Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/825

 

          

 

 

   2022        08         18                                    2022/ШЦТ/825

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Галхүү

Улсын яллагч Ц.Төгөлдөр,

Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д овогт С-гийн Т-д холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт ............ дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух хаягтай, Д овогт С-ийн Т /РД:НН00000000/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Т нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч- ” нэртэй баарны цахилгаан шатны ойролцоо хохирогч Д.Отэй “Лифтний хаалга хаахгүй, саад учруулсан” гэх зүйлээс маргалдаж, улмаар түүнийг үсдэх, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлий, зүүн мөр, баруун бугалга, зүүн шуу, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Т нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч- ” нэртэй баарны цахилгаан шатны ойролцоо хохирогч Д.Отэй “Лифтний хаалга хаахгүй, саад учруулсан” гэх зүйлээс маргалдаж, улмаар түүнийг үсдэх, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлий, зүүн мөр, баруун бугалга, зүүн шуу, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Оийн өгсөн “...Би 2022 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө 01 цагийн үед найз Ц, Д нарын хамт “Ч- ” нэртэй баар руу орсон. Дотогш ороход хүн ихтэй байсан ба үүднээс нь буцаад явахаар болсон. Тэгээд бид 3 лифтэнд суутал миний зүүн гар талд зогсож байсан эмэгтэй хүн лифтний зүүн талаас гараад ир гээд зулгаагаад лифтний хаалга хаалгахгүй байсан. Тэгэхээр нь би түүнд хандан чи гялс буугаач ээ бид нар явах хэрэгтэй байна, гэхэд тухайн эмэгтэй “эгчээ би энэ хүнийг танихгүй” гэж хэлсэн. Тэгээд би лифтний гаднаас зулгаагаад байсан эмэгтэйд хандан “Чи хаалга тавиач ээ бид нар явмаар байна” гэж хэлсэн. Гэтэл манай найз ч мөн адил тухайн эмэгтэйд хандан чи яваач ээ гэж хэлтэл лифтний хаалганы завсраар нэг хөл орж ирээд манай найз Ц-ын цээж хэсэг рүү нь өшиглөхөөр нь би лифтний гадна байсан эмэгтэйд хандан зайлаач ээ гэж хэлтэл тухайн эмэгтэйн гар орж ирээд намайг үсдэж лифтнээс буулгасан. Тэрээр намайг үсдэж буулгаад хөлөөрөө миний биеийн баруун хэсэг рүү өшиглөөд байсан. Би лифтний хажууд байсан буйдан дээр очиж суугаад үсээ үзэхэд миний үс маш ихээр унасан байсан бөгөөд улмаар 102-т залгаж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд намайг үсдээд байсан эмэгтэй болон намайг дагуулж явсан. Дараа нь өөрийнхөө биеийг харахад баруун тал хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ц-ын өгсөн “...Намайг өшиглөнгүүт нэг эмэгтэй манай найз О-ийг үстэж авсан харагдсан. Түүнээс хойш тэр том биетэй эмэгтэй нь О-ийг их удаан үстсэн бөгөөд огт тавихгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Д-ий өгсөн “...Лифт бараг хаагдаж байхад завсраар нь гар орж ирээд О-ийг үстэж аваад тэр чигээр нь лифтнээс гаргаж ирээд угзраад зогсоод байсан. Тэгээд О лифтний өмнөх буйдан дээр суугаад үсээ үзсэн чинь үс нь туг тугаараа унаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53/-р тал,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 7804 дугаартай “...Д.Оийн биед дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлий, зүүн мөр, баруун бугалга, зүүн шуу, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Г.А-ийн өгсөн “...Д.Оийн биед дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь үстүүлэх болон газар унах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/-р тал,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 26-28/-р тал,

Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 34-35, 38/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч С.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд шүүгдэгч С.Тд холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шүүгдэгч С.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч С.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч С.Т нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт С-ийн Т-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР