Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/681

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        06          27                                    2022/ШЦТ/681

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

 

Улсын яллагч: Н.Гэрэлмаа (томилолтоор);

 

Шүүгдэгч: Б.М;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.О;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал;

 

Шүүгдэгч Б.М: Монгол Улсын иргэн, 20.. оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 22/108 дугаар тогтоолоор уг ялыг эдэлж дууссан, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

Б.М нь 2021 оны 11 дүгээр сард ““ нутгаас иргэн н.Тгээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 50.000 төгрөгөөр худалдан олж авсан,

улмаар үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн оршин суух хашаа болон аав Г.Бы эзэмшлийн “Тоёота Приус-11” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы хавтсанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан 5,1 грамм цэвэр жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн насанд хүрээгүй Ч.Ут 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өгч хэрэглүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн Прокуророос Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/, Ч.У-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13/, Ч.Уаас биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /хх-ийн 14-16/, Ч.Уын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 17-18/, Б.М-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23/, Б.М-ийн биеэс дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /хх-ийн 24-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 45-47, 50-52/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 92-96/, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 98/, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 99-100/, Б.М-ийн депозит дансны хуулга /хх-ийн 57-65/, гэрч Х.Ц /хх-ийн 76/, гэрч Ч.У /хх-ийн 70-71/, Б.М-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-42, 68, 102-103/, Б.М-ийн өмнөх ялаа эдэлж дууссан тогтоол /хх-ийн 103/, Б.М-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 82, 85/, Б.М-ийн сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 88-89/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 11 дүгээр сард .... нутагт Т гэгчээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 50.000 төгрөгөөр худалдан олж авсан,

мөн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан 5,1 грамм цэвэр жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн оршин суух хашаа болон эцэг Г.Бы эзэмшлийн “Тоёота Приус-11” маркийн дугаартай тээврийн хэрэгсэл дотор хууль бусаар хадгалсан,

мөн дээрх хадгалж байсан бодисоос 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр насанд хүрээгүй Ч.Ут өгсөн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

“...Шинжилгээнд ирүүлсэн “ургамал” мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтад хамаарна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2331 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 50-52/,

 

мөн хүрээлэнгийн “...шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.М 2022.04.13” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2334 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 45-47/,

 

гэрч Ч.Уын /хх-ийн 70/: “...Тухайн өдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 13-ны 11 цагийн үед би Б.М-ийн гэрт очсон. Тэгээд бид хоёр хамт 6 буудал ороод тэнд байдаг эмийн сангаас гуйгаад Тебантин худалдаж аваад бид хоёр машин дотор судсаараа тарьж хэрэглэсэн. Тэгээд бид буцаад гэр гэртээ ирсэн. Учир нь Б.М манай гэрээс холгүй амьдардаг. Тэгээд би гэртээ байж байгаад 14 цаг өнгөрч байхад Б.Мтэй дахиж уулзаад бид хоёр манай гэрт ус аваад гадуур хамт явж байгаад буцаад гэртээ 18 цагийн үед ирэхэд манай гэрийн гадаа цагдаа нар ирсэн. Тэгээд бид хоёрыг аваад цагдаагийн байгууллага дээр авч ирээд Б.М-ийн унаж явсан машинд үзлэг хийхэд машины жолооч талын хаалганы хавтаснаас “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис олдсон. Би тухайн өдөр Б.М-ийн унаж явсан аавынх нь эзэмшлийн ““ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “өвс” байсан талаар мэдээгүй. Гэхдээ Б.М-д “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байгаа талаар нь мэдэж байсан. Учир нь цагдаад баригдахаас 4, 5 хоногийн өмнө тухайн машинаас гарч ирсэн “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Б.М бид хоёр хамт хэрэглэсэн. Тухайн өвсийг 2022 оны 4 дүгээр сарын 9 эсхүл 10-ны өдөр Б.М өөрийн биеэсээ гаргаж ирж надад үзүүлээд “энийг хоёулаа хэрэглээд үзье” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ““ буюу гэрийнхээ ойролцоо хэрэглэсэн. Тэгээд тэр өвсийг дахиж хэрэглээгүй. Б.М тухайн өвсийг хаана хадгалж байсан талаар мэдэхгүй байна. Учир нь надад тэр талаараа огт яриагүй...” гэх мэдүүлгээр,

 

яллагдагч Б.М-ийн /хх-ийн 85/: “...Би 2021 оны 12 дугаар сард гадуур таксинд явж байгаад нэг үл таних хүнтэй танилцсан. Тэгээд тэр хүнийг хорооллын Бичилд буулгасан. Тэр хүн надад таксины мөнгөний оронд “өвс” санал болгосон. Тэгэхээр нь би сонирхоод байж байтал надад мөнгө өгөлгүй тэр өвсөө өгөөд буугаад явсан. Тэгээд тэр хүн надад яаж хэрэглэхийг зааж байсан. Би тэр хүний зааж өгсний дагуу хэрэглэж үзээд гэртээ авч очоод хашаандаа орхисон байсан. Тэгээд тэр зүйлийг дахин санаад 2022 оны 4 дүгээр сарын эхээр 1 хэрэглээд, үлдсэн өвсийг нь машинд хийгээд авч явж байгаад цагдаа нарт баригдсан. У нэг удаа хэрэглэсэн...” гэх мэдүүлэг болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/, Б.М-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23/, Б.М-ийн биеэс дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /хх-ийн 24-26/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Б.М-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн шээснээс илэрсэн болон “Тоёота Приус-11” маркийн дугаартай тээврийн хэрэгслээс хураагдсан “ургамал мэт зүйл”-ээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээч тогтоосон, шүүгдэгч дээрх сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг тээврийн хэрэгсэлд хадгалсан, олж авсан, бусдад өгсөн болох нь тээврийн хэрэгсэл болон хүний биед хийсэн үзлэгээр тогтоогдсон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Хувь хүний хувьд сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд шүүгдэгч Б.М зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөртөө байлгасан, олж авсан, бусдад өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

  Ийнхүү шүүгдэгч Б.М-ийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Б.М нь хүн амын эрүүл мэндийг өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний сэтгэхүйн хэвийн үйл ажиллагаанд хор хохирол учруулдаг, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэргийг үйлдсэн боловч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, өсвөр насандаа сурлага, хүмүүжлийн хувьд тодорхой амжилт гаргаж байсан, цаашид өөрийн авьяас чадварын хүрээнд суралцаж, ажиллах хүсэл эрмэлзэлтэй, хувь хүний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал, донтой болоогүй зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, ёс суртахуун, цаашид нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслахад чиглэж түүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх байдлаар цээрлүүлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний доторх хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх буюу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нийгмийн аюулын хохирол, хор уршгийн талаарх сургалтыг олон нийтэд сар бүр зохион байгуулж хийх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

 

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Б.Мээс гаргуулах төлбөргүй, хураан авах хөрөнгө орлогогүйг дурдаж байна.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хавсарган ирүүлсэн 1 ширхэг DVD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн тунгалаг ууттай 5,1 грамм цэвэр жинтэй “Өвс”-ийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-д хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх буюу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нийгмийн аюулын хохирол, хор уршгийн талаарх сургалтыг олон нийтэд сар бүр зохион байгуулж хийх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

    

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг DVD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн тунгалаг ууттай 5,1 грамм цэвэр жинтэй “Өвс”-ийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ