Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2024/0536

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

Х.Ж-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/761 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймгийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар төлүүлэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 403 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч, Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0170/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Ж-ээс Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан “Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/761 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймгийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 403 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгэээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 100 дугаар зүйлийн 100.1, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Ж-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/761 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Х.Ж-ийг Татварын ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймгийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх цалин, хөлсийг нэг бүрчлэн бодож олгох, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Татварын ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.5 дахь хэсэгт заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" тохиолдолд төсвийн шууд захирагч төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргахаар зохицуулсан.

Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц түүнийг төрийн албанаас чөлөөлөх эрх тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд шууд үүснэ. Харин Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасны дагуу төрийн албан хаагч нь төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжүүлэн ажиллах хүсэлт гаргаж болох ба хүсэлтийг томилох эрх бүхий этгээд хүлээн авснаар тухайн албан хаагчийг заавал төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжүүлэн ажиллуулах үүргийг хүлээхгүй ба тийм үр дагавар шууд үүсэх боломжгүй.

Учир нь дээрх хуулийн зохицуулалтыг захиргааны байгууллага сонгох боломжийн хүрээнд хэрэглэх ба хүсэлтийг хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл хуульд заасан 4 шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр түүнийг эрхэлж буй ажил албан тушаалд нь үргэлжүүлэн ажиллуулах шийдвэрийн аль нэгийг гаргах нь эрх бүхий албан тушаалтанд хуулиар олгосон бүрэн эрх юм.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хүлээх ч гэсэн тухайн судлан тогтоох бодит нөхцөл байдал нь тухай шийдвэрийг гаргахад шууд хамаарал бүхий, зайлшгүй ач холбогдолтой байх ёстой.

Өөрөөр бол Х.Ж-ийг төрийн албанаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан үндэслэлээр шууд чөлөөлсөн ба энэ тохиолдолд 46.3-т заасан 4 шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоож, нотлох үүргийг захиргааны байгууллага хүлээхгүй юм.

Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийн хуулиар олгогдсон сонгох боломжийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бүрэн эрхэд халдаж, Х.Ж нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасан 4 шаардлагыг хангасан эсэхийг шүүх өөрөө бие даан тогтоож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан үндэслэлээр нэгэнт төрийн албанаас чөлөөлөгдсөн хүнийг төрийн албанд эгүүлэн томилохыг даалгаж, үр дагаврыг арилгуулахаар шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг хангахгүй байна.

Захиргааны ерөнхий хуульд заасан Сонсох ажиллагааны гол зорилго нь Захиргааны акт, шийдвэр гарахаас өмнө эрх хууль, ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломжийг олгох явдал. Өөрөөр бол эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдийн оролцоог хангаж, захиргааны шийдвэр гаргах талаар урьдчилан мэдэгдэх үйл ажиллагаа.

Хэргийн үйл баримтаас үзвэл Х.Ж нь 2023.08.28-ны өдөр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл хугацаанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ Татварын ерөнхий газрын даргад гаргасан.

Татварын ерөнхий газраас 2023.10.16-ны өдрийн 03/2193 дугаар албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 46.2.2-т заасны дагуу хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй талаар болон төрийн албанаас чөлөөлөхтэй холбоотой материал ирүүлэхийг мэдэгдсэн байдаг. Тус албан бичгийг Баян-Өлгий аймгийн татварын газраас Х.Ж-д гардуулж, ирсэн бичгийн тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан.

Ийнхүү Х.Ж нь дээрх албан бичгийг гардаж авснаар төрийн албанаас чөлөөлөгдөх болсон тухайгаа мэдсэн байна. Мөн Баян-Өлгий аймгийн татварын газраас 2023.10.16-ны өдөр сонсох ажиллагаа явуулж, Х.Ж-д тайлбар, нотлох баримтаа гаргаж өгөх боломжоор хангасан боловч "Татварын ерөнхий газрын даргад өөрийн биеээр очиж, нөхцөл байдлаа тайлбарлан танилцуулна" гээд нотлох баримт, тайлбар гаргахаас татгалзсан байдаг.

Гэтэл шүүхээс тус сонсох ажиллагаанд Х.Ж оролцсон эсэх нь нотлогдохгүй байх ба захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд түүний оролцоог хангаагүй гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т "шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 34.2- т "нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн заалтыг зөрчсөн байна.

Тодруулбал, шүүх хэргийн нотлох баримтыг чөлөөт зарчмаар үнэлэх хэдий ч тухайн магадлал, үнэлэлт нь хоёрдмол санаагүй байх учиртай. Х.Ж-ийг сонсох ажиллагаанд оролцсон гэх бодит үйл баримтыг тогтоолгүйгээр зөвхөн тэмдэглэлд гарын үсэг зураагүй байгаа нь тус ажиллагааг бүхэлд нь үгүйсгэх нөхцөл болохгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-т "Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ", 107.3-т "Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана" гэж тус тус заасан.

Мөн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 29 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах журам"-ын 2.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийн "тодорхойлох" хэсэгт тусгагдсан "хариуцагчийн тайлбар" хэсэгт зөвхөн нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж буй татгалзал, тайлбар бүрийг тодорхой тусгахаар зохицуулсан.

Гэтэл Анхан шатны шүүхийн шийдвэрийн "Тодорхойлох" хэсгийн 3.2-т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тусгасан бат 8 дахь цогцолборт "Хариуцагчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 46.3 дугаар зүйлд тайлбар хэлэхдээ зөрчилдсөн тайлбар хэлж байгааг харгалзан үзнэ үү.......... Тиймээс захиргааны байгууллага өөрөө цуглуулах шаардлагатай байсан нотлох баримтыг хүсэлт гаргагч өгөх ёстой байсан мэт буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй." гэх хариуцагчийн зүгээс огт дурдаагүй, нэхэмжлэгч талын болон шүүхийн дүгнэлт хийсэн тайлбар, агуулгыг тусгасан байна. Энэхүү нөхцөл байдал нь шүүхийн шийдвэртэй танилцаж буй этгээдэд буруу ойлголт бий болгох, төөрөгдүүлэх сөрөг үр дагавартай. Иймд шүүхийн шийдвэрийн агуулга хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

 

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Х.Ж-ээс Татварын ерөнхий газрын даргад холбогдууланТатварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/761 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймгийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Хариуцагчаас “...Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц түүнийг төрийн албанаас чөлөөлөх эрх тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд шууд үүснэ...”, “...Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д заасны дагуу төрийн албан хаагч нь төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргаж болох ба хүсэлтийг томилох эрх бүхий этгээд хүлээн авснаар тухайн албан хаагчийг заавал төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг хүлээхгүй...”, “...Дээрх хуулийн зохицуулалтыг захиргааны байгууллага сонгох боломжийн хүрээнд хэрэглэх ба хүсэлтийг хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл хуульд заасан 4 шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр түүнийг эрхэлж буй ажил албан тушаалд нь үргэлжүүлэн ажиллуулах шийдвэрийн аль нэгийг гаргах нь эрх бүхий албан тушаалтанд хуулиар олгосон бүрэн эрх...”, “...хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй талаар болон төрийн албанаас чөлөөлөхтэй холбоотой материал ирүүлэхийг Х.Ж-д мэдэгдэж нотлох баримт, тайлбар гаргах боломжоор хангасан боловч нотлох баримт, тайлбар гаргахаас татгалзсан...”, “...шүүхийн шийдвэрийн агуулга хуульд заасан шаардлагыг хангаагүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Х.Ж нь 55 нас 9 сартай байхдаа буюу 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргаар уламжлуулан төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ бичгээр гаргажээ.

Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/761 дугаартай тушаалаар Татварын ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймгийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Х.Ж нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгосон байна.

2.4. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна”, 46 дугаар зүйлийн 46.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 46.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус заасан.

2.5. Нэхэмжлэгч Х.Ж-ээс төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл хугацаанд ажиллах хүсэлтээ гаргасан нөхцөл байдал тогтоогдож байгаа энэ тохиолдолд түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр үргэлжлүүлэн ажиллуулах эсэх талаар шийдвэр гаргахаар байна.

2.6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заажээ.

2.7. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай /2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан/ хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас 1967 онд төрсөн бол 56 нас 3 сар байхаар зохицуулжээ.

2.8. Дээр дурдсан зохицуулалтууд нь 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн, 56 нас 3 сар хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүссэн тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх агуулгатайгаас бус төрийн албаны хөдөлмөрийн харилцааг захиргааны санаачилгаар дуусгавар болгох “Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх ойлголтод шууд хамаарахааргүй байна.

2.9. Ийнхүү өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн төрийн албан хаагч үргэлжлүүлэн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллах хүсэлт гаргасан байхад захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасан ажиллагааг хийлгүйгээр шууд төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч Х.Ж-ийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.10. Нөгөөтээгүүр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэх насны хязгаарыг ялгамжтай заасан нь байгалиасаа адил тэгш бус эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биологийн болон нийгмийн амьдралд оролцох оролцоо, гүйцэтгэх үүргийн ялгаа, онцлогтой холбоотой байдаг учраас Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчим болоод Алагчилахгүй байх (Ажил, мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцод нийцдэг.

Иймээс тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн эмэгтэй даатгуулагч өөрөө тэтгэвэр тогтоолгохыг хүсээгүй тохиолдолд түүний тэтгэвэр тогтоолгох насыг эрэгтэй даатгуулагчийнхтай ижил байдлаар ойлгож, хэрэгжүүлэх нь дээр дурдсан тэгш эрхийн зарчимд нийцэх төдийгүй Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх төрийн албанаас захиргааны санаачилгаар чөлөөлөх зохицуулалттай харилцан уялдаатайгаар хэрэглэгдэх юм.

2.11. Нэгэнт хариуцагч нь хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй, хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж, хэрэгжүүлсэн энэ тохиолдолд сонсох ажиллагаа хийсэн эсэх талаарх гомдол нь маргаан бүхий актыг хууль ёсны гэж дүгнэх, хариуцагчийг зөвтгөх хууль зүйн үндэслэл болохгүй тул хүлээн авах боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүх шийдвэрт нөлөөлөхүйц хэмжээний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 403 дугаар хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН