Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/621

 

 

 

 

 

 

 

2022         06             09                                     2022/ШЦТ/621

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: ...

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хүлээн авч хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ: 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнө ... дүгээр хорооны Б.Этай үл ойлголцол үүсгэн улмаар харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд баруун, зүүн доод нэг, хоёрдугаар шүд, зүүн дээд хоёрдугаар шүдний цөгцний тагласан хугарал, дух, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Хохирогч Б.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Л нэртэй бааранд найзууд болох Б, Ц, Э нарын хамт орж үйлчлүүлсэн. Тухайн үед бааранд үйлчлүүлж байхдаа би өөрийн гар утсаа алга болгочихоод тухайн баарны хамгаалагчид нь мэдэгдсэн чинь тоохгүй байж байснаа дахиад хэлэхэд юу гээд байгаа юм бэ гэж намайг хэлсэн. Тэгээд би хамгаалагчтай нь муудалцаад зогсож байхад хажуунаас Б нь зүгээр орхичих 00 явъя гээд байхаар нь би түүнд хандаж утсаа олж байж явна гэж хэлээд Бийг нэг удаа цохичихсон. Тэгээд гадаа нь найзыгаа цохичихоод ойролцоо 5-10 минут хэрүүл хийгээд зогсож байсан чинь хамгаалагч нь дотогш ороод май утас чинь энэ л байна гээд гаргаад өгчихсөн. Тэгээд бид 4 цааш явсан. Баарнаас ... автобусны буудал хүртэл явах замдаа би Бээс уучлалт гуйсан. Тэгэхэд Б гомдоод байхаар нь чи юун сүртэй юм гээд хэлчихсэн. Тэгээд яг автобусны буудал руу гарч ирээд байж байсан чинь Б над руу дайраад намайг унагаад дээр гараад намайг 3-4 удаа цохисон. Тэгээд надтай цуг явж байсан 2 найз маань салгасан юм. Манай гэр Бөхийн өргөөний ойролцоо байдаг юм. Би тухайн газраасаа гэртээ харих гээд ганцаараа Бөхийн өргөө рүү чиглээд алхаж явсан. Тэгээд явж байгаад замдаа Худалдаа хөгжлийн банкны тэрүүгээр явж байсан чинь араас Б дуудаад тэгээд би эргэж хараад урдаас нь алхсан чинь зугтаачихсан. Тэгээд тоохгүй буцаад явж байсан чинь Б араас дахиад хүрээд ирсэн. Тэгээд тэндээ бид хоёр баахан хэрүүл хийж зогссон. Би тэгэхэд чамайг нэг удаа цохисон, чи намайг автобусны буудлын тэнд өчнөөн олон удаа цохисон биз дээ гээд орилчихсон. Тэгсэн чинь тэгвэл одоо зодолдчихъё гээд намайг нэг цохиж, дарж өвдөглөөд унагааж байгаад 2 удаа нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би босч ирээд чи шүд хугалаад хаячихлаа шүү дээ гэж хэлээд цааш явж гэртээ харисан. Тухайн үед би согтуу байсан болохоор нээх юм яриад яахав гэж бодоод тэр үедээ юм ярилгүй шууд гэртээ харьчихсан юм. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 6-7тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээч Б.Бын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Б.Эы биед баруун, зүүн доод нэг, хоёрдугаар шүд, зүүн дээд хоёрдугаар шүдний цөгцний тагласан хугарал, дух, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тооцогдоно.” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд ял шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18 тал/
  • Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 19 тал /,
  • Шүүгдэгч Б.Бийн оршин суугаа хаягийн тодорхойлолт: .......... /хх-ийн 20 тал / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2  зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Эы биед баруун, зүүн доод нэг, хоёрдугаар шүд, зүүн дээд хоёрдугаар шүдний цөгцний тагласан хугарал, дух, зүүн сарвуунд зулгаралт бүхий хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Б.Э нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй..” гэсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас, хохирогчийн “миний бие Бтэй эвлэрч, хохирлоо барагдуулсан” гэх хүсэлт /хх-ийн 35 тал/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйсан, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гарга, хяналтын прокуророос шүүгдэгчид 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасныг шүүгдэгч зөвшөөрсөн боловч шүүгдэгчийн хувийн байдал шүүхийн хэлэлцүүлэгт түүний гаргасан “ээжийнх нь бие муу учраас асарч халамжлах шаардлагатай байгаа тул нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн хүсэлт зэргийг харгалзаж үзэж, шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож  ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ