| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2022/0611/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/675 |
| Огноо | 2022-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/675
2022 06 23 2022/ШЦТ/675
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: С.Болорзул;
Хохирогч: Д.Д;
Шүүгдэгч: Б.М;
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.А;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;
Шүүгдэгч Б.М: Монгол Улсын иргэн, 20.. оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Х- дэлгүүрийн автобусны буудал дээр иргэн Д.Дийг автобустайгаа зогсож байхад нь “машин мөргөчихлөө” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг заамдаж, автобуснаас чирч буулгах явцдаа өмсөж явсан цамцны захаар хоолойг нь боож ухаан алдуулах, замын хашлаганы хажуугаар чирэх явцдаа толгойгоор замын бордюр мөргүүлэх зэргээр эрүүл мэндэд нь “тархи доргилт, хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт, баруун бугалганд цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокуророос Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт
үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Д мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Х- дэлгүүрийн буудал руу орох гээд явж байхад туслах замаас, нэгдүгээр эгнээгээр түрээд хоёрдугаар эгнээ рүү нэлээн шахсан байдалтай Харриер маркийн машин байсан. Тэгээд би буудал дээр хүмүүсээ буулгаад, суулгаад байж байтал 2 залуу бууж ирээд “машин мөргөчихлөө” гэж их уурлаж эхэлсэн. Би “мөргөөгүй” гэж хэлсэн. Намайг автобусаа байрлуулаагүй байхад чирээд хүчээр буулгачихсан. Намайг өрөөсөн гараараа чирсэн маягтай байсан, буулгаад түнх рүү дарахад нь би ухаан алдаад унасан. Мөн намайг хэл амаар доромжилж байгаад яваад өгсөн. Би цагдаад хэлж, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би 1-27 насны хүүхдүүдтэйгээ амьдардаг, гэрээсээ ганцаараа ажил хийдэг. Надад 258.000 төгрөг төлсөн. Би тухайн хугацаанд ажил хийгээгүй бөгөөд 24 хоногийн цалин болох 1.520.000 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрээс нь CT, MRI зураг авахуулсан” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Д /хх-ийн 7-8, 10-12/, гэрч Б.Г /хх-ийн 17/ нарын мэдүүлэг, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-22/, Д.Дийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4963 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/, Д.Дийн хохирлын баримтууд /хх-ийн 36, 39-40/, Б.М-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46, 51, 53/, Б.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 54-58/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Х- дэлгүүрийн автобусны буудал дээр автобусны жолооч Д.Дийг “жолоодож явсан автобусаараа машин мөргөсөн” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Д.Дийн /хх-ийн 7-8, 10-12/: “...2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Х- дэлгүүрийн автобусны буудлын хажууд зогсоод зорчигчдоо буулгаж, суулгаж байхад үл таних 2 эрэгтэй хүн автобусанд орж ирээд “машин мөргөчихлөө чи” гэж заамдаад мөрнөөс татаад чирч эхэлсэн. Тэгэхээр нь би “автобусаа байрлуулаадахъя” гэхэд намайг сонсохгүй байсан. ...Автобуснаас буулгаад нэг нь намайг чирээд явж байхдаа боогоод төвөнх рүү хуруугаа хүчтэй дарснаас би гэнэт ухаан балартаад нэг мэдэхэд замын бордюр налаад намайг нөгөө залуу боосон чигээрээ байсан. ...Намайг боосон залуу нь махлагдуу биетэй, дунд зэргийн нуруутай, хар өнгийн гадуур хувцастай, бараандуу өнгийн өмдтэй залуу байсан. ...Уг хүмүүс хар өнгийн “Тоёота Харьер” маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан. ...Тухайн Харьер автомашины жолооч миний өмсөж явсан ажлын цэнхэр улаан цамцны захаар боосон. Намайг замын хашлаганы хажуугаар чирч явсан. ...Миний толгой өвдөөд байсан. Мөн уг эрэгтэй намайг өмсөж явсан цамцны захаар боож ухаан алдуулсан. ...Б.М гэх залуу нь намайг автобусныхаа жолоочийн суудал дээр байхад машины руль мөргүүлэх гэж толгой дээрээс маш их дарсан. Мөн намайг чирч гаргаад намайг хоолой хэсгээс хоёр гараараа боосон ба тэр үед би ухаан алдаад толгой зулай хэсгээрээ газар мөргөж унасан. Тэр үед дээрх гэмтлүүд нь үүссэн гэж үзэж байна. Би өөрт үүссэн гэх гэмтлээ үзүүлэхээр томографикт 130.000 төгрөг, имрай зураг 320.000 төгрөг, толгой өвдсөн байсан учраас эм 30.950 төгрөгт авсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 8.000 төгрөгөөр үзүүлсэн, мөн толгойгоо Улсын 3 дугаар эмнэлгийн гаднах бариачид нийт 8 удаа бариулсан, нийт 240.000 төгрөг, мөн ирж очих бензиний мөнгө 90.000 төгрөг, ажилдаа нэг сарын хугацаанд өвчтэй яваагүй ба 1.520.300 төгрөг гээд нийт 2.339.250 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Г-ын /хх-ийн 17/: “...Б.М тухайн жолоочийн хувцаснаас нь татаад чирээд буулгасан. Б.М тухайн жолоочийн хувцаснаас нь чирээд явж байхад тухайн жолооч нь газар гараараа дараад унасан...” гэх мэдүүлгээр,
Д.Дийн биед “тархи доргилт, хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт, баруун бугалганд цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн гэмтэл” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4963 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 31-32/,
Б.М-ын яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 51, 53/: “...би тухайн жолоочид “мөргөөгүй юм бол буугаад хар” гэхэд буухгүй байхаар нь тухайн жолоочийг жолоочийн тусгаарласан хэсгээс нь хувцаснаас нь чирээд автобуснаас буулгасан. Автобуснаас буулгах үед тухайн жолооч нь газар гараа тулаад хэвтээд өгсөн. ...миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-22/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Б.М-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Б.М нь Д.Дийг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Б.М-ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид зарим хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 650 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч Б.М-ын хувийн байдлыг харгалзан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зорилгод оногдуулсан ял нийцсэн байх тул “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж ялаас чөлөөлүүлэх” талаарх түүний өмгөөлөгчийн гаргасан санал хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтын шатанд гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон гэм хор, хохирол болох 578.000 (компьютер томограф, MRI, эм) төгрөгийн хохирлоос нөхөн төлсөн 258.000 төгрөгийг хасаж, үлдэх 320.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.М-оос гаргуулж хохирогч Д.Дд олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний нэхэмжлэхийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-оос 320.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Дд олгож, хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний нэхэмжлэхийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ