| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2022/0797/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/846 |
| Огноо | 2022-08-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/846
2022 08 25 2022/ШЦТ/846
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагч С.Болорзул,
Хохирогч Л.О түүний өмгөөлөгч Б.Чинбат,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт М-ын Н-д холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .................... сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 2, авга эгчийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 000 тоотод оршин суух хаягтай, Т овогт М-ын Н-д /РД:НН00000000/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 26-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г-нэртэй пабд хохирогч Х.О-ой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж харилцан зодолдсоны улмаас хохирогчийн биед духны зөөлөн эдийн няцрал, духны ясны хөндийн өмнөд ханын хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун дээд 2-р шүдний ирмэг эмтэрсэн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэм хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...”гэжээ.
Хохирогч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн өдөр манай Ц... гэх найз намайг дуудсан. Намайг ариун цэврийн өрөө ороод ирэхэд Н Ц-тэй юм яриад зогсож байсан бөгөөд ахын дүү гэхээр нь би “чи хэнийх нь ах юм бэ” гэж асуухад үгийн зөрүүгүй намайг цохисон...” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Ч... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Хохирогч нь шүүгдэгчээс ганцхан асуулт асуусныхаа төлөө зодуулж эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, нэхэмжлэлүүдийг хянаж, хохирол төлбөрүүдийг харгалзан үзнэ үү. Хохирлын сүүлийн баримтыг гомдлын хамт прокурорт гаргаж өгсөн боловч хэргийн материалд байхгүй байна. Дахин шинжээч томилуулах хүсэлт удаа дараа гаргасны улмаас дахин шинжээч дүгнэлт гаргуулсан. Хамгийн сүүлд хийгдсэн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтэд хамрын таславчтай холбоотойгоор мэс ажилбар хийгдэх шаардлагагүй гэсэн болохоос духны ястай холбоогүй гэж бодож байна. Хохирогч нь өөрөө гоо сайхны чиглэлээр ажилладаг учраас гоо сайхнаа бодож Солонгос улсын сорвигүй эмчилдэг эмнэлэгт зардлаа тооцуулсан байдаг. Хохирол, хор уршгийг харж шийдэж өгнө үү..” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 26-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г-нэртэй паабад хохирогч Л.Отой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж харилцан зодолдсоны улмаас хохирогчийн биед духны зөөлөн эдийн няцрал, духны ясны хөндийн өмнөд ханын хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун дээд 2-р шүдний ирмэг эмтэрсэн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Оын өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 26-нд шилжих шөнө Г-пабад ******* нь миний нүүр хэсэг рүү гараараа 3 удаа цохиж энэ гэмтлийг учруулсан юм, дахиад хэд цохих шиг болсон бөгөөд тэр үед яг хэд цохисныг санахгүй байна. Тухайн бааранд тейкний урд манай найз Ц сууж байсан бөгөөд ******* нь манай найз Ц-гийн шилэн хүзүүнээс атгачихсан сууж байхаар нь би очоод “Уучлаарай хэний ах билээ” гэж асуухад үгийн зөрүүгүй миний нүүрний дух хэсэг рүү цохисон юм...******* нь одоогоор миний хохирол барагдуулсан зүйл байхгүй...нийт 61.973.780 вонн нэхэмжилж байна...Би өөрийн эмчилгээгээ хурдан хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд зардал мөнгө байхгүйгээс эмнэлгээс гарсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 37/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Ц-гийн өгсөн “...Би 2022 оны 02 дугаар сарын 25-аас 02 дугаар сарын 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г-” нэртэй найз Ш-ын бусадтай хамтран саяхан нээсэн пабад байсан юм. Би тэр паабад О-ын хамт орсон бөгөөд тухайн газар манай танилууд бас сууж байсан юм. Тэгээд шөнийн 02 цагийн үед би тамхи татах гээд гадаа гарсан бөгөөд тэйкний хажуу ширээ дээр О манай танил найзуудын хамт суугаад үлдсэн юм. Ингээд би буцаад ороод ирэхэд О нь миний зүс таних Н гэдэг залуутай маргаан үүсгэсэн байсан бөгөөд О-оос юу болсон талаар асуухад “Энэ Н гэдэг залуу намайг цохчихлоо, би зүгээр дүү чинь хэн юм бэ? гэж л асуусан” гэж надад хэлсэн. Тухайн үед О-ын дух нь хонхойсон, уруул нь дотор талдаа язарчихсан байсан, тэр Н гэх залуу сандарчихсан байдалтай байсан юм. Миний хажууд хоорондоо маргалдаагүй бөгөөд энэ нь их богино хугацаанд болсон асуудал юм. Намайг гарах үед Н нь тейкний ширээ дээр ганцаараа сууж байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.А-гийн өгсөн “...Би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Д- хийдийн ертөнцийн зүгээр урд талаар байрлах “Г-” нэртэй паабад тогоочоор ажилладаг бөгөөд энэ пааб нь үйл ажиллагаа явуулж эхлээд 1 сар орчим болж байгаа юм. 2022 оны 03 дугаар сарын 25-аас 03 дугаар сарын 26-нд шилжих шөнө би ажлаа хийгээд байж байсан бөгөөд манай паабад Л.О, Ц, ******* нар нь үйлчлүүлж байсан юм. Тэгээд шөнийн 02 цагийн үед тейкний ард ажлаа хийгээд байж байхад тейкний урд хэсэгт О, түүний хажуухан Н нь сууж байсан юм. Энэнээс өмнө О надаас Н найзуудыг “Хэн юм бэ?” гэж асуусан бөгөөд би түүнд Ц-гийн найзынх нь ах гэж яриад байж байсан юм. Тэгтэл Н нь “Миний дүү” гэж Ц-гийн найзуудыг О-д хэлсэн юм. Тэгтэл О Н-д хандаж “Танай дүү чинь хэн юм бэ?” гэж хэлэхэд Н “айн” гэж хэлээд Н баруун гараараа О-ын нүүр рүү нэг удаа цохисон, дахиад цохиход оноогүй бөгөөд хоёулаа босоод ирээд тэйкний урд маргалдаж Н О-ын нүүр рүү хэд хэдэн удаа цохиж байсан. О-ын дух нь цөмөрчихсөн, уруул нь дотор талдаа язарчихсан байсан. О, Н нар нь хоорондоо маргалдсан бөгөөд өөр хүн зодоонд оролцсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...Би бусдын биед халдаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. О-ын зүгээс эмчилгээний болон бусад зардлын баримтыг гаргаж өгсний дагуу хохирлын мөнгийг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5/-р тал,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №4966 дугаартай “...Л.О-ын биед духны зөөлөн эдийн няцрал, духны ясны хөндийн өмнөд ханын хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун дээд 2-р шүдний ирмэг эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,
Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч “...хохирогч Л.О-ын биед духны зөөлөн эдийн няцрал, духны ясны хөндийн өмнөд ханын хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун дээд 2-р шүдний ирмэг эмтэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч *******-ын хохирогч Л.О-ын биед нь халдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч ******* нь хохирогч Л.О-ын биед халдаж, түүнийг цохисон үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Нөгөөтээгүүр шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдвал зохино.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” саналыг,
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг харгалзан үзэж, улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. *******од 240 цагаас 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг тус тус гаргасан бол хохирогч болон шүүгдэгчээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс шүүгдэгч *******од ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар.
Хохирогч Л.Оын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон унааны зардалд 247.720 төгрөг, эм тарианы төлбөрт 1.576.965 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд гарсан бусад зардалд 711.060 төгрөг нийт 2.535.745, цаашид эмчилгээ хийлгэх буюу мэс засалд орох зардалд 61.973.780 вонн тус тус нэхэмжилсэн бол шүүгдэгч *******ын зүгээс хохирогчид 1.580.00 төгрөгийг төлсөн байна.
Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад гэмт хэргийн улмаас хохирогч Л.Од нийт 1.576.965 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх бусад зардал гэх баримтуудаас харвал бусад зардалд тооцон нэхэмжилж байгаа баримтууд нь “...шоколад, ундаа, цаасны цавуу, орос саван, үхрийн мах, банш, бөөрөнхий мах, нүүрний маск, кимчи, далайн байцаа төмс, сонгино...” зэрэг хүнсний болон ахуйн бараа бүтээгдэхүүнүүд байх бөгөөд эдгээр нь хохирогчийн эмчилгээ сувилгаа болоод хохиролтой хэрхэн яаж уялдаж байгаа вэ гэдэг нь ойлгомжгүй бас тодорхойгүй байна.
Мөн хохирогч Л.О нь Бүгд Найрамдах Солонгос улсын С- эмнэлэгт хагалгаанд орох талаараа холбогдох баримтыг хавсаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж,
Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасан бол 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэж тус тус заажээ.
Шүүх зөвхөн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тодорхойлж нөхөн төлүүлэх талаар арга хэмжээ авах ёстой бөгөөд харин ирээдүйд гарах зардлыг урьдчилан тооцоолж мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй болохыг дурдвал зохино.
Хавтас хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас харвал хохирогч Л.Од учирсан бодит хохирол бүрэн нөхөн төлөгдсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн хохирогч Л.О нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох *******оос жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Иймд, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт М-ын Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 300 /Гурван зуу/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Л.О нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох *******оос жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР