Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2018/ДШМ/66

 

 

 

 

 

      

 

 

   2019          08            12                                          2019/ДШМ/66

 

 

 

Б.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Ө.Мөнхнавч,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун,

           Шүүгдэгч: Б.Э

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Э-д холбогдох эрүүгийн 1919001820108 дугаартай, 1 хавтас, 102 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Б.Э-ийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Э-т холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Б.Э 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ......... зочид буудлын .... тоот өрөөнд нэвтэрч хохирогч Х.Э-н эзэмшлийн Samsung Galaxy A9, хохирогч Б.Б-н эзэмшлийн IPhone X маркийн гар утаснуудыг хулгайлж, хохирогч нарт 3 440 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д 1 жил хорих ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,  

 

хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээхээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар,   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд ......... зочид буудалд Л, О нараас зугтааж орсон ба онгорхой өрөө байхаар нь ортол ширээн дээр 2 утас байхаар нь авах санаа төрөөд аваад гарчихсан юм. Тухайн өрөөнд хохирогч нарыг байсан болон утас байсныг мэдээгүй. Хүнээс зугтааж яваад онгорхой өрөө байхаар нь орсноос биш утас хулгайлах зорилгоор тэр өрөөнд очоогүй. Иймд намайг хулгайлах гэмт хэрэг үйлдэх зорилгоор орон байранд нэвтэрсэн гэж үзэж шийтгэл оногдуулсанд гомдолтой байна...” гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 3 440 000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг гар утсыг хулгайлсан нь тогтоогдож байгаа боловч “...” зочид буудлын 3 давхрын өөдөөс харсан өрөөнд яг ямар зорилготой орсон талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэнгүй. Шүүгдэгч Б.Э-ийн “...Л, О гэх хүмүүсээс зугтаж “...” зочид буудлын өрөө рүү орсон...” гэх тогтвортой мэдүүлгүүд хэрэгт авагдсан байдаг. ...Энэ хэргийн хулгай хийж байгаа сэдэлт, санаа зорилгыг тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар урдаас төлөвлөж, буудалд ийм хүмүүс орсон, эд нар архи уусан байгаа, согтохоор нь орж утсыг нь аваад ашиг олъё гэсэн байдлаар хандсан уу гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоож чадаагүй. Энэ өрөөнд нэвтэрч байгаа зорилго өөр, тухайн өрөөнд орсны дараа хулгай хийх сэдэлт санаа төрсөн нь хавтаст хэрэгт авагдсан гэрчээр өгсөн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээс харагддаг. Маргааш өглөө нь тухайн утаснуудыг хүлээлгэж өгөөд, баригдсан байдаг. Үүнээс үзэхэд буудал руу Л, О нараас зугтааж орсны дараа гар утас харагдахаар нь авъя гэсэн санаа сэдэлт төрсөн гэж дүгнэж болохоор байна. Иймд гар утаснуудыг хулгайлах санаа сэдэлт нь бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсний дараа төрсөн байгаа учраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар биш Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр байна...” гэв.

 

Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан Б.Э-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: ...өрөөний хаалга онгорхой байсан бөгөөд өрөөнд хаалганы харалдаа байрлалтай ширээн дээр гар утас ил тавьсан харагдсан. Тэгэхээр нь би тэр утсыг авах санаа төрөөд өрөө рүү дөхөөд... гэсэн байдаг. Эхлээд гаднаас нь тухайн хаалгыг онгорхой байхыг хараад тухайн гар утас байсан учраас гар утсыг авах санаа сэдэлт төрөөд, тухайн орон байранд нэвтэрсэн үйлдэл нь хэргийн материалаас харагддаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч гэм буруугийн тал дээр маргаагүй учраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан. Тухайн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул шүүхээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянавал:

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуульд зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол гэм буруу нь санаатай гэж үзэж, санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцдог.

 

Түүнчлэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан бол “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бол харин  “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг учиртай.    

 

Дээр дурдсан хууль болон хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох мэдүүлэг, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-6/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-7/, камерын хяналтын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-11-12/, шинжээчийн дүгнэлт /хх-38-40/ зэрэг нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд;         

 

Шүүгдэгч Б.Э 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ....... байрлах ... зочид буудлын 202 тоот өрөөнд нэвтэрч хохирогч Х.Э-н эзэмшлийн Samsung Galaxy A9, хохирогч Б.Б-н эзэмшлийн IPhone X маркийн гар утаснуудыг хулгайлж, хохирогч нарт 3 440 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байх ба түүнийг Эрүүгийн хуульд заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болжээ.

 

Нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүйн гадна гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон байх ба Эрүүгийн хуульд заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлажээ.

 

Хэдийгээр шүүгдэгч Б.Э-ээс “...Л, О нараас зугтааж буудал руу орсон, онгорхой өрөө байхаар нь ороход ширээн дээр 2 утас байсан учир авах санаа төрсөн, утас хулгайлах зорилгоор ороогүй” гэж мэдүүлж байх боловч энэ мэдүүлгийг нотолсон баримтгүйн гадна шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.  

 

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э үл таних 2 залуугаас зугтааж, ... зочид буудал руу орсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин ч үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу зочид буудал руу зохих зөвшөөрөлгүй орсон улмаар тус буудалд буусан, үйлчлүүлэгч нарын унтаж, амарч байгаа өрөө рүү сэм  нэвтэрч, ширээн дээрх 2 гар утсыг нууцаар авч гарсан, түүнийг буудлаас гарахад 2 залуу Б.Э-ийг дагаж явж байгаа зэрэг тус тус гэм буруутай үйлдэл камерын хяналтын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож, тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрчүүд мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн илэрхийлж байна гэж үзнэ.

 

Түүнчлэн шүүгдэгчийн “гар утсыг гэртээ авч очсон” нөхцөл байдлыг хулгайн эд зүйлсийг өөрийн эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон гэж үзэх төдийгүй дурдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Э-ийн үйлдсэн “хулгайлах” гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго бүрэн тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.   

  

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Э 41 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                   ШҮҮГЧИД                                    А.САЙНТӨГС

 

                                                                                                        Н.БОЛОРМАА