Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/667

 

 

 

 

 

    2022        06         22                                    2022/ШЦТ/667

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр;

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

Улсын яллагч: Ц.Хулан;

Шүүгдэгч: Г.Б;

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Батзориг;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

Шүүгдэгч Г.Б:  Монгол Улсын иргэн, 19.. оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ө.. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, даатгалын эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эх, ах, бэр эгч, охины хамт оршин, урьд:

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ий өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ХМШЗ/225 дугаар шүүгчийн захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу торгох ялыг эдэлж дууссанд тооцсон,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөчин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/736 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 188 цагийн ялыг хорих ялаар сольж, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ялын хугацаа дууссан, хэрэг хариуцах чадвартай.   

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

Г.Б нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ““ иргэн Г. У-ыг “Солонгос Улс руу гэрээт ажилтнаар гаргаж өгнө” гэж хуурч итгүүлэн, түүнээс 4.000.000 төгрөгийг ХААН банкны дансаар авч залилсан,

2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ““ иргэн Г. Нг “Солонгос Улс руу гэрээт ажилтнаар явуулах виз гаргаж өгнө” гэж хуурч итгүүлэн, түүнээс 10.000.000 төгрөгийг Б.Б-ийн эзэмшлийн ХААН банкны дансаар дамжуулан авч залилсан,

2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ““ хохирогч Н. Сд “Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмчилгээний виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч, ХААН банкны дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ““ үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Э” оффисын тоотод хохирогч Л.Бт “Бүгд Найрамдах Солонгос Улс руу виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 3.000.000 төгрөгийг ХААН банкны данс руу шилжүүлэн авч залилсан,

2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ““ байрлах ““ үйлчилгээний төвд, хохирогч М.Бг “Бүгд Найрамдах Солонгос Улсад эмчлүүлэх эмчилгээний визэнд зуучилна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Б.Жын эзэмшлийн ХААН банкны дансанд 1.450.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар сарын хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Оыг “Бүгд Найрамдах Солонгос Ард Улс руу эмчилгээнд явуулахаар визэнд зуучилж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1.450.000 төгрөгийг Б.Жын эзэмшлийн ХААН банкны данс руу шилжүүлэн авч залилсан,

2021 оны 06 дугаар сарын 29-30-ны өдрийн хооронд ““ хохирогч М.Цийг “Солонгос хэлний шалгалтад тэнцүүлж өгнө, Солонгос улс руу гэрээт ажилтнаар явуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан 5.500.000 төгрөгийг залилж авсан,

2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ““ иргэн Б.Бг ““ зочид буудалд байхад нь “Солонгос Улс руу виз гаргаж өгнө” гэж хуурч 2.500.000 төгрөг залилж авсан,

 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ““ хохирогч Д.Дыг “Солонгос Улс руу эмчилгээний виз гаргаж өгнө” гэж хуурч, түүнээс 1.450.000 төгрөгийг ХААН банк дахь Б.Жын эзэмшлийн данс руу тус тус шилжүүлэн авч залилан үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 32.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокуророос Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г. Н /1хх-ийн 20-21, 23/, гэрч Б.Б /1хх-ийн 25-26, 2хх-ийн 181-182, 4хх-ийн 37-38, 40/, гэрч О.М /1хх-ийн 33/, гэрч П.Г /1хх-ийн 35-36/, гэрч Ё.Г /1хх-ийн 38-39/, гэрч Т.П /1хх-ийн 41-42/, гэрч Ө.Ч /1хх-ийн 44/, гэрч Х.Б /1хх-ийн 47-48, 2хх-ийн 190/, хохирогч Э. С /1хх-ийн 197-198/, гэрч Б.Э /1хх-ийн 200-201/, гэрч Б.Ж /1хх-ийн 204, 206, 2хх-ийн 64, 104, 3хх-ийн 228-229, 4хх-ийн 31-33, 34-35/, хохирогч Л.Б /2хх-ийн 10-11/, хохирогч М.Б /2хх-ийн 54-55/, хохирогч Т.О /2хх-ийн 136-137/, хохирогч Г. У-а /2хх-ийн 179-180/, гэрч Г.А /2хх-ийн 188/, гэрч Ч.Д /2хх-ийн 192-193/, хохирогч М.Ц /3хх-ийн 112-114, 116/, гэрч Ц.Б /3хх-ийн 121-122/, гэрч Ц.Э /3хх-ийн 125-127, 129/, гэрч Ц.А /3хх-ийн 135-136/, гэрч Г.Б /3хх-ийн 144/, гэрч Б.А /3хх-ийн 148/, хохирогч Б.Б /3хх-ийн 215-216/, гэрч Э.Т /3хх-ийн 223-225/, хохирогч Д.Д /4хх-ийн 27, 29/,  нарын мэдүүлэг, О.Мын дансны хуулга /1хх-ийн 50-51, 54-56/, Ө.Ч дансны хуулга /1хх-ийн 57/, П.Гын дансны хуулга /1хх-ийн 58/, Ё.Г-гийн дансны хуулга /1хх-ийн 59/, Л.Бийн дансны хуулга /2хх-ийн 12/, М.Бгийн дансны хуулга /2хх-ийн 59/, Т.Оын дансны хуулга /2хх-ийн 138/, Г. У-ын дансны хуулга /2хх-ийн 177/, Г.Б-ийн дансны хуулга /1хх-ийн 63-69, 222-240, 2хх-ийн 203-240/, Б.Б-ийн дансны хуулга /1хх-ийн 70-75/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 78-82/, Г. Нгийн мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 86/, Э. Сгийн дансны хуулга /1хх-ийн 194/, Д.Дын дансны хуулга /4хх-ийн 52/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 13-14/, Б.Жын дансны хуулга /3хх-ийн 183-185, 249-250, 4хх-ийн 1-6, 58-60/, О.Н-ийн дансны хуулга /3хх-ийн 189/, Ц.Б-ний дансны хуулга /3хх-ийн 192-193/, М.Цийн дансны хуулга /3хх-ийн 194/, Б.Бгийн дансны хуулга /4хх-ийн 7/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 119-122/, хохирлын тооцоо /4хх-ийн 61/, Г.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 99, 126/, Г.Б-ийн өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-ийн 101-114, 3хх-ийн 8-12/, өмнөх ялаа эдэлж дууссан баримтууд /1хх-ийн 121, 3хх-ийн 15-16, 4хх-ийн 81/, Г.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 164, 170-171, 173-174, 250, 2хх-ийн 40, 116, 154, 246-247, 3хх-ийн 175, 246, 4хх-ийн 49/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нэр бүхий хохирогч нарын хүсэлт, хохирогч нарт хохирол төлсөн дансны хуулга зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сараас 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Дорнод аймаг, Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Г. Н, Г. У-а, Н. С, Л.Б, М.Б, Т.О, М.Ц, Б.Б, Д.Д  нарыг “Солонгос улсад ажиллах, эмчлүүлэх виз гаргаж өгнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь залилан мэхэлж авч бусдад 32.350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

хохирогч Г. У-ын /2хх-ийн 179-180/: “...Би гадаад улс руу гарч ажиллах сонирхолтой бөгөөд зуучлаад гаргачих хүн асууж байтал 10 жилийн сургуулийн найз Б “Солонгос Улс руу гэрээгээр хүмүүс гаргадаг компанид ажиллаж байгаа” гэсэн. Тэгэхээр нь би Бээр ажлын газрыг нь заалгаад ““ зочид буудлын 6 давхарт очиж Б гэдэг хүнтэй уулзсан. Б нь надад “2019 оны 5 дугаар сард гаргана, нийт 7.000.000 төгрөг авна” гэсэн. Би тухайн үед нялх хүүхэдтэй байсан болохоор очиж уулзаж чадаагүй. 5 дугаар сард хугацаа болоход 8 дугаар сард гарна гэж хэлсэн. Түүнээс хойш мөнгийг чинь буцааж өгнө гэсэн боловч одоог хүртэл миний мөнгийг өгөхгүй байна. ...Би найз Бээр дамжуулан Бтэй очиж уулзахад гэрээгээр 2 жилийн хугацаатай гаргана гэж хэлсэн. Урьдчилгаа мөнгийг ...Г.Б нь гол хариуцаж байгаа хүн нь гээд данс руу нь мөнгийг шилжүүлж байсан...” гэх мэдүүлгээр,

 

Г. У-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /2хх-ийн 177/,

 

гэрч Б.Б-ийн /2хх-ийн 181/: “...би найз нартаа “миний таньдаг хүн гэрээгээр хүмүүс Солонгос Улс руу гаргана гэж байна” гэж хэлсэн. Түүний дагуу  У-а “би явмаар байна” гэхээр нь Г.Б руу залгаж асуухад ““ дээр манай оффис дээр очоод гэрээгээ байгуулчих” гээд Б гэдэг хүний утасны дугаарыг өгсөн. Тэгээд Бтэй уулзахад “би материалыг нь хүлээж авдаг хүн”  гэж хэлсэн.  У-а гэрээгээ байгуулаад 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Х.Бгийн /2хх-ийн 190/: “... У-ыг Солонгос Улс руу гэрээт ажилтнаар явуулж өгнө гэж хэлэн мөнгө авсан явдал байхгүй. Тухайн үед Г.Б над руу залгаад “ У-а гэж хүнийг бүртгээд авчихаарай” гэж хэлж байсан. Тэгээд би бүртгээд авчихсан. ...Би бүртгэлийн ажилтан учраас бүртгэж авч байсан...” гэх мэдүүлгээр,

 

Г.Б-ийн дансны хуулгаар /2хх-ийн 203/,

 

Г.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 246/: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний ашигладаг дансанд “uyanga .....” гэсэн утгатай 4.000.000 төгрөг орж ирэхээр нь би Е7 ангиллын виз гарахад зарцуулах мөнгө байна гэж бодсон. ...Б надад  У-а гэх хүний визний материал болох гадаад паспорт эх хувиараа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, цагдаагийн тодорхойлолт гэх  материалыг авчирч өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Г. Нгийн /1хх-ийн 20-21, 23/ “...2019 оны 08 дугаар сард манай арван жилийн найз болох Б нь “гэрээгээр Солонгос Улс руу явах уу миний хамтарч ажилладаг найз болох Г.Б нь Солонгос Улс руу гэрээт ажилтнаар явуулах бүртгэл хийж байгаа, виз асуудалгүй гаргаж өгдөг юм” гэхээр нь гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад явах болж энэ талаараа Б-д хэлэхэд “за тэгвэл гадаад паспортын зураг, 4 хувь цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбараа манай үйл ажиллагаа явуулдаг оффис буюу Багшийн дээдийн автобусны буудлын хойд талд байрлах оффис дээр туслах болох ... гэсэн дугаартай холбогдоод материалаа өгчих” гэсэн. ...тэгээд уг өдрөөс хэд хоногийн дараа Б гэгчтэй хамтарч ажилладаг захирал гэх залуу нь миний утас руу залгаад “мөнгөө шилжүүлэхгүй бол бүртгэлээс хасна” гэж хэлээд над руу мессежээр ХААН банкны дансыг явуулсан. Тэгээд 19 цаг 30 минутын үед уг дугаараас “дүү яасан талаараа хариу өгчих” гэж мессеж бичээд утсаар залгаад яаруулаад байхаар нь уг өдрөө буюу 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн ХААН банкны данснаас 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэхдээ тухайн үед би арван жилийн найз болох Бийн ХААН банкны данс руу найдвартай байх гэж бодоод шилжүүлсэн.  ...Г.Б гэгчийн ээж нь 2020 оны 09 дүгээр сард уулзахад “2021 оны 02 дугаар cap буюу цагаан сарын өмнө мөнгийг чинь өгч дуусгах болно, цагдаагийн байгууллагад өргөдөл битгий өгөөч” гэсэн болохоор нь би итгэж, найдаад өдийг хүртэл хүлээсэн. ...нийт 2.000.000 төгрөг барагдуулсан байгаа...” гэх мэдүүлгээр,

 

Г. Нгийн мөнгө шилжүүлсэн баримтаар /1хх-ийн 86/,

 

гэрч Б.Б-ийн /1хх-ийн 25-26, 2хх-ийн 181, 4хх-ийн 40/: “...2018 оны намар 10 дугаар сард байх Г.Б гэнэт залгаад “уулзах хэрэгтэй байна, хүрээд ир” гэхээр нь очиж уулзтал “одоо манай компани 2019 оны Солонгосын ажлын гэрээний хүмүүсийг бүртгэж авч байна, чамд явах хүсэлтэй хүн байна уу” гэхээр нь ...энэ талаар би нэг орой найз нартайгаа хоол идээд сууж байгаад хэлж байсан. Түүнээс хойш манай найз нараас “бүртгүүлмээр байна, яах уу” гээд надаас Г.Б-гийн дугаарыг аваад  У-а, М, У, Ц,  Н нар бүртгүүлээд хэн ч яваагүй байгаа. ... би Г.Бтай яриад “2.000.000 төгрөг түр зээлээч” гэтэл “одоо танай ангийн  Н гэх хүн бүртгүүлнэ гэсэн, чам руу мөнгө шилжүүлнэ, тэр мөнгөнөөс 2.000.000 төгрөг зээлээд үлдэгдлийг нь миний данс руу явуулчих” гэсэн. Удалгүй  Нгаас 10.000.000 төгрөг миний данс руу орж ирэхээр нь би шууд 8.000.000 төгрөгийг нь Г.Б-ийн ХААН банкны данс руу шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

Г.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 165/: “...Г. Н гэх хүн над руу залгаад “Солонгос улс руу ажлын гэрээгээр явуулдаг юм уу” гэж асуухад нь “тийм, манай компани нэг хүнийг 5.000.000 төгрөгөөр гарна” гэж хэлсэн. ...тэр оройноо миний данс руу 8.000.000 төгрөг орсон. Би тэр мөнгийн өмнө манай компаниар Солонгос явах гэж байгаад болилоо гэсэн хүмүүсийн мөнгийн буцааж өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Л.Бийн /2хх-ийн 10/: “...2021 оны 05 дугаар сард фейсбүүкээр зар харж байгаад “Бүгд Найрамдах Солонгос улс руу эмчилгээний визэнд зуучилна” гэх зарын дагуу холбогдсон. Тэгтэл намайг ““ гэх газрын  өрөөнд ирээрэй” гэсэн. Тэгээд би 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ““ оффисын 1001 өрөөнд очиход Г.Б гэх хүн надтай уулзаж “14 хоногт эмчилгээний виз гаргана, 8.000.000 төгрөгийн зардал гарна, урьдчилгаа 3.000.000 төгрөг болно, хилээр гарсны дараа үлдэгдэл 5.000.000 төгрөгөө өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд би 05 дугаар сарын 13-ны өдөр өөрийн ХААН банкны  данснаас Г.Б-ийн ХААН банкны данс руу ““ гэх утгатайгаар 1.000.000 төгрөг, ““ гэх утгатайгаар 2.000.000 төгрөг шилжүүлж нийт 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл 14 хоногийн хугацаа нь дууссан байхад миний виз гараагүй ба Г.Бтай холбогдох гэсэн боловч гар утас нь холбогдохгүй болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

Л.Бийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /2хх-ийн 12/,

 

Г.Б-ийн дансны хуулгаар /2хх-ийн 31/,

 

Г.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 40/: “...Би Л.Бт учруулсан 3.000.000 төгрөгийн хохирлоос барагдуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Э. Сгийн /1хх-ийн 197-198/: “...2021 оны 05 дугаар сарын 14- ний өдөр ““ нэртэй цахим хаягтай фейсбүүк хуудсанд Солонгос улс руу эмчилгээний виз гаргана гэх зар байршуулсан байсан. Тэгээд би тухайн хуудасны чатаар мэдээлэл авахаар харилцахад надад оффисынхоо байршил утасныхаа дугаарыг хэлж өгсөн. Тэгээд зааж өгсөн хаягаар нь ““ дугаартай өрөөнд очиход намайг ““ компанийн захирал гэх Г.Б гэх нэртэй залуу намайг угтан авч уулзсан. Тэгээд тэр залуу надад “14 хоногийн дотор эмчилгээний хуурамч түүх гаргаад дараагаар нь эмчилгээний визэнд хамруулна” гэж хэлсэн. Тэгээд тэр залуугийн ХААН банкны дансанд өөрийн данснаас 3.000.000 төгрөг урьдчилгаа болгон шилжүүлсэн. Тэгээд би 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Г.Б-д визэнд ороход шаардлагатай үлдэгдэл материалуудаа өгөхөд Г.Б “одоо удахгүй энэ материалуудыг хавсаргаад визэнд хамруулна” гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш би Г.Б-ийн дугаар руу удаа дараа залгасан боловч утсаа авахгүй сүүлдээ гар утас нь холбогдохгүй болсон...” гэх мэдүүлгээр,

 

Э. Сгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /1хх-ийн 194/,

 

Г.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 250/: “...Би  Сд учруулсан 3.000.000 төррөгийн хохирлоос төлж барагдуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Т.Оын /2хх-ийн 136-137/: “...2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ““ гэх фейсбүүк хуудаснаас “эмчилгээний виз 8.600.000 төгрөгөөр гаргаж өгнө” гэх зарын дагуу тухайн хуудас руу хандаж мэдээлэл авсан. Тэгээд 03-ны өдөр ““ байрлах ““ групп гэх оффисын  хаягаар очиж Б гэдэг хүнтэй уулзсан. Тэгээд визний талаар зөвлөгөө өгч надаас миний хувийн мэдээллийг асуугаад “таны виз гарах боломжтой юм байна” гээд надаас бичиг баримт, гадаад паспорт авч би дансаар 1.450.000 төгрөг шилжүүлсэн. ...Тэгээд манай эхнэр Соёл оффис руу нь 7 дугаар сарын 30-ны өдөр очтол өрөөнд хүн байхгүй гэхээр нь хажуу талын тоотоос асуухад “танд виз гаргаж өгнө гэж хэлсэн үү, баахан хүмүүс ирээд бөөн юм болоод цагдаа нар ирээд аваад явсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Т.Оын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /2хх-ийн 138/,

 

хохирогч М.Бгийн /2хх-ийн 54-55/: “...2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би фейсбүүк зар харж байгаад “Бүгд Найрамдах Солонгос Улсын эмчилгээний визэнд зуучилна” гэх зарыг харж чатаар нь холбогдсон. Тэгтэл чатаар над руу оффис хаяг болох Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, Бөхийн Өргөөний дэргэдэх ““ гэх үйлчилгээний газрын 10 давхарт ““ гэх хаягтай, ...байсан. Би утсаар нь холбогдож цаг авч байгаад 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчим оффис дээр нь очиж уулзахад өөрийгөө Б гэж танилцуулсан залуу надад зөвлөгөө өгч, “...захирал Б.Ж гэх хүний данс руу урьдчилгаа 1.450.000 төгрөг шилжүүлчих...” гэж хэлсний дагуу би урьдчилгаа мөнгийг нь шилжүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б гэх залууд өөрийн гадаад паспорт, цээж зургийн хамт аваачиж өгсөн. ...Би 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б.Ж гэх хүний ХААН Банкны данс руу өөрийн  данснаас төгрөг шилжүүлсэн...”

 

М.Бгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /2хх-ийн 59/,

 

Б.Жын дансны хуулгаар /2хх-ийн 121/,

 

 Г.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 154/: “...Тухайн үед миний данснуудыг Шүүхийн шийдвэрээр хаасан байсан тул Жыг дансаа ашиглуулаач гэж гуйгаад дансыг нь ашигласан. ...хүмүүсийг Солонгос улс руу эмчилгээний визэнд зуучлахад урьдчилгаа болгож нэг хүний 1.450.000 төгрөгийг Жын ХААН банкны дансанд авч байсан. Тухайн хүмүүс нь гүйлгээний утга дээрээ өөрсдийн овог нэр, визний мөнгө гэсэн утгатай зүйлс бичиж байсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Д.Дын /4хх-ийн 29/: “...2021 оны 06 дугаар сард фейсбүүк үзэж байхад Солонгос улс руу эмчилгээний виз гаргана, ““ төлөөлөгчийн газар гэсэн пэйж хуудас байсан. ...урьдчилгаа 1.450.000 төгрөгийг Ж гэх эзэмшигчтэй ХААН банкны дансны дугаар руу шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Д.Дын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /4хх-ийн 52/,

 

хохирогч М.Цийн /3хх-ийн 112-116/: “...Б нь миний найз байгаа юм. Тэгээд бид хоёр анх Солонгос улс руу явах зорилгоор эхлээд бүртгэлийн мөнгө гэж нэг хүний 500.000 төгрөг буюу нийт 1.000.000 төгрөгийг Б-ы Голомт банкны данснаас Г.Б гэгчийн хэлсэн ХААН банкны О.Н гэгчийн ХААН банкны данс руу 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Мөн дараа нь Г.Б-ийн хэлснээр шалгалтад тэнцүүлэх урьдчилгаа гэх нэг хүний 2.500.000 төгрөгийг Г.Б-ийн хэлсэн Б.Ж гэх эзэмшигчтэй ХААН банкны данс руу... бид хоёр нийлээд 5.000.000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

М.Цийн дансны хуулгаар /3хх-ийн 194/,

 

хохирогч Б.Бгийн /3хх-ийн 215-216/: “...”“ байрлах ““ гэх кофе шопод Т бид хоёр ирэхэд нэг залуу бид хоёрыг хүлээгээд тухайн газар сууж байсан. Уг залуу өөрийгөө хэлтэст мэргэжилтэн хийдэг гэж танилцуулсан. ...тэгсэн уг хүн эхний ээлжид одоо 2.500.000 төгрөг шилжүүлчих, дараагийн ээлжид хэлний шалгалтыг чинь аргалах  төгрөгөө шилжүүлээрэй гээд надад ХААН банкны Ж гэх хүний данс байсан. Тэгэхээр нь уг данс руу өөрийн ХААН банкны данснаас 2.500.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Б.Бгийн дансны хуулгаар /4хх-ийн 7/,

 

гэрч Б.Жын /2хх-ийн 142/: “...Г.Б нь надтай холбогдох болгондоо “махны мөнгө орж ирнэ, гадаадаас мөнгө ирэх ёстой, чиний дансаар дамжуулаад авъя” гэх мэтээр ярьж ятгаж байгаад миний иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа, ХААН банкны интернэт банкны нэвтрэх нууц үг, нэвтрэх нэр, гүйлгээний нууц үг зэргийг авсан...” гэх мэдүүлгээр,

 

Г.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 49/: “...32.350.000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ дээрх хохирлоос 2.000.000 төгрөгийг хохирогчид өгсөн мөн үлдсэн хохирлыг төлж барагдуулах болно. Миний бие нь иргэдийг Бүгд найрамдах Солонгос улс руу гаргах виз болон эмчилгээний визтэй холбоотой бичиг хэргийн, орчуулгын, эмчилгээний цаг авах зэрэг зардалд мөнгөний тодорхой хэмжээг зарцуулсан. Мөн би өөрийн өр зээлтэй хүмүүст өгч барагдуулсан...” гэх мэдүүлэг болон дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 119-122/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Г.Б-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь БНСУ-н виз гаргуулах гэсэн хохирогч нартай харьцаж “БНСУ-д гэрээгээр ажиллах болон эмчилгээний виз найдвартай гаргана” гэж ятган үнэмшүүлж визний хураамж нэрээр мөнгө хураасан, хохирогч нарын дээрх байдлаар Г.Б-д хууртагдан хохирсон болохыг хохирогч нар өөрсдөө болон гэрч, шүүгдэгч нарын хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нарын Г.Б-д мөнгө шилжүүлсэн баримтуудаар тэдэнд учирсан хохирол тогтоогдсон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Г.Б нь нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч Г.Б-ийн эрхэлж байсан ажил, албан тушаал нь гадаад орны виз олгох асуудалтай холбоогүй, энэ талаар эдлэх эрх, давуу байдал үгүй байсан бөгөөд иргэдэд тухайн улсын виз олгогдох эсэх нь дан ганц тухайн улсын дипломат төлөөлөгчийн газар, эрх бүхий албан тушаалтнаас гадны нөлөөгүйгээр шийдвэрлэх асуудал бөгөөд Г.Б-гаас үл хамаарахаар байтал өөрт байхгүй эрх хэмжээнд иргэдэд амлалт өгч, өөрөөс нь үл хамаарах, биелэгдэх боломж багатай асуудлын үр дүнгийн талаар зохиомол амлалт өгч мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь бодитой бус үйл ажиллагааны төлбөрт авч байгаа нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Бүгд Найрамдах Солонгос Улсад гэрээгээр ажиллах, эмчилгээний виз гаргаж өгөх нэрийдлээр хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн өөрийн эзэмшилдээ авч буй Г.Б-ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

           Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоов.

 

Шүүх Г.Б-д тодорхой нийтэд тустай ажил хийлгэхийг даалгаагүй учир нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэх учиртайг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон хохирол, гэм хор болох хохирогч Г. У-ын 4.000.000 төгрөг, Г.Нгийн 8.000.000 төгрөг, Э.Сгийн 3.000.000 төгрөг, Л.Бийн 3.000.000 төгрөг, М.Бгийн 1.450.000 төгрөг, Т.Оын 1.450.000 төгрөг, М.Цийн 5.500.000 төгрөг, Б.Бгийн 2.500.000 төгрөг, Д.Дын 1.450.000 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн дансны хуулга, хохирогч нарын хүсэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 1. Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 600 (зургаан зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ