Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар   2022/ШЦТ/706

 

 

 

 

 

     2022         07         01                                           2022/ШЦТ/706

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Шийдвэрийн огноо: 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ; 

 

Улсын яллагч: Э.Булганчимэг;

 

Шүүгдэгч: М.Б (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

Шүүгдэгч М.Б: Монгол Улсын иргэн, 19.. оны 09 дугаар сарын 17-ны өдөр Д.. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам 2, эхийн хамт оршин суух, урьд:

  Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг 3 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн . .дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялыг өршөөн 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл  үзүүлэх тухай хуульд зааснаар 2 жилийг хасаж, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 303 дугаартай тогтоолоор эдэлж дууссан,  хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

М.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө ... байрны гадна согтуугаар шалтгаангүйгээр Э.Б-ын нүүрэн тус газар нь цохиж, зодож улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сүхбаатар дүүргийн Прокуророос М.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

            Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Б-ын  мэдүүлэг /xx-ийн 9-10, 17/, Э.Б-ын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2022 оны 04 сарын 29-ны өдрийн 6280 дугаартай шинжээчийн дүгнэлт /xx-ийн 26-27/, М.Б-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /xx-ийн 37-42, 64/, М.Б-гийн урьд нь эдэлж байсан эрүүгийн хариуцлага /хх-ийн 45-59/, хохирогч Э.Б-ын прокурорт гаргасан хүсэлт /хх-ийн 63/, Э.Б-ын хүсэлт  /xx-ийн 63/, М.Б-гийн  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36/ зэрэг  болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө ... байрны гадна иргэн Э.Б-ыг шалтгаангүйгээр зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

хохирогч Э.Б-ын /хх-ийн 9-10/: “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны оройн 21 цагийн үед найз Этэй Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гутал засварын газарт очиж уулзсан. Тухайн өдөр Эийн төрсөн өдөр байсан бөгөөд тэнд мөн түүний найз М.Б гэж залуу ирсэн. Ингээд бид тэнд архи уусан. Орой болтол архи уугаад тэндээс гарч дэлгүүрээс мөн архи авч Циркийн баруун талын 44 дүгээр байрны гадна зогсоол дээр байсан Эийн машинд сууж уусан. Машинд нь Э, М.Б хоёр урд талын суудал дээр, би арын суудал дээр суусан бөгөөд би таньдаг найзтайгаа утсаар яриад маазраад сууж байхад М.Б нь гэнэт миний нүүрэн тус газарт 2 удаа цохиод авсан. Тухайн үед ямар ч хэрүүл маргаан болоогүй, түүнтэй харьцаагүй байхад намайг цохиод авахад нь би гайхсан. Тэгээд уурлаад дайраад байсан. Тэгээд Э нь салгаад түүнийг авч машинаас буухад М.Б нь Э рүү уурлаад дайраад байсан. Э нь М.Б-г 1-2 удаа алгадаж байгаа харагдсан. Гэтэл М.Б нь “та 2 намайг элбэж зодлоо” гэж хашхичиж агсраад тэгээд шууд цагдаа дуудсан байсан....” гэх мэдүүлгээр,

 

Э.Б-ын биед “зүүн завжинд язарсан шарх, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор булан, хүзүү, цээж, зүүн хацар, дал, бөөр орчимд зулгаралт, баруун мөр, дал, хөх, зүүн шилбэнд цус хуралт” бүxий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 6280 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 26-27/,

 

М.Б-гийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 35-36/: “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эийн төрсөн өдөр болоод би түүний ажил болох ... баруун талд гутал засварын газар очсон. Энэ үед Этэй түүний найз Б-а гэх залуу хамт байсан. Ингээд бид тэнд архи уусан, орой 23 цагийн орчимд тэндээс гарч дэлгүүрээс дахин 1 шил архи авч ... байрны зогсоол дээр байсан Эийн машинд сууж архи уусан. Ингэж суухдаа Э жолоочийн суудалд, би түүний хажууд, арын суудал дээр Б-а суусан. Ингэж сууж байгаад яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна, ямар ч байсан маргалдаад би түүний нүүрэн тус газар гараараа цохиж зууралдсан. Тэгсэн Э нь та 2 буугаад сайхан зодолдчих гэхээр нь бид хоёр машинаас буугаад зууралдаад зодолдсон. Биднийг ноцолдож байхад голоор Э орж ирээд намайг мөн цохиж авсан. Тэгээд би уурлаад шаралхаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, М.Б нь Э.Б-ыг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан М.Б-гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч М.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Бусад асуудлаар:

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Э.Б-ын “...цаашид гомдол санал байхгүй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх байр суурь хавтаст хэргийн 63 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ