| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2022/0674/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/719 |
| Огноо | 2022-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уранчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/719
2022 07 05 2022/ШЦТ/719
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Э.Уранчимэг (томилолтоор);
Шүүгдэгч: Ц.Н (өөрийгөө өмгөөлж);
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Алтнай;
Шүүгдэгч Ц.Н регистрийн дугаартай: Монгол улсын иргэн, 19... оны 03 дугаар сарын 12-ны өдөр Д.. аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Ц.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ““ бааранд хохирогч А.Өг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын таславчийн хурал, мурийлт, хамарт шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи зүүн хацарт цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи хамар, хацарт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокуророос Ц.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н мэдүүлэхдээ: “2022 оны 04 дүгээр сарын 22-ны шөнө манай найз Э ... аймгаас ирсэн байсан. Тэгээд шөнө над руу залгаад “өчигдөр “Л” бааранд орсон, 2 утсаа алдчихлаа, хүрээд ирээч” гэсэн. Тэгээд тэр бааранд очоод камер шүүлгэж бичлэг хийж аваад гараад явах гээд 2 машины завсраар такси барих гэхэд Ө гэх залуу “зайл, цаагуураа тойроод яв” гэсэн. Би түлхээд гартал хойноос бариад авсан. Тэгэхээр нь би согтуу хүн юм чинь яах юм гэж бодоод таксинд сууж байтал тавуулаа араас ирээд нэг нь хааж зогсоод явуулахгүй байсан. Бид 2 тухайн үед машинд нэлээн удаан суусан. Сүүлдээ таксины жолооч “машин эвдэллээ буу” гээд буусан. Тэгээд буутал нэг нь шил бариад гүйгээд ирэхээр нь цохисон чинь тэр залуу унаад өгсөн...” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Ө /хх-ийн 8/, гэрч Б.Д /хх-ийн 12/, гэрч О.М /хх-ийн 13/, гэрч Н.Э /хх-ийн 16/ нарын мэдүүлэг, А.Ө-н биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5707 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/, А.Өн дүрслэл оношилгооны хариу /хх-ийн 22/, хохирлын баримтууд /хх-ийн 27-28/, Ц.Н-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32/, Ц.Н-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 36-41/, хохирол барагдуулсан баримтууд /хх-ийн 45-47/, шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн хохирогч А.Өгийн хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо “Л” бааранд иргэн А.Өтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч А.Өгийн /хх-ийн 8/: “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 06 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ““ баарны гадна хүмүүстэй маргалдаж зодуулсан. ...тэр асуудлын дараа намайг цохисон гэх Ц.Н гэж хүн над руу залгаж миний байдлыг асуугаад “уулзъя” гэж хэлсэн. Тэгээд миний бүх хохирлыг барагдуулж өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Д-ний /хх-ийн 12/: “...тэнд дахиж зодоон болж байтал манай найз Өг тэнд байсан нэг ах цохиж унагаасан ба унахдаа толгойгоороо цемент мөргөсөн байсан. Тэгээд босч ирэх үед хамраас нь цус гарсан байсан. ...манай найзыг хар өмд, хар өнгийн бомбортой ах цохиж унагаасан...” гэх мэдүүлгээр,
гэрч О.М-ын /хх-ийн 13/: “...манай нэг найз тэр хоёрын нэгэнтэй нь маргалдаад байж байтал манай найз Өг нөгөө нэг нь шууд цохиж газар унагаасан. Тэгээд босч ирэх үедээ толгойгоороо цемент шал мөргөж унасан. Тэгээд бид нар Өг босгосон...” гэх мэдүүлгээр,
А.Өн биед “тархи доргилт, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамарт шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 20-21/,
Ц.Н-ын яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 32/: “... Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Л баарны хяналтын камер шүүгээд гарах үедээ үл ойлголцох шалтгааны улмаас маргалдсан. Тэгээд нэг залуу надаас салахгүй хэрүүл өдөөд байхаар нь би тухайн залуугийн бие лүү нь түлхээд явсан. Тэгээд би таксинд суугаад явах гэхэд надтай муудалцсан гэх эрэгтэй болон 4-5 эрэгтэй хүмүүс ирээд машины хаалгыг татаад “гараад ир” гээд байсан. Тэгээд би гараад над руу хохирогч гэх залуу шил бариад ирэхээр нь би нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Ц.Н-т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Ц.Н нь А.Өг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Ц.Н-ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч А.Ө “...миний бие үлдэгдэл хохирол 2.000.688 төгрөгийг бүрэн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ц.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ