Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар   2022/ШЦТ/702

 

 

 

 

 

    2022        07         01                                    2022/ШЦТ/702

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр;

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

Улсын яллагч: Д.Даваадорж;

Шүүгдэгч: Б.Г;

Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Намдаг;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

Шүүгдэгч Б.Г:  Монгол Улсын иргэн, 19... оны 03 дугаар сарын 15-ны өдөр Д.. аймгийн Д... суманд төрсөн,... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, группт байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.   

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

Б.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ... тоотыг иргэн Ц.Оаар дамжуулан түрээслэх замаар хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулж, тус газартаа “Б” гэх нэршилтэй сайт буюу мэдээллийн технологийг ашиглан ашиг олох зорилгоор “Т” гэх нэршилтэй үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулан ажиллуулж, нийт 216.000.992 төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “Миний хувьд 2019 оны 12 дугаар сараас онлайн покер тоглуулж эхэлсэн. Энэ нь хууль бус гэдгийг мэдээд 2022 оны 3 дугаар сараас больсон бөгөөд больсноос хойш 2 сарын дараа цагдаад баригдсан. Хууль бус гэдгийг мэдсэнээс хойш буруу зүйл хийснээ ойлгосон” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 13-19/, гэрч Б.А /1хх-ийн 34-35/, гэрч С.Т /1хх-ийн 36, 40/, гэрч Ж.О /1хх-ийн 38, 43-44/, гэрч Б.О /1хх-ийн 37, 39/, гэрч А.А /1хх-ийн 41-42, 71/, гэрч Б.Д /1хх-ийн 60-62/, гэрч М.Ц /1хх-ийн 63-65/, гэрч Ж.С /1хх-ийн 116-117/ нарын мэдүүлэг, орон сууц хөлслөх гэрээ /1хх-ийн 48-49/, эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /1хх-ийн 51/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 162-163/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 181-182/, Б.А-ийн дансны хуулга /1хх-ийн 207-216, 2хх-ийн 7-240/, Б.Д-ийн дансны хуулга /1хх-ийн 217/, А.А-ын дансны хуулга /2хх-ийн 42-59, 214-250, 3хх-ийн 1-67/, Д.Э-ийн дансны хуулга /3хх-ийн 68-74/, Ж.С-ийн дансны хуулга /2хх-ийн 61-70, 3хх-ийн 174-250, 4хх-ийн 1-29/, Б.Б-ын дансны хуулга /4хх-ийн 30-168/, А.Т-ны дансны хуулга /2хх-ийн 181-196/, Б.Г-ын дансны хуулга /1хх-ийн 222, 2хх-ин 60-61, 2хх-ийн 74-177, 3хх-ийн 75-170/, дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 235-250, 2хх-ийн 1-4, 178, 197-211, 5хх-ийн 20-27/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /5хх-ийн 28-29, 76-77/, Б.Г-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /4хх-ийн 199, 5хх-ийн 31-32/, Б.Г-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /4хх-ийн 202, 206-207, 5хх-ийн 13, 17, 34-35/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ... тоотыг иргэн Ц.Оаар дамжуулан түрээслэх замаар хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулж тус газартаа “Б” гэх нэршилтэй сайт буюу мэдээллийн технологийг ашиглан ашиг олох зорилгоор “т” гэх нэршилтэй үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан, улмаар 216.000.992 төгрөгийн ашиг олсон үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

гэрч Б.А-ийн /1хх-ийн 34-35/: “...2020 оны 02 дугаар сарын дунд үеэс эхлээд би ажил төрөл зогсонги байдалд ирсэн үеэс эхлээд цахим мөрийтэй тоглоом тоглох болсон. “Б” гэсэн сайтаар орж “Т” тоглоомыг тоглож байсан. Энэ хугацаанд өөрийн ХААН банкны данснаасаа бооцооны мөнгийг “Б”-ийн данс руу шилжүүлдэг. Ингэж данс руу нь шилжүүлсэн мөнгөөрөө бооцоо тавьж тоглодог байсан. Ингээд дансаар дамжин хожсон мөнгө шилжин орж ирдэг байсан. Миний барагцаагаар “Б” тоглох үед “бооцоо тавьсан”, “хожсон” гэх гүйлгээний утгаар тоглоом тоглох үед мөнгөн шилжүүлэг хийсэн. Энэ үед 35-40 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байх гэж бодож байна. ...Бараг 3 сарын сүүл үед хүрсэн байх, нэг удаа орох гэхэд хаагдсан байсан. ...Нэг удаагийн тоглолтод нийт цугларсан бооцооны мөнгөний 3 хувийг зохион байгуулагч нар авдаг байсан. ...“Б”-ийн хүлээн авч байсан данс нь Оргил гэсэн нэртэй байсан санагдаж байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Тийн /1хх-ийн 40/: “...2020 оны 03 дугаар сарын эхээр манай найз А нь “...“Б” /Б/ сайтын чатанд хариулдаг ажил хийх үү, нэг сарын 500.000 төгрөгийн цалин өгье” гэж санал тавьсан. Уг саналыг хүлээн зөвшөөрөөд ... тоотод хүрэлцэн ирж онлайнаар мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг “Б” сайтад админ чатанд хариулах үйл ажиллагааг нь эрхэлж явуулдаг байсан. ...“Б” сайтаар тоглоом зохион байгуулдаг хүн нь Б.Г гэдэг залуу байдаг ба хэрэглэгч /тоглогч/ бусад тоглож байгаа хүмүүс хоёр данс руу мөнгө шилжүүлдэг...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Оийн /1хх-ийн 37, 39/: “...Б.Г ах “Б” гэсэн сайт ажиллуулж байгаа, чатанд хариулах ажил хийх үү, өдрийн 50.000 төгрөгийг цалинтай, өдрийн 8 цагаар ажиллана” гэж хэлсэн. Ингээд би хүлээн зөвшөөрөн ажиллахаар болсон. Зарим өдөр ачаалал ихтэй үед 02 цаг хүртэл ажилладаг байсан. Би 1 cap гарангийн хугацаанд ажилласан. ...“... тоотод үйл ажиллагаа явуулдаг байсан. Б.Г ах “чи түрээслэх байр олчих” гээд би байр олоод түрээсийн гэрээ байгуулсан. Б.Г ах өөрөө тэргэнцэртэй бөгөөд “явж чадахгүй” гээд намайг явуулсан.  ...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ... тоотыг өөрийн нэр дээр нэг сарын 1.300.000 төгрөгөөр түрээсэлсэн. Түрээсийн мөнгийг нь Б.Г гэх хүн өгсөн. Бид нарыг ажиллуулж байсан. Тус онлайн тоглоом 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн үеэс данс нь ашиглагдахаа болиод зогссон. “...“Б” сайтыг Г ах өөрөө хариуцан ажиллуулдаг байсан. ...Б.Г нь “уг тоглоомыг хууль бус юм байна” гээд үйл ажиллагаа явуулахаа больсны дараа буюу 10 гаран хоногийн дараа уг байранд цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ж.О-ын /1хх-ийн 43-44/: “...Манай төрсөн дүү С нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн орчимд надад “онлайн хэлбэрээр мөрийтэй тоглоом ажиллуулж байгаа, та дансаа ашиглуулаад сарын 1.000.000 төгрөгөөр цалин авах боломжтой” гэж хэлээд намайг Б.Г гэдэг хүнтэй Хан-Уул дүүргийн “Н” гэх нэртэй төв дээр уулзуулсан. Тэгээд Б.Г гэдэг хүнтэй уулзахад “таны ХААН банкны дансыг 1 сарын хугацаатай ашиглаж байгаад өгье” гэж хэлсэн. Тэр үед юунд яаж ашиглах гэж байгаа талаар асуухад “цахим хэлбэрээр мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа, таны данс руу хүмүүсийн мөнгө орж, гарах учир ашиглаад өгнө, харин танд 1.500.000 төгрөг өгье” гэж хэлээд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөгийг өгсөн. ...“Б” /Б/ сайт дээрх тоглоомыг Б.Г нь зохион байгуулж ажиллуулдаг...” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.А-ын /1хх-ийн 41-42/: “...Би 2019 оны зунаас С гэдэг залуутай танилцсан бөгөөд С гэдэг найзаараа дамжуулан Б.Г гэдэг хүнтэй танилцаж байсан. Б.Г гэдэг хүн нь “...2020 оны 01 дүгээр сарын үед “Б” /Б/ сайт ажиллуулаад хүмүүсийг онлайнаар покер тоглуулна, чи надад хариулдаг ажил хийх үү” гэж надаас асууж, санал тавих үед би хүлээн зөвшөөрөөд ... тоотод очиж өглөөний 08 цагаас гараад өдөрт 16 цагаас 00:00 цаг хүртэл ажиллах гэх мэт О, Т нартай ээлжээ солилцож ажилладаг. Би тус сайтад хүмүүс мөрийтэй тоглох гэж орж ирээд чат бичих үед хариу өгөх, мөнгө хийх данс зэргийг хэлж өгдөг. Тэгээд хүмүүс ХААН Б.Г гэх, О гэх данс руу мөнгө шилжүүлээд онлайнаар тоглоом тоглодог байсан. “Б” /Б/ сайтыг Б.Г гэх хүн ажиллуулдаг...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ж.Сийн /1хх-ийн 116-117/: “...Тухайн цахим тоглоомын сервер Герман Улсад байдаг бөгөөд тухайн газраас тоглогчийн хөзрийг харах боломжтой эсэхийг хэлж мэдэхгүй...” гэхх мэдүүлгээр,

 

Б.Г-ын яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 31-32/: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон орон сууц хөлслөх гэрээ /1хх-ийн 48-49/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 162-163/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 181-182/, Б.А-ийн дансны хуулга /1хх-ийн 207-216, 2хх-ийн 7-240/, Б.Дийн дансны хуулга /1хх-ийн 217/, А.Аын дансны хуулга /2хх-ийн 42-59, 214-250, 3хх-ийн 1-67/, Д.Э-ийн дансны хуулга /3хх-ийн 68-74/, Ж.Сийн дансны хуулга /2хх-ийн 61-70, 3хх-ийн 174-250, 4хх-ийн 1-29/, Б.Б-ын дансны хуулга /4хх-ийн 30-168/, А.Т-ны дансны хуулга /2хх-ийн 181-196/, Б.Г-ын дансны хуулга /1хх-ийн 222, 2хх-ин 60-61, 2хх-ийн 74-177, 3хх-ийн 75-170/, дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 235-250, 2хх-ийн 1-4, 178, 197-211, 5хх-ийн 20-27/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Б.Г-т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь мэдээллийн технологи буюу “Б” сайтыг ашиглан  “Т” гэх үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан болохыг шүүгдэгч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, мөн шүүгдэгч нь 216.000.992 төгрөгийн ашиг олсон болох нь шүүгдэгч, гэрч нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Б.Г нь хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан,  ажиллуулсан, улмаар 216.000.992 төгрөгийн ашиг олсон гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Г-ыг “үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Г зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Харин шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо өөрийн төрсөн эхийн болон өөрийн эзэмшлийн ХААН банк дахь дансанд хуримтлуулсан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Г-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох нийт 216.000.992 төгрөг буюу Д.Эийн (шүүгдэгчийн эх) эзэмшлийн ХААН банкны данс дахь 125.000.000 төгрөг, 53.389.239 төгрөг, Б.Г-ын эзэмшлийн ХААН банкны 37.611.753 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй. 

 

Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэгжиж дуусах хүртэл хугацаанд дээрх ХААН банкны данснуудын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг  хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 1. Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Б.Г-т эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн байнга оршин суух газраас ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор албан ёсоор ажиллаж буй байгууллага руу зорчихоос бусад тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчихыг хориглож хязгаарлах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Г зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 216.000.992 төгрөгийг (Д.Эийн (шүүгдэгчийн эх) эзэмшлийн ХААН банкны данс дахь 125.000.000 төгрөг, данс дахь 53.389.239 төгрөг, Б.Г-ын эзэмшлийн ХААН банкны данс дахь 37.611.753 төгрөгийг тус тус гаргуулж) албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэгжиж дуусах хүртэл хугацаанд дансны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ