Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар    2022/ШЦТ/1450

 

 

 

 

 

 

 

  2022         10         07                                   2022/ШЦТ/1450

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч В.Б  нарыг оролцуулан тус шүүхийн Ё танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт В.Б ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 03476 2933 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, В.Б .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.Б ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Э ын эзэмшлийн “Тоёота марк-Х” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, копутыг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч В.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 03476 2933 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч В.Б  нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Э ын эзэмшлийн “Тоёота марк-Х” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, копутыг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Нүдэж нүдэж онгойлгохдоо хойд аав нь гартаа замын боржур барьчихсан гарч ирээд “та нар яах гээд байдаг юм” гээд машины жолооч талын харалдаа салхины шил рүү шидсэн. Хүүхэд уйлаад би сандарсандаа машинаас буугаад эхнэртээ хүүхдээ өгөөд В.Б ын гарнаас бариад хашаа руу нь оруулах гэж ноцолдсон. Хашаа руу нь оруулаад хашааны хаалгыг дарж нилээн удаа зогсож байхдаа эхнэртээ “машинаа холдуул” гэж хэлэхэд бага хүүхэд маань айгаад уйлаад байсан учир холдуулж чадаагүй. Би өөрөө машин руу гүйж очих хооронд В.Б  нь араас хүрзний иш шиг бүдүүн мод барьж ирээд машины копутыг хэд хэдэн удаа цохисон. Энэ хооронд эгчийнх нь нөхөр Отгон гарч ирээд В.Б ыг барьж байх хооронд нь эхнэр хүүхдээ аваад машинтайгаа зугтсан. Зугтах явцад араас чулуу шидсэн. Гэрээсээ гараад гудамжны үзүүр хүртэл араас дагасан. Би далан уруудаж явж байхдаа цагдаа дуудсан. Цагдаа нарыг ирэхэд хамт буцаж очсон. Буцаж очиход дахиж бид нар руу дайрсан. Эхнэр бага хүүхдээ аваад байж байхад хүүхэд рүү маань гараараа далайгаад дайрахад цагдаа голоор нь орж барьж аваад цагдаагийн машин руу хийгээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/,

 

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар “үнэлгээгээр тогтоогдсон дүн 480.000 төгрөг гэх” хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээ, гэрэд зургийн үзүүлэлт /хх-ийн 28-29/,

 

Шүүгдэгч В.Б ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“Би 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би архи уугаад байж байтал манай охин Ж  нөхөр Э  нарын хамт манай гэрт ирсэн. Тэгээд бид хэд байж байтал манай хүргэн Э  “архи уулаа” гээд байхаар нь би Э той маргалдаж байгаад уурандаа боржурны хэлтэрхий аваад хашаа дагуулаад шидтэл Э ын машины шилийг хагалчихсан... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хандан хохирогч Г.Э ын гаргасан “иргэн Э  би хадам аав В.Б од гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулж өгнө үү.” гэх хүсэлт /хх-ийн 54/,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хандан шүүгдэгч В.Б ын гаргасан “иргэн В.Б  миний бие Э ын машины шилийг хагалсан нь үнэн. Миний хэргийг хялбаршуулж өгнө үү.” гэх хүсэлт /хх-ийн 55/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: П.Отгоннямын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн /, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51/, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 603 дугаартай прокурорын тогтоол болон санал /хх-ийн 58-59/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч В.Б  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас В.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч В.Б  нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар В.Б од холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч В.Б ыг хохирогч Г.Э ын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч В.Б  нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар мөнгө нэхэмжлээгүй бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч В.Б ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч В.Б  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч В.Б ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ