Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 185/2022/0590/Э |
Дугаар | 2022/ШЦТ/660 |
Огноо | 2022-06-21 |
Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
Улсын яллагч | Б.Оргилболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/660
2022 06 21 2022/ШЦТ/660
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Б.Оргилболд;
Шүүгдэгч-хохирогч: Н.С (өөрийгөө өмгөөлж);
Шүүгдэгч-хохирогч: Ш.Э (өөрийгөө өмгөөлж);
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;
1. Шүүгдэгч Н.С: Монгол Улсын иргэн, 19.. оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Х.. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
2. Шүүгдэгч Ш.Э: Монгол Улсын иргэн, 19... оны 12 дугаар сарын 24-ний өдөр А.. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Н.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ““ байрны гаднах автомашины зогсоол дээр такси үйлчилгээ үзүүлсэн иргэн Ш.Этэй таксины мөнгө төлөх асуудлаас болж маргалдан тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас түүний эзэмшлийн ““ дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн “...баруун толь, баруун урд хаалганы борооны хаалт, баруун хормой, хойд шил арчигч, баруун урд хаалга” зэрэг эд зүйлсийг устгаж, гэмтээсний улмаас 545.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ш.Э нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ““ байрны гаднах автомашины зогсоол дээр иргэн Н.Стэй таксины мөнгө төлөөгүй шалтгаанаас болж маргалдан ноцолдох, зууралдах явцдаа чулуугаар толгойн тус хэсэгт нь цохиж түүний биед “...зүүн чамархай хэсэгт няцарсан шарх, баруун гарын ядам, чигчий хуруунд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокуророос Н.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Ш.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч Н.С мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 2-3 цагийн үед таксинд суусан. Ш.Этэй таксины төлбөрөөс болж маргалдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний толгой гэмтсэн. Хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч Ш.Э мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө 5 цагийн үед Н.С миний машинд Их Засаг Их сургуулийн орчмоос суусан. Машинаа олмоор байна гээд хайж явсан. Тэгээд 11 дүгээр хороололд ирсэн. Би “мөнгөө төл” гэхэд “чамд төлөхгүй” гэсэн. Ингээд маргаад би сандарсандаа чулуугаар цохисон. Машин өшиглөж байсан. Хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хоорондоо эвлэрсэн” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/, хохирогч Ш.Э /хх-ийн 19/, хохирогч Н.С /хх-ийн 63/ нарын мэдүүлэг, “Кости Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31/, Н.Сийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний 3963 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/, Ш.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41/, Ш.Эгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 44-48, 58/, хохирлын баримт /хх-ийн 56-57/, Н.Сийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43/, Н.Сийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 59-60/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.С нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ““ байрны гаднах автомашины зогсоол дээр такси үйлчилгээ үзүүлсэн иргэн Ш.Этэй таксины төлбөр тооцооны асуудлаас болж маргалдан улмаар Ш.Эгийн эзэмшлийн “Тоёота Приус-30” маркийн ““ дугаартай тээврийн хэрэгслийн эд зүйлсийг устгаж, гэмтээсний улмаас 545.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
шүүгдэгч Ш.Э нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ““ байрны гаднах автомашины зогсоол дээр иргэн Н.Стэй таксины төлбөр тооцооны асуудлаас болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Н.Сийн /хх-ийн 63/: “...2022 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 03 цагийн үед Хүүхдийн 100-гаас найз М-, С- нартай такси бариад ““ улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн автомашинд суугаад замдаа М-, С- нарыг буулгаад ““ байрны гадаа гэртээ очсон. Тэгээд таксины мөнгө 15.000 төгрөг болсон байсан. Уг нь 10.000 төгрөг гарах ёстой байсан. Тэгээд жолооч нь бууж ирээд миний хувцаснаас заамдаж улмаар баруун гараараа төмөр мэт зүйлээр миний толгой руу 1 удаа цохисон. Дараа нь жолооч машиндаа суугаад машинтайгаа зугтаасан боловч машин нь байрны гадаа гарцгүй газар боржур тулж зогссон байсан. Жолооч нь машинаасаа гараад зугтаасан. Удалгүй буцаж ирээд машинаа авах үедээ байрны гадаа надтай таарсан. Би таарах үедээ “чи яагаад миний биед гэмтэл учруулж байгаа юм бэ” гэж асуухад тэр чигтээ зугтаад алга болсон...” гэх мэдүүлгээр,
Н.Сийн биед “зүүн чамархай хэсэгт няцарсан шарх, баруун гарын ядам, чигчий хуруунд шарх, долоовор хуруунд зулгаралт” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3963 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 33/,
хохирогч Ш.Эгийн /хх-ийн 19/: “...2022 оны 03 дугаар сарын 08-ны шөнө Баянзүрх дүүргийн Их засаг орчмоос үл таних залуу таксинд суусан. Тухайн хүн ганцаараа байсан ба “машинаа олохгүй байна, надтай хамт хэдэн газраар хайж туслаач” гэсэн. Үүний дагуу Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, С- орчмоор 3-4 км тойрсон. Тэгээд тухайн хүн нь “за ер нь олдохгүй юм байна” гээд харихаар болсон. Тэгээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гадна ирэхэд тухайн хүн нь явах гэхээр нь би ... “чи үйлчлүүлсэн бол мөнгөө өг” гэж хэлэхэд “чам шиг луйварчинд яахаараа мөнгө өгдөг юм” гэж хэлээд хаалга савж гарсан. Тэгэхээр нь би гарах гэтэл Н.С нь миний жолооч талын хаалгыг өшиглөөд гаргахгүй байхаар нь хаалгаа дотор талаас түлхэж байгаад гарсан. Тэгээд гарахад Н.С нь үгийн зөрөөгүй миний толгой болон нүүр хэсэг рүү цохиод багалзуурдаад машин руу шахахаар нь газраас чулуу барьж байгаад толгой руу нь цохиод машинаа түгжээд зугтаасан. Тэгээд Н.С араас хөөхгүй, “чамайг ална даа” гэж бахираад миний машины хаалга болон хормой руу өшиглөөд бас цохиод байсан...” гэх мэдүүлгээр,
“Комти-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 31/,
Ш.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 41/: “...2022 оны 03 дугаар сарын 08-ны шөнө таксинд явж байгаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их Засаг их сургуулийн орчмоос нэг эрэгтэй хүн авсан. ...Н.С нь ...машинаас буухдаа “одоо чи зайл, би чамд мөнгө өгөхгүй” гээд буусан. Тэр үед нь би машинаас гарах гэхэд хаалга руу хөлөөрөө жийгээд намайг гаргахгүй байсан. Тухайн хүн нь шууд миний цээж хэсэг рүү цохисон. Би тэр үед нь машин руугаа хойшоо налсан ба Н.С нь миний дээрээс толгой хэсэг рүү цохиод байсан. Тэгэхээр нь би газраас нэг чулуу мэт зүйл аваад Н.Сийн толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг болон Н.Сийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /xx-ийн 21, 43/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Н.С, Ш.Э нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Ш.Э нь Н.Сийн толгойн тус газар чулуугаар цохиж зодсоныг, шүүгдэгч Н.С нь Ш.Эгийн автомашиныг өшиглөж, цохих зэргээр эд зүйлийг нь устгаж, гэмтээснийг хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр Н.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг, хөрөнгийн үнэлгээгээр Ш.Эд учирсан хохирлыг тус тус тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Ш.Э нь Н.Сийг зодож хөнгөн гэмтээснийг, Н.С нь Ш.Эгийн эд хөрөнгийг устгаж, гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Ш.Эгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,
бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 545.000 төгрөгийн хохирол учруулсан Н.Сийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж дээрх гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ш.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 700 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 700 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр тус тус шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э, Н.С нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Э, Н.С нар нь “...хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ш.Э, Н.С нар нь бие биедээ төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ш.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Н.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Н.Сийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э, Н.С нар торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э, Н.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ