Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар  2022/ШЦТ/561

 

 

   2019          02        15                                                                              2019/ШЦТ/39

 

 2022          05             27                                                 2022/ШЦТ/561

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч А.Мөнхсайхан, шүүгч З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Иргэдийн төлөөлөгч Д.Г,

Улсын яллагч, хяналтын прокурор С.Эрдэнэтуяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч Ю.Н,

Шинжээч эмч: Н.Э

Гэрч Э.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э, Э.Г,

Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад боржигон овогт С.Мад холбогдох хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт, ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С.М,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ... тоотод иргэн  Н.Дтай “зурагт унтраалаа” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсгэн үл ойлголцож, улмаар нүүрэн тус газарт нь цохисны улмаас амь насыг нь хохироох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М нь мэдүүлэхдээ: Шинжээчийн дүгнэлт нь өөрөө эргэлзээтэй байсан бөгөөд энэ эргэлзээ арилсан учир хохирол төлбөрийг төлж барагдуулна хэмээн бодож байсан. Миний буруу хүний амь нас хохирсонд харамсаж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн хуралдаанаар миний бие гэм буруугүй биш 1-2 цохилтын улмаас амь нас нь эрсдсэн хэмээн бодсон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт хүсэж байна, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Хохирогч Н.Згийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай хоёрын хашаа хоорондоо бага зараг зайтай байдаг би 3 нялх хүүхэд хардаг болохоор тэдний гэрээр байнга ороод байж амждаггүй юм. Манай дүү Д хагас сайны өглөө буюу 03-ны өлгөө 09 цаг болох гэж байхад манай гэрийн гадаа байдаг савнаас 5-н саваар ус аваад иргэхэд нь хартал зүүн шанаа дагаад өтгөн дүү цус урсаж хатсан шинжтэй байсан тэгэхээр нь чи чинь юу болчихвоо гэж асуутал надруу харсан тэгтэл нүүр нь пэндийсэн хавдартай байсан яасан юм бэ? хүнд зодуулсан юм уу? гэж асуутал юу ч дуугарахгүй усаа аваад цаашаа яваад өгсөн. Би гурван жоохон хүүхэд харж байгаа болохоор араас нь очиж чадаагүй. Талийгаач манай хашаанд жорлон барьсан тэр ажил нь 20 гаран хоног болсон дуусаад 2 хонож байсан юм миний харж байсан 3 хүүхдийн арай том нь болох сургуулийн зээ хүүхэд Н ахын найз нь ирэх шиг боллоо гэж надад хэлж байсан. Тэгээд би Э нь ирсэн юм байна гэж мэдсэн тэр хүн үе, үе ирдэг юм. 2021 оны 07 дугаар сарын 05-ны өглөө 09 цаг болох гэж байхад Дын найз Э нь манай гэрт орж ирээд Н урд шөнө зүгээр хоносон тэгээд өглөө нэг сонин болчихлоо гэж хэлсэн тэгэхээр нь би гүйгээд ортол гэрийн зүүн талийн модон орон дээр талийгаач ухаангүй царай нь шав, шар болсон амьсгалтай хэвтэж байсан. Тэгээд өөрийн ... гэсэн утсаар 103 дуудсан 103-н эмч ирээд маш хүнд хүн байна энэ гэмтлийг хэзээ авсан юм бэ? 24 цаг өнгөрсөн бол гэмтлийн эмнэлэг авахгүй дүүргийн эмнэлэг хүргэж өгнө гэж хэлээд аваад явахад талийгаач орон дээрээ шээсэн байсан. Орой цагдаа нар ирж хэргийн газрын үзлэг хийсэн ийм зүйл болсон.. Надад мэдсэн зүйл байхгүй Эыг ирсэн гэж мэдсэн анх Э доороос ирж байхын би харсан мөн манай зээ хүүхэд Н ахын найз ирж байна гэж надад хэлж байсан. Түүнээс хүмүүс ирж архи ууж зодолдсон талаар мэдсэн зүйл байхгүй манай хоёрын хашаа гэр хороондоо бага зэрэг зайтай байдаг хоёулаа байшин болохоор болж байгаа үйл явдал нь тийм сонсогдоод байдаггүй юм. Би маш их гомдолтой байна миний дүү эрүүл саруул хүн байсан чихний сонсгол муу гэж группд гарсан байсан өер ямар нэгэн өвчин ярьдаггүй байсан юм. хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү оршуулгын зардалд гарсан 9 сая гаран төгрөг болсон үүн дээр өмгөөлөгчийн хөлс 3 сая төгрег болсон цаашид хавсаргаагүй баримт байгаа түүнийгээ нэмж өгөх болно ” гэх мэдүүлэг (1 хх-ийн 48-53 тал),

Хохирогч Н.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...эгч Н.З над руу утсаар яриад Н.Д нь ухаангүй Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт байна гэж над руу өдөр 12 цагийн үед утсаар ярьсан. Намайг очих үед Гэмтэл рүү шилжүүлсэн гэхээр нь би гэмтлийн эмнэлэг явсан би гэмтэл дээр 16 цагийн үед очиход З эгчийн хүүхэд У ирсэн Дыг тархины хагалгаанд ороод 3 цаг болж байна гэж надад хэлсэн. Хамт архи ууж байсан хүнийг манай эгчийн хүү У дагуулж ирж надтай уулзуулсан. Эхнэр бид 2 тэр залууг дагуулаад эрчимт эмчилгээний үүдэнд очиход эмч нь гарч ирээд эхнэр бид хоёрын нэгийг нь ор гэхээр нь би эхнэрээ оруулсан” гэх мэдүүлэг (1 хх-ийн 44-47 тал),

Гэрч Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай найз Д улаан өнгийн машинтай залуугийн найз гэх залуу 2 маргалдаад босоод ирсэн. Би тэр 2-ыг яг юунаас болоод маргалдсан талаар мэдэхгүй байна. тэр үл таних залуу Дын нүүр лүү гараараа нэг удаа цохиход Д газар унасан. Тэгтэл тэр залуу Дын дээр гараад босгож ирж байгаад 2-3 удаа гараараа хүчтэй цохиж байсан. Дын хамраас цус гараад газар унасан. Би найзыгаа өмөөрөөд тэр үл таних залуутай зууралдахад миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон Би согтуу байсан учраас тэнцвэр алдаад газар унасан. Би босож ирээд тэр залуутай чанга дуугаар хэрэлдэхэд тэр залуу гараад явсан.Тэгээд талийгаачийг шалнаас босгож суулгахад уруул нь язарч хавдаад их цус гарч байсан. тэр үл таних залуу эхлээд их гайгүй залуу шиг харагдаад сүүлдээ их зэрлэг юм шиг болоод байсан ... Надад бие өвдлөө гэж юм ярьсан зүйл байхгүй бид хоёр нэг орон дээр зөрж хэвтээд өнжсөн. Орой нь талийгаач намайг сэрээгээд өчигдрийн уусан архинаас үлдсэн тал шил архи байна түүнийг уух уу гэхээр нь уусан тэгээд унтаад маргааш нь буюу 2021 оны 04-ны өдөр бид хоёр гэрээс гараагүй хэвтсээр байгаад хоносон талийгаач ч огт юм яриагүй тэгээд маргааш нь өглөө босохгүй байсан. Нүд нь хөхөрч уруул нь язарч хамраас нь цус гарсан байсан. Тэгээд бид хоёр өнжөөд шөнө тэр чигээрээ унтсан талийгаач их эрт 06 цаг болж байхад босдог хүн байгаа юм гэтэл маргааш өглөө нь ер босохгүй байсан дуудаад ч сэрэхгүй байсан тэгэхээр нь би 9 цаг өнгөрөөд эгч рүү нь очсон талийгаачийн эгч эмч хүн байдаг /З билүү Ц гэдэг хүн байдаг тэр хоёрыг би хооронд нь нэрийг нь солиод байна/ тэгээд Дын бие сонин байгаад байна гэж хэлсэн тэгтэл орж ирж үзээд наадах чинь архины хордлогод орсон юм биш үү нүүр нь шарласан их эвгүй байна эмч дууд гэж хэлсэн тэгээд бид хоёр түргэн дуудсан юм. Бид хоёр 4-ны өдөр бол архи огт уугаагүй талийгаач босож нэг цай чанаж өгөөд буцаад хэвтсэн өөр хийсэн зүйл байхгүй. Тийм зүйл хэлээгүй юм яриагүй бие нь их муу байх шиг байсан би тухайн үед шартаад байна гэж бодсон би ч гэсэн шартаад юм ярих сонирхолгүй байсан” гэх мэдүүлэг (1 хх-ийн 59-64 тал),

Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М, Д хоёр хоорондоо маргалдаад байсан тэгэж байгаад М бариад авах шиг болсон тэгээд би салгаснаа санаж байна” гэх мэдүүлэг (1 хх-ийн 67 тал),

Гэрч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Тухайн өдөр манай ээж З над руу залгаад Д ахын чинь бие муу байна Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт яваад оч түргэн ирээд аваад явсан гэж хэлсэн тэгээд би Сүхбаатар дүүргийн эмнэлэг явж байтал ээж дахин залгаад Сүхбаатар дүүргийн эмнэлгээс гэмтлийн эмнэлэг рүү явсан гэж байна гэж хэлсэн тэгээд би Гэмтлийн эмнэлэг рүү очсон намайг очиход хоёр талийгаачийн хоёр найз байсан өөр хүн байхгүй байсан. Тэгээд очоод яав гэж асуухад дотор хагалгаанд орж байна гэж хэлсэн. Цуг байсан гэх Э гэх найз нь өчигдөр гэлүү уржигдар гэл үү хойд талд нь байдаг айлын нь залуу нэг найзтайгаа орж ирээд цуг сууж байгаад тэр залуу нь томроод байсан тэгээд тухайн үед байсан өөрийнхөө найзтай болон манай ахыг, ахын найзтай хамт гурвууланг нь зодчихоод яваад өсгөн тэгээд орой болоод унтаад өглөө нь ахын бие эвгүй болсон амьсгалж чадахгүй зовуурьтай байна гэж хэлсэн тэгээд түргэн дуудсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 92-93 тал),

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед дуудлагаар очоод тухайн дуулга өгсөн утас руу залгаад зам заалгахад эрэгтэй хүн тосож авсан. Айлд явган явж очсон тоосгон байшинд орж хүнийг үзэхэд Д гэх эрэгтэй хүн цамцны энгэрийг нь задгайлсан орон дээр хэвтэж байсан үзлэгээ эхлээд хүнээ ухаантай байна шалгаж дуудаж үзэхэд хариу үзүүлэхгүй байсан тэгээд үзлэг хийхэд тухайн хүний даралт бага амин үзүүлэлтүүд нь бага хэл нь зузаан ногоон өнгөтэй мөчдэд хугарлын юм байхгүй шинээр биед үүсэн шарх сорив гэх зүйл байхгүй байсан нүд нүүр ам хавдсан байсан хамт байсан хүнээс нь энэ нүүр ам нь хэзээ яасан юм бэ? гэж асуусан мөн архи дарс уусан уу? гэж асуусан тэгтэл нөгөө хажууд нь байсан хүн 3- 4 хоног архи уусан зодуулсан уу? гэж асуухад хоёроос гурван хоногийн өмнө зодуулсан байж магадгүй гэж хэлсэн, ... Хувцсыг нь тайлж цээж болон нуруунд үзлэг хийсэн доод мөчдөд мөн хугарал байгаа эсэх талаар үзлэг хийсэн тэгэхэд шинээр үүссэн гэмтэл хугарал, мултрал гэмтэл байхгүй. Нүүр нүд ам нь хөхөрсөн уруул нь ялзралттай байсан. Миний бодлоор хугацаа алдсан байж магадгүй юм шиг санагдаж байсан” гэх мэдүүлэг (1 хх-ийн 95-96 тал),

Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг очиход зуслангийн байшиндаа их согтолттой унтаж байсан би сэрээгээд би таныг гэрт нь хүргээд өгье гэхэд нүүр ам нь битүү хавдсан үүдэн шүд нь унасан ор хөнжил нь цус болсон зодуулсан шинжтэй байсан” гэх мэдүүлэг (1 хх-ийн 88-90 тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед шинжилгээ хийсэн 1345 дугаартай

“ 1. ...Н.Дын цогцост хийсэн задлан шинжилгээгээр тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, хуйх баруун чамархайн булчингийн цус хуралт, сээрний 4 дүгээр нугаламын их биеийн бяцарсан хугарал, улаан хоолойн няцарсан шарх дээд уруулын няцарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхи, эрүү дээд уруул, төвөнх орчим баруун бугалга, зүүн шуу баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд учирсан нь тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Талийгаачид учирсан дээрх гэмтлүүдээс амь насыг нь аврах боломж багатай, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, сээрний 4 дүгээр нугалмын их биеийн бяцарсан хугарал бүхий гавал тархи, нурууны хавсарсан гэмтлийн улмаас талийгаач төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна.

4. Талийгаач Н.Д нь зүрхний архаг цус хомсрох өвчин, зүрхний булчингийн томрол, элэгний өөхлөлт зэрэг архаг хууч өвчинтэй байсан байх ба эдгээр өвчин нь нас барахад шууд нөлөөлөөгүй болно....”  гэх дүгнэлт (1 хх-ийн 133-137 тал),

Шинжээч эмч М.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...үхэлд хүргэсэн гол гэмтэл нь тархины гэмтэл энэ нь аажим нэмэгддэг учраас 2 хоног болж болно. Сээрний 4 дүгээр нугалмын хугарал нь шууд нугалмаа дараагүй учраас хөдөлгөөн хийсэн байхыг үгүйсгэхгүй" гэх мэдүүлэг ( хх-ийн 145-146 тал)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 16-21 тал/

Цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 22-23 тал),

 Өвчний түүх (1 хх-ийн 167-177 тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж, шүүхээр орж ял шийтгэл эдлэж байгаагүй. Сэтгэцийн хувьд эрүүл саруул. Зан аашийн хувьд жаахан үглээ зантай, тэрнээс биш шулуухан хүнд хэлнэ гэснээ шууд хэлчихдэг, танихгүй хүн харвал ёодор ааштай гэж хэлэгдэхээр ядарсан хүнд тусархуу зантай. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай” гэх мэдүүлэг /1хх-ийн 70 тал/,

- Гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М нь нээх айхтар ширүүн ааш зан байхгүй, хүүхдүүдтэйгээ нээлттэй дотно, архи согтууруулах ундаа жилдээ 2-3 удаа хэрэглэдэг. Баяр ёслол хааяа нэг найз нөхдийнхөө хүрээнд хэрэглэдэг. Олон хоногоор үргэлжлүүлэн хэрэглэдэггүй. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. ...миний мэдэж байгаагаар өмнө нь гэмт хэрэгт гэмт хэрэг зөрчил гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 тал/,

- Шүүгдэгч С.Мын сэтгэцийн байдлыг тогтоосон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 582 дугаартай: “1. С.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байн. 3. С.М нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд болон өмнө, хойно нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт мэдээлэл үгүй байна. 4. С.М нь хэрэг хариуцах чадвартай байна. С.М нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэх дүгнэлт /1хх-ийн 136 тал/,

-Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 191 тал/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 192 тал/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1-ийн 194 тал/,

- Оршин суугаа хаягийн лавлагаа:   регистрийн дугаартай   С.М нь Улаанбаатар ... тоот-д оршин суух хаягийн бүртгэлтэй байна. /1хх-ийн 203 тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 205 тоот/

  • Авто тээврийн лавлагаа /1хх-ин 207 тоот/,
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 208 тал/,
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс /1хх-ийн 210 тал/
  • Цэргийн жинхэнэ албаны үнэмлэхийн хуулбар, цэргийн батлах /1хх-ийн 214-218 тал/
  • Ажил байдлын тодорхойлолт Грийн майнд ХХК /1хх-ийн 228 тал/
  • Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийн бүртгэл /1хх-ийн 232 тал/,
  • Ажлын байр түрээслэлтийн гэрээ /1хх-ийн 235 тал/,
  •  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-ийн 229 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх...хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн ухамсар дутмаг байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Гэмт хэрэг гарах үед амь хохирогч Н.Д болон гэрч М, Э нар байсан болох нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч С.М нь согтуугаар 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ... тоотод иргэн  Н.Дтай “зурагт унтраалаа” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсгэн үл ойлголцож, улмаар нүүрэн тус газарт нь цохисны улмаас амь хохирогчийн биед “тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, хуйх баруун чамархайн булчингийн цус хуралт, сээрний 4 дүгээр нугаламын их биеийн бяцарсан хугарал, улаан хоолойн няцарсан шарх дээд уруулын няцарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхи, эрүү дээд уруул, төвөнх орчим баруун бугалга, зүүн шуу баруун шилбэнд цус хуралт” бүхий гэмтэл учруулсаны улмаас

нас барсан болох нь хохирогч Н.Згийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1 хх-ийн 48-53 тал), хохирогч Н.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1 хх-ийн 44-47 тал), гэрч Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1 хх-ийн 59-64 тал), гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1 хх-ийн 67 тал), гэрч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг ( 1 хх-ийн 92-93 тал), гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1 хх-ийн 95-96 тал),

гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1 хх-ийн 88-90 тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед шинжилгээ хийсэн 1345 дугаартай дүгнэлт (1 хх-ийн 133-137 тал),

Шинжээч эмч М.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг ( хх-ийн 145-146 тал) Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 16-21 тал/ Цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 22-23 тал), Өвчний түүх (1 хх-ийн 167-177 тал) зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч С.Мын үйлдэл нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, эрүүл мэнд, амь насанд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчин, Н.Дтай “зурагт унтраалаа” гэх ялимгүй зүйлээр шалтаглан түүний биед тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, хуйх баруун чамархайн булчингийн цус хуралт, сээрний 4 дүгээр нугаламын их биеийн бяцарсан хугарал, улаан хоолойн няцарсан шарх дээд уруулын няцарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхи, эрүү дээд уруул, төвөнх орчим баруун бугалга, зүүн шуу баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл үүсгэсэн нь хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийг зөрчин амь нас хохирсон хор уршигт зориуд хүргэж, хүнийг алах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч нь хохирогчийн биед учруулсан гэмтлийн улмаас хохирогчийн биед тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, хуйх баруун чамархайн булчингийн цус хуралт, сээрний 4 дүгээр нугаламын их биеийн бяцарсан хугарал, улаан хоолойн няцарсан шарх дээд уруулын няцарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхи, эрүү дээд уруул, төвөнх орчим баруун бугалга, зүүн шуу баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл үүссэнээс амь хохирогч хоёр хоногийн дараа нас барсан нь нь уг гэмт үйлдэл, үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотойг харуулж байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч С.Мын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэрч нарын мэдүүлгүүдээр тухайн үед шүүгдэгч С.М, амь хохирогч Г.Алтангэрэл нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдож байна.

Амь хохирогч нь зүрхний архаг цус хомсрах өвчин, зүрхний булчингийн томрол, элэгний өөхлөлт зэрэг архаг хууч өвчинтэй байсан байх ба эдгээр өвчин нь нас барахад шууд нөлөөлөөгүй /шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 133-137 тал/ бөгөөд, шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ талийгаач Н.Дын “зурагтыг унтаарснаас хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож болох нь тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарсны дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 05-ны шөнийн 21 цаг 50 минутын үед хэргийн газарт үзлэг хийсэн нь, гэрч Э.Эын мэдүүлэг дараа дараагийн нотлох баримтыг үнэлэхэд ач холбогдол бүхий болжээ.

Шүүгдэгч С.Мыг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн санал хэргийн бодит байдалтай тохирч байна.

Шүүгдэгч нь амь хохирогчийн биед учруулсан тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, сээрний 4 дүгээр нугалмын их биеийн бяцарсан хугарал бүхий гавал тархи, нурууны хавсарсан гэмтлийн улмаас талийгаач төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан болох нь түүний мэдүүлэг, цогцост хийсэн үзлэг, гэрэл зураг, шинжээчийн гэх дүгнэлт /1хх-ийн 133-137 тал/ зэргээр нотлогдоно.

Шүүгдэгч С.Мын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний амь нас хохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “ Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан бол түүний оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.З нь амь хохирогчийн оршуулгын зардалтай холбоотой гаргасан нийт 3.443.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 7.557.000 төгрөгийг нийт 11.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирол төлж барагдуулахаар шүүх хуралдааныг завсарлуулсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Згийн ХААН банкны дансанд 11.000.000 төгрөгийг төлж барагдуулсан баримт,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч С.Мыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн боловч гэмт хэргийн тухайд хүний амь нас хохирсон нь хохирлыг ахин хэзээ ч нөхөж төлөх боломжгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчээс гаргуулах хавтаст хэрэгт баримтжуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Мын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч С.Мад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг шүүгдэгч төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “хүнийг алах” үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч С.Мад ял оногдуулахдаа шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “хойшид нэхэмжлэх зүйлгүй, ... ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдэж өгнө үү” гэснийг, улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жил 06 сарын хорих ялыг хаалттай дэглэм бүхий хорих ангид эдлүүлэх саналтай байна” гэснийг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хорих ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэснийг мөн улсын яллагч нь шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан ял оногдуулахад татгалзах зүйлгүй гэснийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч С.М нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 150 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс цагдан хоригдсон 4 хоногийг нэмээд нийт цагдан хоригдсон 154 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн К нэртэй пивоны 0.5 литрийн шил 2 ширхэг, Цагаан нэртэй 0.5 литрийн архины шил 1 ширхэг, Хараа нэртэй 2 литрийн архины шил 1 ширхэгийг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст устгахаар даалгах нь зүйтэй. 

Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар С.Мад оногдуулсан 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мын цагдан хоригдсон 153 /нэг зуун тавин гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан К нэртэй пивоны 0.5 литрийн шил 2 ширхэг, цагаан нэртэй 0.5 литрийн багтамжтай архины гил 1 ширхэг, 0.2 литрийн багтаамжтай хараа нэртэй архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогч устгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 11.000.000 төгрөг өгсөн болохыг дурьдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ

                           

 

  ШҮҮГЧИД                                  А. МӨНХСАЙХАН

                                            

 

                                                                                                          З.БОЛДБААТАР