| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2022/0777/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/824 |
| Огноо | 2022-08-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Шагдар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/824
2022 08 18 2022/ШЦТ/824
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагч Ц.Шагдар,
Шүүгдэгч Б.П түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, С.Номиндалай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Б-ын Пид холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, ....... 00 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух хаягтай, Ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, З гэр овогт Б-ын П /РД:НН00000000/,
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.П нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т-” барилгын 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Ап” нэртэй караоке, лоунжийн ажлын байр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 162.180 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг виски, бэлэн 35.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Л.Бт нийт 197.180 төгрөгийн,
2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т-” барилгын 1 давхрын харуулын ширээнээс 330.000 төгрөгийн Самсунг А-40 загварын гар утас 1 ширхэг, 100.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-7 загварын гар утас 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Л.Мад бага хэмжээнээс дээш буюу 430.000 төгрөгийн буюу бусдад нийт 627.180 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хохирогч нар санал, гомдолгүй бөгөөд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрдсэн учраас 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгнө үү ...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Номиндалай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Б.Зулбаяр өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна...” гэжээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.П нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т-” барилгын 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Ап” нэртэй караоке, лоунжийн ажлын байр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 162.180 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг виски, бэлэн 35.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Л.Бт нийт 197.180 төгрөгийн,
2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т-” барилгын 1 давхрын харуулын ширээнээс 330.000 төгрөгийн Самсунг А-40 загварын гар утас 1 ширхэг, 100.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-7 загварын гар утас 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Л.Мад бага хэмжээнээс дээш буюу 430.000 төгрөгийн буюу бусдад нийт 627.180 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-13/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Бийн өгсөн “...Би 2018 оноос хойш Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ап” лоунжийг ажиллуулж байгаа юм. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай лоунжийн ахлах тогооч Н над руу залгаад манай лоунж руу хулгай орж 2 шил виски, 35.000 төгрөг алдагдсан байна гэсэн. Тэгэхээр нь лоунж руу очиж камер шүүж үзэхэд нэг эрэгтэй хүн лоунжны хаалгыг татаж зай гаргаад шургаж ороод текний араас юм хайж касс ухаж байгаад гардаг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Мын өгсөн “... Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т-”-2-т харуулын үүрэг гүйцэтгэж хоноод өглөө гадаа цэвэрлэгээ хийж байгаад буцаж ороод цэнэглээд шүүгээнд хийсэн байсан 2 ширхэг гар утсаа үзтэл алга болсон байсан. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд малгайтай хар цамцтай, хар куртиктэй, жинсэн өмдтэй залуу 07 цагийн үед манай хажуу талын харуултай цуг орж ирээд манай нөгөө харуул гарсны дараа харуулын ширээ ухаж байгаад миний 2 ширхэг гар утсыг хулгайлж аваад гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Оийн өгсөн “...Доор байсан хяналтын камераар шүүж үзсэн чинь хуучин ажиллаж байсан харуул нь байна гэж хэлсэн...шилэн хаалга байдаг юм тэгээд хоёр бариулыг нь нийлүүлээд гинжилсэн байсан чинь бариулыг нь хугалаад орсон байна лээ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Г-ийн өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр жижүүртэй хоногийн үүрэг гүйцэтгэж байсан. Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 06 цагийн орчимд манай 1 дүгээр блок руу нэг залуу орж ирсэн ба тухайн залуу нь орж ирээд яриа өдсөн. Тэгээд хэн билээ гээд ярьж байсан чинь манай “Т-”-ын блок дээр гарч байсан П гэх залуу болж таарсан. Тэгээд Птай ярьж байсан чинь “найз нь дээшээ угаалгын өрөө ороод ирье” гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа бууж ирсэн ба надаас “тамхи олоод өгчих” гэж гуйгаад байсан. Тэгээд би эхэндээ “үгүй” гэсэн боловч П нь дахин дахин гуйгаад байхаар нь гадаа явж байсан ТҮК-н хүнээс тамхи гуйсан ба П нь тамхийг татчихаад “хажуу талын блок дотор хэн гарч байгаа вэ” гэж асуухаар нь М ах гарч байгаа шүүдээ гэсэн. Гэтэл П нь “би М ахыг танина шүү дээ орж бэлэн гоймонгийн мөнгө гуйна хамт оръё” гээд байсан. Тэгээд 2 дугаар блок руу ороход М ах жижүүрийн байран дээрээ байгаагүй. Тэгэхээр нь би одоо өөрийнхөө блок руу явахгүй бол хүмүүс түлхүүрээ авах ёстой гэж хэлээд Пийг 2 дугаар блокод үлдээгээд явсан. Гэтэл 1 цаг орчмын дараа М ах миний утас байхгүй байна гэж хэлээд орж ирсэн. Паас архи согтууруулах ундааны зүйл бол үнэртэж байсан. Гэхдээ тийм их согтолттой байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/-р тал,
2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-46, 81-83/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч Б.Пийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл нэгэнт өөрийн гэм бурууг хэн нэгний дарамт шахалтгүйгээр сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, нөгөөтээгүүр хавтас хэрэгт авагдсан аль нэг баримтын талаар маргаагүй болно.
Иймд, шүүгдэгч Б.Пийг үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жил, 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, С.Номиндалай нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогч нар гомдол, саналгүй болсон, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч Б.Пийн зүгээс “...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Б.Пад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгайлах гэмт хэрэг нь хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжгүй байхаар хуульчлагдсан бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулах ял, шийтгэлийг хөнгөрүүлэх боломжийг хуульд тусгаж өгчээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “...Хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан шийдвэрлэж өгнө үү...” гэх утга бүхий саналыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүх шүүгдэгч Б.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь заалтын үндэслэлд хамаарах буюу шүүгдэгч Б.Пийн хувийн байдал, түүний өсөж хүмүүжсэн орчин нөхцөл, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил болоод цаашид ажил төрөл эрхэлж, аж амьдарлаа авч явах талаар хариуцлага хүлээж байгаа байдал болоод түүний нийгэмд эзлэх байр суурь...” зэрэг онцгой нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Гурав. Бусад
Шүүгдэгч Б.П нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З гэр овогт Б-ын П-ийг үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пид 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пид оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.П нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР