Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 3277

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2018/03277

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч А.Сарантуяа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх  хуралдаанаар

Нэхэмжлэгч: БГД хороо хороорлол Тоот оршин суух, 1963  онд төрсөн 55 настай, Хатагин овогт Содовын Наранцэцэг

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянгол дүүрэг 6 дугаар хороо  дугаар хороолол  дугаар байр 11 тоотод оршин суух, 1985 онд төрсөн 33 настай Эрхэмбаян овогт Батын Наранбат

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: БГД хороо хороорлол Тоот оршин суух, 1987 онд төрсөн 31 настай Эрхэмбаян овогт Батын Анар

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: БГД хороо хороорлол Тоот оршин суух, 1990 онд төрсөн 28 настай Эрхэмбаян овогт Батын Номин

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 112 дугаар байр 25 тоотод оршин суух, 1976 онд төрсөн 42 настай, Мөнх тэнгэр овогт Сэрээтэрийн Баттогтох

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 93 тоот хурлын протокол, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/4526 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгож, хохиролд 10.620.000 төгрөг гаргуулж, Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 26/8 дугаар байр 11 тоот 55 мкв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээнээс оногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэрэн, В.У, гуравдагч этгээд С.Б, иргэдийн төлөөлөгч Т.Хандсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч Ш.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч С.Н нь 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 3 өрөө байраа барьцаалан 23.554.853 төгрөгийг Эрэл банкнаас зээлсэн. Төлбөрөө төлж чадаагүйгээс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1223 шийдвэрээр Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулж шийдвэр гаргуулсан. Иргэн С.Боос 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18.600.000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай зээлдэж авсан. С.Боос зээлсэн мөнгөө өгч чадаагүй тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар С.Н нь С.Бод 23.000.000 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсанг баталгаажуулсан. Гэтэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гүйцэтгэгч В.У нь 1223 тоот шийдвэр гарахаас өмнө ч дараа нь ч С.Нт “хоёулаа эмэгтэй хүн шиг ярилцъя, өмгөөлөгчөө шүүх хуралд битгий оруул” гэж элдвээр ярихаас гадна “та байраа 2 сарын 20-ны дотор чөлөөлж өгнө гэж бичээдэх, танд 23.000.000 төгрөгнөөс илүү зөрүү мөнгө нэхэмжлэх эрх байхгүй. Байрныхаа үнийн саналыг өгөхгүй бол шинжээч томилж зардлыг таниар төлүүлнэ” гэх мэтээр өдөр болгон байнга утсаар болон биеэр очиход дарамталж зарим үед өдөржингөө өөрөө гадуур ажилтай гээд ирдэггүй байсан. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч В.Уийн өрөөнд иргэн С.Б, В.У бид 3 уулзаад сүүлчийн дуудлага худалдааны үнэ 75.000.000 төгрөгний зөрүү 52.000.000 төгрөгийг С.Нт өгнө гэж С.Б хэлсний дагуу би зөвшөөрч зөрүү 52.000.000 төгрөг өгсөн тохиолдолд 3 өрөө байраа чөлөөлж өгье гэсэн гурвалсан гэрээ байгуулсан. Гурвалсан гэрээ байгуулсан байхад В.У нь танд зөрүү нэхэмжлэх эрх байхгүй байраа султга гэсэн хахир хатуу шаардлага тавьдаг байсан. С.Н нь дуудсан цагт нь очдог, зээлээ төлөхийн тулд Үл хөдлөх хөрөнгийн газрын худалдаа зуучлалын агентлагтай байгуулсан гэрээ баримтуудаа шийдвэр гүйцэтгэгчид үзүүлж танилцуулж байсан. Шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан санал шаардлагыг тухай бүрт нь зөвшөөрч зах зээлд 150.000.000 төгрөгөөр үнэлэгдэх тоосгон 3 өрөө байраа эхний удаа 105.000.000 төгрөг, дараагийн удаа үнийн 50 хувь буюу 75.000.000 төгрөгөөр худалдахыг зөвшөөрч байсан боловч 2 удаагийн дуудлага худалдаагаар ямар нэгэн байдлаар өөрийн биеэр оролцоогүй боловч тэр болгонд зөвшөөрч байсан. Гэтэл Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өмчлөх эрх шилжүүлэх тухай гэсэн мэдэгдэл ирүүлсний дагуу тус газрын улсын байцаагч, шийдвэр гүйцэтгэгч болон С.Нийн хүүхдүүд Б.На, Б.А, Б.Н нарын эрх ашиг хөндөгдөж байгаа тул шүүхэд хандах болсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл В.У 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байраа чөлөөлөхгүй бол албадан гүйцэтгэнэ гэсэн мэдэгдэл авч ирж өгөн 03 дугаар сарын 17-нд орон сууцнаас 5-6 хүний хамт ирж албадан гаргасан. Энэ өдрөөс хойш С.Н нь хүүхдүүдийн хамт байр түрээслэн амьдарч, түрээсийн төлбөрт 10.620.000 төгрөг зарцуулсан. Хэрэгт баримтаар өгсөн Дээд шүүхийн тогтоолд “23.000.000 төгрөгний өр төлбөрт шууд шилжүүлэн өгсөн тохиолдолд зөрүү үнийг хэрхэн шийдвэрлэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон нь тодорхой болсон байх шаардлагатай бөгөөд энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Хүүхдүүд нь маргааны зүйл болох орон сууцны хамтран өмчлөгч тул захиран зарцуулах ажиллагаанд хамааралтай эрх ашиг нь хөндөгдсөн этгээд мөн байна” гэж заасны дагуу шүүхэд  хандсан. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 93 тоот хурлын протокол, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/4526 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгож, тус газраас гэм хорын хохиролд 10.620.000 төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 26/8 дугаар байр 11 тоотод байрлах 55 мкв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээнээс оногдох хувийг Б.На, Б.А, Б.Н нарт гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 260 дугаартай захирамжаар С.Нээс 23.000.000 төгрөг гаргуулж С.Бод олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж С.Нийн өмчлөлийн Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 26/8 дугаар байр 11 тоот 55 мкв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчээс харилцан тохиролцсон 150.000.000 төгрөгийн үнийн 70 хувь буюу 105.000.000 төгрөгөөр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар тохиролцсон 50 хувь болох 75.000.000 төгрөгөөр оруулахад мөн худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, албадан дуудлага  худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлбөр авагч С.Бод санал болгоход төлбөр төлөгч С.Нийн гаргасан хүсэлтийг үндэслэн төлбөр төлөх 45 хоногийн хугацаа, мөн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаа өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг төлбөр авагч С.Бод шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талууд зөрүү мөнгө гаргуулахаар хэлцэл байгуулсан. Нэхэмжлэлд дурдсан мөнгийг тус байгууллагаас биш хэлцлийн дагуу С.Боос нэхэмжлэх нь зүйтэй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхэд гомдол гаргасан бол шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ. 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэх гэж байгаа талаар тэмдэглэлд дурдаагүй. 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр орон сууцнаас чөлөөлөх мэдэгдлийг хүлээлгэн өгөхөд хүлээн авахаас татгалзаж байсан болохыг тэмдэглэж тэмдэглэлийг дуусгасан. Энэ үед шүүхэд хандсан бол тэмдэглэл дээр өөрсдөө тусгах байсан. Тухайн үед шүүхэд хандсан асуудал яригдаагүй. Тэмдэглэлд ярилцсан зүйлсээ тусгаад өөрсдөө уншиж гарын үсгээ зурсан. Өмгөөлөгч Ш.Э ч энэ байдлыг тухайн үед хэлээгүй. Уншиж танилцаад гарын үсгээ зурсан гэв.

Гуравдагч этгээд С.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр өмчлөгч нь С.Н гэж нэг л хүний нэр байсан тул нэг хүний өмч юм. Гэтэл хүүхдүүд нь хамтран өмчлөгч гэж Улсын Дээд шүүх үзсэн гэж байна. Дүүргийн үл хөдлөх хөрөнгө, эрхийн бүртгэлийн албаны дарга н.Дүгэрсүхтэй орж уулзсан. Учир нь сая нэр дурьдагдсан н.Бямбацогт гэдэг залуу маш удаан хугацаанд нэр шилжүүлэх ажлыг хийгээгүй байсан. Ингээд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл ирсэн үү, шүүхийн маргаан үүссэн үү гэдгийг шалгуулж байгаад нэр шилжүүлэх процессын ажиллагаа хийгдсэн. Шүүхийн эвлэрүүлэн зуучлагч бидний зарим нэг тохиролцоог тусгана гэсэн боловч захирамж гарахад миний хэлсэн эд хөрөнгө гэсэн асуудлууд байхгүй байсан. Тайлбарлахдаа эд хөрөнгөөр албадан гүйцэтгүүлэхэд болно гэж тайлбарласан. С.Н нь итгэл олох замаар надаас мөнгө авч, залилан мэхэлсэн ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр дээр очсон, банкны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг надад барьцаалсан. Зээлийн асуудал 2014 оны 12 дугаар сарын 24-нөөс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд асуудал шийдэгдэхгүй явсан. Хохирсон эсхээ ярьвал би хамгийн ихээр хохирсон гэв.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Н Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 93 тоот хурлын протокол, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/4526 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгож, хохиролд 10.620.000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.На, Б.А, Б.Н нар Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 26/8 дугаар байр 11 тоот 55 мкв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээнээс оногдох хувийг гаргуулах тухай хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэл тус тус гаргажээ.

           Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 260 дугаартай шүүгчийн захирамжаар өргөдөл гаргагч С.Бод тайлбар гаргагч С.Н нь 23.000.000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төлөхөөр талуудын эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэн, 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дугаар 15250738 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлж, 2015 оны 08 дугаар сарын 20-ны 15/375 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 26/8 дугаар байр 11 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15/419 дугаар  тогтоолоор эд хөрөнгийг хураасан болох нь мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Эд хөрөнгө хураах тухай тогтоол гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Төлбөр төлөгч С.Н 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт орон сууцыг 150.000.000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасанг төлбөр авагч С.Б зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар тохиролцсон тул, хураагдсан орон сууцыг талуудын тохиролцсон үнэ 150.000.000 төгрөгийн 70 хувь буюу 105.000.000 төгрөгөөр тооцон анхны дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3/35288, 10 дугаар сарын 22-ны өдрийн 3/36714 дугаар албан бичгээр тус тус төлбөр төлөгчид мэдэгджээ.

Хариуцагч нь орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10/234, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11/200 дугаар тогтоолыг тус тус төлбөр төлөгч С.Нт гардуулан өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн, албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул талуудын тохиролцсон үнэ 150.000.000 төгрөгийн 50 хувь буюу 75.000.000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, дуудлага худалдааг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт товлож, мэдэгдлийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С.Нт хүлээлгэн өгсөн байна.

Төлбөрт хураагдсан орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагт албадан дуудлага худалдааны комиссын хуралдаанд ирэх мэдэгдлийг хүргүүлж, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын протоколоор хэлэлцэж төлбөр төлөгч С.Н 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг төлбөр авагч С.Бд шилжүүлхээр шийдвэрлэжээ.

2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч нар хоорондоо уулзаж орон сууцыг төлбөр авагчийн нэр дээр шилжүүлж авах, 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор байрыг зарж зөрүүг С.Нт өгөх тэр болтол орон сууцандаа амьдрах гэсэн саналыг С.Б зөвшөөрч, зөрүү мөнгө өгөхөөр байраа суллахаар тохирсонг шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Энэ тохиролцоогоор төлбөр авагч С.Б 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор орон сууцыг зарж зөрүүг төлбөр төлөгч С.Нт төлсөн тохиолдолд орон сууцыг шилжүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохоор тохирсон тохиролцоог төлбөр авагч биелүүлээгүй байхад шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна.

 Нэхэмжлэгч нь хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосонтой холбоотой гомдлыг хариуцагч байгууллагад гаргаж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 161 дугаартай албан бичгээр гомдлын хариуг өгсөн байна.

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлыг хуулийн хугацаанд шүүхэд гаргасанг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрээр шийдвэрлэж, тус шийдвэрийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор хүчингүй болгож, хэрийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс хойш гомдлоо 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдлыг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор заажээ.

Нэхэмжлэгч тал 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шүүхэд хандаагүй, гомдол гаргах болон шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 93 тоот хурлын протокол, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/4526 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгох гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан хурлын протокол, албан мэдэгдлийг хүчингүй болгох гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш орон сууц түрээслэсний төлбөрт 10.620.000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэгчээс иргэнд учруулсан хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах боломжгүй,  Баянгол дүүрэг  дугаар хороо  дугаар хороолол  дугаар байрны 11 тоот 3 өрөө орон сууц нь 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэг хүний буюу С.Нийн өмчлөлд бүртгэгдсэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.А, Б.Н, Б.На нар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш байх тул орон сууцны үнэлгээнээс өөрсдөд оногдох хувийг хохиролд тооцон шаардах эрхгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч С.Нийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 93 тоот хурлын протокол, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/4526 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгож, хохиролд 10.620.000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.На, Б.А, Б.Н нарын Баянгол дүүрэг  дугаар хороо дугаар хороолол  дугаар байр 11 тоот 55 мкв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээнээс оногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэрэг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь:

 

       1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 -д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэгч С.Нийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 93 тоот хурлын протокол, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/4526 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгож, хохиролд 10.620.000 төгрөг гаргуулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.На, Б.А, Б.Н нарын Баянгол дүүрэг  дугаар хороо  дугаар хороолол  дугаар байр  тоот 55 мкв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээнээс оногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465.670 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.КУЛЬДАНА

 

                               ШҮҮГЧИД                                Х.ЭНХЗАЯА 

 

                                                                                А.САРАНТУЯА