ирдэггүй. Өөрөө их зөрүүд, цагдаад гомдол гаргангуут “чи настай хүнийг ингэхээс ичдэггүй юм уу” гээд хаачихдаг. Би заримдаа ажил хийхээр хөдөө явдаг. Тэгээд хүүхдүүд өвөө ингээд тэгээд байна, та хэлээд өгөөч гэж ярьдаг. Заримдаа хэлээд учраа олно, заримдаа учраа олдоггүй хаячихдаг. Өөрийнхөө дураар үгэнд ордоггүй. Яг гэрийнхээ хажууд нойл ухчихсан. Би олон нялх нойтон хүүхэдтэй, янз бүрийн өвчин гарна гээд хорооны дарга, хорооны цагдаад ч хэлсэн. Нэмэргүй аав бүгдийг нь загнаад явуулчихдаг. 74 настай, тусдаа гараад явахаар хойноос уйлж дуулаад намайг тэр хавиар янз бүрээр яриад, хүн амьтнаар хайлгадаг. Би хүүхдүүдээ аваад орхиж явж үзсэн. Бас дэлгүүрт ороод надад хоол унд хийж өгдөггүй, хэдэн өдөр хоол өгөөгүй гэж хэлээд юм зээлчих гэж хэлдэг. Хороон дээгүүр очиж худлаа үнэн юм ярьдаг. Өөрт нь хэлээд нэмэргүй, хэлэхээр заза аав нь дахин тэгэхгүй гээд худлаа яриад байдаг ч юм уу, ярьсан зүйлээ мартаад байдаг. Хаяад явах гэхээр ганцаараа яах юм билээ гэж бодоод хажуунаас нь явж чадахгүй байгаа. Өөр харж хандах хүн байхгүй, манай ах ч тоодоггүй, би л энэ хөгшнийг нааш цааш болгож байгаа.” гэв.
Хохирогч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 6 хүүхэд төрүүлсэн ганц охиноо шүүх цагдаагаар явуулж хүнд цохилтод оруулмааргүй байна. Анх удаагаа тул ухаарч ойлгож байгаа гэж бүрэн итгэж байна. Ганцаараа би өдий болгож байгаа. Одоо хүүхдүүд нь сайн хүүхдүүд, миний охин муугүй байгаа. Одоо ийм болно гэж даанч санаагүй. Өөрт нь хэлэхэд анхаарал халамжтай байгаад, харьцааны соёл дээрээ анхаарах хэрэгтэй байна. Харьцааны соёлтой байгаарай гэж охиндоо хэлмээр байна. Та бүхэн минь охинд минь зөөлөн хариуцлага оногдуулж, анхаарал хандуулахыг хүсье. Энэ хүн байхгүй бол би ганцаараа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: хохирогч О.*******ын мэдүүлэг /хх 8-10/, шинжээчийн 332 дугаартай дүгнэлт /хх 23-24/, яллагдагчаар өгсөн И.*******ийн мэдүүлэг /хх 34-35/, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй лавлагаа, хорооны тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, И.*******ийн оршин суугаа хорооны тодорхойлолт, ХХК-д худалдагчаар ажилладаг гэх ажлын тодорхойлолт, “өвчний учир чөлөөлсөн” гэх эмчийн магадалгаа, Насанд хүрээгүй гэрч М.ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Шүүгдэгч И.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч И.*******ээс хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй. Шүүгдэгч И.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Үүнийг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх санал гаргаж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд И.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч И.******* нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эцэг О.*******ыг “гэрээс хөөлөө” гэх шалтгааны улмаас модоор цохиж эрүүл мэндэд нь нуруунд цус хуралт, баруун шуу, зүүн гуянд зулгаралт, нүүр, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар И.*******ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би тоотод байх гэртээ хувцсаа угаагаад хашаан дотроо зогсож байтал 11 цаг өнгөрч байх үед манай хойд аав О.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн явж чадахгүй гуйваад над дээр хүрч ирээд хүүхдүүдээ аваад зайл гээд надтай хэрүүл хийгээд байхаар нь би өөрийнх нь гэр лүү нь оруулаад хаалгыг нь гаднаас түгжээд унт гээд үлдээсэн юм. Тэгтэл унтахгүй, өөрийнхөө гэрийн хаалгыг эвдэлж гарч ирээд дахиад надтай хэрүүл маргаан хийгээд байхаар нь би жижиг шүүрийн иш гэмээр богинохон мод газраас аваад тэр модоороо гар луу нь 2-3 удаа цохичихсон юм. Би тухайн үед огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, цоо эрүүл байсан. Согтуу хүн өөдөөс олон юм яриад уур хүргээд байхаар нь би тэсэлгүй хэдэн удаа цохичихсон юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 36 дугаар тал/
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор О.*******ын өгсөн: “...Би тоот нэг хашаанд өөрийн өргөмөл охин *******ийн хамт нэг хашаанд амьдардаг юм. ******* намайг нас өндөр гарсан болохоор байнга яв барь гэж гэрээсээ хөөдөг болсон юм. 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 16-18 цагийн хооронд байх би гадуур явж байгаад гэртээ ирсэн чинь ******* хашаанд амьдардаг миний амбаарын хаалгыг хадаасаар хадаад намайг гэрээсээ хөөж туугаад гэрт оруулахгүй байхаар нь би өөрийн амьдардаг гэрийн амбаарын хаалгыг сүхээр цохиж онгойлгосон юм. Тэгсэн чинь манай өргөмөл охин ******* амбаарын хаалга эвдлээ гэсэн шалтгаанаар намайг миний амьдардаг гэрээс эхэлж гараараа цохиж зодож байснаа намайг гэрээс гаргаснаа миний араас гарч ирснээ хашаанд байсан хугархай хүрзний ишээр намайг цохиж зодсон юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм...
...Тухайн үед ******* түлээний саван дээр байсан хүрз юм уу шүүрний иш модоор миний нуруу, шуу, гуя руу хэд хэдэн удаа цохисон тэр бүгдийг нь эмчид үзүүлсэн юм байхгүй. Уг иш мод дараа нь алга болсон байсныг бодоход ******* хаясан уу, түлсэн үү гэдгийг мэдэхгүй байна. Би тухайн өдөр жаахан уучихсан хэдий ч эрүүл шахуу байсан. ******* бол цоо эрүүл байсан. Намайг унтсан хойно хаалга хадаасаар тэвхэдчихсэн байсныг нь би сүхээр онгойлгоод гарснаас болж намайг зодсон юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 8, 10 дугаар тал/
3. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр М.ийн өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр *******од барилга дээр ажил хийж байсан болохоор гэрт юу болсныг нь мэдээгүй. Орой нь 22 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл манай гэрийнхэн бүгдээрээ унтсан байсан. Маргааш өглөө нь дахиад өглөө гараад явсан болохоор би ээж, өвөө хоёрыг хоорондоо маргалдаж, муудалцсан талаар огт мэдээгүй явж байгаад бүүр сүүлд 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн орчимд мэдсэн. Ээж, өвөө хоёрыг маргалдаж, муудалцсан өдөр тэр хоёртой хамт манай хамгийн бага хоёр дүү нэг нь 5 настай, нөгөө нь 4 настай хоёр маань байсан. Бусад дүү нар маань байгааггүй...Ер нь ээж, өвөө хоёр заримдаа хэрэлдчих гээд л байдаг болохоос бие биедээ гар хүрч байсан удаа бол байхгүй...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 91 дүгээр тал/
4. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Шүүхийн Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/332 дугаар: “О.*******ын биед нуруунд цус хуралт, баруун шуу, зүүн гуянд зулгаралт, нүүр, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... ” гэх дүгнэлт,
/хх-ийн 24 дүгээр тал/
5. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 3-5 дугаар тал/
6. Яаралтай тусламжийн хуудас,
/хх-ийн 25-26 дугаар тал/
7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 44 дүгээр тал/
8. Шүүгдэгч И.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 38-52, 83-85 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч И.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч О.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч И.******* нь хохирогч О.*******ыг модоор цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/332 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгч И.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч И.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч И.******* нь хохирогч О.*******ын биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, өрх толгойлсон эх, 6 хүүхэдтэй зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч И.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч И.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч И.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.*******т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч И.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ