Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1432

 

 

 

 

 

 

 

 

  2022          10          05                                  2022/ШЦТ/1432

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Ч.Батзориг,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Н.З , түүний өмгөөлөгч Э.Түвдэн нарыг оролцуулан тус шүүхийн Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.З т холбогдох эрүүгийн 2106 00000 2291 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.З .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.З-г Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул олон улсын худалдааны төвийн хажууд байрлах Баялаг ундраа худалдааны төвийн урд талаас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Э.А ын эзэмшлийн Самсунг жи-9 завгарын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад:

 

 шүүгдэгч Н.З  нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвийн Баялаг ундраа худалдааны төвийн урд талд хохирогч Э.А ын эзэмшлийн Самсунг жи-9 завгарын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380.000 төгрөгний хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

Хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 4/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 5/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-7/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... ногоон өнгийн куртик, саарал өнгийн малгайтай цамцтай цайвар өнгийн хажуу талаараа хар өнгийн канттай тамирын өмд өмссөн эрэгтэй хүн дагаж байгаад урд хэсэгтээ цагаан баганатай хашааны хаалгаар орох үед хар куртиктэй эмэгтэйн зүүн талын халааснаас нэг зүйл авч... ” гэх тэмдэглэл /хх-ийн 9-10/,

 

Хохирогч Э.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би өнөөдөр Улсын их дэлгүүрийн автобусны буудал дээрээс зүүн салаа халдварт чигэлийн автобусанд суугаад Халдавартын буудал дээр буугаад Нарантуул худалдааны төв рүү орж худалдан авалт хийчихээд Баялаг ундраа төвийн урд хэсэгт явж байхдаа халааснаасаа гар утсаа алдсанаа мэдсэн 3 удаа залгахад дуудаж байснаа удалгүй холбогдохоо больсон.2021 оны 8 дугаар сард Монтелоос 480.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой санал байхгүй. Утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна. Миний хувьд одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Гэрч С.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг өнгөрч байхад Баялаг-Ундраа төвийн үүдэнд бараагаа зараад байж байтал Н.З  ирээд миний утсыг түр хадгалж бай гэж хэлээд утас өгчихөөд яваад өгсөн. Удалгүй ирж авна гэж хэлээд явсан. Тухайн орой ажил тартал утсаа ирж авах байх гэж бодсон боловч ирж аваагүй, тэгтэл 3 хоногийн дараа санагдаж байна цагдаагаас хүн ирээд утсыг нь аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/,

 

“Дамно” ХХК-ийн “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 380.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/, 

 

Хар өнгийн самсунг А-9 про загварын гар утсыг 2021 оны 10 сарын 19-ний өдрийн 13:30 цагт хохирогч Э.А д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 67/,

 

Яллагдагч Н.З ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2021 оны 10 дугаар сарыг 14-ний өдөр  16 цагийн орчим санагдаж байна, Баялаг-Ундараа төврүү орчоод гараад явж байтал Баялаг-Ундраа төвийн урдуур, зүүн тийшээ Нарантуул захын бараа руу ордог хаалга руу хар өнгийн куртиктэй эмэгтэй хүн явж байхаар нь харахад, зүүн талын халаасанд хар өнгийн утас харагдахаар нь араас нь дагаж явж байгаад утсыг халааснаас аваад замдаа утсыг нь унтраагаад Баялаг-Ундраа төвийн үүдэнд маск зардаг С.О  гэх хүнд миний утас байгаа юм, утсыг түр авч бай гэж хэлж өгчөөд тэр хавиар архи уугаад явж байгаад цагдаад баригдсан.

Миний хувьд утсыг хохирогчид буцааж өгсөн. Ам бүл ганцаараа, эрхэлсэн тодорхой ажилгүй, согтууруулах ундаа нилээд их хэрэглэдэг. Тухайн өдөр уучихсан байсан болохоороо хулгай хийсэн. Дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 46/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс Н.З ын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 49-66/,

Мөрдөн байцаалтыг яллагдагч оргон зайлсан үндэслэлээр түдгэлзүүлсэн 2022 оны 05 сарын 04-ний өдрийн 11 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 100/, мөрдөн байцаалтыг сэргээх тухай 2022 оны 09 сарын 14-ний өдрийн 19 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 102/, яллагдагчаар цагдан хорих тухай 2022 оны 09 сарын 15-ны өдрийн 694 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 113-114/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Гэм буруугийн талаар:

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог. 

 

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээ буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэж, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр эд зүйлсийг авч хор уршгийг зориудаар хүсэж үйлдсэн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Н.З  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.З ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч Н.З ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, болон шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.  

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд шүүгдэгч Н.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч Э.А  нь “Утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна. Миний хувьд одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон” гэсэн мэдүүлэг өгсөн, гар утсыг нь мөрдөгч хураан авч түүнд хүлээлгэн өгсөн байх учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

 

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Н.З ын хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “хохирогчид учруулсан хохирлыг бүрэн барагдуулж гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болсон” гэх нөхцөл байдал шүүгдэгч Н.З ын хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.З т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрийг төлсөн байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг бага хэмжээгээр оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Н.З  нь хэргийн учир 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 20 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.З ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З ыг зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З ын цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.З т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                     

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ