Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2019/ДШМ/775

 

185/2018/0634/Э

 

 

 

 

2019          7           30                                        2019/ДШМ/775

                                                       

Т.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Доржмаа,

хохирогч И.Х.Лний өмгөөлөгч З.Ганчимэг,

шүүгдэгч Т.Мгийн өмгөөлөгч Ж.Болдбаатар,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч З.Ганчимэгийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Ш.Насанжаргалын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 18 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Т.Мд холбогдох 1709009230042 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            У овгийн Т-ын М, 1975 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, "Мөнх Туурай Тамгат" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 12 дугаар гудамжны 469 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 7-77 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

            Т.М нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Авто тээврийн үндэсний төв"-д "Баясгалант Саруул Тал" ХХК-ийн өмнөөс "Хүсэлт гаргах нь" гэх утга бүхий 0529/03 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдэн "Баясгалант Саруул Тал" ХХК-ийн эзэмшилд байсан "Норд Бенз" загварын 20 ширхэг автомашиныг 20 ширхэг чиргүүлийн хамт өөрийн "Мөнх Туурай Тамгат" ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авч хуурамч баримт бичиг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Мг баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Т.Мг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн №01 дугаартай Сүхбаатар дүүргийн прокурорын "Норд Бенз" загварын 20 ширхэг автомашиныг, чиргүүлийн хамт битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Т.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч З.Ганчимэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1709009230042 дугаартай эрүүгийн хэргийн хохирогч "Баясгалант Саруул Тал" ХХК-ийн захирал И.Х.Лны өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Шүүх шүүгдэгч Т.Мг баримт бичгийг хуурамчаар үйлдэн "Баясгалант Саруул тал" ХХК-ийн эзэмшилд байсан 20 ширхэг автомашиныг, 20 ширхэг чиргүүлийн хамт өөрийн "Мөнх Туурай Тамга" ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Мөн шүүх "Норд Бенз" загварын 20 зүтгүүр, 20 чиргүүлийн өмчлөгч этгээд нь "Баясгалант Саруул Тал" ХХК мөн эсэх нь эргэлзээтэй байна. Харин шүүх тухайн компанийн зөвхөн эзэмших эрх нь зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн тул өмчлөлийн асуудлыг тогтоогоогүй нь хэргийг шийдвэрлэхгүй байх үндэслэл биш байна.

Тиймээс уг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, хор уршиг тогтоогдоогүй бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ хэмээн дүгнэсэн нь буруу байна.

Учир нь, шүүх Т.Мгийн бусдын эзэмшилд байсан эд хөрөнгийг хууль бусаар хуурамч бичиг баримт үйлдэн өөрийн компанийн нэр дээр шилжүүлэн авсан үйлдэл нь хууль бус үйлдэл гэм буруутай, "Баясгалант Саруул Тал" ХХК-ийн эзэмших эрх зөрчигдсөн байна гэж тогтоочхоод яагаад "Баясгалант Саруул Тал" ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээлгүй үлдээв. Шүүх шүүх хуралдаанаар ямар асуудлыг шийдвэрлэсэн юм бэ гэдэг асуулт хариултгүй үлдэж байна.

Дээр дурдсанаар энэ гэмт хэргийн улмаас "Баясгалант Саруул Тал" ХХК нь өөрийн эзэмшилд байсан 20 автомашинаа бусдад хууль бусаар алдсан, түүнээс улбаалж компанийн нүүрсний тээврийн үйл ажиллагаа бүрэн зогсож, бизнесийн асар их алдагдалд орж, олох ёстой байсан орлого, автомашины элэгдэл хорогдол гээд маш их хор уршигт хүргэж байхад шүүх уг гэмт хэргийн улмаас шууд хохирол, хор уршиг тогтоогдоогүй гэж үзсэн нь буруу байна.

Шүүх дээрх 20 автомашин, 20 чиргүүлийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, улмаар 20 автомашиныг "Мөнх Туурай Тамгат" ХХК-ийн эзэмшлээс "Баясгалант Саруул Тал" ХХК-ийн нэр дээр шилжүүлэх талаар шийтгэх тогтоолдоо тусгах ёстой байсан ч энэ талаар тусгалгүй орхигдуулсан нь хохирогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолыг хянан үзэж 20 ширхэг автомашиныг "Баясгалант Саруул Тал" ХХК-ийн нэр дээр шилжүүлэх талаар заалт тусгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ш.Насанжаргал бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн 2019 оны оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна. Үүнд:

Шүүгдэгч Т.М нь "Баясгалант Саруул тал" ХХК-ийн эзэмшлийн 20 ширхэг автомашин, 20 ширхэг чиргүүлийг хуурамч баримт бичиг үйлдэн өөрийн компанийн нэр дээр шилжүүлэн авсан нь тогтоогдсон, түүнийг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон мөртлөө уг автомашинуудыг чиргүүлийн хамт "Баясгалант Саруул тал" ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлж өгөх талаар шийтгэх тогтоолд тусгаагүй, хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг зөвхөн хүчингүй болгох төдийгөөр хязгаарласан нь буруу байна.

Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор О.Доржмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг буюу баримт бичгийг хуурамчаар үйлдэж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Мөн түүнийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн асуудалд прокурорын зүгээс маргах зүйлгүй. Харин шүүгдэгчийн үйлдсэн хуурамч баримт бичгийг үйлдэхээс өмнө эдгээр 20 ширхэг автомашин болон чиргүүл нь "Баясгалант Саруул Тал" ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байсан ба уг компанийн нэр дээр бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгогдсон байсан. Ийм учраас шүүгдэгч Т.Мгийн үйлдлийг хууль бус, гэмт хэрэг гэж дүгнэсэн тохиолдолд, хуурамч бичиг баримт үйлдэхээс өмнөх байсан хэлбэрт оруулах буюу нэр бүхий 20 ширхэг автомашин, чиргүүлийн эзэмшлийг "Баясгалант Саруул Тал" ХХК-ийн эзэмшилд бүртгүүлэх ёстой гэх үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолд өмчлөлийн нэр шилжүүлээгүй асуудлыг тайлбарлахдаа, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд "Баясгалант Саруул Тал" ХХК нь тухайн автомашинуудын өмчлөгч гэдэг нь эргэлзээтэй нөхцөл байдал харагддаг ба анх автомашиныг Т.М болон И.Х.Лнь , Дин Бин Бин нар нь “Холдтоп инвестмент” ХХК-иас авсан байдаг. Энэ талаарх тайлбарыг хэрэгт хавсаргасан байдаг ба уг тайлбарт “Дээрх хөрөнгө мөнгийг Т.М гаргасан, Т.М автомашинуудын өмчлөх эзэмших, ашиглах эрхийг эзэмшинэ.” гээд бүх эрхийг Т.Мд шилжүүлсэн баримт байгаа. Анхан шатны шүүх “Баясгалант Саруул Тал” ХХК-ийн нэр дээрээс “Мөнх Туурай Тамгат” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн асуудалд Т.Мгийн өөрийн өмчлөлийн эд зүйлийг бусдад алдах гэж байсан учир Иргэний хуульд заасан өөртөө туслах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй. “Баясгалант Саруул Тал” ХХК-ийн итгэмжлэл олгох тухай албан бичигт өөр фондоор бичигдсэн 2 мөр байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Гэтэл хавтас хэрэгт өөр фондоор бичсэн байгаа хэсгийг И.Х.Лнь бичиж гаргасан эсэх, эсхүл Т.М хоосон зайнд бичсэн эсэх талаар шалгасан зүйл байхгүй. Хавтас хэрэгт авагдсан Ганжолоо, Солонго, Наранбаатар гэх гэрч нар И.Х.Лнь өөрөө манай ажлын оффис дээр ирж, Т.М захиралд тамга тэмдэг, итгэмжлэх өгөөд явсан гэх мэдүүлэг өгсөн байдаг. Эдгээр мэдүүлэгт ямар нэгэн байдлаар үнэлэлт дүгнэлт огт өгөөгүй. Өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс И.Х.Лнь нь Т.Мг залилан мэхэлсэн гэж үзэж байна.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.М нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Авто тээврийн үндэсний төв"-д "Баясгалант Саруул Тал" ХХК-ийн өмнөөс "Хүсэлт гаргах нь" гэх утга бүхий 0529/03 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдэн "Баясгалант Саруул Тал" ХХК-ийн эзэмшилд байсан "Норд Бенз" загварын 20 ширхэг автомашиныг 20 ширхэг чиргүүлийн хамт өөрийн "Мөнх Туурай Тамгат" ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авч хуурамч баримт бичиг үйлдсэн болох нь:

хохирогч И.Х.Лний “...2017 оны 6 дугаар сард манай байгууллага болох “Баясгалант Саруул Тал” ХХК дээр байсан 20 ширхэг том ачааны автомашиныг өөр хүний нэр дээр шилжсэн байна гэж хүнээс сонссон юм. Авто тээврийн үндэсний төв дээр ирээд шалгахад 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 20 ширхэг автомашин “Мөнх Туурай Тамгат” ХХК-ийн нэр дээр шилжсэн байсан. Би тус байгууллагын захирал Т.Мтэй холбоо бариад “машиныг шилжүүлээд өгчих” гэж хэлэхэд “би өөрийн нэр дээр шилжүүлсэн байхад чи яаж чадах юм” гэж хэлсэн.

...Бид нар хамтраад “Мандал” боомтоос тээврээр нүүрс зөөх гурвалсан гэрээг байгуулсан. Тухайн үед Т.М нь "Холдтоп Инвестмент” ХХК-иас авлагатай байсан. Мөн "Холдтоп Инвестмент” ХХК-ийн нэр дээр байсан 20 ширхэг “Норд Бенз” загварын автомашиныг Хятадын уул уурхайн “He Zhem” компани нь 1.800.000 юаниар худалдан авсан. Тэгээд машинаар нүүрсний бизнес хийхээр болсон ба тухайн 20 ширхэг автомашин эвдрэл ихтэй байсан болохоор эхний ээлжид 1.100.000 юаниар сэлбэг авсан. Ер нь 2.000.000 орчин юаниар машиныг засаж ажилд нь гаргасан. 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс нүүрс тээвэрлэх ажил эхэлсэн. Тухайн үед Говьд салхи ихтэй учир ажил хийх боломж байхгүй байсан. Мөн Хятадын баяр болоод 9 хоног амраасан. Тэгээд 6 дугаар cap гарсны дараа машиныг Т.М нь шилжүүл авсан байсан. Ер нь тус автомашинаар 1 cap гаруй хугацаанд ажилласан.

...Би Т.Мд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Баясгалант Саруул тал ХХК-ийг төлөөлөн захиран зарцуулах, төлбөр хүлээн авах, зарцуулах бүрэн эрхийг олгоогүй. Хаан банкны данс нээх дээр итгэмжлэл гаргаж гарын үсэг зурсан тамга дараагүй нь үнэн.

...Би Т.Мд арилжааны банкинд данс нээх итгэмжлэл дээр гарын үсгээ зурж итгэмжлэл өгч байсан. 20 машин захиран зарцуулах эрхийг олгож байна гэсэн өгүүлбэр уг итгэмжлэл дээр байгаагүй” /1хх 14, 111, 115/,

гэрч Д.Энхдэлгэрийн “...Манайхаас авсан материалыг үзвэл тус автомашинуудыг албан байгууллагын албан тоотыг үндэслэн шилжүүлсэн байна. Манай байгууллага нь албан байгууллагын тоотыг үндэслэн, тамга тэмдгийг хянаад албан байгууллагын гэрчилгээтэй тамга тэмдгийн дугаарыг тулгаад албан тоотын дагуу автомашиныг шилжүүлэн өгсөн.

...Манай байгууллага нь тамгын дугаарыг байгууллагын гэрчилгээний дугаартай тулгадаг. Өөрөөр нарийн тулгах зүйл байхгүй. ...Ачаалал ихтэй өдөрт 100 орчим материал авч тээврийн хэрэгслийг шилжүүлдэг. Тэр болгон хуурамч эсэхийг нягтлаад байх боломжгүй. Өөрсдийн хэмжээнд тулгаад материалыг хүлээн авдаг. Байгууллагын гэрчилгээг эх хувиар нь авдаггүй. Хуулбарлаж бид нарт өгдөг. Албан байгууллага бол албан тоот байхад өөрийн биеэр ирэх шаардлага байхгүй.” /1хх 108/,

яллагдагч Т.Мгийн “... “Баясгалант Саруул Тал” ХХК-ийн итгэмжлэл олгох тухай бичигт "Холдтоп Инвестмент” ХХК-иас Т.Мгөөр дамжуулан ашиглаж буй 20 машины захиран зарцуулах эрхийг олгож байна гэсэн байгаа. Авто тээврийн үндэсний төвд хандсан албан бичгийг би өөрөө хийж, И.Х.Лнийн өмнөөс гарын үсэг зурсан.

Яагаад вэ гэвэл олгосон итгэмжлэлийн дагуу гарын үсэг зурж, 20 ширхэг автомашиныг захиран зарцуулж, "Мөнх Туурай Тамгат” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Уг 20 автомашиныг худалдаж авахад 700.000 юань, засварын 1.400.000 юанийг би өгсөн. Мөн хамтарч ажиллах гэрээнд Монгол Улсад “Баясгалант Саруул Тал” ХХК-ийн нэрээр хийгдэх бүхий л үйл ажиллагааг хариуцна.” гэж заасан байдаг.

Үүний үндсэн дээр И.Х.Лнь нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн "Баясгалант Саруул Тал" ХХК-ийг төлөөлж ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх, улс хоорондын зөвшөөрөл авах, захиргааны байгууллагыг төлөөлж баримт бичгийн бүрдүүлбэр хангах, түүнд гарын үсэг зурах зэрэг эрхийг надад олгосон байгаа.

Уг итгэмжлэлд “жич: 20 машиныг Т.Мд захиран зарцуулах эрхийг олгож байна.” гэж заасан байгаа. “Баясгалант Саруул Тал” ХХК-ийн гэрчилгээ болон тамга бланкийг И.Х.Лнь өөрөө надад өгч байсан. Уг компанийн тамга надад одоо байгаа.

...Би И.Х.Лний гарын үсгийг дуурайж зураагүй. Зүгээр өөрийнхөө гарын үсгийг татлаад зурчихсан юм. ...” /1хх 117, 191/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн "Баясгалант Саруул Тал" ХХК-ийн "Итгэмжлэл олгох тухай" гэх баримт дахь шинжилж буй гарын үсэг нь Хятад Улсын иргэн И.Х.Лний гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй. Дээрх баримт дахь шинжилж буй тэмдгийн дардас нь харьцуулах загвараар ирүүлсэн "Баясгалант Саруул Тал" ХХК-ийн тэмдгийн дардастай тохирохгүй. Шинжилж буй баримт дахь компьютерийн бичвэрүүдийг 2 өөр үсгийн фондоор бичсэн байна. ...” 532 дугаартай дүгнэлт /1хх 119-126/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн хавтас хэргийн 52 дугаар хуудсанд байх шинжилж буй гарын үсэг нь 53 дугаар хуудас дахь "Баясгалант Саруул Тал" ХХК-ийн "Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст" гэсэн гарчигтай баримт болон нэмэлтээр ирүүлсэн И.Х.Лний гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт загвар, 54 дүгээр хуудас дахь И.Х.Лний гэх гарын үсгийн туршилтын загваруудтай тохирохгүй байна. Харин шинжилж буй гарын үсэг нь хавтаст хэргийн 121-123, 126, 127 дугаар хуудас дахь баримтууд дээр зурагдсан И.Х.Лний гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд дарагдсан шинжилж буй тэмдэгний дардас нь харьцуулах шинжилгээнд нэмэлтээр ирүүлсэн тэмдэгний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Шинжилж буй баримт дээрх "Жич: "Холдтоп Инвестмент" ХХК-иас Т.Мгөөр дамжуулан ашиглаж буй 20 машины захиран зарцуулах эрхийг олгож байна." гэсэн нийт 2 мөр компьютерийн бичвэр нь "Баясгалант Саруул Тал" ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9019051115/ гэж эхлээд "Энэхүү итгэмжлэл нь олгосон өдрөөс хойш 12 сарын хугацаанд хүчинтэй," гэж төгссөн нийт 10 мөр компьютерийн бичвэрүүдээс үсэг, үг, мөр хоорондын зай, зарим үсгүүдийн хэмжээ, том. Жижиг үсгийн фонд, тэмдэгтийн хэлбэр зэргээрээ өөр байна. ...” 2279 дугаартай дүгнэлт /1хх 127-141/, үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 146-180/, “Заагсервис” ХХК-ийн дахин тамга хийлгэсэн тухай баримт /1хх 206-209/, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /1хх 210-216/, Машин тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ /1 хх 223-231/, Холд топ инвестмент ХХК-ийн албан бичиг /1хх 239-241/, итгэмжлэл олгох тухай /1хх 242-250/, Автотээврийн үндэсний төвийн лавлагаа /2хх 155-194/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Т.Мг хуурамч баримт бичиг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Мгийн хуурамч баримт бичиг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх, Т.Мг “хуурамч баримт бичиг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Т.Мг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн хууль буцаан хэрэглэх зарчимд нийцжээ.

Хохирогчийн өмгөөлөгч З.Ганчимэг гаргасан “...Шүүх "Норд Бенз" загварын 20 зүтгүүр, 20 чиргүүлийн өмчлөгч этгээд нь "Баясгалант Саруул Тал" ХХК мөн эсэх нь эргэлзээтэй байна. Харин шүүх тухайн компанийн зөвхөн эзэмших эрх нь зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн тул өмчлөлийн асуудлыг тогтоогоогүй нь хэргийг шийдвэрлэхгүй байх үндэслэл биш байна.

Тиймээс уг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, хор уршиг тогтоогдоогүй бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ хэмээн дүгнэсэн нь буруу байна.

...Шүүх дээрх 20 автомашин, 20 чиргүүлийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, улмаар 20 автомашиныг "Мөнх Туурай Тамгат" ХХК-ийн эзэмшлээс "Баясгалант Саруул Тал" ХХК-ийн нэр дээр шилжүүлэх талаар шийтгэх тогтоолдоо тусгах ёстой байсан ч энэ талаар тусгалгүй орхигдуулсан нь хохирогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолыг хянан үзэж 20 ширхэг автомашиныг "Баясгалант Саруул Тал" ХХК-ийн нэр дээр шилжүүлэх талаар заалт тусгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол,

прокурор Ш.Насанжаргалын “...Шүүгдэгч Т.М нь "Баясгалант Саруул тал" ХХК-ийн эзэмшлийн 20 ширхэг автомашин, 20 ширхэг чиргүүлийг хуурамч баримт бичиг үйлдэн өөрийн компанийн нэр дээр шилжүүлэн авсан нь тогтоогдсон, түүнийг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон мөртлөө уг автомашинуудыг чиргүүлийн хамт "Баясгалант Саруул тал" ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлж өгөх талаар шийтгэх тогтоолд тусгаагүй, хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг зөвхөн хүчингүй болгох төдийгөөр хязгаарласан нь буруу байна. ...” гэсэн агуулга бүхий улсын яллагчийн эсэргүүцэл бичжээ.

Шүүгдэгч Т.Мгийн “...Бид нар ярилцаж тохиролцоод гурвалсан гэрээ байгуулсан гэрээг И.Х.Лнь, иргэн Дин Бин Бин болон миний бие Т.М бид 3 гурвалсан гэрээ байгуулсан ба гэрээнд үйл ажиллагааны зардалд нүүрс худалдан авах урьдчилгаа мөнгө, 20 автомашины засварын төлбөр зэрэг эдгээр асуудлуудыг И.Х.Лнь нь санхүүжүүлнэ. Мөн их хэмжээний мөнгө гаргаж байгаа учир санхүүжилтээ эргэж олох хүртэл түр хугацаанд “Баясгалант Саруул Тал” ХХК-ийн нэр дээр уг автомашиныг түр байрлуулан үйл ажиллагаа явуулна гэсэн гэрээний дагуу тус байгууллагын нэр дээр хугацаагаар шилжүүлсэн. Түр хугацаа нь оруулсан хөрөнгөө барьж авах хүртэл хугацаа юм. Ингээд компанийн үйл ажиллагаа явуулж эхэлсний дараа И.Х.Лнь нь гэрээний үүргээ удаа дараалан биелүүлээгүй мөртлөө уг автомашиныг худалдан авах ёстой байсан 600.000 юанийг төлж барагдуулаагүй. Дээр нь “Xолдтоп” ХХК-нд барьцаанд энэ 20 автомашиныг тавьсан байсан. Үндсэн гэрээгээр хамтран ажиллана гэж хэлчихээд надад хэлэлгүй уг автомашинуудыг барьцаанд тавьж эрсдэлд оруулсан байсан. Ингээд би удаа дараа хохирч байгаагаа хэлж, компанийн хувьцаагаа над руу шилжүүл гэж шаардлага тавиад тээвэрлэлтийг түр хугацаанд зогсоосон. Үүний дараа И.Х.Лньд миний бие би “Баясгалант Саруул Тал” ХХК-нд халдахгүй ердөө 20 ширхэг автомашиныг захиран зарцуулах эрхийг надад өг гэхэд И.Х.Лнь нь компанийн тамга, тэмдэг, гэрчилгээг мөн итгэмжлэлийн хамт өөрийн биеэр манай ажлын өрөөнд ирж надад хүлээлгэн өгсөн. ...2016 оны 12 дугаар сард Дэн Бин Бин гэдэг Хятад Улсын иргэнээр дамжуулан БНХАУ-ын иргэн И.Х.Лнь гэдэг хүнтэй Улаанбаатар хотод танилцаж байсан.Тухайн үед нүүрсний зах зээл сайн байсан учир бид 3 нүүрсний бизнес хийх талаар ярилцсан. Нүүрсний бизнес хийхийн тулд тээврийн хэрэгсэл шаардлагатай болоод нүүрс тээвэрлэх машинуудыг хэрхэн олох асуудлыг ярилцаад тухайн үед би "Холдтоп Инвестмен” компаниас 700.000 юаний авлагатай байсан ба мөнгөнийхөө оронд уг компаниас 20 ширхэг “Норд Бенз” загварын автомашиныг ажлын хөлсний барьцаанд авсан байсан. Би уг машинуудыг 2015 онд 700.000 юаний барьцаанд авчихсан байсан. Бид гурав энэ 20 ширхэг автомашиныг худалдаж авъя гэж ярилцаад “Холдтоп Инвестмен” компанитай тохиролцоод, машин бүрийг 90.000 юаньаар үнэлээд, нийтдээ 20 ширхэг автомашин нь 1.800.000 юань болж байсан. Үүний төлбөрийг хийхдээ уг компаниас авах ёстой байсан 700.000 юанийг суутгаж үлдэгдэл 1.100.000 юанийг И.Х.Лнь төлөхөөр 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан. Автомашин худалдах, худалдан авах гэрээнд заасан байгаа. Уг гэрээнд “Холдтоп Инвестмен” компани, И.Х.Лнийн хятад дахь “Хэ Жэн" ХХК-иар оролцсон. 1.100.000 юанаас 500.000 юанийг "Холдтоп Инвестмен” компанид өгөөд цаана нь 600.000 юань өгөх ёстой байтал И.Х.Лнь нь өгөлгүйгээр хугацаа алдсан учир "Холдтоп Инвестмен” компани, И.Х.Лнийн Хятад дахь "Хэ Жэн Уул" ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталгаат зээлийн гэрээг байгуулаад, 600.000 юанийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний дотор И.Х.Лнь нь өгөхөөр болсон. Уг мөнгийг одоог хүртэл өгөөгүй. Би өөрөөсөө 600.000 юанийг гаргаж төлөөд явж байгаа. ...Уг хуучин автомашины засвар үйлчилгээ хийх асуудлыг гэрээнд заасны дагуу И.Х.Лнь нь засвар хийх эд анги сэлбэг хэрэгслүүдийг гаргах ёстой байсан боловч мөнгөний санхүүжилтийг тасалж, хүндрүүлсэн учраас би өөрөө гаргаж санхүүжилт гаргасан билээ. Ингээд эдгээр 20 автомашиныг 1.452.555 юанаар засуулсан юм. 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Хангийн боомтоор 338 удаагийн рэйсээр 29.800 тонн нүүрс тээвэрлэсэн. Гэрээнд тээвэрлэсэн нүүрсний ашгийн 30 хувийг надад өгөхөөр гэрээнд заасан байтал И.Х.Лнь нь надад ямар ч ашиг гэж мөнгө өгөөгүй. Надад 540.000 юань өгөх ёстой байтал өгөөгүй. ...” /1хх 116, 186-190/,

гэрч Дэн Бин Биний “...Гурвалсан гэрээ хийж нүүрс тээвэрлэх болсон. 20 машины засварын төлбөрийг И.Х.Лнь төлөх байсан боловч мөнгөгүй гээд Т.Мг төлчих дараа нь чамд мөнгийг нь өгнө гээд Т.М бүх засварын зардлыг гаргасан. Миний багцаагаар 1.000.000 юань дотор багтсан байх. “Холдтоп” ХХК-ийн машины эзэмшлийг шилжүүлж авахыг шаардсан ба бид гурав компани байгуулаагүй байсан. И.Х.Лнь нь уг 20 автомашиныг “Баясгалант Саруул Тал” ХХК-ийн нэр дээр авъя гэсэн саналыг тавьсан. Т.М энэ саналыг хүлээн зөвшөөрөхгүй гээд байсан. И.Х.Лнь ашиг олсон боловч өгөөгүй тул хамтрахаа больсон. Мөн автомашины мөнгө төлөөгүй. 20 автомашин бол Т.Мгийн машин юм. И.Х.Лнь итгэмжлэл өгсөн. ...” /1хх 222-224/,

гэрч Цай Биний “...Миний мэдэхээр БНХАУ-ын иргэн Дэн Бин Бин, И.Х.Лн, Т.М нар хамтарч ажиллахаар болоод манай компаниас 20 ширхэг автомашин худалдаж авахаар болсон. Тэр үед манай “Жавхлан орд” ХХК-д бүх автомашин, хөрөнгүүдээ өгчихсөн байсан бөгөөд Жавхлант орд ХХК нь манайд төлбөрөө бүрэн гүйцэт төлөөгүй байсан учир БНХАУ-ын иргэн Дэн Бин Бин, И.Х.Лн, Т.М нар нь манайд уг автомашины төлбөрийг төлж, Жавхлан орд ХХК-тай "He Zheng" компани гэрээ байгуулан, энэ автомашинуудыг худалдаж авсан юм. Тэгтэл И.Х.Л нь 600,000 юанийг зээлж автомашин худалдаж авна гэсэн бөгөөд манай төлөөлөгч Гуа Жиа Ши-аас энэ мөнгийг зээлж гэрээ байгуулан, зээлийн барьцаанд 20 автомашинаа барьцаалсан бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэхэд мөнгөө өгөхгүй бол автомашиныг хураан авна гэсэн гэрээ байгуулсан. Тэгсэн чинь И.Х.Лн нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр мөнгөө төлөөгүй бөгөөд манай компаниас мөнгөө төлөх талаар удаа дараа шаардахад төлөөгүй. Тэгээд манайх машиныг хураах шийдвэр гарсан байсан тэгсэн чинь Дэн Бин Бин бидэнтэй ирж уулзаад автомашины 600.000 юанийг төлөөд “манайх машинаа авдгаараа авъя” гэсэн тэгээд Дэн Бин Бинтэй тохиролцож, Дэн Бин Бин төлбөрийг 4 хувааж манай компанид төлж барагдуулсан. Тэгээд манай төлбөрөө авчихаад Дэн Бин Биний хэлсэн компанийн нэр лүү нь автомашиныг шилжүүлж өгсөн. ...Ямар ч байсан 700.000 юанийг бол Т.М төлсөн гэж ойлгож болно. Манай хөрөнгүүдийг харж байсан хадгалалтын зардалд тооцож манайх Т.Мд төлөх ёстой байсан мөнгөө энэ төлбөрт тооцсон юм. "He Zheng" компани 600.000 юанийг төлөлгүйгээр зээл авсан боловч мөнгөө хугацаандаа өгөөгүй. Дэн Бин Бин сүүлд нь уг мөнгийг манайд төлсөн. ...” /2хх 226-227/ гэх мэдүүлгүүд,

Дэн Бин Бин, И.Х.Лнь, Т.М нарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд “...А тал Дэн Бин Бин, Б тал “He Zhen” ХК, С тал Тогтох Т.М ... гурван тал өөрсдийн хүсэл сонирхлын үндсэн дээр Мандал боомтоос нүүрс импортлох үйл ажиллагаа болон Монгол Улсаас 20 ширхэг тээврийн хэрэгсэл худалдан авахаар харилцан тохиролцож энэхүү хэлэлцээрийг байгуулав. ...А, Б, С гурван тал Өвөрмонголын “He Zhen” уул уурхайн ХК, Монголын “Жавхлант Орд” ХХК-иас, тээврийн хэрэгсэл 20 худалдан авсан. Гэрээний дугаар:JD20161207, Гэрээний үнэ 1.800.000 юань, засварын зардлыг өмнөх хугацаанд асаасан төлбөрөөр бодитоор гаргасан. Эхлээд “He Zhen” компани урьдчилан төлнө. “He Zhen” компани засварын төлбөр, өмнөх хугацааны ассан төлбөрийг төлбөл тээврийн хэрэгслийг Өвөрмонголын “He Zhen” уул уурхайн компани өмчлөх эрхтэй. Гуравдагч тал 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө Монгол Улсад хамтарсан компани байгуулна. Өвөрмонголын “He Zhen” уул уурхайн компани засварын зардал, өмнөх хугацааны ассан төлбөрийг урьдчилж төлсний дараа тээврийн хэрэгслийг Монгол Улсын хамтарсан компанид шилжүүлэх эрхтэй. А, Б, С гурван тал Өвөрмонголын “He Zhen” уул уурхайн компаниар төлөөлүүлэн Монгол Улсын Мандал боомтоор нүүрс импортлох үйл ажиллагааг зохион байгуулна. Үйл ажиллагааг хэрэгжүүлж байх явцад үүссэн ашиг болон алдагдлыг гуравдагч талын ашиг сонирхлын харьцааг үндэслэн гаргана. Cap бүрийн дунд нэг удаа хийнэ. Гуравдагч тал 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө Хятад Улсад импорт, экспортын үйлчилгээний хамтарсан компанийг байгуулна. Шинэ хамтарсан компанийн хувьцааны харьцааг тус хэлэлцээрийн гуравдагч талын ашиг сонирхлын харьцааг үндэслэн гаргана. Гуравдагч талын ажлын хувиар А тал үйл ажиллагааны холбоо болон хөгжлийг хариуцах, Б тал санхүүгийн удирдлага болон Хятад Улсын боомтын үйл ажиллагааг хариуцах, С тал Монгол Улсын багийн менежмент болон Монгол Улсад хийх үйл ажиллагааны бичиг баримтыг хариуцах ... хэлэлцээр байгуулсан. ...” гэж тохиролцсон байдал,

“Холдтоп Инвестмент” ХХК-ийн өмчлөлд байсан 20 ширхэг “Норд Бенз” загварын автомашин болон чиргүүлийн хамт худалдан борлуулсан тухай “Монгол Улсын “ХолдToп” Инвестмент ХХК-ийн нэр дээр 20 ширхэг “Норд Бенз” машин чиргүүлийн хамт бүртгэлтэй байсан болно. 2014 оны 12 дугаар сарын 27-нд “Холдтоп” болон “Жавхлант Орд” ХХК нь машин механизм тоног төхөөрөмж шилжүүлэх HI-J020141227 тоот гэрээ байгуулсан. Гэрээнд “Холдтоп” нь “Жавхлант орд” руу 142 нэр төрлийн машин механизм тоног төхөөрөмжийг шилжүүлнэ гэж заасан юм. /20 ширхэг “Норд Бенз” машин болон чиргүүлийн хамт 142 нэр төрлийн машин механизм, тоног төхөөрөмжид багтсан болно/. Гэрээ байгуулснаас хойш Жавхлант орд нь “Холдтоп”-д гэрээний дагуу төлбөр төлөх байсан боловч төлбөрөө төлөөгүй учраас Холдтоп болон Жавхлант орд нь харилцан тохиролцож 20ш “Норд Бенз” машиныг чиргүүлийн хамт БНХАУ-ын Өвөр Монголын HE ZHENG компанийн /БНХАУ-ын иргэн И.Х.Лний компани/ /Цаашид HE ZHENG гэх/ мэдэлд шилжүүлэхээр болсон. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Жавхлант орд” болон “HE ZHENG” нь JD20161207 тоот машин худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд иргэн Т.Мд ажил гүйцэтгэлийн төлбөрт төлөх байсан 700.000 ийг машины төлбөрт суутгахаар тусгасан болно. Гэрээнд 20 машины төлбөрийг “HE ZHENG” шууд “Холдтоп” руу шилжүүлэхээр заасан бөгөөд энэ нь “Жавхлант орд”-ын HI-J гэрээнд заасан төлбөрийн хэсгээ төлж байгаа болно. Жавхлант орд болон HE ZHENG нь төлбөрийг нэг удаагийн төлөлтөөр төлж барагдуулснаар “Холдтоп” нь машинуудын бичиг баримтыг шилжүүлж өгнө. Тухайн үед HE ZHENG” нь төлбөрийг бүрэн төлөх боломжгүй байсан учир “Холдтоп” ХХК-ийн захирал GuoJiaXi-д хүсэлт гаргаж 600.000 юанийг /зургаан зуун мянган юань/ зээлэх журмаар, мөн 20 ш машинуудыг зээлийн барьцаанд тавихаар тохирч зээлийн гэрээний батлан даагчаар БНХАУ-ын иргэн Deng bin bin-г оролцуулж, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Guo Jia XI, HE ZHENG, Deng bin bin нар гурван талт зээлийн батлан даах гэрээ байгуулсан болно. Зээлийн батлан даах гурван талт гэрээнд 20 ширхэг машиныг барьцаалбар болгож “Холдтоп” ХХК-ийн захирал Guo Jia Xl-aac 600.000 юань зээлэх, зээлийг HE ZHENG нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар заасан. Гэвч зээлийн хугацаа дууссан байтал “HE ZHENG” нь зээлээ төлөөгүй. Олон удаа шаардсан боловч зээлээ төлөөгүй, үүний улмаас батлан даагч Deng bin bin-ийг батлан даагчийн үүргээ биелүүлж зээлээ төлж барагдуулах тухай ярилцаж, иргэн Deng bin bin зээлийг төлж барагдуулсанаар 20 ширхэг машины захиран зарцуулах эрхийг иргэн Deng bin bin-нд олгохоор тохиролцсон болно. Иргэн Deng bin bin нь зээлийн төлбөрийг Монгол Улсын "Мөнх Туурай Тамгат ХХК"-иар төлүүлж өөрт олгосон эрхийн дагуу 20 ширхэг автомашины захиран зарцуулах эрхийг "Мөнх Туурай Тамгат ХХК"-д шилжүүлэн олгосон болохыг тодорхойлов. Жич: 20 ширхэг машин, чиргүүлийн мэдээллийг жагсаалтаар хавсаргав.” /1хх 239-240/  гэсэн агуулга бүхий тодорхойлолт зэрэг нотлох баримтууд авагдсан бөгөөд талууд 20 ширхэг автомашиныг 20 ширхэг чиргүүлийн хамт “Баясгалант Саруул Тал” ХХК-ийн эзэмшилд түр шилжүүлсэн баримт авагджээ. Хамтран ажиллах хэлэлцээрийн нэг оролцогч болох Дэн Бин Бин нь энэ хэрэгт хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр оролцоогүй нь өмчийн эрхийг шийдвэрлэхэд саад болж байна.

Шүүх шүүгдэгч Т.Мг "Баясгалант Саруул Тал" ХХК-ийн эзэмшилд байсан "Норд Бенз" загварын 20 ширхэг автомашиныг 20 ширхэг чиргүүлийн хамт өөрийн "Мөнх Туурай Тамгат" ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авч хуурамч баримт бичиг үйлдэн "Авто тээврийн үндэсний төв"-ийн цахим санд өөрчлөлт оруулсан асуудлыг шийдвэрлэсэн болохоос "Баясгалант Саруул Тал" ХХК-ийн өмчлөлийн маргааныг шийдвэрлээгүй юм.

Дээрх автомашиныг худалдан авахад гурван хүн хамтран ажиллах хэлэлцээр байгуулан тус тусдаа хөрөнгө оруулсан талаарх гэрээ хэрэгт авагдсан байх бөгөөд тухайн хөрөнгийг “Баясгалант Саруул Тал” ХХК-ийн өмчлөгчөөр тогтоож шилжүүлж өгнө үү” гэх хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, улсын яллагчийн эсэргүүцлыг тус тус хангах үндэслэлгүй юм.

Харин Прокурорын тогтоолоор битүүмжилсэн /1хх 17-98/ “Мөнх Туурай Тамгат” ХХК-ийн нэр дээр итгэмжлэн хариуцуулсан маргаан бүхий 20 ширхэг хүнд даацын тээврийн хэрэгсэл чиргүүлийн хамт шилжүүлэх, өмчлөлийн асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад зохих өөрчлөлтүүд оруулж, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн №01 дугаартай Сүхбаатар дүүргийн прокурорын "Норд Бенз" загварын 20 автомашиныг, чиргүүлийн хамт битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.” гэснийг “Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай "Норд Бенз" загварын 20 автомашиныг, чиргүүлийн хамт битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, “Мөнх Туурай Тамгат” ХХК-иас "Норд Бенз" загварын 20 автомашиныг, чиргүүлийн хамт “Баясгалант Саруул Тал” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх асуудлыг иргэний журмаар өмч шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                                        Д.ОЮУНЧУЛУУН

                                    ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ