Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/692

 

 

 

 

 

 

 

 

    2022         9           12                                      2022/ШЦТ/692

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч М.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* тоот 1 хавтас хэргийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-нд Дорнод аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Парадокс” салонд үсчин ажилтай, ам бүл 4, эх, ах, дүүгийн  хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 18 дугаар гудамж, 5 тоотод хаягийн бүргэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Мах импексийн ** байр, * тоотод П.Этай хамтран амьдарч байгаа гэх,

ял шийтгэл:

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

2. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 701 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

*** регистртэй, Ү овогт Мын /эх/ Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч М.Б согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Эсвэй” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа намайг мөрлөсөн гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж улмаар хохирогч Г.Лын толгой руу шилээр цохиж эрх чөлөөнд нь халдан зодож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, дагзны хуйханд шарх, хоёр бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Архи ууж ийм үйлдэл гаргаад байгаа нь энэ онд миний жил орж байгаатай холбоотой юм шиг байна. Архи уухлаар миний зан ааш өөр болоод байдаг юм. Цаашид өөртөө анхаарах болно.

Хохирогчтой уулзах гэсэн боловч холбогдож чадахгүй байна. Би шүүгчийн туслахтай яриад хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л-ын ХААН банк дансыг авч өнөөдөр өглөө 197.000 төгрөг шилжүүлсэн.

Прокуророос санал болгож байгаа 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаа их байна, өөр ял оногдуулж өгөөч. Манай эхнэр Эын биеийн байдал муу, гэртээ байдаг. Би хүүхдээ хичээл сургуульд нь зөөдөг гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Гийн Л “... 2022 оны 6 дугаар сарын 30-ны 00:00 цагийн үед “Эсвэй” нэртэй бааранд хүргэн ах Баянмөнх, хүргэн ах Хатанзориг, Чойсүрэн гэх найзын хамт орсон. Бааранд ороод бид нар 1 литрийн архи хувааж уугаад сууж байхад манай ширээний ард сууж байсан залуу миний ард суучихсан дуу чимээтэй газар нэг юм хэлээд байсан. Би архи уусан байсан ба их дуу чимээнд хэн хэлээд байгааг нь сонсоогүй бөгөөд “сонсогдохгүй байна юу гээд байгаа юм” гэхэд арын ширээний залуу над руу жаахан агсрах байдалтай байхаар нь би “зүгээр байгаарай” гэж хэлсэн. Нөгөө залуу хүртэл зүгээр байгаарай гээд бид хоёрын дунд маргаан болсон. Маргалдаж байгаад зүгээр болоод урагшаагаа хараад суухад ар талаас шилээр цохисон. Намайг шилээр цохиж байгааг хараагүй. Гэхдээ би арын ширээний залуутай маргалдсан. Дараа нь шилээр хэн цохисон гэхэд Б гэх надтай маргалдаж байсан залууг зааж байсан. Тэр залуутай маргалдсан болохоор шилээр цохисон байх. Би Б гэх залууг мөрлөсөн үгүйгээ мэдэхгүй байна. Бааранд нилээн согтсон, нааш цаашаа явахдаа хэн нэгэнтэй шүргэлцэж санамсаргүй л мөрлөж мөргөлдсөн байх. Гэхдээ хэн нэгнийг өдөж санаатай үйлдэл гаргаагүй” /хх-н 16-17/ гэж,

гэрч Г-ын О “... бааранд орсноос хойш шоотой цамцтай залуу Быг мөрлөсөн, сууж байхад нь сандалыг нь хөдөлгөж, өшиглөсөн эхнэртэйгээ бүжиглэж байхад нь эхнэрийг нь өдөөд байсан Бын чихнээс зулгаасан. Түүнээс болоод хоорондоо маргалдаж зодолдсон. Зодоон эхлэхийн өмнө шил хагарч түс тас гэх чимээ гарахаар нь би эргэж харахад Б, Л нар зууралдаад зодолдсон. Б согтолтын хувьд их согтсон байсан, алхаж гишгэхдээ найгаж байсан. Өмнө нь Быг архи уусан үедээ хүмүүстэй маргалдаж зодолдож шүүхээр орсон гэдгийг нь мэднэ” /хх-н 24-25/ гэж,

гэрч Н-ийн Х “... бид нар ууж идээд сууж байхад Лыг нөгөө залуу хажуу ширээнээс үгээр өдөөд байсан. Тэгээд тэр хоёр барьцалдаад авахаар нь салгасан. Тэр хоёр бие биенээ “барахгүй”, “амжихгүй” гэж хэлээд Л маргаанаа болиод эргээд харахад нөгөө залуу өөрийнхөө ширээн дээрээс пивоны шил аваад Лыг 2 удаа цохисон. Цохисон шил нь газар унаад хагарсан. Л шилээр цохиулсан. Өөр байдлаар харилцан зодоон болоогүй” /хх-н 27/ гэж,

гэрч Г-ын Б “... Л хажуу ширээний залуу хоёр маргалдаж байсан чинь тэр залуу нь пивоны шилээр Лын араас нь цохисон. Уг нь юм яриад байх шиг байсан тэгээд л муудалцаад хажуу ширээний залуу Лыг араас нь шилээр нэг удаа цохихыг харсан. Хажуу ширээний сандалыг өшиглөөд байх ямар нэгэн боломж байхгүй” /хх-н 29/ гэж,

гэрч П-гийн Э “... юу болсон гэдгийг мэдээгүй. Сүүлд сонсоход Б хажуу ширээний залуутай муудалцаад шилээр толгой руу нь цохисон гэсэн” /хх-н 30/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч М-ын Б “... 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүүхдүүдээ гэртээ үлдээгээд О, түүний эхнэр Тунгалагзаяа, Э бид нар караокед орж хүн тус бүр 5-6 шил пиво уусан. О машин барьж байсан учраас пиво уугаагүй. Тэндээсээ гараад “Эсвэй” нэртэй бааранд ороод хүний нэг шил пиво захиалж аваад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад саарал шоотой цамцтай залуу миний хажуугаар гарахдаа илтэд мөрөөрөө мөрлөөд хажуугаар явсан. Би бүжиглэж байгаад өөрийн суудал дээрээ суухад намайг мөрлөдөг залуу хажуу талын ширээн дээр сууж байсан. Би зүгээр сууж байхад намайг мөрлөдөг залуу миний сууж байгаа сандалыг хөлөөрөө өшиглөөд байхаар нь би “боль зүгээр бай” гэж хэлсэн. Би Э, Т нартай бүжиглэж байхад алаг шоотой цамцтай залуу бүжгийн тайлбай дээр миний урдуур ороод намайг түлхээд манай эхнэртэй бүжиглээд байхаар нь би эхнэрээ аваад сандал дээр суусан. Дахиад сандал дээр сууж байхад санаатай ч юм уу, санаандгүй ч юм уу сандал хөдөлгөөд байхаар нь би тоогоогүй. Тэгсэн манай эхнэр бүжиглэхээр явсан. Би арын ширээний залуус дээр очоод “би эхнэр, ах эгчтэйгээ хамт явж байгаа шүү, та нар буруугаар ойлгоод байх шиг байна, бааранд танилцсан хүмүүс биш шүү” гэж хэлээд сандал дээрээ суухад шоотой цамцтай залуу надтай юм ярьж байснаа чихнээс татсан. Би эргэж хараад тэр залуутай муудалцаж байгаад архины шилээр нэг удаа цохисон” /хх-н 46-47/” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Г.Л-ын биед тархи доргилт, дагзны хуйханд шарх, хоёр бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 9361 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 34-35/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч М.Б-ын гэм буруутайг нотолно.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ү овогт М-ын Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.Б-ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 50/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 51/, Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-н 54/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 55/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна тэрээр

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж /хх-н 62-64/,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар /хх-н 58-61/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 701 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж /хх-н 66-68/ байжээ.

 

Шүүхээс ялтан М.Б-д оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ял биелэгдсэн талаарх “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол” хавтаст хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй. /хх-н 70/

 

Шүүхээс шүүгдэгч М.Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Хэдийгээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч

гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ял шийтгэл оногдуулсан болно.

 

Шүүгдэгч М.Бад холбогдох өмнөх эрүүгийн хэргүүдийн шийтгэх тогтоолуудаас үзвэл тэрээр “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” үйлдэж байсан, эдгээр гэмт хэргүүдийг үйлдэхдээ согтуугаар үйлдсэн байна.

 

Тухайлбал, шүүгдэгч М.Б 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 701 дугаартай шийтгэх тогтоолоор “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлснээс ердөө 1 сар 18 хоногийн дараа “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг дахин үйлдсэн нь түүний хувийн байдлын илэрхийлэл юм.

 

Шүүх шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын санкцаас /үүнд: торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах/ нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, хугацааг нь 720 цагийн хугацаагаар тогтоохын зэрэгцээ

эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзээд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авлаа.

 

Харин албадлагын арга хэмжээний нийт хугацааг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанд нийцүүлэн “90 хоног буюу 3 сар” гэж тогтоов.

 

Түүнчлэн албадлагын арга хэмжээний хэрэгжих хугацаа шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн үеэс тоологдохыг шүүгдэгч М.Б болон хорихоос өөр төрлийн ялд хяналт тавих хяналтын прокурор, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад тус тус мэдэгдье.

 

Шүүгдэгч М.Б “... прокуророос санал болгож байгаа 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаа их байна, өөр ял оногдуулж өгөөч. Манай эхнэр Э-ын биеийн байдал муу, гэртээ байдаг. Би хүүхдээ хичээл сургуульд нь зөөдөг” гэсэн тайлбар бүхий хүсэлт гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй байна.

Учир нь, дээр дурдсанчилан шүүхээс ял оногдуулахдаа тухайн хүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах нь зүйтэй бөгөөд шүүгдэгч М.Б төрсөн хүүхэдгүй болон гэрлэж байгаагүй болох нь түүний “Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа”-нд /хх-н 53/ тусгагджээ.

 

Шүүгдэгч М.Б Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Мах импексийн 53 А байр, 5 тоотод оршин суух, УЗ88090309 дугаарын регистртэй, Пүрвээгийн Э гэгчтэй хамтран амьдарч байгаа гэсэн тайлбарыг шүүх хуралдааны явцад хэлснийг шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Г.Л “... гомдолтой байна. Эмчилгээний зардалд холбогдох материалыг гаргаж өгсөн. ... Намайг “Шанх транс” ХХК-д жолоочоор ажил гэж дуудсан. 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ир гэсний дагуу очих гэж байгаад хүнд зодуулаад ажилд явж чадаагүй учраас би ажилд явж чадаагүй мөнгөө нэхэмжилж байна” /хх-н 16/,

“... уншиж танилцлаа, хохирол мөнгө төлөгдөөгүй. Төлөгдвөл гомдол саналгүй. Шүүх хуралд оролцож чадахгүй. Түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” /хх-н 78/ гэжээ.

 

Шүүгдэгч М.Б хохирогч Г.Л-ын нэхэмжилсэн 197.000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10:46 цагт ХААН банкны, Г.Л эзэмшигчтэй, 5028 750 *** тоот данс руу шилжүүлсэн тухай баримтыг шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн тул тэрээр шүүхийн энэ шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй.

 

Хохирогч Г.Лын “... ажилд орох байсан, ... ажилд явж чадаагүй мөнгөө нэхэмжилнэ” гэсэн нэхэмжлэл нь үндэслэлгүйгээс гадна ямар нэгэн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

 

Шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Ү овогт М-ын Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Б 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн үеэс эхлэн “90 хоног буюу 3 сар”-ын хугацаанд шүүгдэгч М.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа, ... хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

5. Шүүгдэгч М.Б шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус түүнд мэдэгдэж, анхааруулсугай.

 

6. Шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар тооцож, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган хадгалсугай.

 

7. Шүүгдэгч М.Б хохирогч Г.Л-т 197.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Г.Л-ын нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ