Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2018/01779

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч:..... тоотод байрлах, “ММСП” ХХК /Регистрийн дугаар:./-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ...... тоотод байрлах “ГДС” БСБ /Регистрийн дугаар:/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 9.792.075 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Балжинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Манай “ММСП” ХХК нь “ГДС” БСБ-тай 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Зочид буудлын үйлчилгээний гэрээ байгуулж, гэрээнд заасан үнийн дүнгээр захиалагч талын зочдыг байрлуулж, зочид буудлын үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон. Зочид буудлын талаас гэрээний хугацааны туршид 2017 оны 10 сараас 2018 оны 3 сарын хооронд “ГДС” БСБ талын зочдыг хуваарийн дагуу хүлээн авч, өрөөнд байрлуулж, олон улсын үйлчилгээний стандартын дагуу зочид буудлын үйлчилгээ үзүүлэн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. “ММСП” ХХК-ийн талаас гэрээний хавсралтад заасан үнэ тарифын дагуу үйлчилгээ үзүүлэхээр талууд харилцан тохиролцсон бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болох өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үйлчилгээний нийт үнийн дүн 6.528.075 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 7.2, 7.4-т зааснаар хариуцагч нь төлбөрийн нэхэмжлэх илгээснээс хойш ажлын гурван өдөрт төлөхөөр, хэрэв уг үүргээ биелүүлээгүй бол хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.

Манай байгууллага “ГДС” БСБ-д нийт 6 удаа төлбөрийн нэхэмжлэх илгээж, удаа дараа албан бичгээр болон цахим шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн боловч “ГДС” БСБ нь өдийг хүртэл төлбөр барагдуулах үүргээ гүйцэтгээгүй.  Гэрээний дагуу нэхэмжлэх хүргүүлснээс хойшхи 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны алдангийг хоногийн 0.5 хувиар тооцоход, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар нийт 3.264.000 төгрөг болсон байна. Иймд хариуцагчаас гэрээний үүрэг 6.528.075 төгрөг, алданги 3.264.000 төгрөг, нийт 9.792.075 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай “ГДС” БСБ нэхэмжлэгч “ММСП” ХХК-тай олон удаа хамтран ажиллаж байсан ба бидний зүгээс нэхэмжлэгч талтай үүсгэж байсан олон удаагийн хамтын ажиллагаагаа хүндэтгэж үндсэн төлбөр 6.528.075 төгрөгийг төлнө. Харин байгууллагын санхүү хүндрэлтэй байгаа тул алдангийг төлөх боломжгүй, чөлөөлж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “ММСП” ХХК нь “ГДС” БСБ-д холбогдуулан гэрээний үүрэгт 6.528.075 төгрөг, алданги 3.264.000 төгрөг, нийт 9.792.075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“ММСП” ХХК, “ГДС” БСБ нар 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний хооронд Гүйцэтгэгч нь өөрийн зочид буудалд захиалгын дагуу зочдыг байрлуулах, үйлчилгээг үзүүлэхээр, Захиалагч хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлбөрийн нэхэмжлэх илгээснээс хойш ажлын 3 хоногийн дотор төлөхөөр, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцож,  “Зочид буудлын үйлчилгээний гэрээ”-г байгуулжээ. /хх 6-11/

Зохигчид хэн алин нь гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.3-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын хооронд 6.528.075 төгрөгний үйлчилгээ авсан гэдэгт маргаагүй тул нэхэмжлэгчийн үзүүлсэн үйлчилгээний хөлсийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч алдангийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1.260.000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдөр 1.470.000 төгрөг, 11 дүгээр сарын 22-нд 630.000 төгрөг, 12 дугаар сарын 07-нд 230.500 төгрөг,  12 дугаар сарын 16-нд 969.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 04-нд 1.968.000 төгрөгний буюу нийт 6 удаагийн төлбөрийн нэхэмжлэхийг бичсэн өдрөөс гэрээний 7.2-т заасан “ажлын 3 хоног”-оос хойшхи хугацаанд тооцон нэхэмжилсэн байх боловч хариуцагчид дээрх 6 удаагийн нэхэмжлэхийг хэзээ, хэрхэн хүргүүлсэн талаар нотлосон баримтыг ирүүлээгүй. 

Нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчид “2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дотор төлбөр хүлээн аваагүй тохиолдолд гэрээнд заасны дагуу алданги тооцон шүүхэд хандах” талаар 2018 оны 4 дүгээр сарын 10-нд мэдэгдэл хүргүүлсэн байх тул шүүх үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг талууд тогтоосон байна гэж үзэн мөн хугацаанаас хойшхи алдангид 1.142.400 төгрөг /2018.04.18-2018.05.24 хүртэлх 35 хоног* нэг өдрийн 32.640 төгрөг / гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. /хх 18,19/

Хариуцагч алдангийг зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч хуульд зааснаар алдангийн хэмжээг багасгах болон хариуцагчийг нэмэлт үүргээс чөлөөлөх нөхцөл  байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул татгалзал үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “ГДС” БСБ-иас 7.670.475 /долоон сая зургаан зуун далан мянга дөрвөн зуун далан таван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ММСП” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.121.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171.623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137.678 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ