Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/ШШ2024/0015

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар, нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн, 

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн

          Шүүгч Г.Мөнхтулга      

Нэхэмжлэгч: Н.Н                                                          

Хариуцагч: Сонгуулийн ерөнхий хороо

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 6* дугаар  тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, “ҮЭ”-ийн жагсаалтад 1 дүгээрт нэр дэвшүүлсэн Н.Н-ыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгуулах”.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

     Хэргийн индекс: 221/2024/0026/З.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1164 дүгээр захирамжаар “Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 6* дугаар  тогтоолыг хүчингүй болгож, “ҮЭ”-ийн жагсаалтад 1 дүгээрт нэр дэвшүүлсэн Н.Н-ыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Сонгуулийн Ерөнхий хороонд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн.         

2. Нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 6* дугаар  тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, “ҮЭ”-ийн жагсаалтад 1 дүгээрт нэр дэвшүүлсэн Н.Н-ыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгуулах” гэж өөрчилсөн.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ:

3.1. Монголын ногоон намын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит бус 14 дүгээр Их Хурал, Монгол үндэсний ардчилсан намын 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ээлжит 6 дугаар Их хурлаар “ҮЭ” байгуулж, Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн. Улмаар Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 27 дугаар тогтоолоор “ҮЭ”-ийг Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцуулахаар бүртгэсэн. Тус эвслийн тэргүүнээр Н овогтой Н миний биеийг томилсон болно.

3.2. “ҮЭ”-ийн тэргүүний хувьд тойрогт нэр дэвшигчдээ дэмжиж ажиллахын тулд тус эвслийн жагсаалтын 1 дүгээрт орж нэр дэвшсэн. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 6* дугаар  тогтоолоор Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 29.9, 32.11, 33.1.2 дахь заалт Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 30к/999 дугаар лавлагааг үндэслэн нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй /авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно/ гэх үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

3.3. Н.Н  миний бие Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлгийн 23.5.1-д заасан шийтгэл хүлээсэн. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9 дэх хэсэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэдгийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан “Авилгын гэмт хэрэг”-ээр хязгаарлан ойлгодог. Ийм учраас Сонгуулийн Ерөнхий хорооны 2024 оны 6* дугаар  тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байна.

3.4. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9 дэх хэсэг буюу “Авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалтыг УИХ-аар хэлэлцэх үед Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргээр хязгаарлаж ойлгох бөгөөд албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн Эрүүгийн хуулийн бүхий л заалт хамаарахгүй гэж үзэж энэ талаар хууль тогтоогчийн үзэл санаа, хууль батлах үед хэлэлцэж байсан нь хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан.

3.5. “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Монгол Улсын Их хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 6.5.1-д “Авилга, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах” гэсэн зорилт туссан бөгөөд хүрэх үр дүн гэсэн хэсэгт Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг буюу Авлигын гэмт хэрэг бүлэгт хамаарах эрүүгийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгасан байна гэж дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурал "Авлига, албан тушаалын гэмт хэрэг" гэдгийг Авилгын гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргээр хязгаарласан.

3.6. "Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 6.5.1 дэх заалт: Зорилт 6.5. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана. 6.5.1 Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг буюу Авлигын гэмт хэрэг бүлэгт хамаарах эрүүгийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгасан байна. Түүнчлэн ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6/778 тоотод, "... Прокурорын байгууллагаас албан ёсоор тодруулахад, ... 2015 оны Эрүүгийн хууль /шинэчлэсэн найруулга/-ийн "Хорин хоёрдугаар бүлэг"-т заасан гэмт хэргүүдийг хамааруулан ойлгоно" гэсэн хариу ирүүлсэн болно." гэсэн нь Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлгийн 23.5.1 дэх хэсэгт заасан хэрэг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9 дэх хэсэгт хамаарахгүй болохыг салаа утгагүй, тодорхой бичжээ.

3.7. Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9 дэх хэсэгт заасан "Авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон" гэдгийг Улсын Их Хурлын 2020 оны сонгуулиар прокурорын байгууллагаас албан ёсоор тодруулж, маш тодорхой, салаа утгагүй хуулийг хэрэгжүүлж, нэг мөр ойлгож байсан нь дээрх 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 8/778 тоот албан бичгээр нотлогддог. Сонгуулийн Ерөнхий Хороо "ҮЭ"-ийн тэргүүн, тус эвслээс жагсаалтын 1 дүгээрт нэр дэвшигч Н.Н  миний биеийг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29.9-д заасан авилга, албан тушаалын гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлсэн тул нэр дэвшигчид тавигдах хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэснийг дээр дурдснаар хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэж тайлбарлаж байна.

          4. Хариуцагч Сонгуулийн ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

          4.1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагуудыг тодорхойлон хуульчилсан бөгөөд эдгээр тусгай шаардлагыг хангаж буй эсэхийг Сонгуулийн ерөнхий хороо өөрөө тогтоох эрхгүй, холбогдох эрх бүхий байгууллагаас лавлагаа, тодорхойлолт авахаар хуульчилсан болно. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9-д зааснаар авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглох бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9-д зааснаар нэр дэвшигч нь энэхүү шаардлагыг хангаж буй эсэхийг эрх бүхий байгууллага тодорхойлж, нэр дэвшигч нь энэхүү тодорхойлолт, лавлагааг хуульд заасан хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 53 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг ҮЭ-ээс  нэр дэвшүүлсэн нийт 72 хүний хуульд заасан баримт бичгийг 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 20 минутад хүлээн авсан.

          4.2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т "Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана." гэж заасны дагуу ҮЭ-ийн  Удирдах зөвлөлийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тус эвсэл нь нийт 47 хүнийг тойрог, 25 хүнийг жагсаалтаар нийт 72 хүнийг нэр дэвшүүлж, хуульд заасан холбогдох бусад баримт бичгийг хүн тус бүрээр бүрдүүлэн хүлээлгэн өгсөн.

          4.3. Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн байгууллага нь ял шийтгүүлсэн хүний талаар тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сүлжээ, сан үүсгэн ашиглах бөгөөд мөн хуулийн 61.6-д зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны а/410 дугаар тушаалаар баталсан "мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам"-ын дагуу лавлагаа олохоор зохицуулсан байна. ҮЭ-ээс  жагсаалтын 1 дүгээрт нэр дэвшүүлсэн Н.Н-т Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн сан хариуцсан нэгжээс 2024 оны 05 дугаар сарын 16- ны өдрийн 30к/999 дугаар албан бичгээр гаргаж өгсөн лавлагаанд "Номт овгийн Н.Н-ыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх хэсэгт зааснаар авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэхийг цагдаагийн байгууллагын ял шийтгэлийн мэдээллийн сангаас шалгахад Улсын дээд шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тухай мэдээлэл бүртгэгдсэн байна." гэж дурдсан байна.

          4.4. Уг лавлагааг хуульд заасны дагуу ҮЭ-ээс  тус Хороонд ирүүлсэн. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар ҮЭ-ээс  жагсаалтаар нэр дэвшүүлсэн Н.Н  нь нэр дэвшигчид тавигдах хуульд заасан шаардлага хангаагүй буюу авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон мэдээлэл бүртгэгдсэн талаарх лавлагааг эрх бүхий байгууллага болох Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжээс тус Хороонд ирүүлсэн тул тус Хорооны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6* дугаар  тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан болно. Иймд нэхэмжлэгч Н.Н-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлд тусгай журмаар шийдвэрлэх маргааны төрлийг нэрлэн зааснаар 112.1.3-д хамаарах Монгол Улсын Их Хурлын сонгуулийн маргааныг Захиргааны хэргийн  давж заалдах шүүх анхан шатны журмаар хянан хэлэлцээд, хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1164 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Н.Н аас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан “Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 6* дугаар  тогтоолыг хүчингүй болгож, “ҮЭ”-ийн жагсаалтад 1 дүгээрт нэр дэвшүүлсэн Н.Н-ыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа  “Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 6* дугаар  тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, “ҮЭ”-ийн жагсаалтад 1 дүгээрт нэр дэвшүүлсэн Н.Н-ыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгуулах” гэж эцсийн байдлаар өөрчлөн тодорхойлсон.

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн анх гаргасан болон эцсийн байдлаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг аль алиныг нь гардан авч, шүүхэд анх бичгээр ирүүлсэн хариу тайлбараа дэмжиж буйгаа илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтөй холбогдуулан хариу тайлбараа шүүх хуралдаанд нэмэлт байдлаар хийгээд явах боломжтойгоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй.

          2.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1-д заасан шийтгэл хүлээсэн, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9 дэх хэсэг буюу “Авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалтыг УИХ-аар хэлэлцэх үед Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргээр хязгаарлаж ойлгож байсан, энэ талаар хууль тогтоогчийн үзэл санаа, хууль батлах үед хэлэлцэж байсан нь хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан, ... “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Монгол Улсын Их хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 6.5.1-д “Авилга, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах” гэсэн зорилт туссан бөгөөд хүрэх үр дүн гэсэн хэсэгт Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг буюу Авлигын гэмт хэрэг бүлэгт хамаарах эрүүгийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгасан байна гэж дурдсан, ... ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6/778 тоотод, "... Прокурорын байгууллагаас албан ёсоор тодруулахад, ... 2015 оны Эрүүгийн хууль /шинэчлэсэн найруулга/-ийн "Хорин хоёрдугаар бүлэг"-т заасан гэмт хэргүүдийг хамааруулан ойлгоно" гэсэн хариу ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлгийн 23.5.1 дэх хэсэгт заасан хэрэг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9 дэх хэсэгт хамаарахгүй болохыг салаа утгагүй, тодорхой бичжээ” гэж тайлбарлан маргасан.

          2.3. Хариуцагчаас “...Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн сан хариуцсан нэгжээс 2024 оны 05 дугаар сарын 16- ны өдрийн 30к/999 дугаар албан бичгээр ... "Н.Н-ыг Улсын дээд шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тухай мэдээлэл бүртгэгдсэн байна" гэж дурдсан, ... ҮЭ-ээс  жагсаалтаар нэр дэвшүүлсэн Н.Н  нь нэр дэвшигчид тавигдах хуульд заасан шаардлага хангаагүй буюу авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон мэдээлэл бүртгэгдсэн талаарх лавлагааг ирүүлсэн тул тус Хорооны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6* дугаар  тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан” гэх  тайлбарыг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналаа илэрхийлсэн.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, маргаан бүхий Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 6* дугаар  тогтоол хуульд нийцсэн эсэх, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дараахь эрх зүйн дүгнэлтийг хийж байна.   

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан. Даалгах нэхэмжлэлийн зүйл нь зөвхөн захиргааны байгууллагын эс үйлдэхүйгээр хязгаарлагдахгүй ба нэхэмжлэлийн зүйл нь захиргааны хууль бус татгалзал байх бөгөөд энэ нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй, эсвэл татгалзсан шийдвэр байна.

3.2. Маргаан бүхий 6* дугаар  тогтоол нь "ҮЭ"-ийн  жагсаалтын 1 дүгээрт нэр дэвшүүлсэн Н.Н ыг Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр бөгөөд энэ нь захиргааны байгууллагаас гаргасан Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.

3.3. Маргаан бүхий актын үндэслэл болсон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9-т "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно", 32 дугаар зүйлийн 32.11-т "Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана", 33 дугаар зүйлийн 33.1-т "Нэр дэвшигчээр дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана:", 33.1.2-т "энэ хуульд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй;" гэж тус тус заажээ. Мөн актын үндэслэл болж хэрэгт нотлох баримтаар авагдсан 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 30к/999 дугаар лавлагаанд "... Н.Н-ыг ... цагдаагийн байгууллагын ял шийтгэлийн мэдээллийн сангаас шалгахад Улсын дээд шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тухай мэдээлэл бүртгэгдсэн байна" гэжээ.

4. Нэхэмжлэгч Н.Н т Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9-т заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэсэн хуулийн хязгаарлалт хамааралгүй гэж үзэхээр байна.

4.1. Учир нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад тэмдэглэгдсэн тэмдэглэлээс үзэхэд “авилга, албан тушаалын хэрэг”-т албан тушаалтан санаатайгаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх, төрийн болон төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх мэт хэргүүдийг хамааруулан үзэхээр байх төдийгүй хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 60 дугаар тогтоолын Тодорхойлох хэсэгт “... баримтуудыг тал бүрээс нь бодитой хянаж үзэлгүй, тэдгээрийн агуулгыг буруу тайлбарлаж, улмаар Н.Н ыг улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ төрийн албаны ашиг сонирхолд хортойгоор ашигласан гэж буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ. ... Н.Н  нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашигласан гэх, ингэхдээ тодорхой эрх бүхий албан тушаалтнуудтай хуйвалдаж хэрэгжүүлсэн, эсхүл шийдвэр гаргуулахаар нөлөөлөл, шахалт үзүүлсэн байж болох гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл хийсэн гэж буруутгах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. ... Шүүгчдэгч Н.Н ын хувьд ... албан үүргээ биелүүлэлгүй хайнга хандсан үйл баримт тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна. ... Тодруулбал шүүгдэгч Б.Н, Б.Ш, Н.Б нар нь ... 29 төслийг хэрэгжүүлэгч нарт хууль бус давуу байдал олгож, тэдгээр төсөл, хөтөлбөрийг хөдөлмөр эрхлэлтийн сангаас, хууль бусаар 3,986,000,000 төгрөгийн санхүүжилт авах боломжийг бүрдүүлж буй үйлдлүүд нь үйлдлүүд нь төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. ... Үүний зэрэгцээ ... шүүгдэгч нарыг ... улс төрд нөлөө бүхий хүнтэй хамтарч, түүний удирдлагаар хэрэгжүүлсэн гэх тухайн хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлж, ... оногдуулсан ялыг өөрчлөхөөр шийдвэрлэлээ” гэж  дүгнэж, шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна.

4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд энэхүү тогтоолоос үзэхэд нэхэмжлэгч Н.Н  нь албан үүргээ биелүүлэлгүй хайнга хандсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдсон байна.

  4.3. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралт болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн Зорилт 6.5. “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатна” гэсэн хэсэгт Хүрэх үр дүнг “Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг буюу Авлигын гэмт хэрэг бүлэгт хамаарах эрүүгийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгасан байна” гэж заажээ.

4.4. Дээрхээс дүгнэхэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэл болон Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” тогтоол болон түүний холбогдох хавсралтад заасан бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, хүрэх үр дүн хэсэгт “Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг буюу Авлигын гэмт хэрэг бүлэгт хамаарах эрүүгийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгасан байна” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн “...Улсын Их Хурал "Авлига, албан тушаалын гэмт хэрэг" гэдгийг Авилгын гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргээр хязгаарласан”... гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй.

5. Монгол Улс Авилгалын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцид 2005 онд нэгдэн орж, Улсын Их Хурлаас соёрхон баталснаар авлигатай тэмцэх тэмцэх зорилго бүхий Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд хэрэгжилтийг хангах хүрээнд нийтийн албан тушаалтныг сонгох, томилох, огцруулах талаарх эрх зүйн орчинг тодорхой болгож, холбогдох шаардлагыг тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиудад тусгасан. Тухайлбал, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд “нийтийн албан тушаалтан”-д төрийн улс төрийн абан тушаалтан, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг хамааруулан хуульчилжээ.

5.1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйлийн 1.Хүн бүр улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй, 2. Хүн бүр улсдаа төрийн алба хаших тэгш эрхтэй, 3. Ард түмний хүсэл зориг бол засгийн эрх мэдлийн үндэс байх ёстой. Энэ хүсэл зориг нь сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хураах буюу саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр адил чанартай хэлбэрийг ашиглах замаар явуулж байвал зохих тогтмол, хуурамч бус сонгуулиар илрэлээ олно гэж, 29 дүгээр зүйлийн 1. Хүн бүр нийгмийнхээ өмнө тодорхой үүрэг хүлээх бөгөөд гагцхүү нийгэм л бие хүний чөлөөтэй, өв тэгш хөгжлийг хангана, 2. Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй. 3. Эдгээр эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилго, зарчимтай хэрхэвч зөрчилдүүлж болохгүй гэж,   

5.2. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 25 дугаар зүйлд “...иргэн бүр аливаа алагчилалгүйгээр болон үндэслэлгүй хязгаарлалтгүйгээр (а) төрийн хэргийг явуулахад шууд болон чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох; (b) сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар  хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтөй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох; (c) тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгээр улсдаа төрийн алба хаших” гэж тус тус заасан нь сонгууль явуулах суурь зарчмуудыг тодорхойлон баталгаажуулсан байна.    

5.3. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ.”, Арван зургадугаар  зүйлийн 9 дэх заалтад Монгол Улсын иргэн “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй, Төрийн байгууллагад  сонгох, сонгогдох эрхтэй ...” гэж хуульчилсан. Ийнхүү Үндсэн хуулиар баталгаажсан сонгох, сонгогдох эрх нь улс төрийн эрх бөгөөд сонгох эрхийг Монгол Улсын эрх зүйн чадамжтай сонгуулийн эрх бүхий иргэн бүр эдлэх эрхтэй, харин сонгогдох эрхийн хувьд тухайн албан тушаалын онцлог, шаардлагад тавигдах тусгайлсан  болзол, шалгуурыг хуулиар тогтоож болох бөгөөд ийнхүү тогтоохдоо Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн хүрээнд хуулиар тодорхойлох боломжтой байна.

5.4. Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, түүгээр хүлээсэн үүрэг, холбогдох хуулийн зохицуулалт, авлигаас ангид байх бодлогын хүрээнд хууль тогтоогчоос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9 дэх хэсэгт авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглохоор аливаа ялгаварлалгүйгээр хуульчилсан байна. Энэ нь тодорхой төрлийн гэмт хэргийг нэрлэн зааж хязгаарлалт тогтоон хуульчилсан зохицуулалт гэж үзэхээр байна.

5.5. Тодруулбал,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин хоёрдугаар бүлэгт “авлигын хэрэг”-ийн төрлийг  нэрлэн зааж, нийтийн албан тушаалтны хувьд эрх, мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, хахууль өгөх, төрийн өмчийн төсвийн болон төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, дураараа аашлах гэмт хэргийг хамаатуулан хуульчилсан бол мөн хуулийн тусгай ангийн хорин гуравдугаар бүлэгт “нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-ийн төрлийг нэрлэн заасан. Нэхэмжлэгч Н.Н  нь албан үүргээ биелүүлэлгүй хайнга хандсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хайнга хандах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон нь дээр дурдсан  Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны  60 дугаар тогтоолоор “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ...” гэх дүгнэлтээр тогтоогдож байна. 

6. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан албан тушаалтны албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа үйлдсэн гэмт хэрэг нэг бүрийг авилга, албан тушаалын гэмт хэрэгт хамааруулан үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Н.Н ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хайнга хандах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсоныг  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9-д зааснаар авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэдэгт хамааруулан түүнийг  нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлгүй.

            6.1. Дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9-д зааснаар авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийн мэдээллийн сангаас авсан мэдээллээр тогтоогдсон гэх үндэслэлээр хариуцагч маргаан бүхий 6* дугаар  тогтоолоор нэхэмжлэгч Н.Н ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль бус бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар баталгаажсан “сонгогдох” эрх зөрчигдсөн болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

7. Иймд Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 6* дугаар  тогтоолыг хууль бус болохыг тогтоож, “ҮЭ”-ийн жагсаалтад 1 дүгээрт нэр дэвшүүлсэн Н.Н-ыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Н аас хариуцагч Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 6* дугаар  тогтоолыг хууль бус болохыг тогтоож, “ҮЭ”-ийн жагсаалтад 1 дүгээрт нэр дэвшүүлсэн Н.Н-ыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг хариуцагч Сонгуулийн ерөнхий хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5  дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                                                 

 

 

         

                           ШҮҮГЧ                                              Н.ДОЛГОРСҮРЭН

 

                           ШҮҮГЧ                                              Г.БИЛГҮҮН

 

                           ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА