Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2021/0509

 

 

 

 

 

  2021          08           04                                    128/ШШ2021/0509

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.О

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “ТХ" ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Алтантариа 1-12 тоотод байрлах 198 м.кв газрыг эзэмшиж, өмчлөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх газрыг эзэмшүүлж, өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Г*******, хариуцагч Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бё гуравдагч этгээд “ТХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бё гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мичид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.О миний бие 1971 онд төрсөн 50 настай СХД-ийн 4-р хороонд 2 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр Хандын Н******* 2019 онд хүнд өвчний улмаас нас барсан. Миний бие 2000 оноос өндрийг хүртэл Сонгино хайрхан дүүргийн 4-р хорооны Алтан-тариа 1-р гудамжны 12 тоотод амьдарсан. Амьдарч буй газраа өмчилж авч чадаагүй тус дүүргийн гарын албанд 3-н удаа хандсан байдаг. 2012 онд 2016 онд 2020  онд, 2012 онд хандахад 5м тат гэсэн шаардлага авсан байдаг. 2016 онд уг шаардлагыг биелүүлээд газраа өмчлөхөөр хүсэлт гаргахад Дгийн Б гэдэг хүн дээр кадастрын зураг байна гэсэн маргаан гарсан. Уг хүнийг хайж олоод учраа олоод байтал газарт орсон гэсэн шалтгаанаар газрыг минь өмчлүүлэхгүйгээр барахгүй биднийг захирамж гарсан нүүлгэнэ гэж Хорооны Засаг дарга нь Л.Д******* өдөр болгон дарамталж байна.

Иймд 2012 оны өргөдлийн дагуу 5м татаад үлдсэн газар дээрээ амьдрах хүсэлтэй байгаа тул өмчлүүлж өгч тус болно уу? Жич: Өмнөх хороон дарга асан М.Эё нь 2019 оноос хойш та зүгээр юу ч битгий хөөцөлд танд 2 өрөө эсвэл 1 өрөө байрны нөхөн олговор олгогдоно гээд шүүхэд хандуулаагүй өдий хүргэж намайг хохироосон. Эцэст нь намайг газар олж нүү гэж дарамтлаад шахаад байна. Хоёр хүүхэдтэй ганц бие эмэгтэй би нүүх чадвар алга, нөхрөө алдсанаас хойш амьдарч буй гэрээ ч засаж барьж чадахгүй нурах шахсан монгол гэрт амьдарч байна. Надад эрхэлсэн ажил байхгүй, хийж болох бүхнийг хийж гэдсээ тэжээж байна. Иймд миний амьдралын хүнд байдлыг харж үзээд амьдарч буй газар дээр үлдээж өгөөч. Манай урд талын хашааг адилхан 5м тат гэсэн заалттай байсан. Энэ айл гражаа нураагаад газраа 5м татахад бэлэн болгосон байгаа. Адилхан кадастргүй 5 м хэтэрсэн газар дээр барьсан байсан гражид нөхөн олговор олгосон боловч надад нөхөн олговор ч өгөхгүй амьдарч буй газраас минь хөөх юм. Би адилхан 5 м татаад өөрийнхөө гэр байгаа газраа өмчилж авах хүсэлтэй байгаа тул шүүх засаглалаа үнэн мөнөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсье. Манай хашааны ёроолоор машин замтай үргэлж тасралтгүй машин явж л байдаг ийм байдалтай би 20-н жил амьдарсан. Урд талын хашаа 5м татаад л нөхөн олговор авсан мөртлөө намайг болохоор нүү гэж хөөх энэний учрыг олж өгнө үү ? 5 м татахад машин зам чөлөөтэй тавьж болно.

Хороо дүүргийн газрын албанаас нааш цааш явуулаад хүлээж авч уулздаггүй. Өрх толгойлсон эмэгтэй амьдрал хэцүү байна. Амьдарч буй газраа өмчилж авах л хүсэлтэй байна.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний эгч Б.Онь эцгээс 500 мянган төгрөгөөр худалдан авч өгсөн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны 12-1 тоотод 2000 оноос эхлэн одоог хүртэл амьдарч байна. 2012 болон 2016 онд тухайн газрын гэрчилгээг авах зорилгоор хороо, дүүргийн газрын алба болон Засаг дарга нартай уулзах гэж их хөөцөлдсөн. Газар өмчлөх тухай өргөдөл бичээд очиход хүлээж авахгүй байсаар өдийг хүрсэн. 2020 оны 03 дугаар сард газрын албанд дахин очиход тухайн газар нь газар чөлөөлөх ажиллагаанд орсон, мөн өөр эзэмшигчийн нэр дээр бүртгэлтэй байна гэсэн хариу өгсөн. Өөр хүний нэр дээр бүртгэлтэй байгаа бол газар эзэмшүүлэх захирамж нь байгаа эсэхийг лавлахад байхгүй гэсэн хариу өгдөг. Иймд тухайн газрыг нэхэмжлэгч Б.О-д өмчлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.О нь тухайн газарт амьдарч буй хугацаандаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасан газар эзэмших хүсэлт гаргах журмын дагуу хүсэлтээ өгч байгаагүй. Ийм учир нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсээгүй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн болохоос нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй. Бодит байдал дээр нэхэмжлэгч Б.О нь зам дээр хашаа барьсан дүр зураг харагддаг.” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани 2020 оноос эхлэн Засгийн газрын хөрөнгө оруулалттай авто зам барихаар гэрээ байгуулан ажиллаж байна. Тухайн замын зураасыг давсан хэд хэдэн айлын газрыг чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч Б.О нь удаан хугацааны турш нийтийн эзэмшлийн газар, зам талбайд хууль бусаар амьдарч байсан нь нотлох баримтаар нотлогдож байна. Маргаан бүхий газар нь нийтийн эзэмшлийн газар, зам талбайд хамаарах тул олон жил амьдарсан нь өмчлөх давуу эрх олгох үндэслэл болохгүй. Мөн нэхэмжлэгч нь газар эзэмших хүсэлтээ холбогдох хууль, журмын дагуу гаргаагүй байгаа нь харагдаж байна. Нэг айлын эрх ашгаас илүү тухайн хорооны иргэдийн нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Гё шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.О нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулж газар дээрээс нөхөн олговор олгохгүй хөөж байгаа учрыг олж өгнө үү гэсэн ойлгомжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тухайн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэснээр “ТХ” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ЗТХЯ/20200380 дугаартай гэрээний хэрэгжилтийг зогсоож тус гэрээгээр хүлээсэн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах толгойтын замыг тусчдын гудамжтай холбох хатуу хучилттай 0,8 километрийн авто зам барих үүргийн гүйцэтгэл зогсонги байдалд ороод байна. Дээрх нөхцөл байдлын улмаас “ТХ” ХХК-ийн гүйцэтгэж буй замын ажил зогсож, санхүүгийн алдагдалд орж хугацаа хэтэрсэн гэрээний хариуцлага хүлээж байна. Мөн манай компаниас гадна тухайн хорооны иргэдийн аюулгүй авто замаар зорчих нийтийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна. Нэхэмжлэгч Б.О-г гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект биш гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж зааснаар газар эзэмших, ашиглах, өмчлөх хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй бөгөөд хууль ёсны эзэмшигч, өмчлөгч биш гэдэг нь нотлох баримтуудаар нотлогддог. Мөн хуулийн 33 дугаар зүйлд зааснаар эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгч Б.О-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байх ёстой боловч албан ёсны шийдвэр байдаггүй. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж зааснаар эрх бүхий этгээдээс нэхэмжлэгч Б.О-д газар эзэмших эрх олгож, гэрчилгээ олгон, гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт хавтаст хэрэгт байдаггүй тул хууль ёсны газар эзэмшигч, өмчлөгч гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч тухайн газарт хууль бусаар олон жил амьдарсан нь давуу байдал үүсгэхгүй. Иймд нэхэмжлэгч Б.О-гийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж болохоор байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.                                               

                                                ҮНДЭСЛЭХ НЬ;

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Алтан-тариа 1-12 тоотод байрлах 198 м.кв газрыг эзэмшиж, өмчлөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх газрыг эзэмшүүлж, өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах” гэж тодруулсан тул уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийг гэр бүлийн хамт маргаан бүхий газарт 2000 оноос хойш өнөөг хүртэл амьдарч байгаа эсэхтэй хэргийн оролцогч нар маргаагүй бөгөөд шүүхийн үзлэгээр тухайн газарт нэхэмжлэгч нь амьдардаг болох нь тогтоогдсон.

Харин маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг 2012, 2016, 2020 онд 4 дүгээр хорооны Засаг даргаар уламжлуулан, 2021 оны 03 дугаар сарын 16, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус бүр Дүүргийн Засаг даргад гаргажээ.

Нэхэмжлэгчээс “маргаан бүхий газарт 2000 оноос хойш амьдарч байгаа, газар эзэмших, өмчлөх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан, биечлэн уулзаж байсан  боловч элдэв шалтаг заан хүлээж авалгүйгээр буцсан” гэж, хариуцагчаас “газар эзэмших тухай хүсэлтдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаагүй” гэж, гуравдагч этгээдээс “гэрээний дагуу уг газарт зам барьж байгаа” гэж тус тус маргажээ.

Шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны өргөдөл, гомдлын бүртгэлийн программд үзлэг хийхэд нэхэмжлэгчийн 2012, 2016, 2020 онуудад гаргасан гэх өргөдөл бүртгэгдээгүй, харин 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн өргөдөлд дээрх өргөдлүүд нь хавсралтаар бүртгэгджээ.

Хэдийгээр дээрх онуудад гаргасан өргөдөл нь дүүргийн Газрын албаны өргөдөл, гомдлын бүртгэлийн программд бүртгэгдээгүй хэдий ч 2012 оны өргөдөлд “Газар дээрээ 12 а тоот байсан зүүн талаас 10 метр гудамж гаргах хашаа 5 метр татах, 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр MCS зураг гээд зохион байгуулагч П*******” гэж, 2016 оны өргөдөлд “тус хорооны АТ1-12 тоотод  Х.Н******* нь оршин суудаг тул зохих журмын дагуу хүсэлтийг шийдвэрлүүлэхээр уламжлая. Засаг дарга О.Г*******, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр” гэж, 2020 оны өргөдөлд “тус хорооны Алтан-тариа 1-12 тоот оршин суух Б.О энэ газар дээр 2000 оноос хойш сууж байгаа үнэн тул хүсэлтийг хууль журмын дагуу шийдвэрлэж өгөхөөр уламжлав. Засаг дарга ...гээд гарын үсэг зурж 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр” гэж тус тус гараар цохолт хийжээ.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг эзэмших, өмчлөх хүсэлтийг эрх бүхий албан тушаалтнаар уламжилж, мөн тус хороог хариуцсан газар зохион байгуулагчаар дамжуулж гаргаж байсан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газар эзэмших тухай хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаагүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “"өргөдөл" гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно”, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл, гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно....” гэж тус тус заасан бөгөөд уг шаардлагын дагуу өөрийн шууд харъяалах хорооны Засаг дарга болон газар зохион байгуулагч нарт хандаж өргөдөл гаргаж, тухайн өргөдөлд дээрх албан тушаалтнууд цохолт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын бүртгэлийн программ, бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэнээр өргөдөл гаргасанд тооцогдохгүй бөгөөд нэхэмжлэгчээс биечлэн уулзсан, өргөдөлд эрх бүхий албан тушаалтнууд цохолт хийснээр түүнийг маргаан бүхий асуудлаар хуульд заасан үндэслэл журмын дагуу өргөдөл, хүсэлт гаргасан гэж үзэх бөгөөд тухайн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус байна.

Харин 2021 оны 03 дугаар сарын 16, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд дахин хүсэлт гаргахад нэхэмжлэгчийн амьдарч буй /хүсэлт гаргасан/ газрыг дайруулан Нийслэлийн Засаг дарга, гуравдагч этгээд нарын хооронд байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ЗТҮЯ/20200ё дугаар гэрээний дагуу Толгойтын замаас Хүнсчидийн гудамжтай холбох замын ажил хийгдэж эхэлсэн байжээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь 2000 оноос маргаан бүхий газарт амьдарч байсан хэдий ч захиргааны байгууллага, түүний албан хаагчдын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас дээрх газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшиж, өмчлөх эрх үүсээгүй байна.

Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж түүнийг бодит нөхцөл байдал дээр биелүүлэх боломжтой байх ёстой.

Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаснаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох боломжгүй байна.

Учир нь түүний амьдарч буй газрыг дайруулан авто замын ажил хийгдэж дуусах шатандаа орсон, уг газар нь хуулиар нийтийн эзэмшлийн газарт хамаарч, уг авто зам ашиглалтанд орсноор түгжрэл буурах, тухайн орчмын иргэдийн амьдрах нөхцөлд эерэгээр нөлөөлөхөөр байх тул нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Алтан-тариа 1-12 тоотод байрлах 198 м.кв газрыг эзэмшиж, өмчлөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох “маргаан бүхий газрыг эзэмшүүлж, өмчлүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-гийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад  холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Алтан-тариа 1-12 тоотод байрлах 198 м.кв газрыг эзэмшиж, өмчлөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “маргаан бүхий газрыг эзэмшүүлж, өмчлүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ