Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/747

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        07          18                                     2022/ШЦТ/747

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: Г.Баярмаа (томилолтоор);

 

Хохирогч: Г.К (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүгдэгч: П.Ж (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг;

           

Шүүгдэгч П.Ж: Монгол Улсын иргэн, 19... оны 12 дугаар сарын 14-ний өдөр Х.. аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.     

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

П.Ж нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр ““ы хажуу талд шинээр баригдаж буй барилгад ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хохирогч Г.Ктай “фанерын чанар муу байна” гэх шалтгаанаар маргалдаж улмаар өөрийн хэрэглэж байсан ажлын хамгаалалтын хэрэгсэл болох каскаар түүний толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь “зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос П.Ж-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ж мэдүүлэхдээ: “Надад хүнийг санаатай гэмтээх санаа зорилго байгаагүй. Тухайн үеийн уур бухимдлаасаа болж ийм үйлдэл хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.К мэдүүлэхдээ: “Би П.Ж-тай хамт барилга дээр ажилладаг байсан. 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр бид хоёр фанерын чанарын асуудлаас болж маргалдсан. Надад П.Ж “фанер муудсан байна, сольж өг” гэх шаардлага тавихаар нь “фанерын чанар муудаагүй байна, аргалаад хий” гэж хэлсэн. Гэтэл П.Ж миний толгойн зүүн дээд талын чамархай руу 2 удаа каскаар цохисон. Миний толгойноос нэлээд их цус гарсан, П.Ж-ыг хамт байсан хүмүүс авч гарсан. Би цагдаад мэдүүлэг өгчхөөд шүүх эмнэлэгт үзүүлсэн. Надад одоо гомдол санал байхгүй. Шүүгдэгчээс баримтаар гарсан хохирлоо нэхэмжилж байна” гэв.

 

 Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.К /хх-ийн 14-15/, гэрч Ч.Б /хх-ийн 21/, гэрч Т.А /хх-ийн 23/ нарын мэдүүлэг, Г.К-ын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6763 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/, Г.Кын эрүүл мэнд, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 6-10/, П.Ж-ы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 29-39/, П.Ж-ы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.Ж нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр “...”-ы хажуу талд шинээр баригдаж буй барилгад ажил үүргээ гүйцэтгэж байхдаа иргэн Г.Ктай “фанерын чанар муу байна” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгойн тус газар каскаар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Г.Кын /хх-ийн 14-15/: “...2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хороонд байрлах “...”-ы хажууд байрлах ““ гэх нэртэй төслөөр баригдаж буй барилгын түр байранд би ажлын инженерүүд болох Ч.Б, А, Б нартай хамт байсан. Тэгэхэд мужааны баригадын дарга албан тушаалтай П.Ж орж ирээд “фанерны асуудал муу байна” гэх мэт зүйл ярьсан. Тэгээд би “аргалаад хий” гэж П.Ж-д хэлсэн. Дараа нь П.Ж “муудсан юмаар чинь яаж хийх юм” гэж хэлээд надад уурласан. Тэгээд би П.Ж-д “аргалаад хий” гэж дахиж хэлсэн бөгөөд П.Ж бид хоёрын дунд маргаан үүсэж эхэлсэн.                  П.Ж уурандаа толгойдоо өмсөж байсан цагаан өнгийн хамгаалалтын малгай /каск/-гаа аваад шууд миний бие рүү шидсэн. Шидсэн хамгаалалтын малгай /каск/ нь миний биеийг оноогүй миний хажууд буюу баруун талд ширээний захад унасан. П.Ж өөрөө очиж хамгаалалтын малгай /каск/-гаа аваад улмаар миний толгойн зүүн талын дээд хэсэг рүү хоёр удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ч.Б-ын /хх-ийн 21/: “...2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн ажил Сүхбаатар дүүргийн ... дугаар хороонд байрлах “...”-ы хажууд байрлах “Р” гэх нэртэй төслэөр баригдаж буй барилгын түр байранд ажлын инженерүүд болох А, Б, К нартай хамт байсан. ...П.Ж өөрөө очиж хамгаалалтын малгайгаа аваад улмаар дараа нь Кын толгойн зүүн талын дээд хэсэг рүү хамгаалалтын малгайгаар хоёр удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.А-ийн /хх-ийн 23/: “...2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн ажил Сүхбаатар дүүргийн ... дугаар хороонд байрлах “...”-ы хажууд байрлах “...” гэх нэртэй төслөөр баригдаж буй барилгын түр байранд ажлын инженерүүд болох Б, Б, К нартай хамт байсан. ...баригадын дарга албан тушаалтай П.Ж орж ирээд “фанерийн асуудал муу байна” гэх мэт зүйл яриад байсан. ...П.Ж, К 2-н дунд маргаан үүсэж эхэлсэн. ...П.Ж уурандаа толгойдоо өмсөж байсан цагаан өнгийн хамгаалалтын малгайгаа /каск/ аваад шууд Кын бие рүү шидсэн. ...Кын биеийг оноогүй. ...дараа нь П.Ж өөрөө очиж хамгаалалтын малгайгаа /каск/ аваад улмаар ...Кын толгой зүүн талын дээд хэсэг рүү хамгаалалтын малгай /каск/-аар 2 удаа цохисон...” гэх мэдүүлгээр,  

 

Г.Кын биед “зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6763 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 25-26/,

 

П.Ж-ы яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 43/: “...фанераас авах эсэх талаар Б гэх ерөнхий инженерээсээ асуухад “манайх бүгдийг нь авна, танай бригад өөрсдийн байгаа материалаараа хий” гэж хэлээд байж байхад цаад талд нь сууж байсан К гэх инженер залуу нь “өөрсдөө аргал, бид нар өөрсдөө хэрэглэнэ” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “бид нар өөрсдөө аргална гэж юу байхавдээ, худалдаж авах юм уу” гэж асуухад К гэх залуу нь “пизда минь чи гар, зайл, юугаа хуцаад байгаа пизда вэ” гэх зэргээр хэлээд босоод ирэхээр нь би сандраад өөрийн барьж явж байсан каскаараа цохичихсон юм....” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

П.Ж-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, П.Ж нь Г.Кыг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан П.Ж-ы гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч П.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 900 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 900.000 төгрөгөөр торгох ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон гэм хор, хохирол болох 309.006,44 (баримтаар гарсан эмчилгээний зардал) төгрөгийн хохирлыг шүүгдэгч П.Ж-аас гаргуулж хохирогч Г.Кд олгохоор шийдвэрлэв.

 

Мөн хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.  

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч П.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж-ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж-аас 309.000,44 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Кд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ