Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа,

улсын яллагч А.Оргилбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 2216001680159 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, У овогтой Б-н Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б-н Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдалын хорооны ***** тоотод 2022 оны 07 дугаар сарын 22-ны шөнийн 02 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.М-н нүүрэн тус газарт нь өшиглөж, гараараа цохиж зодон түүний биед хамрын ясны цөмөрсөн хугарал буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:  

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдалын хорооны ***** тоотод хохирогч Г.М-н нүүрэн тус газарт нь өшиглөж, гараараа цохиж зодон түүний биед хамрын ясны цөмөрсөн хугарал буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Б.Б-н шүүх хуралдаанд өгсөн “...Хохирогч Г.М бид хоёр 10 цаг өнгөрч байхад хөдөө явсан. Тэгээд манай ахынд очиж хөзөр тоглож, 2-3 пиво уусан. Тэгээд Г.М бид хоёр хоорондоо маргалдаж би хоёр цохиж авсан. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна... Би хохиролд 200,000 төгрөг төлсөн... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хохирогч Г.М бид хоёр эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

хохирогч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Найрамдалын хороо 8-15 тоотод байх Б-н ахынх нь гэрт би Б-н хамт очсон. Очиход Б-н ах У эхнэртэйгээ, манай найз Н, эхнэр Ц-н хамт байж байсан. Бид нар хоорондоо хөзөр тоглонгоо 2,5 литрийн савлагаатай “Сэнгүр” нэртэй пиво 3 ширхгийг уугаад дууссан, 4 дэх пивоо ууж байхад Б гэнэт над руу “...чи намайг дээрэлхдэг биз дээ...” гээд орилоод босоод ирсэн. Босож ирээд миний хамар луу хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Баруун шанаа руу гараараа 3-4 удаа цохисон... Н болиоч гээд Б-г холдуулж байх зуур би гэрээс нь гараад өөрийнхөө гэр лүү явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

гэрч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн орчимд манай хүргэн дүү найз М-н хамт ирсэн. Манайд манай нөхөр, Н, эхнэртэйгээ бид 4 хөзөр тоглоод сууж байсан ... Манайд бид нар хөзөр тоглонгоо 2,5 литрийн савлагаатай том пиво уусан. Тоглож байгаад  Б М 2 хоорондоо маргалдаад байсан. Нэгнийгээ урьд нь чи намайг зодож байсан гэдэг байдлаар маргалдаад байсан. Б уурлаад М-г нүүр хэсэг рүү нь гараараа цохиж байсан. Хэдэн удаа цохисныг нь санахгүй байна. Тэр хоёрыг манай нөхөр бид 2 салгаад М-г явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 211 дугаартай “...1. Г.М-н биед гэмтэл учирсан байна.

2. Г.М-н бид хамрын ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл болно. Хэрэг учрал болсон гэх өдөр үүссэн байх боломжтой болно.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүдээс хамрын ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/

Эмчийн үзлэгийн бичиг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

“Хос бөлбөө мед” гэмтэл согогийн мэс заслын эмнэлгийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 3 дугаартай “... Г овогтой М 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бусдад зодуулсан гэх өгүүлэмжтэй 2022 оны 07 дугаар сарын 25-нд хамрын ясны хугарал оношоор эмчилгээ хийлгэсэн нь үнэн болно...” гэх тодорхойлолт / хавтаст хэргийн 18 дугаар тал/,

Яаралтай тусламжийн №3088 дугаартай хуудас /хавтаст хэргийн 19 үгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б-н үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дугаар тал/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 489 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 54 дүгээр тал/, малын “А” дансны хуулга /хавтаст хэргийн 71 дүгээр тал/, хохирогч Г.М-н  “...Б.Б нь миний биед учруулсан хохирлоо мөнгөн хэлбэрээр буюу 200,000 (хоёр зуун мянга) төгрөг өгч, миний хохирлыг бүрэн барагдуулсан тул  Б.Б-д ямар нэг гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /шүүх хуралдаанд гаргаж өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд торгох ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол 200,000 (хоёр зуун мянга) төгрөг төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  У  овогтой Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол 200,000 (хоёр зуун мянга) төгрөг төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА