| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2022/0778/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/826 |
| Огноо | 2022-08-18 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Шагдар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/826
2022 08 18 2022/ШЦТ/826
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж, шүүгч А.Мөнхсайхан, шүүгч Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Иргэдийн төлөөлөгч Д.Наранжаргал,
Улсын яллагч Ц.Шагдар,
Хохирогч Ц.Г,
Шүүгдэгч Н.Б түүний өмгөөлөгч Т.Баярбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Н-ийн Бд холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Тогооч мэргэжилтэй, Нийслэлийн ................. дүүргийн ............... дүгээр цэцэрлэгт .............. ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт .............. дүүргийн ...... дугаар хороо, Орхон ......... дүгээр гудамжны ....... тоотод оршин суух хаягтай боловч ............ дүүргийн ...... дугаар хороо, Хангайн ..-......... тоотод түр оршин суудаг гэх Б овогт Н-ийн Б /РД:НН00000000/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, ...... 00-000 тоотод иргэн Ц.Г-тай маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун тосгуур хатгагдсан шарх, үнхэлцэгийн хөндийд цус хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний үйлчлүүлэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа...” гэжээ.
Хохирогч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Манай гэр бүлийн асуудал учраас мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:
НЭГ: Хууль хэрэглээ болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Хангайн 00-000 тоотод иргэн Ц.Г-тай маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун тосгуур хатгагдсан шарх, үнхэлцэгийн хөндийд цус хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15, 19-20/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Гын өгсөн “...Тухайн өдөр гэртээ эхнэрийн хамт 1 шил архи уусан бөгөөд эхнэртэйгээ согтуурхаад жаахан маргасан. Гэтэл манай эхнэр уурлаад хутга бариад авахаар нь зоригтой юм бол хутгалчих гэсэн чинь хутгалчихсан юм. Ухаан ороод сэрэхэд миний зүүн хөхний доод хэсэгт хөндүүрлээд байхаар нь баруун гараараа дараад үзсэн чинь цус гарчихсан байсан. Цээжрүү хатгасан хутга нь хар өнгийн хар иштэй, хэмжээ нь 20 см орчим урттай хутга байсныг газар хэвтэж байхад нь харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18, 23-24/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Ц-гийн өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө Н.Б эгч миний 00000000 дугаарын утас руу залгаад Г ах чинь ухаан алдчихсан, эгч нь цагдаа, түргэн дуудчихсан маш хурдан ир гэсний дагуу би эхнэрийн хамт яваад очтол Г ах зуухныхаа хажууд дээшээ хараад хэвтчихсэн, 103-н эмч дусал залгаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/-р тал,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6623 дугаартай “...Ц.Гын биед цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун тосгуур хатгагдсан шарх, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 37-39/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Б.Долгормаагийн “...Тухайн гэмтлийг авсан хүнд цус их хэмжээгээр алдаж, ухаан алдана...” гэх мэдүүлэг /хх-ийн 77/-р тал,
Хохирогч Ц.Г нь Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлэх талаарх өвчний түүх /хх-ийн 105-159/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Б-гийн яллагдагчаар өгсөн “...Ц.Г-т учирсан гэмтлийг би учруулсан. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний орой болон 30-ны шөнө миний биед халдаж цохиж, зодсон асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь гэмтэл учруулах үйлдлийн хувьд санаатайгаар гэх үндсэн шинжийг хангахын зэрэгцээ, яллагдагч, шүүгдэгчийн үйлдэл нь шууд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг.
Зэвсэг гэдэгт халуун хүйтэн хийн бүх төрлийн зэвсэг хамаарахаас гадна хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц хайч, сэрээ, сүх, отвёртка, хүрз, өрөм, лоом, гал тогооны болон болон сахлын хутга, бороохой, ташуур, мод, төмөр, чулуу, шил, зодооны хэрэгсэл зэргийг ойлгож болно.
Шүүгдэгч Н.Б нь хохирогч Ц.Гтай маргалдаж улмаар шууд чиглэсэн санаатай үйлдлээр гал тогооны хутгаар түүний цээжин тус газар нь хутгалсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон.
Нөгөөтээгүүр гэмтлийн "хүнд" зэрэг гэдэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,
Амь насанд аюултай гэмтэл учруулсан, амь тэнссэн байдал үүсгэсэн, гэмтлээс их хэмжээний үлдэц, уршиг үүссэн, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр буюу 35-100% алдсан байхыг ойлгох бөгөөд үнхэлцгийн хөндий рүү нэвтэрсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах талаар гаргасан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд, шүүгдэгч Н.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу болон зүйлчлэлийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдвал зохино.
Иргэдийн төлөөлөгчийн зүгээс шүүгдэгч Н.Бг гэм буруутай гэх дүгнэлтийг гаргасан болно.
ХОЁР: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ “...Шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 05 жил, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар “... Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн бөгөөд тохиолдлын шинж чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж хурдан шуурхай үзүүлсэн, хохирогчийн буруутай үйлдлээс хамаарч гэмт хэрэг үйлдэгдсэн, мөн миний үйлчлүүлэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж миний үйлчлүүлэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан шийдэж өгнө үү...” гэх саналыг, шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, хүсэлт гаргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжгүй байхаар хуульчлагдсан бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулах ял, шийтгэлийг хөнгөрүүлэх боломжийг хуульд тусгаж өгчээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан, ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэх утга, агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд, шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 хэсэгт зааснаар 03 жил, 04 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур байж болох хамгийн бага хэмжээгээр ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэний зэрэгцээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу шүүгдэгчийн гэр бүлийн болоод хувийн байдал, ажил, хөдөлмөр эрхэлж, гэр бүлээн тэжээн тэтгэж, тэдгээрийн өмнө хариуцлага хүлээж байгаа байдал зэрэг онцгой нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.
ГУРАВ. Бусад асуудлаар:
Шүүгдэгч Н.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй, 19 см-ийн урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-гийн Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд 03 /гурав/-н жил, 04 /дөрөв/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 03 жил, 04 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Н.Б нь энэ хэргийг учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй, 19 см урттай хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР
ШҮҮГЧИД А.МӨНХСАЙХАН
Д.ДАРЬСҮРЭН