Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 81

 

          Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,  

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: П.Удвал,

Хохирогч: Я.Цэндээ,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болормаа,

Шүүгдэгч: Ч.Баярхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн  98.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаагчид овогт Чирээбалын Баярхүүд холбогдох 201620000214 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1989 оны 07 дугаар сарын 07-ны Увс аймгийн Тэс суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, дүү нарын хамт Тэс сумын 5 дугаар багт оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй. Цагаагчид овогт Чирээбалын Баярхүү / РД:ОО89070738 /.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Баярхүү нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг дэвсгэр "Бураатын худаг" гэх газарт хохирогч Я.Цэндээтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                

  1. Хохирогч Я.Цэндээ мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед Зүүнговь сумын Суварга багийн “Бураатын худаг” гэдэг газар гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт байж байтал Тэс сумын Чирээбалын Баярхүү гэдэг залуу хажуудаа Сандаг гэх залуугийн хамт адуу хөөж ирж манай гэрийн гадна байх данхарт адуу оруулж барихаар болж адуугаа данхарт оруулсан юм. Адууг данхарт оруулчихаад гэрийн гадна байж байхад Баярхүү над руу “ чи намайг хулгайд хардлаа. Би хэзээ чиний мал хулгайлж авсан юм” гээд надыг зодох гээд ирэхэд нь би морин дээр байснаа буухад Ч.Баярхүү шууд ирээд намайг заамдаж аваад би бас түүнийг заамдаж авсан. Тэгэхэд Ч.Баярхүү зүүн гараараа намайг заамдаж байгаад баруун гараараа газарт хэвтсэн 1 метр орчим урттай модыг аваад миний толгойн ар хэсэгт цохиход би ухаан алдаад газарт унасан. Би тухайн үед малгайгүй толгой нүцгэн байсан. Тэгээд би ухаан ороход намайг гэрт оруулж ирээд хэвтүүлсэн байсан. Тухайн үед миний толгойноос гарсан цусгүй, битүү гэмтэл авсан байсан. Толгой маш их өвдөж байсан. Тэр өдрөө эмнэлэгт дуудлага өгч эмнэлэгт хэвтсэн. … Ч.Баярхүүгийн адуунд байсан хүний нэг өнчин унага байсныг манай хүү Ч.Баярхүү ахаа “та энэ унагаа надад өгчих” гэхээр нь Ч.Баярхүү ” чиний унага чинь багадаад байна уу? ” гэж хэлснээс болоод маргаан гарсан. Тэгээд Ч.Баярхүү бид хоёр маргалдаж би мориноос бууж Ч.Баярхүүтэй очиж барьцалдаж авахад Ч.Баярхүү газраас нэг мод аваад миний толгойн ар хэсэгт нэг удаа цохиход миний толгой манарч, ухаан алдаад унасан. … Миний толгой урьд өмнө нь өвдөж, даралт ихсэж байсан удаа байхгүй. Ямар нэг эмнэлэгт хэвтэж байсан ч удаа байхгүй. Ганц ч удаа тариа хийлгэж байгаагүй. Тэс Зүүнговь сумын Эрүүл мэндийн төвөөс асуухад мэдэгдэх байх.” гэх мэдүүлэг / хх-ийн 16-21-р тал /,

- Хохирогч Я.Цэндээгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Баярхүү бид хоёр 8 дугаар сарын 23-ны өдөр манай гэрийн гадна адуу авч ирж барьсан. Тэр үед бага зэргийг асуудлаас болж маргаж энэ залуу намайг цохиж унгаасан, хэдэн цагийн дараа босож ирсэн талаар мэдэхгүй байна. Толгой тархи задрах гэж байсан. Тэр өдрөө Зүүнговь, Тэс сумын эмнэлэгээс тусламж авч Тэс сумаар дайрч 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаангом суманд гэмтэлийн тасагт ирж хэвтсэн. Тухайн үед биеийн байдал хүндэрсэн, өөр шалтгаан хэлсэн бол 350.000 төгрөг төлөх байсан. Харин мотоцикльиос унасан гэвэл 35.000 төгрөг төлөх байсан тул хугацаа алдахгүй хэвтэх шалтгаанаар дээрх шалтгааныг эмчид  хэлсэн.  Эмчилгээний зардалыг төлүүлж авсан.  Одоо Ч.Баярхүүгээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

 

2. Гэрч Я.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай 4 дүгээр ангийн охин Тэргэл гаднаас мод оруулах гэж гэрээс гараад аав уначихсан байна гэж хэлж орж ирэхээр нь би гэрээс гараад яваад очиход Ч.Баярхүү адууны данхар хашаан дотор морь барих гэсэн бугуйл барьчихсан зогссон. … манай нөхөр нүүрээрээ доошоо хараад сунаад уначихсан байсан. Би очоод нөхрөө татаад эргүүлэхэд хамар ам руу шороо орчихсон хачин дуугарсан амьсгаатай байсан. Ер нь бол ухаангүй, амьгүй байхыг хараад би тухайн үед нөхрөө хараад уйлахад хажуунаас Баярхүү, Чирээбал, Сандаг нар ирээд гэрээс Баярхүү 8 литрийн ус авч ирээд толгой бие рүү нь хийхэд ухаан орж толгой задарлаа, нугас тасарчихлаа гэж орилоод би яасан юм бэ? Би хаана явж байгаад ирсэн юм бэ? гээд хачин хачин юм яриад байсан. Тэгээд Цэндээг Баярхүү Чирээбал, Сандаг гурав дамжилдаж гэрт оруулсан. Цэндээ гэрт орж ирээд хэвтэхэд бөөлжөөд, өвдөөд байна гэж орилоод байсан. Удалгүй би Цэндээгийн гарыг барьж үзэхэд гар нь хөрчихсөн байхаар нь сумын эмнэлэг рүү мэдэгдсэн юм. Эмнэлэгийн машин ирээд нөхрийг үзээд яаралтай Улаангом явах хэрэгтэй гэж хэлсэн. Тэд нар адуу барих гэж байгаад ялимгүй юмнаас маралдсан гэсэн. Я.Цэндээ надад хэлэхдээ Баярхүү бид хоёр маргалдаж байгаад Баярхүү мориноосоо уурлаж буугаад над руу ирэхээр нь би бас мориноосоо буугаад яваад очиход газраас мод аваад толгой руу цохисон. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Сүүлд хэд хоногийн дараа Ч.Баярхүүтэй уулзахад би Цэндээ ахыг морин дээр сууж байхад нь газраас мод аваад шидчихсэн юм гэж хэлээд байгаа юм. Ямар ч байсан манай нөхөр Цэндээг Баярхүү модоор цохиж гэмтээсэн байсан. Манай нөхөр 41  хүртлээ эмнэлэгт хэвтэж үзүүлж байгаагүй, толгой өвдөж байна гэж хэлдэггүй байсан. Баярхүү манай нөхрийг цохих үед хажууд нь Сандаг, Чирээбал болон манай 5 настай хүү Норовжамба нар байсан. Тэр өдөр архи уусан хүн байгаагүй, бүгд эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р тал /,

3. Шинжээч эмч Н.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн:  “Я.Цэндээгийн биеийг үзэхэд ухаан санаатай, хэвтрийн байдалтай байсан. Зүүн чихний ар хөхлөг сэртэнд 0.5х0.5см хэмжээтэй 3 ширхэг тав нь хуурч унасан цайвар цагаан өнгийн зулгаралтын оромтой, дагзны зүүн хэсгээр хаван хавдаргүй байсан. Уг зулгаралт гэмтэл нь тав нь хуурч унасан байсан учир үүсээд тодорхой хугацаа өнгөрсөн байна гэж үзсэн. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь модоор цохигдсоны улмаас үүсгэгдэх боломжтой. Я.Цэндээгийн зүүн чихний ар талын хөхлөг сэртэнд модоор цохиход тархины няцралт, зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт үүсэх боломжтой. Дээрхи цус харвалт, гэмтэл нь гэмтэл авсаны дараа буюу цохилт авсаны дараа өвчтөний биед зовиур шаналгаа илэрч байгаа тул уг гэмтлийн улмаас үүссэн байх боломжтой гэж үзсэн. 2016 оны 8 дугаар сарын 24-ний тархинй компютер томографийн шинжилгээнд субарахнойд зайнууд өргөссөн, силевийн ховил болон атьраа хооронд +45 - +55 HU нягтралтай зонууд тодорхойлогдоно гэж бичигдсэн байгаа нь зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалтыг илэрхийлэх ба уг зонуудын байрлалыг дүрс оношлогооны эмч нарийвчлан тусгаагүй байсан. Дээрхи цус харвалт гэмтэл нь гэмтэл үүсэх үед болон гэмтэл авснаас хойш өвчтөнд зовиур шаналгаа өгнө. Хохирогч Цэндээгийн хувьд огцом уурлах бухимдах үед дээрх зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт үүсэхгүй. Тухайн үед хүнээр толгой руугаа модоор цохиулсан гэж хэлж байсан. ” гэх мэдүүлэг  /хх-ийн 26-27-р тал/,

4. Гэрч Н.Чирээбалын мөрдөн байцаалтад өгсөн: “Я.Цэндээ тоглоод чи унагаа надад өгчих гэхэд та надаар мал туулгуулсаныхаа хөлсөө өгчих гэж анх маргасан. Гэтэл Цэндээ уурлаж мориныхоо цулбуурыг давхарлаж барьсан. Тэр үед Баярхүү газраас мод авч байсан. Яг тэр мөчид би цохиж байхыг нь хараагүй. Би адуу хашиж байсан тул тэр хоёр хүмүүст биш адуундаа анхаарлаа хандуулж байсан. Тэгээд Цэндээ мориноосоо бууж ирээд Баярхүүтэй заамдалцахад Сандаг бид хоёр салгасан. Тэгтэл Цэндээ газарт унасан. Тэгээд гэрээс нь ус авхуулж толгойг нь шавшиж босгоод гэрт нь оруулсан. Ч.Баярхүүг яг цохиж байхыг нь хараагүй. Ч.Баярхүү өөрөө хэлэхдээ намайг цулбуураар давхарлаж цохих гэхээр нь газарт байсан мод аваад шийдчихсэн гэж хэлсэн. Ч.Баярхүү Я.Цэндээгийн хүзүү эгэм хавьд шидсэн мод нь оносон гэж хэлсэн. Тухайн үед би эгэмний ясыг тэмтэрч үзэхэд хугарсан, хавдсан зүйлгүй байсан. Я.Цэндээ морин дээр сууж байсан. Тэгээд цохичихлоо гээд мориноосоо бууж ирээд заамдалцаад барьцалдаад авахад нь салгаж авсан. …Я.Цэндээ надтай хамт явж бариачаар толгойгоо бариулж байсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хх-ийн 29-31, 38-р тал /,

5. Гэрч Б.Саранзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:  “2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагт Тэс сумын эрүүл мэндийн төвд хүн ухаан алдлаа гэсэн дуудлага ирсэний дагуу тус сумын харъяат Я.Цэндээ гэх айлын гэрт орсон. Ухаантай байсан. Толгойн хажуу /зүүн талд / чихний ар хэсгээр модоор цохиулсан гэсэн өгүүлэмжтэй, үзэхэд тухайн газар нь улайж хавдсан байсан. Тухайн үед даралт ихэссэн байсан тул даралт буулгах эм, тариа хийсэн. өвчин намдаах тариа, тархи толгой доргисон байсан тул эмчилгээ хийсэн. Биеийн байдал хүндэвтэр, босгож суулгахад бөөлжүүлсэн, зовиуртай байсан тул сумын төв авч ирээд маргааш нь Аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан. Я.Цэндээ хэлэхдээ Ч.Баяхүүтэй маргалдаж Баярхүү модоор толгойн тус газар нь цохисон гэж хэлсэн. Яг юунаас болж маргасныг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 32-р тал /,

            6. Гэрч Н.Булганы мөрдөн байцаалтад өгсөн:  “Миний хадам дүү Я.Цэндээ бусдад зодуулсан гэх дуудлагаар би Тэс сумын төвөөс бага эмч Б.Саранзаяа, жолооч Лхамжав, Должин нарын хамт Бөөрөг гэх газарт очиход Я.Цэндээгийн дуу нь сул бие нь муухан байсан. Тэгээд эмч эм тариа хийгээд сумын төв оруул гэсэн. Я.Цэндээгийн зүүн талын чихний ар хэсгээр хавдсан байсан. Мөн босохоор бөөлжөөд байсан. Бид нарыг очиход Я.Цэндээ, Ч.Баярхүү нар адууны хашаан дээр маргасан. Я.Цэндээ зодуулсан гэж байсан. Хэрхэн яаж зодож цохисон талаар асуугаагүй. Я.Цэндээгийн бие муу байхаар нь яаралтай Тэс сум руу авч ирсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 34-р тал /,

7. Гэрч Ч.Должингийн  мөрдөн байцаалтад өгсөн:  “Би сумын төвөөс Булган эгч, жолооч Лхамжав, эмч Саранзаяа нарын хамт 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Л.Цэндээгийн гэрт очсон. Гэрт нь очиход Я.Цэндээгийн биеийн байдал нь муу, бөөлжүүлсэн хөдөлж чадахгүй байсан. Я.Цэндээгийн зүүн чихний ар, дагз хэсгээр битүү хавдартай байсан. Тэгээд сумын төв рүү оруулж ирсэн. Я.Цэндээ тухайн үед үг муу хэлж байсан. Ч.Баярхүүд цохиулаад гэмтэл авсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/,

8. Гэрч Б.Сандагдоржийн  мөрдөн байцаалтад өгсөн:  “Би 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Бураатын худаг” гэх нэртэй газар мал хайж яваад Я.Цэндээ гэдэг айлд цай уугаад сууж байтал Ч.Баярхүү адуу тууж ирээд данхарт шахаж морь барих гээд байж байтал Я.Цэндээ Я.Баярхүүг цулбуураар нуруунд нь ороолгосон юм. Тэгтэл Ч.Баярхүү Я.Цэндээ рүү модны хугархай авч шидэхэд хүзүүнийх нь орчимд цохиж Я.Цэндээ мориноосоо бууж ирээд тэр хоёр хоорондоо барьцалдаад Я.Цэндээ нь Ч.Баярхүүг гараараа хоёр удаа нүүрэнд нь цохиж авсан. Тэгээд Чираабал ах бид хоёр салгаж аваад тэр хоёр хэрэлдээд Я.Цэндээ газар суучихсан. Ч.Баярхүү морио барьж байсан ба 4-5 минут орчмын дараа Цэндээ газар уначихсан байхаар нь бид нар очиж сэгсрээд толгой руу нь ус хийхэд ухаан орж би хаана явна, усанд унасан юм уу? гэж асуухаар нь бид нар дамжилж гэр лүү нь оруулаад эмч дуудсан юм. …Я.Цэндээ морин дээрээ сууж байтал Я.Баярхүү хажуунаас мод шидэж хүзүүнийх нь орчимд цохисон. Түүнээс биш ноцолдож байх үед Ч.Баярхүү Я.Цэндээг цохиж зодсон зүйл байхгүй. Харин Я.Цэндээ мориноос бууж ирээд Ч.Баярхүүгийн нүүр лүү 2 удаа гараараа цохисон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/,

            9. Хэргийн газарт үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт / хх-ийн 7-9-р тал /,

            10. Модонд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 10-р тал /,

            11. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 11-р тал /,

            12. Увс аймгийн шүүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 450  дугаартай  Шинжээч эмчийн:  “ Үзүүлэгч Я.Цэндээгийн биед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, няцралт, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн хөхлөг сэртэнд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг дор үүссэн байх боломжтой, Урьдны бэртэл гэмтлийн талаар эмчлүүлэгчийн картанд бичигдээгүй байна. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасанаар гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт удаан хугацаагаар нөлөөнө.” гэх дүгнэлт /хх-ийн 44-р тал /,

            13. Шүүгдэгч Ч.Баярхүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 61-р тал /,         

            14 . Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 63-64, 113-р тал/,   

            15. Хохирогч Я.Цэндээгийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Амбулториор эмчлүүлэгчийн карт, эмнэлэгээc өвчтөн илгээх хуудас, Зүүнговь сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хохирлын баримтууд / 66-78, 81, 82-88, 117, 80, 89-110, -р тал /,

16. Шүүгдэгч Ч.Баярхүү мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “Жаахан зүйлээс болж Цэндээ ахтайгаа маргалдаж, ийм байдалд хүргэсэндээ харамсаж байна.  Өмнө бид нэгэндээ заналхийлсэн зүйл байхгүй. Ах дүү болж нэг нэгэнд тус дэм болоод амьдарч байсан. Би энэ хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Уучилаарай гэж Цэндээ ахдаа хэлмээр байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

 

            Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: шүүгдэгч Цагаагчид овогт Чирээбалын Баярхүү нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг дэвсгэр “Бураатын худаг” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Я.Цэндээтэй маргалдан зодож, түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь хохирогч Я.Цэндээ, гэрч Б.Сандагдорж, Н,Чирээбал, Я.Дэлгэрмаа, Б.Саранзаяа, Н.Булган, Ч.Должин, шинжээч эмч Н.Одбаярн нарын мэдүүлэг,  2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 450  дугаартай  шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Баярхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хохирогч Я.Цэндээ нь 1.553.800 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч Ч.Баярхүү төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “ Хохирогч Ядам овогтой Цэндээ миний бие Чирээбал овогтой Баярхүүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулж авсан ба цаашид ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй. Иймд Ч.Баярхүүд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ” гэсэн хохирогчийн тодорхойлолт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.

            Шүүгдэгч  Ч.Баярхүү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

            Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогчийн толгойн рентген зураг 2 ширхэг, мөн зургийн бичлэг бүхий CD 4 ширхэгийг хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэв.

                Шүүгдэгч Ч.Баярхүүд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга  хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  хэвээр хэрэглэх нь зүйтэй  гэж үзэв.

 

  Шүүх ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  55.1.1-д “...анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9-д  “ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн”  гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзээд Ч.Баярхүүд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой гэж дүгнэв.

             

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283-ийн 283.1,  284-ийн 284.1,  294-296 дугаар зүйл, 297 дугаар зїйлийн 297.1- 297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Цагаагчид  овогт  Чирээбалын Баярхүүг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн  98.1 дэхь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Ч.Баярхүүд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих  ял  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5- д зааснаар шүүгдэгч Ч.Баярхүүд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.  

4. Шүүгдэгч Ч.Баярхүү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.

            5. Шүүгдэгч Ч.Баярхүүгийн дундын өмчлөлийн 2 морь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогчийн толгойн рентген зураг 2 ширхэг, мөн зургийн бичлэг бүхий CD 4 ширхэгийг хохирогчид буцаан олгосугай.

           

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Ч.Баярхүүд  оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

           

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Ч.Баярхүүд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан,  хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах ба улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ГАНСҮХ