| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2022/0612/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/668 |
| Огноо | 2022-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/668
2022 06 22 2022/ШЦТ/668
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Д.Даваадорж;
Шүүгдэгч: Т.Э;
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Т;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;
Шүүгдэгч Т.Э Монгол Улсын иргэн, 20.. оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Т.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө буюу 03 цагаас 07 цагийн үед Э.Үыг “бусадтай унтсан” гэх зүйлээр шалтаглан үснээс зулгаах, чирч шал, зуух мөргүүлэх, хоёр хацар руу удаа дараа алгадах, цээж рүү нь цохих, газарт унагааж байгаад дэвсэх зэргээр зодож түүний биед “...дух, баруун хөмсөг, нүдний гадна булан хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хүзүү, зүүн мөр, бугалга, зүүн тохой, зүүн бугуйн үе, баруун шилбэний цус хуралт, баруун хацар, хамрын зүүн угалзны зулгаралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокуророос Т.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ: “Найз охинтойгоо лагерь явахын өмнө эвлэрсэн байсан. Лагерь дээр очоод М, Ү хоёр муудсан. Энэ үед С “Үыг өөр эрэгтэйтэй унтсан” талаар хэлсэн. Ингээд би биеэ барьж чадаагүй. Хүний биед халдсан нь миний буруу. Өөр нэмж ярих зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Ү /хх-ийн 21-22, 24-25/, гэрч О.С /хх-ийн 30-31/, насанд хүрээгүй гэрч А.М /хх-ийн 33-35/, гэрч Т.Ш /хх-ийн 37-38/ нарын мэдүүлэг, Э.Үын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5498 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42/, хохирлын баримт /хх-ийн 67-68/, Т.Э-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 49-55/, Т.Э-ийн дансны хуулга /хх-ийн 56-65/, Т.Э-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7-8, 10-11/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнийн 03-07 цагийн үед ““ тоотод иргэн Э.Үыг “бусадтай унтсан” гэх зүйлээр шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Э.Үын /хх-ийн 21-22/: “...2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр найз залуу Т.Э-ийн хамт найз М-ийн зуслан болох ... түүний найз залуу С-ын хамт очсон. Тэгээд шөнө 03 цагийн орчимд би найз Мтэй “чи намайг тоохгүй байна” гэх зэргээс болж маргалдаад бие, биеэ үсдэлцээд салсан. Тэгтэл Мийн найз залуу С түүнийг өмөөрөөд намайг өөрийн нь ихэр залуутай хоносон гэж найз залуу Т.Э-д хэлсэн. Т.Э энэ үгийг сонсоод намайг үсдэж аваад зодож эхэлсэн. Энэ байдал өглөөний 07 цаг хүртэл үргэлжилсэн. Тэгээд намайг хөөж гаргасан ба би гараад зам мэдэхгүй гудамжаар алхаж байгаад нэг айлын гэрээс утаа гарч байхаар нь хаалгыг нь цохиод утас гуйж цагдаа дуудсан. ...Намайг хоёр гараараа үснээс зулгааж чирээд зуух мөргүүлсэн. Мөн шал мөргүүлээд байсан. Олон удаа хоёр хацар руу цохиод байсан. Миний цээж рүү гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Мөн газарт унагааж байгаад дэвсэх гэх мэтээр 2-3 цаг үргэлжилсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч О.С-ын /хх-ийн 30-31/: “...Тухайн өдөр би Ү, найз Т.Э, найз Мийн хамт Мийн зуслангийн байшинд ээж нь хүргэж өгсөн. Тэгээд бид нар хоол хийж идээд тоглож байгаад 2 ширхэг том пиво авч түүнийгээ уусан. Тэр пивоноос М бид хоёр уугаагүй Т.Э, Ү хоёр уг пивийг уусан. М бид хоёр унтаж амрах гэж байтал Ү бид хоёрын хажуугаар орж ирээд Мийг үсдээд авсан. Ямар шалтгаанаар М рүү дайрсныг бол мэдэхгүй, үснээс нь зулгаагаад гараа атгаж байгаад Мийн нүүр рүү хэд хэд цохисон. Т.Э бид хоёр салгасан. Тэгтэл Ү шалтгаангүй над руу хэл амаар дайраад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд найз залуу Т.Э-д нь “энэ чамаас салсан байхдаа өөр залуутай хоносон” гэж хэлсэн. Тэгтэл Үыг сууж байхад нь Т.Э шууд нүүр рүү нь баруун гараараа алгадсан. Тэгээд зодсон ба би салгахаар дахиж гүйж очоод зодоод байсан. Би 4-5 удаа салгасан. Тэгээд гайгүй болоод байж байгаад өглөө гэгээ орсон байхад хашаанаас гараад яваад өгсөн. Т.Э, М бид гурав үлдсэн. Тэгээд би унтаад өгсөн байсан. Тэгтэл М намайг цагдаа ирсэн гэж сэрээсэн ба сэрэхэд Т.Э-г аваад яваад өгсөн. Мийн ээж ирээд бид хоёрыг аваад явсан. Ийм зүйл болсон. ...Тэр хоёр бол нилээд согтуу байсан ба хоёулхнаа 2 литрийн пиво хоёрыг уусан байсан. ...Дандаа гараараа мөрнөөс нь дээш нүүр хэсэг рүү нь цохиод байсан. Мөн үстэж чирсэн ба Ү түүнээс зугтаад “00”-ын өрөөнд ороод дотроосоо цоожилсон. Тэгтэл “00”-ын өрөөний цонхыг Т.Э хагалсан...” гэх мэдүүлгээр,
насанд хүрээгүй гэрч А.Мийн /хх-ийн 33-35/: “...Тухайн өдөр манай зуслан руу найз С, Ү, Т.Э бид дөрөв агаарт гарахаар очсон. Манай ээж бид дөрвийг хүргэж өгсөн. Тэгээд бид дөрөв хоол унд хийж идээд дээшээ гараад унтах гэтэл Ү унтахгүй гэж хэлээд байсан. Тэгээд би “ээж өглөө эрт ирнэ, эртхэн унтаж амаръя, ганц өдөр хэдүүлээ гоё байж байгаад ээжийг ирэхээр явъя” гэж хэлсэн. Тэгтэл Т.Э рүү харж байснаа намайг “энэ надтай ингэж ярьдаг болсон юм уу, муу бацаан чинь” гэж хэлээд миний мөр рүү гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би гарыг нь түлхсэн. Тэгтэл Ү “чи муу ямар овоо юм бэ” гэж хэлээд намайг үснээс зулгаасан. Тэгэхээр нь би зөрүүлээд түүний үснээс нь зулгаасан ба Т.Э, С хоёр салгасан. Би уйлаад гэрээс гарсан. Тэгтэл ард С “чи яагаад найзыгаа ингэж байгаа юм бэ” гээд Үыг “чи Т.Эрднэтэй үерхэж байхдаа С гэж манай ихэр залуутай унтсан биз дээ гэж хэлсэн” гэсэн. Би гадаа сууж байхад дотор аймаар чанга дуу гараад байхаар нь ортол Т.Э, Үыг үснээс нь зулгаасан байж байсан. Тэгээд Т.Э нь Үыг зодоод байсан. Тэгээд Үыг яв гэж хэлээд тэрээр гараад яваад өгсөн. Тэгтэл эргээд цагдаа дагуулаад ороод ирсэн, ийм зүйл болсон. ...С бид хоёр огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, Т.Э, Ү хоёр пиво уусан байсан. ...Т.Э Үын үснээс нь зулгаагаад түүний нүүр рүү гараараа алгадаад байсан. ...Үын нүүр хөхөрсөн байсан. Өөр юм анзаарагдаагүй ба тэрээр улайгаад хөхөрсөн юм шиг л харагдсан...” гэх мэдүүлгээр,
Э.Үын биед “дух, баруун хөмсөг, нүдний гадна булан хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хүзүү, мөр, бугалга, зүүн тохой, зүүн бугуйн үе, баруун шилбэний цус хуралт, баруун хацар, хамрын зүүн угалзны зулгаралт” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5498 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 41-42/,
Т.Э-ийн яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 10-11/: “...Би найз охинтойгоо урьд маргалдсан байж байгаад урд өдөр нь эвлэрээд хамт хоносон. Тэгээд маргааш нь ...ажил дээрээ байж байтал Ү, М, түүний найз С ...нар нь түүний зуслан явъя гэж хэлээд хүрээд ирсэн. Тэгээд орой 21 цаг өнгөрч байхад би ажлаа тараад тэд нартай Мийн зуслангийн байшинд очсон ба бид нар хоол хийж идээд пиво уусан. Бид нар юм яриад сууж байтал манай найз охин Ү нь М гэдэг найзтайгаа муудалцаж, улмаар маргалдаж, үсдэлцээд ноцолдож байгаад Ү нь Мийг найз залуугийнх нь хажууд “чи залуутай уулзаж байсан биз дээ” гэх зэргээр хэлсэн. Тэгтэл М уйлаад гараад яваад өгсөн. Удалгүй Мийн найз С уурлаад Үыг “чи ч гэсэн манай найз Стэй хэдэн хоногийн өмнө унтаа биз дээ” гэж хэлээд найз охиноо өмөөрөөд миний хажууд хэлсэн. Миний найз охин угаасаа урд өмнө нь Стэй харьцдаг байсан мөн олон залуучуудтай харьцдаг байсан. Гэхдээ урд өмнөх зүйл нь надад хамаагүй гэж боддог ба жаахан эмзэглэж явдаг байсан. Тэгээд надад “саяхан хүнтэй унтсан” гэхээр нь уур хүрээд хэдэн удаа алгадаад, нэг удаа үснээс нь зулгаасан. Өөр зүйл болоогүй ба Ү 1 дүгээр давхар руу буугаад явсан. М, С хоёр намайг тайвшруулаад байж байтал Ү эргэж ирээд надтай юм ярих гэхээр нь би “чамтай юм яримааргүй байна, чи зайл” гэж хэлсэн. Тэгээд гараад явсан ба хэсэг байж байгаад хоёр цагдаа дагуулаад ороод ирсэн. ...Баруун, зүүн хацарт нь гараа дэлгэж байгаад алгадсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Т.Э-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Т.Э нь Э.Үыг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Т.Э-ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 650 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтын шатанд гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон гэм хор, хохирол болох 290.000 төгрөгийг шүүгдэгч Т.Э нь нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-г 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ