| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2022/0600/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/682 |
| Огноо | 2022-06-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/682
2022 06 27 2022/ШЦТ/682
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Б.Дэлгэрмаа;
Хохирогч: Д.С, түүний өмгөөлөгч Т.Золбаяр;
Иргэний нэхэмжлэгч: О.Э, Д.Г;
Шүүгдэгч: О.Н, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;
Шүүгдэгч О.Н: Монгол Улсын иргэн, 19.. оны 01 дүгээр сарын 05-ны өдөр З.. аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
О.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны 15 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбайн баруун талын замд “Toyota Pruis” маркийн ““ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.С, О.Э, Д.Б нарыг мөргөж, Д.Сы эрүүл мэндэд хүндэвтэр, О.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокуророос О.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н мэдүүлэхдээ: “Би өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээсээ болж бусдын эрүүл мэндэд хохирол учруулсандаа уучлалт гуйж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.С мэдүүлэхдээ: “2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатарын талбайн баруун талд нь Эийн хамт явган хүний гарц дээр зам гарч явсан. Тухайн үед цаана нь 2 цагдаа, наана нь 2 цагдаа замын хөдөлгөөн зохицуулж байтал нэг цагаан өнгийн машин 200-300 метр намайг мөргөөд чирээд явсан. Тухайн үед юу болсныг санахгүй байна. Цагдаа намайг суулгаж байсан. Тухайн цагдаа нь “чамайг замаа хар гэж хэлсэн биз дээ” гэж хэлж байсан. Тэгээд эмнэлэг болон цагдаагийн машин ирсэн. Миний зүүн талын хөл мэдээгүй болоод гишгэж чадахгүй байсан бөгөөд эмчийн дүгнэлт гартал тэргэнцэр дээр байсан. Миний аарцагны яс хугарсан байдалтай байсан бөгөөд одоогийн байдлаар миний биеийн байдал дээрдээгүй байна. Намайг 2-3 жилийн хугацаанд төрөх юм бол хийсвэрээр төрнө гэж хэлсэн. Би гомдолтой байна. 2 сарын цалин болох 3.000.000 төгрөг, эмчилгээний зардал 609.700 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг, нийт 3.669.700 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч О.Э мэдүүлэхдээ: “Бид нар ажлынхантай хамт явж байгаад зам гарах гээд гарц дээр зогсож байхад тухайн машин нь зогсож байсан мөртлөө биднийг урдуур нь гарахад хөдөлж мөргөчихөөд чирсэн. Би 14 хоногийн цалин 458.000 төгрөг, эмчилгээний зардлын мөнгө 122.000 төгрөг нийт 580.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.Г мэдүүлэхдээ: “Хохирогч Д.Сы тусламж үйлчилгээний зардал 262.000 төгрөг, О.Эийн 214.000 төгрөг, Д.Бын 161.000 төгрөг, нийт 637.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13-15/, хохирогч Д.С /хх-ийн 18-19, 161/, иргэний нэхэмжлэгч Д.Б /хх-ийн 38/, иргэний нэхэмжлэгч О.Э /хх-ийн 42/, иргэний хариуцагч (нэхэмжлэгч) Д.С /хх-ийн 48, 51/, гэрч М.Э /хх-ийн 61/, гэрч О.Ш /хх-ийн 64/, шинжээч Б.С /хх-ийн 67-68/, иргэний нэхэмжлэгч Д.Г /хх-ийн 181/ нарын мэдүүлэг, Д.Сы эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 23-26, 114-115, 131, 168/, зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 54-57/, Д.Сы биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5526 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-72/, Д.Бын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5524 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-76/, О.Эийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5547 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-80/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-89/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 90-91/, О.Н-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 97-107/, Д.Сы хохирлын баримтууд /хх-ийн 109-110, 169/, Д.Бын эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 112-113/, О.Эийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 116/, О.Эийн хохирлын баримт /хх-ийн 171/, түргэн тусламжийн хуудас /хх-ийн 120/, Д.Сы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 163-165/, Д.Б, О.Э нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 166-167/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг, хавсралт /хх-ийн 173-174/, иргэний нэхэмжлэгч Д.С-ийн хүсэлт /хх-ийн 184-185/, О.Н-ийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 133-156/, О.Н-ийн дансны хуулга /хх-ийн 158/, О.Н-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 127/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн О.Н-ийн хохирол төлсөн баримт, Д.Сы дансны хуулга зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон
хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны 15 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбайн баруун талын замд “Toyota Pruis” маркийн ““ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.С, О.Э, Д.Б нарыг мөргөж, Д.Сы эрүүл мэндэд хүндэвтэр, О.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Д.Сы /хх-ийн 18-19, 161/: “...Тухайн үед уг зам ачаалал ихтэй байсан ба цагдаа зохицуулаад явган хүмүүсийг яв гэсэн дохио өгч байхад хэсэг явган зорчигч нар зам хөндлөн гарсан. Бид 3 уг хүмүүсийн арын хэсэгт нь алхаж байсан. Гэтэл явган хүний гарцны урд талд цагаан өнгийн “Тоёота приус” маркийн машин зам тавьж өгөөд зогсож байсан. Бид гурав явган хүний гарцаар гараад эхний эгнээний голын хэсэгт би хамгийн зүүн захад, миний баруун талд Б, харин Бын ар хэсэгт Э алхаад гарч явтал урд зам тавьж өгөөд зогсож байсан цагаан өнгийн “Тоёота Пруис” маркийн машин намайг харахын завдалгүй ирээд бид нарыг мөргөсөн. Тэр жолооч мөргөсөн газраасаа урагшаагаа чигээрээ хэсэг яваад зогссон. Би болон хамт явсан Б газарт унасан, харин Эийг газарт унасныг мэдэхгүй байна. Тэгээд босоод цагдаа болон түргэн дуудсан...” гэх мэдүүлгээр,
Д.Сы биед “зүүн суудал ясны доод салааны цуурал, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5526 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 71-72/,
иргэний нэхэмжлэгч Д.Бын /хх-ийн 38/: “...эм тариа бариачийн мөнгөнд 150.000 төгрөг мөн осол гарснаас хойш 7 хоног ажилдаа яваагүй. Би 7 хоногийн ажилгүй байх хугацаанды цалин 210.000 төгрөг нийт 360.000 төгрөгийг жолооч О.Н-оос нэхэмжилж байна. Би өөрөөсөө 150.000 төгрөг гаргаж эм авсан, бариачид бариулсан ба уг бариулсан баримт нь байхгүй. Эм тарианы баримтуудаа хайгаад олохгүй байгаа...” гэх мэдүүлгээр,
Д.Бын биед “бүсэлхий, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5524 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 75-76/,
иргэний нэхэмжлэгч О.Эийн /хх-ийн 42/: “...Би өөрөөсөө гаргасан 123.000 төгрөг болон ажилгүй байх хугацаандын цалин болох 14 хоногийн 458.000 төгрөг нийт 581.000 төгрөгийг жолооч О.Н-оос нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,
О.Эийн биед “зүүн гуяны зөөлөн эдийн няцрал” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5547 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 79-80/,
иргэний нэхэмжлэгч Д.Ггийн /хх-ийн 181/: “...манай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хохирогч Д.С, Д.Б, О.Э нарын эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан нийт хохирол болох 537.000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлгээр,
“...“Тоёота Приус-30” маркийн ““ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Явган зорчигч Д.С, Д.Б, О.Э нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн магадлагаагаар /хх-ийн 90-91/,
иргэний нэхэмжлэгч (хариуцагч) Д.С-ийн /хх-ийн 48, 51/: “...манай байгууллагын өмчлөлийн Тоёота Приус 30 маркийн ““ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ямарч хохирол учраагүй. Фидукцийн гэрээнд зээлдэгч О.Н нь ослын улмаас бусдад учирсан хохирлыг бүрэн хариуцахаар заасан байгаа тул мана байгууллага ямар нэгэн хохирол төлөхгүй...” гэх мэдүүлгээр,
О.Н-ийн яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 127/: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг Сүхбаатарын талбайн баруун талын замаар өөрийн эзэмшлийн “Тоёота Приус 30” маркийн ““ улсын дугаартай цагаан өнгийн машинтай ганцаараа урдаасаа хойшоогоо зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байтал нэг мэдсэн явган зорчигчийг мөргөсөн байсан. Тухайн үед Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан болоод их шуугиантай чимээтэй байсан ба хүмүүс орлилдоод байхаар нь хараад явж байхдаа хүн мөргөсөн байсан. Тэр үед миний урд явж байсан машины урдууд хэсэг хүмүүс гарцаар гараад явсны дараа тэр машин хөдлөөд би араас нь хөдөлтөл уг 3 хүнийг мөргөсөн. Явган хүний гарцан дээр явган 3 зорчигчийг мөргөснөө хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
О.Н-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, мөрдөгчийн магадлагаагаар тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогч Д.С хүндэвтэр, О.Э хөнгөн гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, О.Н нь хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Д.Сыг хүндэвтэр, О.Эийг хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч О.Н нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасалгүй, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүйн улмаас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, Д.Сы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч О.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 1000 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Н-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу гэм буруутай этгээд уг үйлчилгээний зардал төлбөрийг нөхөн төлөх учиртай,
мөн хохирогч Д.Сы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, хохирогч гэмт хэргийн улмаас эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулж, хууль зүйн туслалцаа авахын тулд өмгөөлөгч сонгож авах үр дагаварт хүрсэн.
Иймд гэмт хэргийн улмаас гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч О.Н-оос 1.000.000 төгрөгийг (өмгөөлөгчийн ажлын хөлс) гаргуулж хохирогч Д.Сд, 637.000 төгрөгийг гаргуулж ...газарт тус тус олгох нь зүйтэй.
Харин хохирогч Д.С, иргэний нэхэмжлэгч Д.Б, О.Э нарын хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, тэдгээртэй адилтгах орлоготой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
О.Н нь шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст хохирогч Д.Сы 1.000.000 (өмгөөлөгчийн хөлс) төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн,
мөн шүүгдэгч О.Н-оос хохирол төлбөрт Төрийн сангийн дансанд нөхөн төлсөн 755.000 төгрөгийг гаргуулж үүнээс 637.000 төгрөгийг ...газарт, 118.000 (баримтаар гарсан хохирол төлбөр) төгрөгийг иргэний нэхэмжлэгч О.Эт тус тус олгож, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хохирогч Д.Сы хохирол төлбөрт шүүгдэгч О.Н нь 940.000 төгрөг нөхөн төлснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, иргэний хариуцагч нь төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний хариуцагч төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Д.С, иргэний нэхэмжлэгч Д.Б, О.Э нарын хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, тэдгээртэй адилтгах орлоготой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч О.Н-оос Төрийн сангийн дансанд хохирол төлбөрт нөхөн төлж байршуулсан 755.000 төгрөгийг гаргуулж үүнээс 637.000 төгрөгийг ...газарт, 118.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч О.Э нарт тус тус олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ