Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/833

 

 

 

 

 

 

 

   2022        08         22                                      2022/ШЦТ/833

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Түмэнжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Х-ийн Н-д холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав, худалдагч мэргэжилтэй, “.......” ХХК-нд эрхлэгч, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, ........ дүүрэг, 00 дүгээр хороо, 00 гудамж 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Х-ийн Н, /РД:НН00000000/.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 19 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Сэлхийн 0 дугаар гудамж 00000 тоот хашаанд өөрийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Приус-20” загварын 00-00 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч А.Ө-ыг мөргөн дайрч, улмаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Т. шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний үйлчлүүлэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед амь хохирогчийн гэрээс нь нөхөртэй нь хамт аваад дүүгийндээ очиж хорхог идүүлэх гэж байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол, саналгүй байна гэх тайлбар хэлж байгаа тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр завгүй байж байгаад очиж чадаагүй бөгөөд сүүлд эмнэлэг дээр очсон. Гомдол, саналгүй, миний эгчид бага ял оногдуулж өгнө үү...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 19 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Сэлхийн 00 дугаар гудамж 00000 тоот хашаанд өөрийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Приус-20” загварын 00-00 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч А.Өыг мөргөн дайрч, улмаар амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/-р тал,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч зураглал, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9/-р тал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр манай хамаатнууд уг осол болдог газарт бүгдээрээ цуглаж хорхог идэх байсан. Би тэр өдөр завгүй ажилтай байсан бөгөөд орой нь буюу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай эгч Н над руу залгаад том эгч Өыг мөргөчихлөө, эгчийг түргэн аваад явсан, чи гэмтэл дээр яваад оч гэж хэлсэн. Би шууд гэмтлийн эмнэлэг дээр очиход эгч Ө-ыг тархиндаа гэмтэлтэй гээд хэвтүүлэх гэж байсан. Тэгээд тухайн оройдоо гэмтлийн эмнэлэгт хэвтээд эмчлүүлж байгаад 2022 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн орчим нас барсан. Буяны ажлын зардал мөнгийг Н эгч бүгдийг нь гаргасан. Бидний зүгээс санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү, мөн би шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/-р тал,

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн 19 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн 6-100 тоот хашаанд Toyota Prius-20 маркийн 00-00 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь явган зорчигч Х.Өыг мөргөж амь насыг нь хохироосон хэрэгт манай эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хохирогч Х.Өын эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан нийт хохирол болох 300.000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү. Манай төрийн сангийн ... тоот дансанд төлөгддөг болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/-р тал,

Гэрч Ч.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн 17 цагийн орчим би эхнэр Б болон 2 хүүхдийнхээ хамт манай ээжийн төрсөн дүү Х.Б ахын гэрт нь буюу Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо Сэлхийн 00-000 тоотод очсон юм. Тухай өдөр манай нэг ах малаа зарсан гээд бүгдийг нь дуудсан байсан юм. Бид нарыг очиход манай ээж Н түрүүлээд өөрийнхөө Toyota Prius-20 маркийн 00-00 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очсон байсан. Уг машинаа байшингийнх нь баруун урд талд байрлуулж тавьсан байсан. Уг хашаа нь их уруу, хазгай газарт байдаг юм. Тэнд талийгаач Х.Ө эгч болон нөхөр бусад хамаатнууд бүгдээрээ байсан. Тэгээд би хорхногоос амсчхаад удаагүй ажилдаа эхнэр хүүхдүүдээ аваад явж байтал араас нэг ах минь залгаад танай ээж том ажааг /Х.Ө/ мөргөчихлөө буцаад хурдан хүрээд ир гэж хэлэхээр нь би шууд эргэж буцаад очтол манай ээж Ө эгчийг машиныхаа урд хэсгээрээ мөргөөд дугуйгаараа дээгүүр нь дайрч гараад зогссон байсан. Намайг очиход Ө эгч машины зүүн талын хойд хаалганы доод хэсэгт нь хэвтэж байсан. Би цагдаа, түргэн рүү өөрийнхөө 86082442 дугаараас дуудлага өгсөн. Удаагүй түргэн ирээд Ө эгчийг аваад явсан. Дараа нь цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/-р тал,

Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1373 дугаартай “Талийгаачийн бие дарагдсаны улмаас удаан дарагдлын хам шинж-бөөрний цочмог дутагдал болон бүдүүн гэдэсний цоорлын шалтгаант баасны гаралтай цочмог перитонит хавсран олон эрхтний дутагдлаар нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 44-51/-р тал,

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67-70, 72/-р тал,

2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 71/-р тал,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 624 дугаартай “...Тоёота приус-20” маркийн 00-00 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” Явган зорчигч Х.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадалгаа /хх-ийн 73-74/-р тал,

Жолоодох эрхийн лавлагаа:  ... Хорлоо овогтой Н, үнэмлэхийн дугаар ..., жолооны үнэмлэхийн төлөв-хүчинтэй, үнэмлэх олгосон огноо-2018/02/08, үнэмлэх хүчинтэй огноо 2018/02/09, зөрчлийн оноо-10, ангилал В. /хх-ийн 91/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******гийн өгсөн “... 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай дүү малаа зараад хамаатнуудаа уг осол болдог газарт цуглуулж дуудсан юм. Би тухайн өдөр өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 00-00 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслээр Дарь эхээс эгч Ө, түүний нөхөр Мөнхсүх нарыг аваад төрсөн дүүгийн гэр болох осол болдог хашаанд очсон. ... орой 19 цаг 50 минутын орчимд би буцаад эгч Ө нөхөр 2-ыг нь гэрт нь хүргэж өгөх гээд би түрүүлээд машиндаа суугаад ухраагаад өгсүүр газарт буюу байшингийн зүүн тал руу гарахад машин ээрээд, салгалаад буцаад ухарсан. Яг тэр үед эгч араас гараад ирсэн байсан ба би эгчийгээ машиныхаа урд хэсгээр мөргөөд зогссон. Би машинаасаа буугаад тойроод очтол эгч урд дугуйны харалдаа хэвтэж байсан. ... Би тэр үед ухраад чигээ өөрчлөөд баруун дарах гэж байтал алдчихсан юм. Тэгээд машин буцаад байсан байр руугаа явахдаа эгчийг мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 107/-р тал зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болох, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэг шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас харвал шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн, дээрх зүйл заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хохирогч А.Өыг мөргөж, улмаар түүний амь насыг хохироосон нь хангалттай нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч *******гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын холбогдох заалтуудыг зөрчин замын хөдөлгөөнд оролцож, хохирогч А.Өыг мөргөж, түүний амь насыг хохироосон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Нөгөөтээгүүр шүүгдэгч ******* нь өөрийн гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд аливаа хэлбэрээр маргаагүйн дээр түүний өмгөөлөгчийн зүгээс хавтас хэрэгт авагдсан аль нэг баримтыг үгүйсгэж, няцаах талаар тайлбар, дүгнэлт гаргаагүй болохыг дурдвал зохино.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч *******г Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жил, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1,2 дугаар зүйлийг хэрэглэж, тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх санал гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зэргээс харвал шүүгдэгч болон амь хохирогч нар нь эгч, дүүс болох нь тогтоогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хөнгөн ял шийтгэж өгнө үү гэх тайлбарыг гаргаж байх хэдий ч тухайн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл зөвхөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол, саналгүй гэх тайлбарт үндэслэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй, нөгөөтээгүүр энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэх заалттай нийцэхгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3-5 жилийн хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн тайлбар, зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч *******г зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж эхэлсэн үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн хураагдсан ирсэн шүүгдэгч *******гийн 1207583 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Х-ийн Нг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.  

          3. Шүүгдэгч *******г зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

          5. Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж эхэлсэн үеэс эхлэн тоолсугай.   

          6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №000000 дугаартай шүүгдэгч *******гийн жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР