Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 185/2022/0703/Э |
Дугаар | 2022/ШЦТ/748 |
Огноо | 2022-07-18 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2022 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/748
2022 07 18 2022/ШЦТ/748
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Г.Баярмаа;
Шинжээч: Э.Б;
Хохирогч: Н.М;
Шүүгдэгч: С.Б;
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.С-д;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;
Шүүгдэгч С.Б: Монгол Улсын иргэн, 19.. оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 2, эцгийн хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
С.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... урд иргэн Н.Мтэй маргалдаж, улмаар түүний хурууг хазаж эрүүл мэндэд нь “баруун сарвууны 5-р хурууны үзүүрийн шивнүүрийн хугарал, хумсны хуулрал, шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокуророос С.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Тухайн өдөр үйлдвэрийн ослоор хөлийн хуруугаа хугалаад листтэй байсан. Хүнд юм хүргэж өгчихөөд буцах замдаа энэ ахыг найзын хамт байхад нь авсан бөгөөд 2 ах халамцуу, хоорондоо муудалцаж байгаад хохирогч гэх энэ ах буугаад явчихсан. Хохирогч ахын найз нь надтай хамт ... урд талын зогсоол руу явсан бөгөөд “2.5 км гарсан, 2.000 төгрөг өгчих” гэтэл надад 5.000 төгрөг өгсөн. Энэ хохирогч гэх ах араас гүйж ирээд “чи миний найзыг авч явлаа гэх шалтгаанаар намайг цохих үйлдэл гаргасан. Би биеэ хамгаалж сөрөг үйлдэл хийгээгүй бөгөөд зууралдаад талбайн урд талын замын цагдаад хэлсэн. Тэгээд хамт машинд суутал миний араас боогоод би боолтод орсон. Миний ам руу хуруу нь ороод ирэхээр нь би хазаж боолтоос гарч гарыг нь тавиулсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.М мэдүүлэхдээ: “2022 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө өөрийн найз болох Г гэх хүнтэй нэг шил архи хувааж уугаад найзыгаа таксинд суулгах зорилгоор хамт гарсан. Би найзыгаа согтуу машинаа бариад явчихвий гэсэн бодолтой байсан болохоор хоорондоо муудалцсан юм шиг байна лээ. Би энэ залуугийн машинд суугаагүй гэдгийг сүүлд нь мэдсэн. Яг юу болсон талаар согтолттой байсан болохоор мэдэхгүй байна. Би найзаасаа асуухад энэ залуугийн машинд суугаагүй гэж хэлсэн. Харин сүүлд араас нь Сүхбаатарын талбай дээр очсон юм байна лээ. Энэ залуутай ямар шалтгааны улмаас муудалцсанаа мэдэхгүй байна. Би энэ залууг боосон болон цохисон талаараа санахгүй байна. Би хэрвээ цохисон бол ямар нэгэн гэмтэл учрах байсан байх. Би баруун гартай хүн болохоор боосон тохиолдолд миний чигчий хуруу ам руу нь орох боломжгүй гэж үзэж байна. Одоо болтол миний чигчий хуруу эдгээгүй 3 сар өнгөрч байна. Миний хурууны хумс нь хугарчихсан. Одоо хүртэл шүүс гарч байна. Би хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байна. Өдийг хүртэл Гэмтлийн эмнэлгээр эмчлүүлж байна” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд:
Н.Мгийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 6324 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/, хохирогч Н.М /хх-ийн 44-45/, гэрч Ч.Г /хх-ийн 48-49/, гэрч П.Б /хх-ийн 94-96/ нарын мэдүүлэг, С.Б-гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7-8, 11-14/, хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 88-91/, С.Б-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 52, 54, 56, 60, 97/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас С.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Прокурорын зүгээс С.Б-г буруутгах болсон дүгнэлт, саналын үндэслэл болгосон нотлох баримтуудыг шүүх дараах байдлаар няцаан үгүйсгэж байна.
Н.Мгийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг хохирогч Н.М, гэрч Ч.Г, П.Б нарын мэдүүлгээр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаартай дүгнэлтээр тогтоосон гэж үзжээ.
Тухайлбал, гэрч Ч.Г нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ /хх-ийн 48-49/ “...Би Н.Мгийн гэрээс гараад болсон асуудлыг санахгүй байгаа. Миний санаж байгаагаар би талбайн урд талын авто зогсоол дээр ирчихсэн, таксины жолооч машинаасаа буугаад явсан, түүний араас нь Н.М гараа барьчихсан байдалтай явсан. Тэдэнтэй ойрхон эргүүлийн хоёр цагдаа байсан ба Н.М, таксины жолооч нартай уулзаж байхаар нь би явчихсан. Н.М таксины жолоочтой ямар шалтгаанаар маргалдсан, тухайн үед ямар асуудал болсныг нь мэдэхгүй байна. Би согтолт ихтэй байсан...” гэж,
гэрч П.Б нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ /хх-ийн 94-96 / “...Тухайн хоёр залууг постод хамт дагуулж орж, болсон асуудлыг тодруулсан. Тэгсэн таксины мөнгө өгөхгүй байна гэх залуу гараа хазуулсан байдалтай гарнаас нь цус гарсан байдалтай...тухайн таксины жолооч залуу “миний хоолойг боосон” гэдэг яриа өгүүллэг хэлж байсан...”миний хоолойг боосон” гэж надад хэлээд байсан...” гэж тус тус мэдүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагджээ.
Дээрх мэдүүлгүүдийг нягтлан үзэхэд гэрч Ч.Г, П.Б нар нь мэдүүлэгтээ хэрэг учрал болсон шалтгаан, хэнээс үүдэлтэйгээр маргаан тэмцэл эхэлсэн зэрэг тухайн үеийн нөхцөл байдлуудыг дурдаагүй, зөвхөн шүүгдэгч хохирогчийн хурууг хазсаны дараах нөхцөл байдлыг мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлөн өгсөн мэдүүлгийг үгүйсгэж чадахгүй байна.
Мөн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн шинжээчийн дүгнэлт, дүрслэл оношилгооны хариу зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч С.Б уг гэмт хэргийг хэрхэн үйлдсэн гэдгийг бус харин хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж чанар, шалтгааныг тогтоосон баримт юм.
Түүнчлэн, хохирогч Н.М нь “таксины жолооч 2000 төгрөгийн төлбөр нэхсэн. Би мөнгийг нь өгье гэтэл маргаан болж таксины жолооч залуу миний гарын чигчий хурууг тас хазсан” гэх зэргээр анх өгч байсан мэдүүлгээ хэрэг гарах үед хэт согтуу байснаас хожим ташаарч мэдүүлсэн, маргаан тэмцэлдээн болсон асуудлыг санахгүй байна гэдгээ мөрдөн байцаалт /хх-ийн 88-91/ болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрсөн байх тул “таксины төлбөрөөс болж маргаан гарсан” гэсэн түүний мэдүүлгийг ч хөдөлбөргүй үнэн гэж үзэх боломжгүй байна.
Хохирогч Н.М анхнаасаа С.Б-гийн машинд сууж яваагүй, хожим “...” дээр араас нь ирсэн талаар шүүгдэгч, хохирогч бүгд мэдүүлсээр байхад “таксины төлбөрөөс болж” маргаан үүсэж, энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэж хохирогчийн дээр өгүүлсэн эргэлзээ бүхий мэдүүлэгт тулгуурлаж бусад нотлох баримтаар тогтоогдож буй хэргийн жинхэнэ байдлаас зөрүүтэй дүгнэлтийг хийсэн нь таамаглалын шинжтэй, хэргийн үйл баримтын талаар алдаа бүхий дүгнэлт хийхэд хүргэж, гэмт хэргийн шинжийг үгүйсгэсэн нөхцөл байдлын ач холбогдлыг үндэслэлгүй бууруулан “таксины төлбөрөөс үүдэн өөр хоорондоо маргалдсан” гэсэн нь эрх зүйн ташаа дүгнэлт хийж буй хэрэг юм.
Шүүгдэгч С.Б нь Н.М өөр рүү нь эхэлж довтолж, цохих, боох зэргээр халдсаны улмаас хохирогчийн хурууг хазаж гэмтээснээ нууж хаалгүй мэдүүлсэн нь бусад нотлох баримтаар тогтоогдсон байхад хохирогчийн зүй бус, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын эрүүл мэндэд аюултай аргаар довтлох болсноос үүдэн энэ хэрэг гарсан гэснийг хүлээж авахгүй байх үндэслэлгүй юм.
Дээр дурдсан нөхцөл байдлыг дүгнэн үзэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримтад дүн шинжилгээ хийвэл шүүгдэгч С.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө “Тоёота Спасио” маркийн 3733 УНК дугаартай автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа Спортын төв ордны баруун талын зам дагуу зогсож байсан Н.М, Ч.Г нарт үйлчилгээ үзүүлэхээр авчээ. Н.М, Ч.Г нар С.Б-гийн автомашинд суусан үедээ өөр хоорондоо маргалдаж (Ч.Г нь “...” урд талын авто зогсоол дээр очиж машинаа авна гэснээс болж), улмаар Н.М нь автомашинаас бууж үлдсэн байна.
С.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-н урд автомашины зогсоол дээр хохирогчийн найз Ч.Гыг хүргэж өгч, буулгах гэж байхад Н.М нь “...” урд талын зогсоол дээр ирчихсэн “чи миний найзыг авч явлаа” хэмээн хэт согтуурхан С.Б рүү дайрч халдан довтолсон.
Хохирогч Н.М нь С.Бтэй зууралдах, цохих, эцэст нь автомашинд суусан үед нь араас нь боох зэрэг байдлаар довтолсны хариуд С.Б нь Н.Мгийн хурууг хазаж өөрөөсөө холдуулжээ.
Тухайн үед С.Б нь Н.Мгийн хурууг хазсаны улмаас түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан болохыг Шүүх эмнэлгийн шинжээчийн 6324 дугаар дүгнэлтээр тогтоогдсон.
Хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд халдагч этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон. Түүнчлэн халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно.
Шүүгдэгч С.Б-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх боловч өөрийн эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн, нийгмийн хор аюул нь үгүйсгэгдэх үйлдэл байх тул гэмт хэрэгт тооцохгүй.
Хохирогч Н.Мгийн зүгээс эхлүүлсэн хууль бус, тулгарсан довтолгооны өөдөөс хариу үйлдэл хийсэн шүүгдэгч С.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн агуулсан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас С.Б-д Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг тус тус баримтлан хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Б-г цагаатгаж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хохирогч Н.М гэм хорын нөхөн төлбөрийн талаарх баримтыг гаргаж өгөөгүй тул уг асуудлыг хэлэлцэхгүй орхисон болно.
Шүүгдэгч С.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 36.2, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Прокуророос шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
3. Хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ