Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/839

 

   

                                                                                                                  

           

 

  2022         08          24                                    2022/ШЦТ/839

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн С-д холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймаг Цагаан Үүр суманд төрсөн, 00 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар .............. аймгийн ............ сум ..... дүгээр баг, ........... гэх газарт оршин суудаг гэх, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ийн С /РД:НН00000000/,

Шүүгдэгч *******  нь 2022 оны 02 дугаар сарын 09-өөс 2022 оны 02 дугаар сарын 10-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Пын эзэмшлийн дугуй засварын газрын цоожийг өөрт байсан түлхүүрээр онгойлгон орж домкрат 2 ширхэг, улаан хүрэн өнгийн гар таслагч  1 ширхэг зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хохирогчид мэдэгдэхгүйгээр хулгайлсан авч, бусдад бага хэмжээнээс дээш буюу 528.000  төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би тухайн дугуй засварт ажилладаг байсан нь үнэн бөгөөд өдрийн 60.000 төгрөгөөр ажилладаг байсан бөгөөд надад цалин өгч байгаагүй. Би хулгай хийдэг өдрийнхөө өглөө нь “надад мөнгө өгчих” гэж хэлсний хариуд “мөнгө байхгүй байна” гэж надад хэлсэн. Би орой 22:00 цагийн үед хаачхаад эргэж ирж тухайн эд зүйлсийг авч яваад зарж мөнгө болгосон...” гэжээ.  

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч *******  нь 2022 оны 02 дугаар сарын 09-өөс 2022 оны 02 дугаар сарын 10-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Пын эзэмшлийн дугуй засварын газрын цоожийг өөрт байсан түлхүүрээр онгойлгон орж домкрат 2 ширхэг, улаан хүрэн өнгийн гар таслагч 1 ширхэг зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хохирогчид мэдэгдэхгүйгээр хулгайлсан авч, бусдад бага хэмжээнээс дээш буюу 528.000  төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Пын өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 09:00 цагийн үед өөрийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах И-төвийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах дугуй засварын ажил дээрээ ирэхэд ажлын байрнаас эд зүйл алдагдсан байсан. Цагдаа нар ирээд үзлэг хийгээд явсны дараа би дугуй засварын замын эсрэг талд буюу ертөнцийн зүгээр зүүн талд байрлах авто угаалгын газраас хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд 2022 оны 02 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө 02:00 цагийн үед уг дугуй засварын үүдэнд марк засвар нь  тодорхойгүй жижиг суудлын авто машин зогсон, машинаас царай зүс нь тодорхойгүй үл таних нэг эрэгтэй хүн бууж ирээд дугуй засварын хаалгыг онгойлгож ороод 10 орчим болсон, дугуй, засварын хаалгыг юугаар онгойлгосныг нь мэдэхгүй байна, 10 минут өнгөрсний  дараа нөгөө машин хөдлөөд явсан. Дараа  нь нөгөө үл таних хүн дугуй засвараас гарч ирээд хаалгаа хаагаад дугуй засварын ар талд байрлах хашаа руу ороод алга болсон байсан. Намайг дугуй засвар дээр ирэхэд хаалганы цоож эвдрээгүй, хаалгыг түлхүүрээр онгойлгож орсон байсан, ямар нэгэн эвдэрсэн зүйл байгаагүй, хаалганы түлхүүр засварын ажилтан С гэх хүнд байдаг, дугуй засварт ямар нэгэн эвдэрсэн юм байгаагүй болохоор  би шууд С гэх хүнийг сэжиглэж эхэлсэн, засварын газраас улаан өнгийн домкрат 1 ширхэг, улаан хүрэн өнгийн гар тастагч 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан. Манай дугуй засварын газарт ажиллаж байсан С нь багажуудыг хулгайлаад явсан байсан. Надад хэлэхдээ багажууд чинь хойд талын сэндвичин дотор байгаа гэж хэлсэн, үзэхэд байгаагүй, цагдаад хэлэхдээ цалингаа аваагүй гэж хэлсэн байсан. Цалингийн  тооцоо  асуудал байхгүй, алдагдсан эд зүйл, хохирлоо авмаар байна. Угаалгын газарт камер байдаг гэж бодсон чинь бичигдээгүй, өөр тийшээ харсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 34/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 09-өөс 2022 оны 02 дугаар сарын 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо И-   худалдааны төвийн  зүүн талд байрлалтай П ахын түрээслэн ажиллуулдаг дугуй засварын газарт ажиллаж байхдаа П ахын эзэмшлийн домкрат 2 ширхэг, улаан хүрэн өнгийн гар таслагч 1 ширхэг зэргийг П ахад хэлж мэдэгдэхгүйгээр зөвшөөрөлгүй авч яваад танихгүй хувь хүнд 350.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/-р тал,

Дамно хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь 528.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 27-28/-р тал зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч *******ын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийн үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлог.

Шүүгдэгч *******ын тухайд дээр дурдагдсанчлан бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх бөгөөд прокуророос түүний үйлдэлд холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Иймд, шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, мөн хугацаанд Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлах...” саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, *******ыг зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 09 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 06 /Зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч *******ыг зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын урьдчилан цагдан хоригдсон 09 /ес/-н хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР