Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/718

 

 

 

 

 

­

 

 

   2022        07          05                                     2022/ШЦТ/718

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

 

Улсын яллагч: С.Эрдэнэтуяа (томилолтоор);

 

Шүүгдэгч: О.Ө;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ш.С;                                                       

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке;

 

Шүүгдэгч О.Ө регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 19.. оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт оршин суух, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн  ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Ө-ын эдлээгүй  үлдсэн 1 жил 4 сар 15 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

О.Ө нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, М- номын сангийн автобусны буудлаас                  Ч-40 чиглэлийн автобусанд иргэн О.Гийн цүнхнээс түрийвч, 2500 Ам.доллар, 8000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6.627.450 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос О.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ө мэдүүлэхдээ: “Хулгай хийсэн нь үнэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 4-7/, хохирогч О.Г /1хх-ийн 15-16, 112-114, 141-146/, хохирогч Г.Н /1хх-ийн 85-87, 88-92/, гэрч О.Ө /1хх-ийн 23/, гэрч М.Т /1хх-ийн 24/, гэрч А.Э /1хх-ийн 25-26, 106-107/, гэрч Б.Х /1хх-ийн 27-28/, гэрч Б.Г /1хх-ийн 29-30, 110-111, 160-161/, гэрч А.О /1хх-ийн 104-105/, гэрч У.Д /1хх-ийн 108-109/, гэрч Б.У /1хх-ийн 147-150/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 18-19/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 121-124/, О.Ө-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 31-32, 36/, О.Ө-ын өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-ийн 39-43, 55-57/, О.Ө-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 75-76, 102-103, 247-248/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирогч нарын хүсэлт, О.Ө-ын ажлын тодорхойлолт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Ө нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ... автобусны буудлаас ... чиглэлийн автобусанд иргэн О.Гийн цүнхнээс түрийвч, 2500 Ам.доллар, 8000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6.627.450 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч О Гийн /1хх-ийн 15-16/: “...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 13.00 цагийн орчим ... урдаас ... чиглэлийн автобусанд сууж ... буудал орох замдаа автобусанд  үүрж явсан хар өнгийн цүнхнээс  улаан өнгийн түрийвчтэй бичиг баримт, 2500 Ам.доллар, 8000 орчим төгрөгөө хулгайд алдсан. Миний алдсан түрийвчинд ХААН банкны 3 ширхэг виза карт, Сүлжээ дэлгүүрүүдийн хөнгөлөлтийн картууд болон бэлнээр 8000 төгрөг, 2500 Ам.доллар, ломбардын бичиг, хүүхдийн зураг зэрэг байсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Г.Нгийн /1хх-ийн 86-87/: “Би 2019 оны 04 дүгээр сарын 15-нд эхнэр О.Гийн нэр дээр байсан валютын хадгаламжаас авсан байсан мөнгөний үлдэгдэл 2500 Ам.долларыг зарах уу, хадгалах уу гэсэн бодлоор эхнэр болох О.Гтэй 8 Шарга валют арилжааны төвийн Голомт банкны салбар дээр уулзахаар тохироод явж байсан чинь эхнэр О.Г нь түрийвчээ уудлаад авах гэсэн чинь байхгүй болсон байсан. ...манай эхнэр О.Гийн нэр дээр байдаг хадгаламжийн дэвтэрт байсан мөнгө юм. Манай эхнэр О.Г авч яваад алдсан. Бид хоёрын дундын өмч байгаа юм” гэх мэдүүлгээр,

гэрч А.Эгийн /1хх-ийн 26/: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр “2500 Ам.доллар алдлаа” гэсэн дуудлагын дагуу хохирогчтой уулзан энэ гэмт хэргийг хэн үйлдсэн талаар мэдээ мэдээлэл цуглуулж биечилсэн сурвалжилга хийхэд сэжигтэй этгээд болох О.Ө нь халаасны хулгай хийдэг гэх этгээдүүдтэй нийлэн караоке бааранд орж дайлан доллар солиулж доллароор тооцоо хийж байгаа гэх мэдээлэл авагдсан. О.Ө хаана байгаа талаар нь тогтоон 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр түүний найз охин Б.Хгийн амьдардаг гэх Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 57 дугаар сургуулийн урд орчмоос олж барин хэлтэс дээр авчирч 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр болсон хэргийн талаар асууж тодруулахад хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч эд мөрийн баримтаар түрийвч, бичиг баримт, 300 Ам.доллар хураан авсан” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /1хх-ийн 18-19/,

 

О.Ө-ын яллагдагчаар мэдүүлсэн /1xx-ийн 247-248/: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ... автобусны буудлаас ... чиглэлийн автобусанд суугаад явж байхдаа ... автобусны буудал дээр буух гэж байсан 50 орчим насны эмэгтэй хүний гар цүнхнээс нь улаан өнгийн түрийвчийг хулгайлан авсан. Монгол мөнгөөр 10.000 төгрөг 1 ширхэг, АНУ-н мөнгөн тэмдэгт 2500 Ам.доллар, ХААН банкны виза карт 2 ширхэг, бас хэрэглээний картууд байсан...” гэх мэдүүлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 121-124/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

О.Ө-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэдийн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсныг өөрөө мэдүүлсэн, хохирогч нарт учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, О.Ө нь О.Гийн эд хөрөнгийг хулгайлсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэдийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй О.Ө-ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлж нэхэмжлэх зүйлгүй болсон, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч О.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 460 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоов.

 

Шүүх О.Ө-д тодорхой нийтэд тустай ажил хийлгэхийг даалгаагүй учир нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэх учиртайг дурдаж байна.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн зорилт нь “...гэмт хэрэг үйлдсэн...хүнийг...эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх...”-ээр зохицуулсан байна.

 

Шүүгдэгч О.Ө-ын хувьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 90/26 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх хорих ялаас эдлээгүй  үлдсэн 1 жил 4 сар 15 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж буюу эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрэгджээ.

 

Иймд шүүгдэгч О.Ө нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд өршөөл үзүүлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч О.Г, Г.Н нар “...одоо нэхэмжлэх зүйлгүй, О.Ө-д хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн

байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ 36 хоног цагдаг хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 280 цагийг эдлэх ялаас хасах, хэрэгт шийдвэрлэвэл битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч   О.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө-ыг 460 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                     

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө-ын энэ хэрэгтээ 36 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 288 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хассугай.  

 

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Ө-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ