| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2018/00340/И |
| Дугаар | 146/ШШ/2018/00461 |
| Огноо | 2018-10-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 146/ШШ/2018/00461
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, ....... гэх газар оршин суух Ө овогтой О-ын Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, ........ гэх газар оршин суух Д овогтой Т-ийн Д-ид холбогдох
3 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О.Г би Т.Д-ид 2017 оны 11 дүгээр сард өөрийн эзэмшлийн ӨВА 57-43 улсын дугаартай "Уаз-Фургон" маркийн автомашиныг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 3 500 000 төгрөг авахаар тохиролцон зээлээр худалдсан юм. Гэтэл Д нь тохиролцсон хугацаанд миний мөнгийг өгөөгүй ба удаа дараа очиж нэхэхээр элдэв шалтаг тоочин өгөхгүй байсаар өдий хүрлээ. Миний бие Д-оос өрөө нэхэхээр очих бүрт надаас бензин шатахууны болон бусад зардал гарсан ба үүнийг нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна.
Иймд Д-оос автомашины үнэ 3 500 000 төгрөг, бусад зардал 350 000 төгрөг нийт 3 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2017 оны 11 дүгээр сард хариуцагч Т.Д- нь нэхэмжлэгч О.Г-тай очиж уулзаж улмаар нэхэмжлэгч О.Г-ын эзэмшлийн 57-43 ӨВА улсын дугаартай УАЗ-фругон маркийн автомашиныг зээлээр буюу төлбөрийг нь хавар ноолуураар хийхээр тохиролцож тухайн автомшиныг зээлээр авсан байдаг. Түүнээс хойш хариуцагч Т.Д-той нэхэмжлэгч О.Г автомашин зарсан мөнгөө авах гээд очихоор мөнгөгүй гэж шалтаг тоочсоор өдийг хүрсэн байдаг. Нэхэмжлэгч О.Г нь зардал унааны мөнгө хариуцагчаас нэмж нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Т.Д-оос нийт 3 850 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Т.Д-ид холбогдуулан 3 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Т.Д-ид 2017 оны 11 дүгээр сард өөрийн эзэмшлийн ӨВА 57-43 улсын дугаартай "Уаз-Фургон" маркийн автомашиныг 3 500 000 төгрөгөөр тохиролцон зээлээр худалдсан юм.тэрээр мөнгө өгөөгүйн улмаас нааш цааш явахад гарсан зардал 350 000 төгрөг нийт 3 850 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлажээ.
Шүүх нэхэмжлэгч О.Г-ын нэхэмжлэлийн хувийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Т.Д-ид гардуулан өгсөн ба түүнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнтэй холбоотой тайлбар, нотлох баримтыг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлэх үүрэгтэйг танилцуулж, зохигч, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгсөн боловч хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнтэй холбоотой тайлбар, нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуульд заасан журмын дагуу мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн 95132346 дугаарын утас руу залгаж мэдэгдсэн боловч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасан журмын дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар Д овогтой Т-ийн Д-оос автомашины үнэ болон бусад зардалд 3 850 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө овогтой О-ын Г-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Д-оос улсын тэмдэгтийн хураамжид 76 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Г-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА