Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2018/01771

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ө.Уянга нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... тоотод байрлах “ТХ” ХХК /Регистрийн дугаар:./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .....тоотод байрлах УТС ХМБ /Регистрийн дугаар:/-д холбогдох,

Ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, мэдээлэл тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан, Б.Тунгалагтуяа, иргэдийн төлөөлөгч О.Батдолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улстөрч.мн нь өөрийн цахим хуудас болох /ulsturch.mn/-ийн халуун сэдэв гэсэн ангилалд сэтгүүлч Ч.Мандахнар нь “Монголын хуулийг уландаа гишгэсэн Хятадын ТХ ХХК-ийн хууль бус үйлдэл” гэсэн гарчигтай нийтлэл гаргасан. “ТХ” ХХК нь Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа  хуулийн этгээд.  Улстөрч хэвлэл мэдээллийн байгууллага нь өөрийн цахим хуудаст нийтэлсэн нийтлэл нь “ТХ” ХХК нь хууль зөрчсөн гэх буруу ойлголтыг уншигчид болон олон нийтэд шууд өгч байгаа юм.

“ТХ” ХХК нь 2006 онд ашигт малтмалын ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд юм. Тус компани нь Төв аймгийн Жаргалант сумын Нарантолгой нэртэй газарт 375 гектар талбай бүхий уурхайн талбайд үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд үйл ажиллагаа явуулахдаа хуульд заасан үүргээ чин үнэнчээр биелүүлэхийн зэрэгцээ тус сумын Засаг даргын тамгын газартай хамтран Нийгмийн хариуцлагын хүрээнд нийтээр тэмдэглэж өнгөрүүлэх баярын өдөрт, ажлын айлчлалын зардалд, тээвэр унааны зардалд, соёл боловсролын салбарт тус тус хөрөнгө оруулсан байдаг. “ТХ” ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа гадаад улсын буюу Хятад улсын болон Монгол Улсын иргэнийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулдаг болно. Гэтэл Улстөрч хэвлэлийн байгууллага нь өөрийн цахим хуудсандаа энэ тухай нийтлэхдээ:

- “Аливаа мэдээлэл нь бодит үнэнд нийцсэн байх ёстой” гэсэн сэтгүүл зүйн зарчим баримтлаагүй,

- “ТХ” ХХК нь ямар хуулийг хэрхэн зөрчсөн гэдгийг нотолж, үнэн мөнийг тогтоогоогүй,

- “ТХ” ХХК энэхүү хууль зөрчсөн гэдгийг нягталж шалгаагүй,

- Албан ёсны бус судалгаанд үндэслэн зөрүүтэй буруу мэдээлэл бичигдсэн гэж үзэж байна.

Дээрх байгууллагын буруутай үйлдлийн улмаас “Хятадын хөрөнгө оруулалттай “ТХ" ХХК Монгол Улсын хуулийг уландаа гишгэдэг, хууль бус үйлдэл гаргадаг, хоpт хог хаягдал хаях далан байгуулах нэрийдлээр улсын төсвөөс таван тэрбум төгрөг авсан, мөн дээрх уурхай нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ч холбоотой" гэх агуулга бүхий мэдээ нь “ТХ” ХХК Монгол Улсын хуульд заасан үүргээ биелүүлдэггүй хууль бус үйл ажиллагаа явуулж, улсаас их хэмжээний мөнгө авсан гэх сэтгэгдэл олон нийтэд төрүүлж компанийн ажил хэргийн нэр хүнд, бизнесийн цаашдын үйл ажиллагаанд нь ноцтой гэм хор учруулж байна.

Мөн түүнчлэн “ТХ” ХХК-иар зогсохгүй “Бэлэн мөнгөнд сэтгэлээ өгч, сум орон нутгийнхаа газар шороог бохирдуулахад гар бие оролцдог хүмүүс цөөнгүй” гэх зэргээр Жаргалант сумын иргэд тус компанид ажилладаг нийт Монгол ажилчдыг гүтгэн доромжилж байгаад харамсаж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т "Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.”, мөн хуулийн 27.6-д “Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна.” хэмээн заасан байдаг.

Иймд “ТХ” ХХК-ийн тухай хууль бус нийтлэл гаргаж түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан Улстөрч хэвлэл мэдээллийн байгууллагад Монгол Улсын хуулийн этгээд “ТХ” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, буруу мэдээ нийтэлснээ залруулан тараасан арга хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улстөрч.мн мэдээллийн сайтад “Монголын хуулийг уландаа гишгэсэн Хятадын “ТХ” ХХК-ийн хууль бус үйлдэл” нэртэй сурвалжлага нийтлэгдсний дагуу тус шүүхэд нэхэмжлэлийг гаргажээ. “Улстөрч сонин” Хэвлэл мэдээллийн байгууллага нь “Тус цахим мэдээллийн хэрэгслийн “Халуун сэдэв” буланд Нийгэмд өрнөж буй зөрчилтэй асуудалд хариулт олох үүднээс эрэн сурвалжлах, асуудал хөндсөн нийтлэл, материал нь баримтад тулгуурлан нийтэлдэг. Энэ удаагийн “ТХ” ХХК-тай холбоотой асуудлыг иргэдийн гомдлын дагуу, мөн удаа дараа гаргаж буй хууль бус үйлдлийг үндэслэн баримттайгаар нийтэлсэн болно.

Дээрх нийтлэлд “ТХ” ХХК-ийн зүгээс “Мөн дээрх уурхай нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ч холбоотой” хэмээн материалыг гуйвуулан гүтгэлгийн шинж чанартай болгосон байна. Уг нийтлэлийн энэхүү хэсэг нь Монгол Улсын иргэн бүрийн хардах эрхийн дагуу “Мөн дээрх уурхай нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ч холбоотой гэх мэдээлэл бий” гэж бичсэнийг мушгин гуйвуулсан. Сэтгүүлч Ч.Мандахнарын алдаатай үйлдлээс үүдэн “ТХ” ХХК-ийг, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай холбоотой мэтээр ойлгуулсныг засч, залруулга хийсэн болно. Мэдээллийг олон нийтэд хүргэсэн хэлбэрээрээ эргүүлэн УИХ-ын гишүүн Ц.Гарамжаваас уучлалт гуйж, түүний бие төлөөлөгч н.Мөнхбатад мэдэгдэн залруулга хийсэн сонин болон уучлалт хүссэн залруулгын хамт хүргэсэн, “УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай холбоотой гэх” мэдээлэл бодит баримтад тулгуурлаагүй учир уучлалт хүсэн залруулга хийсэн болно.

Хорт хог хаягдал хаях далан байгуулах нэрээр улсын төсвөөс таван тэрбум төгрөг авсан гэх нэхэмжлэлийн тухайд: "ТХ” ХХК нь Монгол улсын хуульд заасан үүргээ биелүүлдэггүй, хууль бус үйл ажиллагаа явуулж, улсаас их хэмжээний мөнгө авсан гэх сэтгэгдэл олон нийтэд төрүүлж “ТХ” ХХК-ийн нэр төр, нэр хүнд, ажил хэргийн нэр хүнд, тус компанийн бизнесийн цаашдын үйл ажиллагаанд нь ноцтой гэм хор учруулж байна” хэмээн нэхэмжлэлд дурдсан байна. Тус холбоотой мэдээлэл нь 2016 оны 10 дугаар сарын 27-оос эхлэн хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр цацагдаж, “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин, тус төрийн бус байгууллага хэвлэлийн бага хурал хийн олон нийтэд дэлгэж байсан. Иймд “Улстөрч сонин” Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч Ч.Мандахнар “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжинтэй уулзан дээрх асуудлыг тодруулахад “Улсын төсвөөс таван тэрбум төгрөг авсан нь үнэн. Гэхдээ нотлогдох боломжгүй” гэсэн хариу өгсний үндсэн дээр “Хорт хог хаягдлыг хаях далан нэрийдлээр улсын төсвөөс таван тэрбум төгрөг авсан гэх” хэмээн хардах эрхийн хүрээнд оруулсан болно.

“Монгол улсын хуулийг уландаа гишгэдэг, хууль бус үйлдэл гаргадаг” гэх нэхэмжлэлийн тухайд: “ТХ” ХХК нь Төв аймгийн Жаргалант сумын нутаг, Нарантолгойн уурхайд ажиллаж буй иргэдийн цалингийн асуудал, хөдөлмөрийн эрх зөрчигддөг, үндэслэлгүй ажлаас халагддаг, хөдөлмөрийн аюулгүй байдлаас үүдэн хүний амь нас эрсэдсэн, хохирогчдын ар гэрийн гомдол, ажиллаж байхдаа эрүүл мэндээрээ хохирсон, мөн гаднаас хулгайгаар алт олборлож, мөнгөн усаар хордуулж, орхигдсон шороог зориулалтын бус задгай машинаар тээвэрлэж, өөрийн ашиглалтын талбайд авчран дахин цианит натри ашиглаж, алт ялган авч байна гэх мэдээлэл ирсний дагуу сонины сурвалжлах баг Төв аймгийн Жаргалант сумын Нарантолгой уурхайд очин, бодит нөхцөл байдалтай танилцаж, мэдээ, сурвалжлага бэлтгэх гэсэн боловч тус уурхайн хамгаалагчид дотогш нэвтрүүлээгүй болно. Иймд тус уурхайд ажиллаж байгаад халагдсан иргэд болон уурхайн ойр орчим мал аж ахуй эрхэлдэг иргэн, мөн хохирогч болсон иргэдийн ар гэрийнхэнтэй биечлэн уулзаж мэдээлэл авсан болно. Уг мэдээллийг бататтах үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Ашигт малтмалын газарт тус тус албан бичиг хүргүүлсэн. “ТХ” ХХК-ийн удаа дараа зөрчигдөж байгаа ажилчид, иргэдийн цалингийн асуудал, хөдөлмөрийн эрх зөрчигддөг, үндэслэлгүй ажлаас халагддаг, хөдөлмөрийн аюулгүй байдлаас үүдэн хүний амь нас эрсэдсэн, хохирогчдын ар гэрийн гомдол, ажиллаж байхдаа эрүүл мэндээрээ хохирсон, мөн гаднаас хулгайгаар алт олборлож, мөнгөн усаар хордуулж, орхигдсон шороог зориулалтын бус задгай машинаар тээвэрлэж, өөрийн ашиглалтын талбайд авчран дахин цианит натри ашиглаж, алт ялган авч байна гэсэн мэдээллүүд 2008 оноос эхлэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал медиагаар болон удаа дараагийн хэвлэлийн бага хурлаар олон нийтэд ил болгон мэдээллэж байсныг хавсралтаар хүргэж байна.

Тухайлбал: 2008 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Gogo.mn” сайтад нийтлэгдсэн “ТХ”-иас 1.5 кг орчим мөнгөн ус хураажээ” нэртэй нийтлэл гарсан байдаг. Тус нийтлэлд “Богд Ар” хорооллын 20 дугаар байрны нэгдүгээр давхарт 430 гр, гадна 10.1 ам метр талбайд мөнгөн ус асгасан явдал нь Төв аймгийн Жаргалант сумын нутагт байрлах Нарантолгойн уурхайд үйл ажиллагаа явуулдаг “ТХ” ХХК-ийн ажилчид байсныг цагдаагийнхан тогтоосон. Мөн зөвшөөрөлгүй химийн бодис оруулж ирдэг байсан нь тогтоогдож Баянгол дүүргийн цагдаагийн хэсгийнхэн “ТХ” компанийн байранд шалгалт хийхэд мөнгөн уснаас гадна 26 нэр төрлийн химийн бодис хадгалж байсныг илрүүлсэн” хэмээн гарсан байдаг. Энэхүү мэдээллийн дараа “ТХ” ХХК-ийн үйл ажиллагааг 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “ТХ” компанийн үйл ажиллагааг зогсоов” нэртэй Өдрийн сонины эх сурвалжтай мэдээ гарсан.

2008 оны 3 дугаар сарын 25-нд Gogo.nm сайтад Өдрийн сонины эх сурвалжтай “Мөнгөн ус”-ны хэрэгт гурван Хятад иргэнийг шалгаж байна” гэсэн гарчигтай Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Т.Сайнжаргалаас тодруулсан тодруулга,

2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Wikimon.mn” мэдээллийн сайтад тавигдсан “Жаргалантын алтыг ухаж буй “ТХ” компанийн үйлдлүүд хэрээс хэтэрлээ” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Уг нийтлэлд тус компанид ажиллаж буй “Монгол ажилчдыг нохойноос дорд үзэж, Монголын газар доорх баялаг, хамгийн үнэт алтыг урд хөрш рүү зөөвөрлөсөөр байна” гэсэн байдаг.

Нийслэл.мн мэдээллийн сайтад 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Төв аймагт Хятадын компани хууль зөрчин ажиллаж, иргэдийг хордуулж байна гэв” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн байдаг. Энэхүү нийтлэлд “Тус уурхайд жилд 2-3 хүн нас бардаг” тухай бичигдсэн байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр “ТХ” ХХК-д үйлдвэрчний хороон даргаар ажиллаж байсан Б.Энхтуяагийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Shuurhai.mn” цахим мэдээллийн сайтад “Б.Энхтуяа: миний хүүгийн аминд хүрсэн “ТХ” компанийн эзэд хэргийг булзааруулахын тулд гэрчүүдийг бүгдийг нь худалдаж авсан байх” нэртэй ярилцлага өгсөн. Тус ярилцлагад “ТХ” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээг хэрхэн зөрчиж, аюулгүй байдлыг хангадаггүй тухай дурдсан байдаг. Мөн Б.Энхтуяагийн хүү “О” 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус компанид ажиллаж байх үедээ, ослын улмаас нас барсан тухай дээрх ярилцлагад өгсөн байдаг.

2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Manaiklub.com” мэдээллийн сайтад “Сү.Батболдоо, наана чинь хүмүүс сүйрлээ, болиорой” нэртэй мэдээ нийтлэгдсэн. Тус мэдээнд “ТХ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Энхтуяатай хийсэн ярилцлагад “Сү.Батболдтой холбоотой”, мөн тус уурхайн үйл ажиллагааны талаар мэдэгдсэн байдаг.

2008 оны 03 сарын 27-ны өдөр Olloo.mn сайтад “ТХ компанийн химийн бодисууд нь азотын хүчил байжээ” нэртэй мэдээ нийтлэгдсэн. Тус мэдээнд “Баянгол дүүргийн 20 дугаар байрны давхарт мөнгөн ус алдагдаж, бохирдол үүсгэсэн тухай. Мөн БОЯ, ОБЕГ, ЦЕГ, УМХГ зэрэг байгууллагын хяналт шалгалт хийсэн” тухай бичигдсэн байдаг.

2012 оны 10 дугаар сарын 13-нд “Zindaa.mn” сайтад нийтлэгдсэн “ТХ” ХХК Монгол улсын хөдөлмөрийн хуулиас давсан дотоод журамтай гэв” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэн. Тус мэдээнд ТХ уурхайд Үйлдвэрчний хороонын дарга хийж байсан Б.Энхтуяа болон Үйлдвэрчний хорооны тэргүүлэгч н.Лхагважав нарын хийсэн хэвлэлийн хурлын тухай дурдсан байна.

2012 оны 10 сарын 15-ны өдөр “Bolod.mn” сайтад “ТХ” компани цианит натриар байгаль орчин хордуулсан байна” гэх нэртэй мэдээ орсон байдаг. Тус мэдээнд “ТХ” ХХК-ийн үйл ажиллагаа, байгальд нөлөөлж буй хор хөнөөлийн талаар Б.Энхтуяагаас авсан тодруулга орсон байдаг.

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг БХ-ны даргын албаа өгөхийг шаардлаа” нэртэй мэдээ нийтлэгдсэн байдаг. Тус нийтэлд “ТХ” ХХК-ийн хууль бус үйлдэл болон УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай холбоотой нийтлэл нийтлэгдсэн байна.

Мөн тус уурхайн хаягдлын далан пелонк задарч, 2012 онд хоёр хүүхэдтэй эмэгтэй нас барсан тухай дурдсан Б.Энхтуяагийн ярилцлагад дурдагдсан байдаг.

“ТХ” ХХК-д ажиллаж байсан иргэдийн хөдөлмөрийн гэрээ зөрчигдсөн, ажлаас үндэслэлгүй халагдсан, тухай шүүхэд ирсэн гомдлыг хавсралтаар хавсаргав.

Энэ мэтчилэн ажилчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаанд анхаарал хандуулахгүйгээр хөдөлмөрийн гэрээг зөрчиж, удаа дараагийн санал гомдол ирсэн ч хуулийн дагуу арга хэмжээ авагдаагүй, ажилчид ч цалин хөлс болон ажиллах орчин нөхцлийн талаар удаа дараа шүүхэд гомдол гаргадаг. Мөн энэхүү гомдол болон бодит байдалд өрнөж буй асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авдаг ч эргээд үйл ажиллагаа нь хэвийн явагдсаар байгаа тул “Монголын хуулийг уландаа гишгэсэн” гэх үгээр тодотгосон болно.

Бидэнд ирсэн иргэдийн гомдол, мэдээллийн дагуу тус сурвалжлагыг бэлтгэх явцад нутгийн иргэд болон “ТХ” ХХК-д ажиллаж буй зарим ажилтнуудаас холбоотой мэдээ, мэдээлэл авахыг хүссэн боловч тус уурхайн үйл ажиллагааг нуун дарагдуулж, сум орон нутагт үзүүлж буй хор хөнөөл, удаа дараагийн зөрчил, дутагдлыг нууж, ажлын байрнаас халагдахаас айж, бодит байдалтай эвлэрч мэдээлэл өгөхөөс татгалзсан. Хэрэв дээрх мэдээлэлд бичигдсэн хэсэгт Жаргалант сумын зарим иргэд, “ТХ” ХХК-ийн ажилчид “гомдолтой” гэж үзвэл Улстөрч сонин ХМБ-нь “ТХ” ХХК-д ажиллаж буй иргэдээс уучлалт хүсэхэд бэлэн байна гэжээ.

Шүүх хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ТХ” ХХК нь УТС ХМБд холбогдуулан ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, мэдээлэл тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “иргэний ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 27 дугаар зйүлийн 27.6-д “Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна” гэж, 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр УТС ХМБас эрхлэн гаргадаг Улстөрч.мн  /www.ulsturch.mn/ цахим сайтад  “Монголын хуулийг уландаа гишгэсэн Хятадын ТХ ХХК-ийн хууль бус үйлдэл” нэртэй нийтлэл гаргасан, уг нийтлэлд “Монгол Улсын хуулийг уландаа гишгэдэг, хууль бус үйлдэл гаргадаг” , “хоpт хог хаягдал хаях далан байгуулах нэрийдлээр улсын төсвөөс таван тэрбум төгрөг авсан”, “гар аргаар алт олборлогчдод мөнгөн ус худалдаалж хордуулав” гэж бодит үнэнд нийцээгүй мэдээлэл бичсэн гэж тайлбарлаж байна.

  Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, уг мэдээллийг 2008-2016 оны хооронд тус компанитай холбоотой удаа дараагийн сонин хэвлэлд нийтлэгдсэн мэдээлэл, шүүхийн цахим сайт дахь хөдөлмөрийн маргаан шийдвэрлэсэн шийдвэрүүд дэх мэдээлэлд тулгуурлаж нийтэлсэн гэж маргав.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дээрх нийтлэл нь “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-иас 2016 оны 10 дугаар сард нээлттэй хийсэн хэвлэлийн бага хурлаас мэдээлсэн мэдээллүүд болон бусад цахим сайтад нийтлэгдсэн мэдээллүүдэд  үндэслэсэн байх тул нийтлэл дэх зарим үг хэллэг тохироогүй ч нэхэмжлэгч хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан, гүтгэсэн гэх хэмжээнд үзэх үндэслэлгүй байна.

   Түүнчлэн “ТХ” ХХК-тай холбоотой удаа дараагийн хөдөлмөрийн маргааныг шүүх шийдвэрлэж байсан гэдэгт нэхэмжлэгч шүүх хуралдаанд маргаагүй, 2008 онд “Богд Ар” хороололд мөнгөн ус алдсан үйл баримт нийтэд илэрхий баримт болсон бөгөөд нэхэмжлэгч уг үйл баримтыг мөн үгүйсгээгүйг дурдав.

 Иймд “ТХ” ХХК-ийн гаргасан ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчид өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2018 оны 8 дугаар сарын 29-нд хүргэсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                        

                                                                                                             ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.6, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан УТС ХМБд холбогдох ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, мэдээлэл тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай “ТХ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                             О.ОДГЭРЭЛ

 

 

 

                         ШҮҮГЧ                                                      Б.УУГАНБАЯР

 

 

 

       Ө.УЯНГА