| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2018/04040/И |
| Дугаар | 03601 |
| Огноо | 2018-11-29 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 03601
2018 оны 11 сарын 29 өдөр Дугаар 102/ШШ2018/03601 Улаанбаатар хот
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч .............-д холбогдох татварын өр 68.723.213 төгрөг 02 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...., ..... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ..... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч БГД -Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: МЭХХК 1996 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж, 2044838 регистрийн дугаартай хязгаарлагдмал хувьцаат компанийн үйл ажиллагаа явуулж ирсэн.
Тус компани 2016 оны Хяналт шалгалтын актаар татварын алдангийн орлого 223.825 төгрөг, татварын торгуулийн орлого 2.881.482.1 төгрөг, НӨАТатвар 5.494.374.1 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 447.650 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 3.870.310 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 13.974.263 төгрөг, НӨАТатвар 41.831.308.8 төгрөгийн татварын өртэй гарсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 68.723.213 төгрөг 02 мөнгөний өртэй байна.
Бид дээрх татварын тайлангаар баталгаажсан өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн дагуу “Мэдэгдэл” хүргүүлж, шаардлага тавьж мөн хуулийн 63 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэн, татвар төлөгчийн харилцах дансыг хаасан боловч өр төлбөрөө барагдуулаагүй.
Улмаар 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар үл хөдлөх хөрөнгөгүй байхгүй гэсэн мэдээлэл гарсан.
Иймд МЭХХК-аас татварын өр 68.723.213 төгрөг 02 мөнгө гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 68.723.213 төгрөг 02 мөнгийн татварын өр үүсгэсэн. Нэхэмжлэгч талаас удаа дараа шаардаж “Мэдэгдэх хуудас”-ыг явуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй улсыг хохироож байна. Татвараа төлөөгүй байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ компанийг хариуцан ажилладаг. Татварын өрөө төлнө гэсээр өдий хүрч, төлөхгүй байгаа. Хуулийн дагуу бүх арга хэмжээг авсан боловч төлөөгүй учраас шүүхэд хандсан. Татварын өрийн задаргаа буюу компани 2014 онд 12.215.480.70 төгрөг
2015 онд 20.956150.50 төгрөг
2016 онд 37.860.265.60 төгрөг
2017 онд 59.651.921.70 төгрөг
2018 онд 71.510.550.90 төгрөгийн татварын өртэй байна. Үүнээс 2018 оны татварын өр дээр сүүлийн сарууд нэмэгдээд 71 сая гарсан. Хариуцагч НӨАТ хасуулна гэж буруу ойлгож яриад байдаг. Эдгээр он, оны мөнгөн дүнгээс НӨАТ хасагдаад, өмнөх оны үлдэгдэл дээр дараа оны үлдэгдэл нэмэгдээд явсан. Энэ бол цэвэр компанийн төлөх ёстой татвар учраас татварын өр 68.723.213 төгрөг 02 мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч МЭХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани барилгын салбар хүнд байдалд орсны улмаас санхүүгийн хувьд хэцүү байсан.
Сүүлийн үед барилгын салбар сэргэж, өмнөх жилүүдийг бодвол борлуулалт нэмэгдэж, банкны зээл гэх том ачаанаас чөлөөлөгдсөн тул НӨАТ-аас бусад татварын өр төлбөрийг төлж барагдуулах болно, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч БГД -Т, хариуцагч МЭХХК-д холбогдуулан татварын өр 68.723.213 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.Батбаярт шүүх хуралдааны товыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр түүний 99100056 дугаарын гар утас руу залгаж мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Татварын Ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “ татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна” гэж зааснаар МЭХХК, БГД -Тт татвар төлөгч болох нь Татвар төлөгчийн карт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа, “Мэдэгдэх хуудас”-ыг хүлээн авсан тэмдэглэл, Татварын өрийн тооцоолол, НӨАТатвар суутган төлөгчийн тайлан, Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Татварын хэлтэс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх”, Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас татварын өр төлбөрөө шаардах эрхтэй байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Энхбат “нэхэмжлэлийн шаардлагыг багасгах боломжгүй байна. 68.723.213 төгрөг бол цэвэр улсад төлөх татвар түүнээс биш хувь хүн хоорондын асуудал биш. Татвар төлөгч өөрөө ийм татвар төлнө гэж тайлагнасан” гэх тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагч Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт “ татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэсэн заалтыг зөрчиж, зөрчлийг зөвшөөрч зарим хэсгийг төлж, энэ талаар гомдол гаргаагүй, шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа татварын өрөө төлөхөө илэрхийлж, нэхэмжлэгч тайлангуудыг үндэслэн татвар ногдуулсан нь үндэслэлтэй байх тул хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцагч татварын өрийг төлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 68.723.213 төгрөг 02 мөнгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 3.594.111 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан МЭХХК-аас татварын өр 68.723.213 төгрөг 02 мөнгийг гаргуулж, БГД -Тт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 3.594.111 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА