Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 127

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч Н.Энхтуяа,

шүүгдэгч М.Төртайван нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Мөнх-Амьдралын Төртайванд холбогдох 201625031179 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад, шүүн хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын машин механизмын механикч, техникч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт оршин суух албан ёсны хаягтай,  одоо Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 17-368а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овгийн Мөнх-Амьдралын Төртайван /РД: ЖВ:90120217/ 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Яллагдагч М.Төртайван нь 2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 17 дугаар гудамж 360 тоот хашааны гадна зогсож байсан хохирогч Х.Гомбодоржийн хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан муудалцах явцдаа түүний жолоодож явсан 95-62 УНС улсын дугаартай "Hyundai Grace" маркийн микро автобусны машины хойд хаалганы салхины шилийг цохин санаатай гэмтээж нийт 80,000 төгрөгний бага бус хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Төртайван мэдүүлэхдээ: 2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 23 цагийн үед эхнэр дээрээ байсан хүүхэдтэйгээ уулзах гэж пиво уусан үедээ явсан. Тэгж явахдаа гудамжны нохойноос айгаад гартаа чулуу барьсан байсан бөгөөд 57 дугаар сургуулийн тэнд зогсож байсан микроны цонхыг тогшиход жолооч нь үгийн зөрүүгүй миний нүүрэн дунд цохихоор нь би учраа ололгүй цаашаа 2-3 алхаад гарт байсан чулуугаа шидэж цонхыг хагалсан. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа учир надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Х.Гомбодоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 95-62 УНС улсын дугаартай “крес” маркийн микро автобусаараа эхнэр хүүхдийг эмнэлэгт үзүүлэх гээд хадмынд ирсэн. Шөнө дунд 00 цагийн үед намайг машиндаа хэвтэж байтал нэгэн үл таних залуу ирээд машины хаалгыг татаж үзээд цоожтой болохоор нь машины толь оролдсон. ...машиндаа хонуулчихаач гэхээр нь үгүй үгүй яв гэхэд машины хаалгыг татаад чулуутай гараараа цохиод байсан. Би яв гэхэд явахгүй, уурлантуутаа миний машины урд нүүрний шилийг чулуугаараа шидэж хагалчихаад зугтсан. Би хойноос нь гутлаа өмсөөд хөөхөд үерийн усны жалга даваад алга болчихсон. Миний машины салхины шил 80,000 төгрөг, ажлын хөлс 10,000 төгрөг болсон надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9х, 10х/,

 

Гэрч Э.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хашаан дотроо байж байтал нэг хүн орж ирээд миний микро автобусны шилийг хагалчихаад танай хашаа руу нэгэн залуу гүйгээд орчихлоо гэсэн… тэр хүн нь манай хүргэн Төртайван болж таарсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 11х/

 

Гэрч Х.Баттуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “…нөхөр Гомбодорж машин дотроо хонохоор болсон. Өглөө сэрэхэд манай нөхрийн машины урд талын салхины том шилийг хагалсан байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 13х/

 

Яллагдагч М.Төртайваны мөрдөн байцаалтад өгсөн: “...гудамжинд нохой дайраад байхаар нь чулуу бариад явж байсан. Тэгээд 57 дугаар сургуулийн хойд талын уурын зуухны зүүн талын овгор дээр нэгэн микро автобус зогсож байсан. Дотор нь хүн байхаар нь гал асууж, хажуу талын хаалганы цонхыг тогшсон гэтэл дотор нь байсан хүн үгийн зөрөөгүй цонх онгойлгоод нүүр лүү гараараа цохисон. Тэгэхээр нь би цаашаа алхаад салхины шил рүү нь гарт барьж явсан чулуугаа шидээд зугтаасан...үйлдлийг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х, 20-21х/

 

Эд зүйлийн үнэлгээ болон зарлагын баримт /хх-ийн 24х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Төртайван нь 2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нуурын 17 дугаар гудамж 360 тоот хашааны гадна зогсож байсан хохирогч Х.Гомбодоржтой хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан муудалцах явцдаа түүний эзэмшлийн 95-62 УНС улсын дугаартай "Hyundai Grace" маркийн микро автобусны машины хойд хаалганы салхины шилийг чулуугаар цохин санаатай гэмтээж нийт 80,000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад /хх-ийн 18-19х, 20-21х/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Гомбодоржийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-10х/, гэрч Э.Ганчимэг /хх-ийн 11х/, Х.Баттуяа /хх-ийн 13х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 24х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна, эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

                                                                                                            

Иймд М.Төртайванд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон түүний гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Х.Гомбодорж нь: “би 95-62 УНС дугаартай крес маркийн машины урд шилээ хаглуулж хохирсон билээ хохирлоо төлүүлж гомдолгүй болсон тул шүүхийн хуралд оролцохгүй” гэж /хх-ийн 35х/ мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Төртайванд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн, тэнсэж хянан харгалзав.

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйл, 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйл хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Сартуул овгийн Мөнх-Амьдралын Төртайваны бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар М.Төртайванд 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Төртайваны эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.М.Төртайван нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан М.Төртайванд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Төртайванд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.БАТГЭРЭЛ