Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/669

 

 

 

 

 

 

 

 

   2022        06          22                                     2022/ШЦТ/669

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

 

Улсын яллагч: С.Эрдэнэтуяа;

 

Шүүгдэгч: О.Э;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Мөнхцэцэг;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

Шүүгдэгч О.Э: Монгол Улсын иргэн, 19.. оны 08 дугаар сарын 12-ны өдөр С.. аймгийн С.. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжлийн цэрэг мэргэжилтэй, хувиараа авто засварын газар ажиллуулдаг, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суух, урьд:

Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 20. .оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 178 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 20. .оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 251 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 20.. оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

О.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүү 14 настай Э.Бд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу түүнийг тамхи татсан гэх шалтгаанаар зодож “...зүүн атгаал далд хугарал, нуруу, зүүн бугалга, өгзөгт цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

мөн 2014 оноос эхлэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүү Э.Бг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүүхдийн эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос О.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хүүгээ ийм байдалд оруулсанд үнэхээр харамсаж байна. Одоо хүүтэйгээ хэвийн харилцаатай амьдарч байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Э.Б /хх-ийн 14-18, 125-127/, гэрч П.О /хх-ийн 23/, гэрч Э.Д /хх-ийн 26-27/, насанд хүрээгүй гэрч Ч.Х /хх-ийн 112-114/, насанд хүрээгүй гэрч А.Б /хх-ийн 117-119/, гэрч С.Т /хх-ийн 121/, гэрч В.Э /хх-ийн 129/, гэрч Н.О /хх-ийн 220/, насанд хүрээгүй гэрч О.Э /хх-ийн 223/ нарын мэдүүлэг, Э.Бгийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 9047 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 32-36/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6/, О.Э-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 63-64, 73-75, 95-96, 98/, О.Э-ийн өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 142-153/, О.Э-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 78-92/, О.Э-ийн дансны хуулга /хх-ийн 183-187/, хохирогчтой холбоотой баримтууд /хх-ийн 188-196/, Э.Бгийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 224/, эрүүгийн хэрэг үүсгэ яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах прокурорын тогтоол /хх-ийн 134-135, 229-230/, О.Э-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41-42, 47-50, 137-138, 218, 233/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Э нь 2014 оноос 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд оршин суух гэртээ өөрийн хүү Э.Бг “гөлөг, лалар... гэх зэргээр харааж, ээж чинь мөнгө хоцроож хийлээ, гөлөн гөлөн гэсэн харцтай, хүүхдийн хувцас андуурч өмссөн” гэж байнга харгис хэрцгий харьцаж, гурилын ганжин мод, хоолны модон хутгуур зэргээр догшин авирлаж зодож байсан, хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “тамхи татсан, энэ нохойн гөлөгний жаргал нь дэндсэн, зодож байх хэрэгтэй” хэмээн зодож хүндэвтэр гэмтээсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

насанд хүрээгүй хохирогч Э.Бгийн /хх-ийн 14-18, 125-127/: “...“аав намайг өмдөө тайлаад бөгсөө гаргаад тонгойгоод зогс” гэж хэлсэн. Би өмдөө, дотуур өмдөө тайлаад аавын зогс гэсэн газар зогсох үед 2, 3 удаа миний бөгс рүү модон ганжингаар цохисон. Тэгээд өвдсөн тул би босоод аав руу эргэж хараад “болъё л доо ааваа” гэж хэлэхэд аав “чи болохгүй байхад би яаж болих юм бэ” гэж хэлээд намайг дахиж тонгойж зогсохыг шаардсан. Тэгээд дахиад 5, 6 удаа цохисон бөгөөд аймар өвдсөн тул уйлаад эргэж харсан. Тэр үед аав дахин цохих оролдлого хийхэд би гараараа өөрийгөө хамгаалж хаасан. Тэгтэл аав “яасан их гараараа хаадаг юм” гэж хэлээд миний зүүн гарын тохой хэсэгт 3-4 удаа модон ганжингаар цохисон. Тэр үед миний зүүн гар хөдлөхгүй даагдахаа больсон тул баруун гараараа дахин хаасан. Тэгтэл аав миний баруун гарын орчимд 2-3 удаа ганжингаараа цохисон. Тэгээд бүр их өвдсөн ба аав толгой хэсэг рүү ганжингаараа цохих гээд байсан тул би өөрийн хоёр гараараа толгойгоо хамгаалсан. Тэр үед аав ганжингийнхаа нэг талын үзүүрээр миний элэг хэсэг рүү 1 удаа цохисон. Тэр үед их хэмжээний өвдөлт мэдэрсэн тул би элгээ тэврээд газарт хэвтсэн. Түүний дараа аав миний нуруу руу ганжингаараа 3-4 удаа цохиод намайг “бос” гэж хэлсэн. ...тэгээд байж байтал аав дахин намайг өмдөө тайл гэж хэлсэн. Тэгээд би өмдөө тайлсан ба тэр үед аав миний бөгс рүү дахин 4-5 удаа ганжингаараа хамаг хүчээрээ цохисон. Тэр үед өмнө цохиулсан газраа дахин хүчтэй олон удаа цохиулсан учраас тэсэхийн аргагүй өвдсөн. Тэгээд би өөрийн өрөөндөө орон дээрээ очоод хэвттэл аав араас ирээд нөгөө модон ганжингаараа миний дээрээс цохиод байсан. Би тэр үед өөрийн толгойгоо хамгаалаад хэвтсэн. ...намайг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр болсон асуудлаас өмнө зодох үед гэрт өөр хүн байдаггүй байсан. Миний сайн санаж байгаагаар 5 дугаар ангид байх өвөл, ээж Солонгос улс руу яваагүй байхад ээж салат хийчхээд аавд аваачиж өгүүлэхээр намайг явуулсан юм. Би салатыг нь аваачиж өгчхөөд буцаж гэртээ ирээд гэрээс гарах гэж байхад аав Э-А маань орж ирээд “Чи ямар гөлөн гөлөн гэж хардаг юм бэ?” гэж хэлээд намайг хоол хутгадаг модон хутгуураар зодож байсан, тэр үед би уйлсан миний гар хөхөрсөн байсан. Тэр хутгуураар аав миний гар луу цохисон ээж тэр үед намайг хамгаалаад байж байсан юм.Дараа нь намайг 5 дугаар ангиас 6 дугаар анги руу орох жилийн хавар нь манай ангийн өглөө ордог ангийн хүүхдийн пальтог би ангийнхаа хүүхдийн пальтотой андуурч гэр рүүгээ авч явсан бөгөөд энэ тухай манай ангийн багш аав руу залгаж утсаар хэлсэнд аав уурлаж хоол хутгадаг модон хутгуураар миний толгой руу олон удаа цохисон /яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй/ тэгээд би толгойноос юм гоожоод байхаар нь гараараа арчаад харахад цус гарсан байсан. 2019 оны өвөл намайг 7 дугаар ангид байхад аавын хамт гэртээ хоёулаа байж байхад ээжтэй аав фейсбүүк мессенжерээр видео калл хийж байх үедээ ээжийг мөнгө хоцроож хийлээ гэж уурлаж намайг гурилын модоор зодож байсан. Ээжтэй видео калл хийхээс өмнө зодож байсан бөгөөд видео калл хийж байхдаа бас ганжингаар миний гар, хөл рүү олон удаа цохиж ээж рүү уурлаж байсан, ээж тэр үед уйлж байсныг санаж байна. ...Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

Э.Бгийн биед “зүүн атгаал далд хугарал, нуруу, зүүн булгалга, өгзөгт цус хуралт” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 9047 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 41-42/,

 

гэрч П.О-ийн /хх-ийн 23/: “...дүү рүүгээ залгаж байгаад түүнийг гэрт нь дуудаж уулзсан. Тэрээр сандал дээр сууж чадахгүй хөндүүрлээд байна гэсэн тул би гэрт нь оруулж байгаад өмдийг нь тайлаад хартал дүү Бгийн бөгс нь улаан хөх болчихсон, гар нь хавдаад хөхөрсөн байсан ...одоогоос 2 жилийн өмнө эгчийг Солонгос улсад байхад О.Э нь эгчтэй видео калл хийж байхдаа хүүхдээ барьцаалан мөнгө нэхсэн байсан ба “мөнгө байхгүй, цалин буугаагүй байна” гэж хэлэх үед нь хүүхдээ шууд ганжингаар ээжид нь видео каллаар харуулж байгаад зодсон байсан. ...энэ талаар эгч маргааш нь надад хэлэхээр нь би 108 төв рүү залгахад “баримт байх хэрэгтэй” гэж хэлсэн. ...тэгээд сая энэ асуудал болсон учраас шууд цагдаагийн байгууллагад хандаад, дараа нь хүүхэд хамгааллын 108 төвд дахин хандаж, биеийн байдлыг нь хариулж ажилтантай нь дүүгээ уулзуулсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Д-н /хх-ийн 26-27/: “...Найз О.Э нь хүү Бг зодож цохисон асуудал болсон. О.Э нь хүү Бг “тамхи татсан” гэх шалтгаанаар түүний өгзөг хэсэгт жижиг модон гулуузаар /жижиг гурилын элдүүр/ 3-4 удаа цохиж зодсон. Найзалдаг гэх хамт байсан хүүгийн ээжийг орж ирэх үед нь Бг тэлээгээр 1 удаа цохисон. Гэхдээ хаашаа нь цохисныг хараагүй. Би бодохдоо өгзөг рүү нь цохисон гэж бодсон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч В.Э-ийн /хх-ийн 129/: “...орой 21 цагийн үед манай хүүгийн найз Бгийн аав нь гэх хүн над руу залгаж “манай гэрт ороод ир, Б манайд байна” гэж хэлсэн. Тэгээд би ороход Б, Бгийн аав, нэг үл таних эмэгтэй, манай хүү Б нар байсан. Намайг ороход Бгийн аав нь “танай хүүхэд манай хүүхдийг уруу татаж, хамт тамхи татсан байна, би танай хүүхдийг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “энэ хүүхдүүд угаасаа тамхи татдаг шүү дээ, би тамхи татдагийг нь мэднэ, хорьдог зүйл байхгүй” гэж аавд нь хэлсэн. Тэгтэл юм хэлэлгүй Бг гурилын илдүүр модоор нүцгэн бие дээр нь толгойноос бусад газар нь цохиод байсан, миний санаж байгаагаар маш олон удаа цохисон. Би 5 минут болоод гарахад нүд хальтрам зодож байсан. Тэр үед би “наад хүүхдээ зодохоо болиоч, хүүхэд чинь үхлээ шүү дээ” гэж хэлсэн, бас хамт байсан хүүхэн нь зүгээр хараад суугаад байсан. Тэгээд би хүү Бг аваад гараад явсан...”  гэх мэдүүлгээр,

 

гэрч Ч.Х-н /хх-ийн 112-114/: “...Б надад “аав нь өөрийг нь зоддог” тухай ярьж байсан. Манай байрны хүүхдүүд Бгийн аавыг “чанга хүн, хүүхдэдээ гар хүрдэг” тухай ярьж байхыг нь сонсож байсан. 2021 оны 09 дүгээр сард аавдаа зодуулчихсан гэж манай гэрт орж ирж байсан бөгөөд тэр үед надад “найзынх нь гар хөдлөхгүй байна, аавдаа зодуулчихсан юм, тамхи татсан гэж хэлээд зодуулчихлаа” гэж хэлж байсан. Тэр үед Бгийн баруун хөлийн гуя болон бөгс хэсгээр хөхөрчихсөн, нуруу нь их хөхөрчихсөн, гар нь хөхөрчихсөн байсан. Бас гар нь хөдөлгөхөд “хөндүүртэй сайн хөдөлгөж чадахгүй байна” гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Б-н /хх-ийн 117-119/: “...2021 оны 09 дүгээр сард гараа хугалуулж зодуулахаас өмнө манай найз Б 2020 оны зун найзууддаа “манай аав аймар зодсон” гэж хэлж байсан. ...Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Б “гараад ир” гэж утсаар залгатал “гэртээ ганцаараа байна, чи ороод ир” гэж хэлсэн. Тэгээд би орц руу нь ороход Бгийн аав намайг гэр лүүгээ дагуулж орсон. Гэр лүү нь ороход Б 00-ын өрөөнд пүүзээ угааж байсан. Б-ийн хойд ээж нь бас байсан. Бгийн аав нь намайг “наанаа зогсож бай, би хүүхдээ ингэж зоддог юм, чи харж бай” гэж хэлж байгаад Б дуудаж авч ирээд гурил илддэг модоор гуя руу нь маш олон удаа цохисон. Гэхдээ нүүр лүү нь цохихгүй байсан, зөвхөн бие рүү нь цохисон, бас тэлээгээ гартаа ороож байгаад толгой дээрээс нь цохиод байсан. Бгийн дуу гарахгүй “ааваа болъё” гэж л хэлж байсан. Тэгээд Бгийн аав нь миний өмдийг шувтлуулж байгаад миний баруун хойд өгзөгний дээд хэсэгт гартаа барьсан гурилын модоор нэг удаа цохисон. Тэгээд дахиж Бг барьсан модоороо зодож байгаад надаас манай ээж В.Энхзаяагийн утасны дугаарыг асууж ээжтэй утсаар ярьж дуудсан. 2-3 минутын дараа манай ээж орж ирээд Бгийн аавтай юм ярьж байгаад намайг аваад гарсан. Бгийн аавтай манай ээж юм ярьж байх хооронд Бг аав нь зодож байсан. ...Ээж орж ирсний дараа Бийн аав нь ээжид “эд нар нийлж тамхи татаад байна” гэж хэлж байсан. Миний санаж байгаагаар 2021 оны 08 дугаар сард Хүслэнгийн гэрт бид нар ноцолдож тоглож байхад Бгийн зүүн гар нь хөхөрчихсөн байсан. Баас асуухад “аав цохиод хөхрүүлчихсэн” гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр,

 

О.Э-ийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 233/: “... Би 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүү Бгийн биед халдаж хүндэвтэр гэмтэл учруулсныг хүлээн зөвшөөрч, энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. Тухайн үед миний хүү Б нь тамхи татах буруу үйлдэл хийсэн байсан учраас буруу хүмүүжүүлэх арга барил ашигласан гэж үзэж байгаа. Хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж, хэлээд болохгүй байхаар нь хашраачихъя гэж бодоод ийм үйлдэл хийсэн...” гэх мэдүүлэг болон Э.Бгийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 224/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийг эцэг нь хэрхэн зодож байсныг болон эцэгтээ зодуулсан байдалтай байхыг харсан талаар гэрч нар  тодорхой мэдүүлсэн, мөн хохирогчийн мэдүүлгээр ч эцэг нь өөрийг нь байнга зоддог байсан, хамгийн сүүлд зодохдоо гэмтээсэн талаар мэдүүлсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон” зэрэг нь О.Э-г өөрийн төрсөн хүүхэдтэйгээ байнга харгис хэрцгий харьцдаг, догшин авирлаж зоддог талаар тогтоосон үйл баримт хөдөлбөргүй болохыг нотолж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, итгэл үнэмшил төрүүлэхүйц, үйл баримтыг бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

О.Э-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шаардлагатай гэрчүүдийг байцаасан, зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгэсэн, чухал ач холбогдол бүхий баримт сэлт гаргуулсан, эд мөрийн баримтыг хураан авсан, шүүгдэгчийн болон хохирогчийн хувийн байдал, амьдралын нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар өөрийн төрсөн хүүхэдтэйгээ хүнлэг бусаар, догшин харьцаж, хохирогчийн бие махбод, сэтгэлзүйд удаа дараагийн дарамт шахалт үзүүлж, гэмтэл учруулан зодож буй О.Э-ийн гэм буруугийн санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.

 

Иймд шүүгдэгч О.Э-ийн дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруу нотлогдсон байх түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж дээрх гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг тус тус хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа, хохирогч төрсөн эцэгтээ энэрэнгүй хандаж гомдол, саналгүй, хорих ял шийтгэхгүй байхыг хүссэн зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын зорилгын нэг хэсэг нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршино.

Шүүгдэгчийн хувийн байдал нь ялын бодлогыг хэрэгжүүлэхэд үр нөлөө бүхий эрүүгийн хариуцлагын төрөл, эдлэх хэлбэрийг тогтооход хамааралтай байх тул үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл, хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл хэмжээний дотор 1 жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Э-ийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь оногдуулсан нэг төрлийн ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов.  

Шүүгдэгч О.Э эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн байнга оршин суух газраас ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор албан ёсоор ажиллаж буй байгууллага руу зорчихоос бусад тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчихыг хориглож хязгаарлах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Бгийн “...төрсөн эцэгтээ гомдол санал, байхгүй, шоронд оруулмааргүй байна...” гэх хүсэлт хавтаст хэргийн 101 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч О.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 28 сантиметр диаметртэй бор шаргал өнгийн ганжин 1 ширхэг, “Boss” гэсэн бичиглэлтэй түдүүлтэй, төмөр аралтай, нийт 113 сантиметр урттай хар өнгийн арьсан тэлээ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэж үйлдсэн” гэм буруутайд,

 

шүүгдэгч О.Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж тарчлаасан гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Э-г 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Э-г 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан нэг төрлийн ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч О.Э-д эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн байнга оршин суух газраас ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор албан ёсоор ажиллаж буй байгууллага руу зорчихоос бусад тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчихыг хориглож хязгаарлах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч О.Э зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 28 сантиметр диаметртэй бор шаргал өнгийн ганжин 1 ширхэг, “Boss” гэсэн бичиглэлтэй түдүүлтэй, төмөр аралтай, нийт 113 сантиметр урттай хар өнгийн арьсан тэлээ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ