Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2018/ДШМ/67

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019            08             27                                          2019/ДШМ/67

 

 

 

Б.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ө.Мөнхнавч,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

             Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЗ/236 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Б.Д-д холбогдох, эрүүгийн 1819002620143 дугаартай, 2 хавтас, 370 хуудас бүхий хэргийг прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

             Яллагдагч: Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Д /РД:/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Яллагдагч Б.Д 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... пост дээр ... улсын дугаартай, ... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа албан үүргээ гүйцэтгэж байсан ... цагдаагийн дэд ахлагч Ч.Б гаргасан зөрчлийг таслан зогсоох, тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодуулахгүй гэсэн шаардлага тавихад түүний нүүрэн тус газарт цохиж хүч хэрэглэн эсэргүүцэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.

             Анхан шатны шүүх: Яллагдагчийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Д-д холбогдох эрүүгийн 1819002620143 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр аймгийн прокурорын газарт буцааж,  

               хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

              Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...236 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Хавтас хэрэгт Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 33-4/1446 дугаартай албан бичигт “...албаны шалгалтын материал бүрдүүлж, Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд алба хаагчийн буруутай үйлдэл тогтоогдоогүй болно...” гэснээр, Цагдаагийн ерөнхий газрын хяналт, шалгалт үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3а/1547 дугаартай “...Цагдаагийн алба хаагчаас сахилга, ёс зүй зөрчсөн байдал тогтоогдоогүй байна... шинжээчийн дүгнэлт гаргаж, шинжилгээ хийх боломжгүй болно..” гэсэн албан тоот авагдсан байдаг тул дээрх асуудлын талаар Цагдаагийн байгууллагын дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгжээс дахин албаны шалгалт хийх боломжгүй байхад яллагдагч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг заавал хангах ёстой мэтээр хэргийг нэг талыг хэт барьж шийдвэрлэжээ. Мөн шүүгчийн захирамжид “...гол нотлох баримтыг цуглуулсан нь хуульд нийцээгүй, эргэлзээтэй гэсэн оролцогчийн хүсэлт нь үндэслэлтэй гэж үзлээ...” гэж заасан боловч энэ ямар нотлох баримтыг цуглуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль заалтыг, ямар байдлаар зөрчиж нотлох баримтыг цуглуулсан талаар тодорхой бичээгүй байгаа нь шүүхээс гарсан шийдвэр тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн драгер багажинд хадгалагдсан мэдээллийг цуглуулж бэхжүүлэхэд мөрдөгчид тусгай мэдлэг шаардлагагүй. Мөн шүүгчийн захирамжид “...Хэрэв шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх нөхцөл тогтоогдвол шүүхийн шатанд энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэж шинжээч томилж дүгнэлт гаргуулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааж өгсөн байхад шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь анхан шатны шүүхээс гаргасан захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэхгүй байх байр сууринаас хандаж байна гэж үзэж байна. Иймд 236 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.       

ТОДОРХОЙЛОХ нь:

                 Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

              “Хэргийг прокурорт буцаасан” шүүгчийн захирамжид заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байх буюу прокурор, хэргийн оролцогчдын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд өгсөн дүгнэлт, санал, тайлбар болон цугларсан нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд хохирогч /хууль сахиулагч/ Ч.Б нь “хэв журам сахиулах үүргээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэсэн” талаарх баримт хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ. 

 

               Өөрөөр хэлбэл энэ хэрэгт яллагдагч Б.Д-ын согтолтын зэргийг тодруулах зорилгоор согтуурал шалгасан багажид үзлэг хийсэн “...үзлэгээр цагаан саарал өнгийн нүүртэй, нүүрэндээ 3 товчлууртай, “Drager Alcotest 7510” гэсэн бичиг бүхий, Стандарт хэмжил зүйн газар, гэрчилгээний №00119 дугаартай, хар өнгийн согтуурал шалгах багаж, багажийг 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөрт тохируулахад хэрэг болсон гэх цаг хугацаанд 968 дугаартай тест, 16 цаг 51 минут 12 секунд 0,79% заалт байна...” гэсэн тэмдэглэл /2-р хх-ийн 13/,

              Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Т-н “Тус цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Б 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр албан үүргээ биелүүлэх явцдаа иргэн Б.Д-ын эрх чөлөөнд хууль бусаар халдсан гэх гомдол мэдээлэлд 20190380000009 дугаартай албаны шалгалтын материал бүрдүүлж, Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд алба хаагчийн буруутай үйлдэл тогтоогдоогүй болно” гэсэн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 33-4/1446 дугаартай албан тоот /2-р хх-ийн 17/,

              хэрэгт бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 22/,

            Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Б-н “...2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт иргэн Б.Д-ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үед нь саатуулж, шалгасан тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч Ч.Б түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад цагдаагийн дэд ахлагч Ч.Б, иргэн Б.Д-ын биед хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдохгүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэл тогтоогдож байгаа нь ...нотлох баримтаар тогтоогдож байх тул 181900328 дугаартай хэргийн хэрэг бүртгэлтийг дуусгаж, хэргийг хаах саналыг прокурорт гаргаж байна” гэсэн мөрдөгчийн санал /2-р хх-ийн 31/,

                Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямын  2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “...Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Б, Ч.Б-д холбогдох 181900328 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж дуусган, хэргийг хаах санал”-ыг  хүлээн авч хянаад “...хохирогч Б.Д-ыг ... улсын дугаартай, ... маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахад нь тус аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ч.Б нь Зүүнбаян-Хамрын хийд чиглэлийн авто замын постон дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах үүрэг гүйцэтгэн ажиллах явцдаа жолооч Б.Д-ын тээврийн хэрэгслийг зогсоон жолоочийг “драгер багаж” үлээлгэн согтолтыг нь шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн цааш авах арга хэмжээний талаар амаар танилцуулахад хохирогч Б.Д “ чи наад бичиг баримтаа аваад үлд, машин тэргээ саатуулна гэж хэзээ ч байхгүй, би явлаа” гэж хэлэн машинаа барихыг завдаж, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэнд, цагдаа, зохицуулагч Ч.Б жолоочийн зөрчлийг цааш үргэлжлүүлэхгүйн тулд машинд нь суулгахгүй гэхэд Б.Д эсэргүүцэн машинд орох гэж зүтгэх үедээ цагдаагийн хувцаснаас зуурч, заамдах зэргээр эсэргүүцэн маргалдах явцдаа газарт унаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож, энэ нь гэмт хэргийн шинжгүй байна. Тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаа, зохицуулагч Ч.Б нь хуулиар хүлээсэн үүргийн дагуу шаардлага тавьсан, зөрчлийг дахин гаргуулахгүйн тулд машин жолоодуулахгүй гэсэн нь хууль ёсны үндэслэл бүхий түүний үйлдэлд хууль бус, гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байх тул хэрэг бүртгэлтийн 181900328  хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хаасугай...” гэсэн агуулга бүхий 5/27 дугаар тогтоол /2-р хх-ийн 32-34/,

              Цагдаагийн Ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Д-н 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “...Цагдаагийн Ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь Цагдаа, дотоод цэргийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах, сахилга, ёс зүйн зөрчлийн талаарх өргөдөл, гомдлыг шалгаж шийдвэрлэх чиг үүрэгтэй ажилладаг. Иргэн Б.Д-ын гомдлын дагуу Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам” /код-112/-д заасны дагуу Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Б-д холбогдуулан албаны шалгалт явуулсан байдлыг хянан үзэхэд цагдаагийн алба хаагчаас сахилга, ёс зүй зөрчсөн байдал тогтоогдохгүй байна” гэсэн хариу хүргүүлэх тухай албан тоот /2-р хх-ийн 35/,

               Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Цэрэнсамбуугийн  “...хохирогч Б.Д-аас 5/27 дугаартай прокурорын тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан” тухай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/13 дугаар тогтоол /2-р хх-ийн 40/,

мөн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/47 дугаар “...дэд ахлагч Ч.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр замын цагдаагийн тасгийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа хохирогч Б.Д-ын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж, зөрчлийг таслан зогсоох зорилгоор автамашин бариулахгүй гэсэн шаардлага тавьсны улмаас Б.Д, Ч.Б нар хоорондоо маргалдсан болох нь тогтоогдож байна. Ч.Б нь хохирогч Б.Д-ын биед халдаж, санаатайгаар цохиж гэмтэл учруулсан гэх нотлох баримтгүй, Б.Д нь Ч.Б-тай маргалдах явцдаа газарт унаж, биедээ хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Иймд хяналтын прокурор С.Энхнямын “хэргийг хааж шийдвэрлэсэн” шийдвэр үндэслэлтэй...” гэсэн хохирогчийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан гомдолд өгсөн хариу мэдэгдэх хуудас /2-р хх-ийн 41/,

            Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн  “...хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нараас хяналтын прокурор С.Энхнямын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 5/27 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Ч.Бы үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж өгнө үү” гэсэн гомдол гаргасан хэргийг хянахад, Ч.Б нь Б.Д-н согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг таслан зогсоохоор хууль ёсны шаардлага тавьсан байх бөгөөд Б.Д цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн маргалдах явцдаа газарт унаж, хөнгөн хохирол учирсан нь цагдаагийн дэд ахлагч Ч.Б-н хууль бус, санаатай үйлдлийн улмаас бий болоогүй, уг асуудал гэмт хэргийн шинжгүй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон байна. Иймд хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг хэвээр үлдээж, иргэн Б.Д, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарын гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна” гэсэн тогтоол /2-р хх-ийн 45/,

                   Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Г “...дэд ахлагч Ч.Б нь иргэн Б.Д-н эрх чөлөөнд халдсан гэх гомдлын дагуу ЦБҮАЖ код 112.4-н А-д заасныг үндэслэн албаны шалгалт явуулахад шуурхай удирдлагын тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Б нь иргэн Б.Д-н үйлдлийг ЦБҮАЖурамд заасны дагуу илрүүлж ажилласан нь сайн гэж дүгнэхээр байна. Ч.Б нь иргэн Б.Д-н эрх чөлөөнд халдаж зодсон гэх үйлдэл нь тогтоогдохгүй байх тул арга хэмжээ авах үндэслэлгүй байна...” гэсэн албаны шалгалтын илтгэх хуудас /2-р хх-ийн 47-50/ зэрэг нотлох баримтаар хохирогч /хууль сахиулагч/ Ч.Б “хэв журам сахиулах үүргээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэсэн” болох нь нотлогдож, тогтоогдсон байх ба эдгээр баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу энэ хэрэгт цугларсан байх ба хууль бус арга, хэрэгслээр дээр дурдсан баримтыг цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

              Дурдсан баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдээллийг агуулсан байх ба тэдгээрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан байх тул хууль сахиулагч, замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ч.Б-н үйлдэлтэй холбоотой, Цагдаагийн байгууллагын дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгжээс зохих шалгалтыг хийсэн улмаар түүнийг хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Б.Д-д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг дахин гаргуулахгүй гэж улмаар дахин зөрчил гаргахаас сэргийлж, машиныг нь жолоодуулахгүй гэж түүнд хууль ёсны шаардлага тавьж хийсэн үйлдэл, үйл ажиллагаа хууль болон холбогдох журамд нийцсэн болох нь тогтоогджээ.  

                Стандарт, хэмжилзүйн газраас согтуурлын түвшин тогтоох хэмжих хэрэгсэл буюу драгер багажийг шалгаж, баталгаажуулахдаа зориулалт бүхий ALCOTEST CU34 and MARK IIA эталон төхөөрөмжөөр шалгаж, баталгаажуулдаг бөгөөд энэ хэрэгт яллагдагчийн согтуурлын түвшинг тогтооход хэрэглэсэн “Drager Alcotest 7510” гэсэн төхөөрөмж нь Стандарт хэмжил зүйн газар, гэрчилгээний №00119 дугаартай /2-р хх-ийн 13-15/ байх тул уг багажийг эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан, зөвшөөрөгдсөн, стандартад нийцсэн гэж үзнэ.

             Мөн согтолтын зэргийг тодруулах зорилгоор согтуурал шалгасан багажид үзлэг хийсэн тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй болно. Тиймээс энэ үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй. 

            Түүнчлэн гэмтлийн хөнгөн зэрэгт гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ байдаг ба хохирогч Ч.Б-н биед хөнгөн гэмтэл учирсан талаарх шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй, учирсан гэмтэл нь эдгэрсэн, Б.Даас нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байх тул хохирогчийн биед учирсан гэмтлийг дахин тогтоолгохоор шинжээч томилох шаардлагагүй юм.  

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг хангасан, мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ  биелүүлжээ.

             Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурорын бичсэн эсэргүүцлийг ханган, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

             Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЗ/236 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцлийг хангасугай.

 

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.САЙНТӨГС

                                                    ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                        Н.БОЛОРМАА